Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Хүнд нөхцөлд хүчийг үзэж буй монгол уурхайчид



Цагаан хаалганаас Хандгайт хүртэлх 2 асуулт


С.Болд-Эрдэнэ

Цагаан хаалганаас Хандгайт хүртэлх 2 асуулт
Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймаг буурал түүхийн арвин цадигтай. Их Монгол улсын үед Мэргэд аймаг хэмээн нэрийдсэн энэ  нутгаас олдсон балар эртний хүний ясыг олон улсын эрдэмтэд судалж үзээд одоогоос 2.5-3 сая жилийн тэртээх болохыг тогтоосон байдаг аж. Археологийн судалгаагаар тарианы нүдүүр, нухуур бусад хэрэгсэл олдсон нь Сэлэнгэ нутагт лав 8-10 мянган жилийн тэртээгээс газар тариалан эрхэлж байсныг нотолж байна. Түүнчлэн 3000-аад жилийн өмнөөс энд төмөр зэвсэг үйлдвэрлэж эхэлснийг  судлаачид  олон жишээ баримтаар  өгүүлдэг. 

 Mongolian Mining Journal-ын сурвалжлах баг  Сэлэнгэ нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулдаг Баянголын уурхайг сурвалжлахаар зорьсон юм.

Хүрэх газар маань Дархан хотоос хойш 50 км-т орших Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон. Дархан өнгөрөөд утаа татсан харагдана. Сибирьт ойн түймэр гарч, утаа нь орж ирсэн нь энэ. Цагаан хаалга өртөө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах, 80 гаруй км үргэлжилсэн Баянголын төмөр замын УБТЗ-ын гол төмөр замтай нийлэх зангилаа өртөө юм. Өртөөний дарга З.Батболд биднийг хүлээж байв.

Сэлэнгэ аймгийн нутагт орших таван хан уулын нэг Дулаан хан уулын нөмөрт байрлах Дулаанхаан тосгон 2700 орчим хүн амтай. Сургууль, спорт заал, цэцэрлэг, эмнэлэг гээд суурин газрын амьдрал өрнөсөн нэгэн тосгон. Нэг хэсэг хүн ам нь нүүж, эл хуль байсан газар Цагаан хаалга өртөө байгуулагдсанаар эргэн “амь” оржээ. Төрийн албан хаагчдын орон сууц болон УБТЗ-ын ажилчдын 58 айлын орон сууц шинээр баригдсан нь хүн амын суурьшил нэмэгдэж байгааг илтгэнэ.

Өртөөний дарга З.Батболд биднийг сургуулийн спорт заал, эмнэлэгтэй танилцуулна гэв. Шалтгаан нь ч тодорхой. “Болд Төмөр Ерөө Гол” компанийн санхүүжилтээр сүүлийн 2-3 жилд орон нутагт хийгдсэн томоохон ажил энэ аж. Уул уурхайн компани гэхээр орон нутагт хэчнээн төгрөг өгсөн, юу хийсэн бэ гэдгийг бүгд сонирхдог болсон цаг. 80 орчим сая төгрөгөөр боссон спорт заалыг Ерөө суманд мөн адил барьжээ. Хоёр давхар 10 ортой эмнэлгийн байрыг шинээр барихад 260 гаруй сая төгрөг болон 100 орчим сая төгрөгийн бараа материалын дэмжлэг үзүүлсэн байна. Тосгоны эмнэлэг 1 дүгээр сард шинэ байрандаа оржээ. Улсын комисс хараахан хүлээж аваагүй ч хуучин сүрлэн байшингийн ашиглалтын хугацаа нь аль 2012 онд дууссан болохоор шинэ байрандаа ийн төвхнөжээ. 

Бидний хамгийн их сонирхсон зүйл бол Баянголын төмөр зам. 2008 оноос эхэлж, 2010 онд буюу богино хугацаанд барьж дуусгаж, 2012 онд  албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Нийт 120 км урт төмөр зам, 15 зүтгүүр, 3000 вагон бүхий холбоо, дохиолол гээд орчин үеийн технологийн төмөр замыг барихад 460 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хэмээн “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн Дэд захирал Д.Отгонбаяр ярив.

