Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Таван жилийн дараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батжавхлантай ярилцлаа.




“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчиллаа гэсэн. Концессын гэрээ хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?

“Кью Эс Си” ХХК нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 29-нд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Дөрвөн жил орчим хамтарч ажилласны гол зорилго нь Монгол улсад металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх, тэр дундаа шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, цаашлаад ангижруулсан төмрөөс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Өнөөдөр Монгол улс төмрийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэе гэж зорьсон хэрэг. Үүний тулд уул уурхай – металлургийн томоохон цогцолбор хэрэгтэй. Төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэн 2008 онд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор Дархан, Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашлаад металлургийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан байдаг.

Засгийн газар болон ТӨХ-ноос “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьчлалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж, сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад гадны компаниудтай үндэсний хөрөнгө оруулалттай ганц компани өрсөлдсөн нь “Кью Эс Си” ХХК байж сонгон шалгаруулалтад тэнцсэн. 2014 онд Засгийн газрын 69 дүгээр тогтоол гарч, концессын гэрээгээр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн цаашдын үйл ажиллагааг явуулах нь үр дүнтэй гэж үзсэн. Уг гэрээгээр төр ямар нэг хариуцлага хүлээж баталгаа гаргахгүй бөгөөд хувийн хэвшил 100 хувь эрсдэлийг үүрч металлургийн цогцолбортой болгох үүргийг хүлээсэн.

Мэдээж металлургийн цогцолбортой болж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон талаар чухал ач холбогдолтой. Монгол улсын үсрэнгүй хөгжил, барилгын салбарын өндөр өсөлт, цаашлаад барилгын салбарын өсөлтийг дагасан хүнд болоод хөнгөн үйлдвэрүүд зайлшгүй хэрэгтэй.

“Кью Эс Си” ХХК хаанахын компани вэ?
“Кью Эс Си” ХХК нь гадны хөрөнгө оруулагч нар нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани. Гадаадын ямар нэг оффшор бүсэд бүртгэлгүй Монгол улсад бүртгэлтэй компани. Монголд томоохон төсөл хэрэгжүүлж буй компани нь заавал гадаадын хувь эзэмшигчтэй байдаг гэсэн энэ сөрөг ойлголтыг халах цаг болсон гэж бодож байна.

2010 оноос хойш өнгөрсөн 4 жилд хэрэгжсэн Хөрөнгө оруулалтын гэрээ ямар үр дүнд хүрсэн бэ?
Манайд социализмын үеийн бүтээн байгуулалтууд, цэргийн ангиудаас үлдсэн хаягдал төмрийн нөөц багагүй байсан ч зах зээлийн нийгэмд шилжихэд хаягдал төмрөө урд хөрш рүү экспортолсон нь нөөцийг нэлээд багасгасан. Хаягдал төмөр хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хөгжилд энэ нь сөргөөр нөлөөлсөн. Жилдээ 50-70 мянган тонн хаягдал төмөр цуглуулж ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ байдлаар бид ирээдүйгээ төсөөлж болохгүй.

Нөгөө талаас Монгол улсын ган бүтээгдэхүүний хэрэгцээг хаягдал төмрийг боловсруулж хангана гэдэг боломжгүй зүйл. Төмрийн хүдрийн ордуудтай хэрнээ дан хаягдал төмөр боловсруулж ирсэн түүхийг өөрчлөх цаг нь болсон. Тэгэхээр бид төмрийн хүдрийг боловсруулж, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг чухалчилж үзсэн. Гэрээний дагуу “Кью Эс Си” ХХК нь 89 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Үүний үр дүнд Төмөртэй, Төмөртолгойн ордуудаа нээж, уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгсэл, машин механизмуудаар бүрэн хангасан. Үүний зэрэгцээ хуурай соронзон аргаар хүдэр боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, уурхайн дэд бүтэц, цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо нойтон соронзон баяжуулах үйлдвэрээ барьж ашиглалтад оруулах гэж байна.

