Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Монгол төмөр” хөтөлбөрийг удахгүй хэлэлцэнэ Эх орны төмөрлөгийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр төр засгаас анхаарч, салбарын яамд тодорхой төсөл



Эх орны  төмөрлөгийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр  төр засгаас анхаарч, салбарын яамд тодорхой төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа. Уул уурхайн яамны зүгээс  Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллах Санамж бичиг байгуулан, экспортын  “Нэг цонхны” бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ талаар  Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйгээс тодрууллаа.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ашигт малтмалаа боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тусгасан. Энэ хүрээнд “Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулаад байгаа.  Төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх тал дээр Уул уурхайн яам  ямар чиглэл барьж ажиллаж байна вэ?
Уул уурхайн яам  экспортын “Нэг цонх”-ны бодлогыг хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  бодлогоор дэмжин ажиллаж байна.  Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийн үйлдвэрлэлийг анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Энэ хүрээнд 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрсийг Хятад улсын зах зээлд  нийлүүлэх “Санамж бичиг”-ийг хоёр улсын Засгийн газрын түвшинд байгуулсан. Үүнтэй нэг  адил Монгол улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зөвхөн экспортлох бус дотоодын зах зээлээ хангах шаардлага бидэнд тулгарч байна. 

Төмөрлөг  үйлдвэрлэлийн суурин дээр   аж үйлдвэр хөгждөг.  Монголд  түүхий эд талаасаа ийм  боломж ч бий.   Манай улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Гэтэл төмрийн хүдрийн нөөц нэг тэрбум тонн гаруйхан. Нүүрсийг түүхийгээр юм уу, угаагаад  экспортлоод байж болох ч төмрийн хүдэр дээр бол тийм биш.  Тиймээс төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж, өртөг шингээж экспортлох нь хамгийн зөв гарц.  Засгийн газар үүнийг хувийн хэвшлээ дэмжсэн бодлогын  хүрээнд хэрэгжүүлнэ.

Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар “Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан.  Уул уурхайн яамны хувьд уг хөтөлбөрийг боловсруулахдаа Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны саналыг харгалзан үзэж байна.

Тухайлбал, төмрийн баяжмал, аргалж хорголж гээд гангийн үйлдвэрийн голлох түүхий эд болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөрийг эзэнтэй, цаг хугацаатай, хөрөнгийн эх үүсвэртэй нь боловсруулж дууслаа.  Үүнийгээ Сайдын зөвлөлийн хурлаар удахгүй хэлэлцэж батална.

Уул уурхайн яам  Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллах Санамж бичиг байгуулсан. Ямар ажлууд хийгдэж байна вэ?

Монголд төмөрлөгийн үйлдвэр­лэлийг хөгжүүлэхэд хүндрэлтэй гэхээсээ цаг алдалгүй шийдвэрлэх асуудал олон бий. Эдгээрийг хувийн хэвшлийг дэмжсэн, улсын эдийн засагт хувь нэмэр оруулсан, экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлсэн, ил тод, хуулийг дээдэлсэн хэлбэрээр зохион байгуулахад яамд, төрийн байгууллагуудын уялдааг хангаж, хүнд сурталгүйгээр гүйцэтгэх ажлыг Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч  зохион байгуулж байна.  Энэ чиглэлээр  өнгөрсөн онд багагүй ажил хийсэн.

Төмөрлөгийн холбоотой 2013 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх тал дээр тогтмол үйл ажиллагаа явуулах, энэ талын нарийвчилсан тооцоо судалгаа хийх зорилго бүхий Зөвлөлийг Уул уурхайн яам, Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, аж ахуйн нэгжүүдийн  төлөөлөл хамтран  байгууллаа.

Төмрийн хүдрийн үнэ зах зээлийн байдлаасаа ихээхэн хараат байдаг. Зах зээл дээр үнэ буурахад Монголын төмөрлөгийн үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг. Иймд үйлдвэрлэлээ буулгахгүйн тулд бид нэлээд ажиллаж байна. Юуны  түрүүнд  төмөрлөг үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулах хэрэгтэй.  Компаниуд дотооддоо өртгөө бууруулах, зардал хэмнэх тооцоонууд хийж байгаа.

Төмрийн хүдрийг галт тэргээр Хятад улсад экспортолдог. Нэг тонн баяжмалын  өөрийн өртгийн 20 орчим хувь нь тээврийн зардалд шингэдэг. Үүн дээр төр татвар хураамжаа авна. Энэ бүхнийг нийтэд нь тооцож үзвэл төмөрлөг үйлдвэрлэгчид 40 гаруй хувийн татвар  төлдөг.  Тиймээс бид татвар хураамжаа оновчтой байлгах ёстой.

Ядаж л  төмрийн хүдрийн гадаад зах зээлийн үнэ өндөр байхад төмөр замын тээврийн тариф нь өндөр болж, үнэ буух үед нь дагаад буудаг уян хатан бодлого хэрэгжүүлмээр байгаа юм. Энэ талын нарийн тооцоонуудыг Яам  хийж байна.  Мэдээж үүнийгээ Зам, тээврийн яам,  Монголын төмөр зам,  Улаанбаатар төмөр замтай ярилцаж шийднэ.

Нойтон баяжуулах үйлдвэрлэлд усны асуудал ихээхэн хурцаар тавигдаж байна.  Баяжуулах үйлдвэрүүдийн усны тарифийг долоо дахин нэмсэн нь баялаг үйлдвэрлэгчдэд хүндээр туслаа гэсэн шүүмжлэл гарч байна?