Төмөр зам гэдэг тухайн бүс орон нутгийн хөгжилд олон талаараа эерэг нөлөөтэй байдаг аж. Баянголын төмөр замаар орон нутгийнхан нүүрс, үр тариа, хүнсний ногоо гээд хэрэгцээт олон зүйлээ тээвэрлэж байна. Зардал хэмнэхээс эхлээд шороо татуулан машинаар давхихгүй гээд давуу тал олон.

Нөгөө талаар төмөр зам гэдэг баталгаат ажлын байрыг олноор бий болгодог байна. УБТЗ-ын төмөр зам 1000 гаруй км урт. 16-17 мянган хүнийг ажлын байраар хангадаг том байгууллага. Харин Баянголын төмөр зам буюу “МТЛ” ХХК 250 гаруй хүнийг шинэ ажлын байртай болгожээ. Ердөө 80 хэдэн км төмөр замын арчлалт, засвар үйлчилгээ, өртөө зөрлөг гээд ийм хэмжээний ажлын байрыг шинээр бий болгож. Зөвхөн Цагаан хаалга өртөөн дээр гэхэд 130 орчим хүн ажилладгаас 70 хувь нь Дулаанхаан тосгоны иргэд хэмээн Өртөөний дарга танилцууллаа.



Энэ утгаараа орон нутгийн иргэдийг баталгаатай ажлын байр, тогтвортой орлоготой болгодог нь төмөр замын бүтээн байгуулалтын гол онцлог гэдгийг төмөр замчид ярьж байна.

Төрөөс төмөр замын бодлого ид яригдаж байх үед уг төмөр зам ашиглалтад орж байв. Хэрвээ Төмөр замын бодлого гарна, төмөр замын суурь бүтцийг төрийн компани барина гээд Тавантолгойн төмөр замыг барих ажлыг зогсоосон шиг энэ төмөр замыг зогсоосон бол өнөөдөр ямар байдалтай байх байсан бол гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Авто тээвэрлэлтээс үүдэлтэй экологи, нийгэм-эдийн засгийн олон асуудал, зогсоосон төмөр замаа төр нь барих гэж хэрхэн мунгинаж байгаа гээд өнөөгийн Өмнөговийн өнгө төрх энд ч бас өнгө будаг адилхан харагдах байсан болов уу.

Энэ төмөр замыг барихын тулд ямар хүнд нөхцөлд ажилласнаа Цагаан хаалга өртөөний дарга З.Батболд хуучлав. Төрийн захиргааны байгууллагын хүнд суртал, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гээд өчнөөн асуудлыг давж гарснаа ч тэрбээр нуугаагүй. “Энд анх ирэхэд “хар” толгойтой байлаа. Энэ хэдхэн жилд “цагаан” толгойтой болчихсон” хэмээн З.Батболд ах наргиа хийнэ. Төмөр зам бариулахгүй хэмээн тэрийгээд хэвтэх иргэн, элдэв ааш аяг гаргах төрийн захиргааны мяндагтан гээд түмэн асуудлыг шийдэх тийм ч амар биш нь лавтай.

Ямар ч байсан төмөр зам ашиглалтад орж, үүргээ гүйцэтгэж байна.



Сурвалжлах баг Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө орох галт тэргэнд суугаад цааш хөдөллөө. Очих газар маань Тавин өртөө. Тэндээс цааш машинаар явах байв. Төмөр замаар 50 орчим км явах замд хэд хэдэн уулыг сэтэлсэн байх юм. Баянголын төмөр зам УБТЗ шиг тойруу, тахир, өгсүүр бараг байхгүй аж. Газрын нам хэсэгт өндөр далан босгож, уулыг сэтэлж, аль болох жигд, шулуун барих нь төмөр замын ашиглалтад маш чухал байдаг байна. Хамгийн урт сэтэлсэн уул нь бараг км орчим үргэлжлэх аж. Далан барих, тэр тусмаа уул сэтлэхэд хамаг цаг, хөрөнгөө зарцуулсан хэмээн З.Батболд ах тайлбарлав. Ингэж байж  галт тэрэг зохих хурдтай, аюулгүй зорчих боломж бүрдэхээс гадна замын насжилтад чухал нөлөөтэй хэмээн машинист ярьсан юм.