Цаашид ямар төлөвлөгөөгөөр ажиллах вэ? Засгийн газар Дархан Сэлэнгэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулна гэдгээ зарлачихсан. Танай зүгээс ямар ажил төлөвлөж, ямар бэлтгэл хангах вэ?
Түрүүн цухас дурдсан. Дөрвөн жилийн өмнөөс хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх ёстой. Ингэхийн тулд мэдээж эхний ээлжинд уурхайн үйл ажиллагаагаа эхэлж таарна. Олборлосон төмрийн хүдрээ хуурай соронзон аргаар баяжуулах шаардлагатайгаас хуурай соронзон баяжуулах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулаад байна. Нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын ажил 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар цахилгааны өргөтгөл, хаягдлын далангийн ажил хийгдэж байна. Нойтон аргаар баяжуулсан баяжмал нь шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох юм. 2010 оноос хойш бид үйл ажиллагаагаа 2 шатанд хувааж ажилласан. Эхний үе болох уурхай нээх, баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах ажлууд дуусах шатандаа орж 2 дахь шатны ажлууд амжилттай үргэлжилж байна.

Ажлын хэсэг гарган төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн олон орноор явж судалгаа хийсэн. Тэргүүлэх технологи бүхий орнуудын мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийж, технологиудыг нь судаллаа. Мөн Герман улсаас металлургийн чиглэлээр мэргэжсэн мэргэжилтнийг зөвлөхөөр ажиллуулж байна.Энэ бүхний дүнд Финляндын “Outotec”, Японы “Kobe Steel” гэсэн 2 компанийн технологийн сонголт дээр ирсэн. Одоогоор урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн. Металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Канадын “Hatch” компани энэ ажлыг хийж байна. “Hatch” компани нь “Kobe Steel” болон “Outotec” компанитай олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай байгууллага бөгөөд тус хоёр компаниас технологийн мэдээллүүдийг нь аваад явж байгаа. Мөн бидний явуулсан хүдрийн дээжинд тулгуурлаж урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний дараа нарийвчилсан ТЭЗҮ-гээ хийлгэх ажил эхэлнэ.




Ангижруулсан төмрийн үйлдвэрээ барьж дууссаны дараа цувих хэсэг дээр нэмэлт шугамнууд тавина. Одоо байгаа шугамнуудыг 20 жил ашигласан, их засвар хийгдээгүй, өнөөдрийг хүртэл торгоогоод явж ирсэн. Жилийн 100 мянган тонны хүчин чадалтай үйлдвэрийн ердөө 50-60%-ийг ашиглаж ирсэн. Үүнийг доод тал нь 300 мянган тонн болгож өргөтгөх шаардлагатай. Манай үйлдвэр нь өнөөдрийн байдлаар арматур, ган бөмбөлөгний бэлдэц гэсэн үндсэн хоёрхон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулна. Манай судалгааны хэсгийнхэн 60 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн. Мэдээж  хэрэг дээрх хэмжээний олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Хамгийн их хэрэглээтэй цөөн төрлийг сонгож үйлдвэрлэнэ. Энэ нь жижиг, дунд үйлдвэрүүдэд бусад төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг нээн өгөх юм. Улмаар жижиг, дунд үйлдвэрүүд шаардлагатай тоног төхөөрөмжөө авч ирэн гангийн орц, норм зэргийг тохируулан бусад төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Үе үеийн Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн зорилго тавиад жил бүр л тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Нөгөөх нь амжилттай болсон эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэхээр том үйлдвэр нь хөгжөөгүй байхад жижиг нь хөгждөггүй юм байна. Хэрвээ манай төсөл амжилттай хэрэгжвэл манайхыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл бодитоор хөгжих болов уу гэж харж байгаа. Үндсэн төмрөө хийгээгүй байж төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнийг дагасан жижиг дунд үйлдвэр хөгжинө гэж байхгүй.

Ойрын 4 жилд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрээ ашиглалтад оруулна. Тав дахь жилээс цувих шугамуудаа шинэчилж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхээр ойрын 5 жилд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, одоогийн хүчин чадал 6-7 дахин өссөн байхаар төлөвлөж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК гурван орд эзэмшиж байгаа. Ашиглалт, олборлолтын байдал нь ямар байна вэ? Ялангуяа Төмөртэйн стратегийн орд?
Төмөртэйн орд 2008 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн харьяанд буцаж ирсэн байдаг. Тухайн үед ажиллаж байсан компанид уурхайн дизайн, төлөвлөлт гэсэн үндсэн ойлголтууд огт байгаагүй. Аж ахуйн аргаар буюу өөрөөр хэлбэл агуулга ихтэй газраас сорчлон олборлож байсан. Бид 2011 оноос уурхайг нээж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Жилдээ нэг сая тонн хүдэр олборлох тооцоо бий. Өнөөдрийг хүртэл олборлолт явагдаж байгаа ч борлуулалт хийгдээгүй байгаа. Дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлага бий. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хойд бүсдээ томоохонд орох өргөтгөл дэд станц болон 50 км 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж эрчим хүчний асуудлаа шийдлээ. Энэ мэтчилэн эхнээс нь төлөвлөөд хийгдэж байгаа ажлууд их байна.