Нойтон баяжмалын үйлдвэрлэлд  салбарын Яам түлхүү анхаарч байгаа.  Энэ бол өртөг шингэсэн үйлдвэрлэл. Баяжуулах үйлдвэрүүд усны тарифийг нэлээд өндрөөр төлж байгаа   нь үнэн. Бид энэ тарифийг тооцож, судалж үзэхээр ажиллаж байгаа.  

Төмрийн хүдрийн компаниудын зүгээс мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,  “Жишиг үнэ” дээр  шүүмжлэлтэй хандаж байгаа. Яамны зүгээс тодорхой арга хэмжээ авах уу?

Жишиг үнийг Сангийн яамны тушаалаар мөрдөж байгаа. Гэхдээ  жишиг үнэ төмөрлөг үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд гацаа болох вий гэдэг талаас  Уул уурхайн яам анхаарч байна. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны хамтарсан Ажлын хэсэг жишиг үнийг судалж байгаа.  Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад орнуудынхтай харьцуулахад дундаж хэмжээнд гэдгийг хэлье.    

Жилд 10 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг Засгийн газар баталсан. Энэ  үнэхээр бодитой хэрэгжих төлөвлөгөө юу?
Үүнийг хууль гэж үзэж болно. Энэ төлөвлөгөөг таслахгүйгээр хэрэгжүүлэх тал дээр  Уул уурхай яам Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо болон аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Ашигт малтмалын газар уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа компаниудтай Санамж бичиг байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

Төмөрлөг үйлдвэрийн салбар, тэр дундаа нойтон баяжуулалт болон бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.  Гэтэл одоог хүртэл  компаниуд гар дээрээ ганц ч төгрөг аваагүй байгаа юм билээ?
Төмөрлөг үйлдвэрлэгчдийн зээлийн болон эргэлтийн хөрөнгө  дутагдалтай байгааг Засгийн газар анхаарч, бодлогоор дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.  Энэ хүрээнд Уул  уурхайн яам  Монгол Ган нэгдэл, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч   судалгаа хийсэн юм.  “Чингис” бондоос төслөө санхүүжүүлэхээр 10 гаруй компани төслийн баримт бичгүүдээ  ирүүлсэн.

Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны хамтарсан  Ажлын хэсэг төсөл бүр дээр ажиллаж эхний удаад 4 төслийг эрэмблэн Зөвлөлөөр оруулж шийдвэрлүүлсэн. Төслийн санхүүжилтийг хийхээр Хөгжлийн банк ажиллаж байгаа. Эдгээрээс “Бэрэн” групп, “Монголросцветмет” компани, “Монгол Фокус метал” компанийн төмөрлөгийн үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдвэрлэгдсэн,  төсөл амжилттай хэрэгжиж байна. “Монлаа” компанийн төсөл банкин дээр судалгааны үе шатандаа байна. 

Засгийн газраас төмөрлөгийн салбарыг бодлогын хувьд дэмжлэг үзүүлж байгаа ч банкны зээлийн гэрээ хийх нарийн дүрэм журмынхаа дагуу зээл олгоход судалгааны хугацаа их ордог бололтой.
 
Чингис бондын хөрөнгөөр байгуулах үйлдвэрүүд  эхний ээлжинд  ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх вэ?
Эхний ээлжинд аргалж, хорголж үйлдвэрлэнэ. Тэгээд цаашдаа ширэм болон бусад төрлийн төмөрлөг эдлэл хийх боломжтой.  Барилгын арматур хийхэд сайн чанарын ган хэрэгтэй. Ган хийхийн тулд боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхээс аргагүй. Ядаж л дотооддоо хадаасаа үйлдвэрлэчихдэг болох хэрэгтэй байна. Үүний эхлэл нь Нойтон баяжуулах үйлдвэр гэж ойлгож болно. 
 
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, Сайншандын Хар төмөрлөгийн үйлдвэр гээд хөрөнгө оруулалт асар их шаардах томоохон төслүүд судалгааны түвшинд явж байгаа.  Гэхдээ энэ бол цахилгаан дулаан, төмөр зам, тээвэр логистик, авто зам, суурьшлын  бүс гээд олон асуудлыг хамарсан ерөнхий төлөвлөгөө гарч байж шийдэх ажил.

Үүнийг одоо шийднэ гэвэл хугацаа алдана. Наана нь дэд бүтэц хөгжсөн, боломжийн нөөц бүхий ордыг түшиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь илүү үр дүнтэй. Ингэвэл Монгол улс дотоодын хэрэгцээгээ хангаад цаашид экспорт хийх боломжтой болно.
“Шинэ бүтээн байгуулалт”, орон сууцны болон бусад томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд барилгын арматураас эхлээд шаардлагатай олон металл эдлэл хэрэгтэй байна. Эдийн засгийн нэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг хувийн хэвшлийнхэн маань боловсруулчихлаа. Төсөл нь бэлэн байна. Хэрэгжүүлэгч компани нь бэлэн, шаардлагатай зээлийн эх үүсвэр нь ч  байна. Тэгэхээр төмөрлөгийн үйлдвэрийн суурийг бодитой, ул үндэстэй тавих л үлдээд байна. Эдгээр төслийг “чулуу” болгох ажлыг Уул уурхайн яам, төмөрлөгийн салбарынхантай хамтран эрчимтэй хэрэгжүүлнэ.