Тавин өртөөн дээр бууж эрчим хүчний шугам тавьж байгаа ажилтай танилцлаа. Дархан хотоос Баянголын уурхай хүртэл 103 км урт 110кВ-ын хоёр хэлхээ шугам татаж байна. Нийт 293 ширхэг төмөр тулгуур багана босгох бөгөөд баганын бетонон суурийг цутгах ажил дуусчээ. “Цагаан Шүтээн” ХХК уг төслийг гүйцэтгэж байгаа аж. Гүйцэтгэгч компаниас хийж байгаа ажилдаа 50 жилийн баталгаа өгч байгаа гэнэ. Төмөр баганын суурийг газрын гүнд 4 метр бетонд бэхлэх нь салхи шуурганд унахгүй найдвартай хэмээн инженер нь ярив.

Сурвалжлах багийн дараагийн очих газар Хандгайт өртөө. Баянголын уурхайн төмрийн хүдрийн баяжмалыг уурхайгаас 17 орчим км машинаар тээвэрлэж энд буулгана. Эндээс галт тэргэнд ачиж, экспортод шууд гаргадаг байна. Өртөөний дарга Ц.Энхтүвшин биднийг угтан авч, өртөөнийхөө үйл ажиллагаатай танилцуулсан юм. Хандгайт өртөөн дээр зүтгүүрийн депо байрладаг. Нэг дор 12 зүтгүүр хүлээн авч, засвар үйлчилгээ хийх хүчин чадалтай уг депог 2013 онд ашиглалтад оруулсан ч хараахан бүрэн хүчин чадлаар ажиллаагүй байгаа аж. Зүтгүүрийн эд ангийн гэмтлийг оношилж, засдаг 40-өөд нэр төрлийн тоног төхөөрөмжийг удахгүй суурилуулна хэмээн А.Болдсайхан хэлж байв. Ойролцоогоор 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаар боссон гэнэ. Одоо 40-өөд инженер техникийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 100 гаруй хүн ажиллах боломжтой болно гэнэ. Ийм депотой болсноор засвар үйлчилгээнд гадагшаа урсдаг зардлыг дотооддоо шингээх боломжтой болж байгаа хэмээн өртөөний дарга А.Болдсайхан онцолсон юм. Баянголын төмөр замд 3-4 зүтгүүр ажиллаж, үлдсэн 10 гаруй зүтгүүр нь сул зогсож байв. Шалтгаан нь УБТЗ эдний зүтгүүрийг гол төмөр замд явуулахаас татгалзжээ. Уг нь УБТЗ-ын зүтгүүрүүдийн хажууд хүчин чадал сайтай, эдийн засгийн үр ашиг, тав тух өндөр орчин үеийн зүтгүүрүүд.

Дараагийн асуулт. Яагаад УБТЗ хувийн компанийн зүтгүүрийг гол төмөр замаар явуулахгүй, өөрсдөө ачааг нь тээвэрлэдэг юм бэ? Хариулт тодорхой. “Болд Төмөр Ерөө Гол” төмөр замын тээвэрлэлтийн зардалд “УБТЗ” ХНН-д жилдээ 85-95 тэрбум төгрөг төлдөг гэнэ. Төмөр замын нийт ачаа тээврийн 20 гаруй, орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг байна. УБТЗ зорчигч тээврээс хүлээдэг алдагдлаа төмрийн хүдэр тээврээс нөхдөг хэмээн эндхийн ажилтнууд хэлж байв. Орлогынхоо гол хэсгийг алдахыг хэн хүсэхэв. Тиймээс давуу эрхээ эдэлж буй нь энэ бололтой.