Манай төмрийн хэрэглээ ямар байдаг вэ?
Одоогоор жилдээ 250-290 мянган тонн байгаа болов уу. Цаашдаа 500 мянган тонн орчимд хүрэх байх. Манай компанийн гол зорилго бол дотоодын төмрийн хэрэглээгээ 100% хангах юм. Мэдээж Монгол улс цаашдаа улам хөгжих болохоор төмрийн эрэлт, үйлдвэрлэл аль аль нь өснө гэдэгт итгэлтэй байна.

Нойтон баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр босгоход хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? Ганц компани энэ бүхнийг хийнэ гэхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байна? Монголд баригдаж байгаа анхны томоохон үйлдвэрүүд шүү дээ?
Нойтон баяжуулах үйлдвэр жилд нэг сая тонн хүдэр боловсруулах хүчин ча¬дал­тай. Үүнээс 650 мянган тонн орчим баяж­мал үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой. Агуул¬га нь хуурай баяжмалын агуулгаас хамаарна. Үүний дараа шууд ангижруулсан төмрийн үйлдвэр баригдана. Бидний хийсэн судалгааны дүн болон зөвлөх компаниудын тооцоогоор нийтдээ 700 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Баяжуулах үйлд­вэр, ангижруулсан төмрийн үйлдвэр цувих шугамын өргөтгөл гээд бүгд нийлээд ийм хэмжээнийх байх болов уу. Үүнээс 89 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн үг.

700 сая доллар босгоно гэдэг амаргүй байх. Нэгэнт хувийн хэвшил эрсдэлээ даагаад орж байгаа бол төр, засгийн бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
Мэдээж бодлогын дэмжлэг хэрэгтэй. Бид Засгийн газраас ямар нэг мөнгө санхүүгийн тусламж, тэр байтугай санхүүгийн баталгаа ч авахгүй. Санхүүгийн байгууллагуудтай санамж бичиг байгуулан хэлцлийн түвшинд явж байна. Ерөнхийдөө санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн гэж хэлж болно.
Төр засгаас тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа учраас концессын гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа. Жишээ нь бид төмөр замын төслөө эхлэхэд Сэлэнгэ аймгийн зүгээс дэмжиж байна. “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн Баянголын төмөр замын Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэл 34,5 км төмөр зам тавих ажил эхэлсэн. Өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймгийн ИТХ-аар ороод дэмжигдсэн. Сүүлийн 2 жил хөөцөлдсөний үр дүн гарлаа. Төмөр замынТЭЗҮ нь бэлэн болсон. Гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж эхлэсэн.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т хэчнээн хүн ажилладаг вэ? Төмөрлөгийн цогцолбортой болсноор ажлын байр хэдээр нэмэгдэх бол?
Одоо “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 1408 хүн ажиллаж байна. Үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэхийн хэрээр ажлын байр нэмэгдэж таарна. Гэхдээ бид аль болох оновчтой, зөв зохион байгуулалт хийхийг чухалчилна.

Төмрийн үйлдвэрлэлийн салбар манайд шинэ. Боловсон хүчний асуудал хэр хүрэлцээтэй байдаг юм бэ? Ялангуяа шууд ангижруулсан төмөр, хар төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр мэргэжилтнээ хэрхэн бэлдэж байна вэ?
Энэ бол маш чухал асуудал юм. Боловсон хүчний асуудал хүндрэлтэй байгаа. Хуучнаар ЗХУ-д металлургийн мэргэжлээр сурч байсан мэргэжилтнүүд байдаг. Гэхдээ яг металлургийн чиглэлээр ажилласан нь цөөхөн. Ерөнхийдөө бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаа инженерүүд бий. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводод цөөн мэргэжилтэн байна. Металлургийн чиглэлээр өөр мэргэжилтэн байхгүй гэж ойлгоход болно. Тэр тусмаа шууд ангижруулсан төмрийн чиглэлээр бүр байхгүй. Учир нь энэ технологи нь ЗХУ-д төдийлөн өндөр түвшинд хүртэл хөгжөөгүй технологи юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлууд төлөвлөж байна. Манайхтай хамтран ажиллах гадны үйлдвэр, компаниудаас сургагч мэргэжилтэн авчирна. Мөн Япон, Финлянд зэрэг улсаас мэргэжилтэн урих төлөвлөгөөтэй байгаа. Харин хуурай, нойтон соронзон баяжуулах үйлдвэрийн хувьд асуудалгүй гэж үзэж байна. Шинэ үйлдвэрийн боловсон хүчний асуудлаар БШУЯ-тай хамтран Японд улсад 50 хүүхдийг металлургийн чиглэлээр сургахаар ярилцаж байгаа. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд суралцах хугацаа 5 жил болоод ирнэ. Энэ үед үйлдвэр ч баригдаж дуусна. Гадаадын мэргэжилтнүүд ажиллаж байх хугацаанд манай бэлдсэн мэргэжилтүүд ирнэ гэж тооцоолсон. Мөн Япон улсад өөрийн хүмүүсээ сургана. Ер нь бол бидний түших хамгийн гол боловсон хүчин бол одоо манай үйлдвэрт ажиллаж байгаа залуучууд маань шүү дээ. Эд нар маань мөн адил урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжлээ дээшлүүлээд явна.



Төмөрлөгийн салбарынхан нийлээд холбоо байгуулж байна. Энэ холбооны ач холбогдлыг юу гэж харж байна вэ? Жишээ нь Дархан Сэлэнгэд төмрийн орд эзэмшиж байгаа хэд хэдэн компани нийлээд эрчим хүч, дэд бүтцийнхээ асуудлыг шийдчих боломжтой байхад тус тусдаа ажиллаад байх шиг санагдах юм?

Ер нь манай хамгийн том асуудал чинь ганц ганцаараа ажиллах шүү дээ. Учир нь манай улсад дэд бүтэц хөгжөөгүй. Нэг уурхай нээх гэхээр л зам, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй болдог. Энэ бүхнийг шийдэхгүй бол ажил явдаггүй. Хамгийн том асуудалын нэг бол энэ.

Тэгэхээр төмөрлөгийн компаниуд нэгдээд явбал аль ч талаараа сайн юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад гарах зардлыг хуваагаад явбал аль аль талдаа хэрэгтэй. Тус тусдаа зам барьж мөнгө хийсгэх шаардлагагүй болно. Үүнээс гадна төр засагт салбарынхаа дуу хоолойг нэгдсэн байдлаар хүргэх нь чухал. Нэг компани яриад явахаас олуулаа нийлээд дуугарвал илүү хүчтэй, илүү үр дүнд хүрнэ.

Олон нийтэд ч  уул уурхайн салбар, төмрийн салбарын талаар зөв мэдээллийг хүргэж ойлгуулахад түлхэц өгөх байх. Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд бараг ардын дайсан боллоо шүү дээ. Үүний горыг одоо бид харж байна. Уул уурхайн компаниуд, мэргэжлийн байгууллагууд нь салбарынхаа талаар сайн таниулж, сурталчлаагүй юм болов уу гэж боддог. Тэртээ тэргүй ирээдүйн 20 жилд уул уурхайн салбар улс орны эдийн засгийг чирэх салбар гэдэг нь ойлгомжтой. Уул уурхайг хэдэн зуун жилээр нь ашиглана гэж яриагүй. Өнөөдөр боломжтой байгаа дээр нь уул уурхайгаа зөв зохистой, олон улсын стандартын дагуу байгаль орчинд ээлтэйгээр ашиглаж хөрөнгө мөнгө хуримтлуулах хэрэгтэй. Олсон орлогоор нь бусад салбарууддаа хөрөнгө оруулалт хийж, өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй байна. Өнөөдөртөө бидэнд мөнгө олох ганц салбар нь уул уурхай. Хөдөө аж ахуй,боловсруулах үйлдвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ мөнгийг одоогоор ганц уул уурхайгаас л олох боломж байна. Тиймээс төмөрлөгийн компаниуд холбоонд нэгдэж байгааг дэмжиж байгаа. Эндээс олон сайн үр дүн гарна гэдэгт итгэж байна.