Энд бас нэг сонирхолтой техникийг харсан нь “МТЗ” ТӨХК-ийн төмөр зам арчлалтын машин гээд учиргүй урт шар техник байв. Энд жил орчим болж байгаа гэнэ. Баянголын төмөр зам дээр туршилт хийж буй юм байх. “МТЗ” ТӨХК төмөр замгүй байж төмөр зам арчлалтын техникээр яах гэж байгаа юм бол? Төмөр замгүй байж зүтгүүр авдагтай л “агаар” нэг бололтой. Бас болоогүй, 20 гаруй сая долларын үнэтэй эд гэж байгаа.

Хандгайт өртөөн дээр Дархан Уул аймгийн Гаалийн газрын салбар байрладаг. Эндээ шууд гаалийн бүрдүүлэлт хийдэг. Компанийн хувьд энэ нь төрийн зүгээс үзүүлж байгаа маш том дэмжлэг, үйл ажиллагааг нь хөнгөвчилж өгсөн чухал ач холбогдолтой гэдгийг компанийнхан онцолж байв.

Баянголын төмөр замын бас нэг ач холбогдол нь тухайн бүс нутагт байгаа төмрийн хүдрийн бусад уурхайг ашиглахад чухал нөлөөтэй юм. Монголын төмрийн хүдрийн хамгийн том орд буюу стратегийн орд болох Төмөртэйн овооны олборлолт сэргэж байгаа аж. Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд руу төмөр зам тавихаар төлөвлөж байгаа хэмээн эндхийн ажилтнууд ярилаа. Хэрэв тэгвэл стратегийн нэг том ордын тээвэрлэлтийн асуудал бүрэн шийдэгдэж байна гэсэн үг.

Хүнд нөхцөлд хүчийг үзэж буй МОНГОЛ УУРХАЙчИД

Хандгайт өртөөнөөс уурхайн кэмп рүү хөдлөв. Хүдэр тээврийн 40 тонны машинууд зөрөх шороон замаар 17 км явж, уурхайн кэмпт очино. Зам норгож буй нэг машинтай таарсан ч машины тоосыг дарахад хангалттай биш аж. Хүдэр ачсан болон хүдрээ буулгачихаад явж байгаа ачааны тэргүүд ялгаа байхгүй хурдтай давхина. Учрыг нь лавлавал жолооч нар нь рейсээрээ цалинждаг болохоор ганц хоёр рейс илүү явахын тулд хурд “хэтрүүлдэг” бололтой. Шороо тоостой, үзэгдэх орчин муу үед ийн хурдтай явах нь аюулгүй ажиллагаа ямар байгааг харуулж байгаа нэг хэлбэр биз. Тээврийн машины тоосны сиймхийгээр эргэн тойрноо хоромхон зуур ч гэсэн ажиж болно. Шатсан мод, шинээр тарьж байгаа модны суулгац...

Санасныг бодоход уурхайн кэмп нь зохион байгуулалт муутай юм шиг санагдав. Хүдрийн тээврийн хүнд даацын TEREX машинууд кэмп дотроо зогсоно. Энд 50 тонн болон 100 тоннын 60 ширхэг TEREX ажилладаг аж. Уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаагүй болохоор хүнд даацын зарим машин кэмп дотор сул зогсолт хийн өвөлжсөн хэмээн тайлбарласан. Уурхайн кэмпийн талбай ч том юм. Энд тэнд тоосгон байшингууд. Нэг онцлог нь эдний кэмп-т сэндвичэн барилга байхгүй. Халаалт, халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламж, шилэн кабелийн интернэт гээд ажилчдын тохитой амрах боломжийг бүрдүүлжээ. Дөрвөн ч орон сууцны барилга барьж ашиглалтад оруулжээ. Мөн ажиллагсдын чөлөөт цагийг өнгөрүүлэх, тэднийг эрүүлжүүлэх үүднээс спорт соёлын төвийг байгуулсан байна.

Баянголын ордод зүүн, баруун гэсэн хоёр хэсгээс олборлолт явуулдаг байна. Хүдрийн нөөцийн тогтоц нь усан цахилгаан станцын далан мэт босоо байрлалтай аж. Зүүнээс баруун тийш 1.5 км орчим үргэлжилсэн 10-45 метр зузаантай, дунджаар 150 метр гүн хүдрийн биет.  Нүүрс, алт гэх мэт ашигт малтмал дийлэнхдээ хэвтээ байрлалтай байдаг бол төмрийн хүдрийнх босоо байрлалтай байдаг байна. Ордын нийт нөөц 130 сая гаруй тонн. Өнгөрсөн жил нэмэлт хайгуулаар нөөцөө 50 сая тонноор нэмэгдүүлж чаджээ. Хэрэв үнэ боломжийн байвал ил уурхайн аргаар олборлох боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар олборлож болно хэмээн Уурхайн Ерөнхий инженер Ц.Ганбат хэлэв.

Далайн түвшнээс дээш 1400 орчим метр өндөрт уулын орой дээр уурхайн олборлолт явагддаг. Тавантолгой, Оюутолгой зэрэг том орд нам дор, тэгш талд олборлолт явуулдаг бол энд уулын орой дээр олборлолт хийнэ. Тэр утгаараа маш хүнд нөхцөлд ажилладаг гэсэн үг. “Ажилчид ээлжинд гарахынхаа өмнө тогтмол даралтаа үзүүлж, эмчийн хяналтаар ордог. Настай, бие султай хүн ажиллах хэцүү. Манай ажилчдын 68% нь 35 хүртэлх насны залуус байдаг” хэмээн Ц,Ганбат инженер танилцуулсан юм.  Биднийг очихын өмнөхөн  цас орсон болохоор ч тэр үү, уулын орой жихүүн. Хэдхэн минут зогсоход л гар бээрнэ. Цас бороо их орж, салхи ихтэй байдаг нь Баянголын уурхайн нэг хүнд нөхцөл аж.  Бас болоогүй үе үе ойн түймэр гарна. 2009 онд Оросоос ойн түймэр орж ирэхэд 10 гаруй хоног уурхайн ажлаа зогсоож, түймэр унтрааж байснаа Ц.Ганбат инженер ярьсан юм.

Төмрийн хүдрийн уурхайн нэг онцлог нь хөрс хуулалт, ашиглалтын зардал нь нүүрсний уурхайгаас хэд дахин илүү байдаг гэнэ. Нүүрс шиг өнгөн давхаргын хөрс хуулах биш босоо тогтоцтой хүдрээ олборлохын тулд хоёр талаас нь ташуулдаж хөрс хуулдаг байна. Тийм ч болохоор хөрс хуулалт нь 1:6 харьцаатай буюу 1 шоо метр хүдэр олборлохын тулд 6.6 шоо метр хөрс хуулдаг байна.
Үүнээс гадна ашиглалтын зардал нь нүүрсний уурхайгаас 2-3 дахин өндөр хэмээн Ерөнхий инженер Ц.Ганбат онцолсон. Төмрийн хүдрийн биетийн хатуулаг нь нүүрснээс 3 дахин их байдаг тул олборлох, тэслэх, баяжуулах бүх төрлийн техник, шугамын элэгдэл тэр хэмжээгээр их байдаг ажээ. Хатуу биет, том чулууг бутлахад нэмэлт ажиллах хүч, техник  болон эрчим хүч, илүү тэсрэх бодис орох зэргээр ихээхэн нэмэлт зардал гардаг байна.

Тэгсэн хэрнээ борлуулалтын үнэ нь нүүрснээс илүү гараад шалихгүй. Төмрийн хүдрийн үнэ буурч байгаа энэ үед хэвийн ажиллахад хүндрэлтэй болж байгаа гэдгийг уурхайн ажилтнууд ярьж байв.

Баянголын уурхайд хуурай соронзон аргаар баяжуулах 7 үйлдвэр бий. Хуурай соронзон аргаар баяжуулснаар 55-57%-ийн агуулгатай төмрийн баяжмал гаргаж авдаг. 2013 онд 2.3 сая тонн гаруй ийм хүдэр экспортолсон байна. Удахгүй нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн онд ТЭЗҮ-ийг батлуулжээ.

Баянголын уурхай, “Болд Төмөр Ерөө Гол”-ынхны нэг бахархал нь ажилчид. Тус компани үндсэн 1090 ажилтан болон төмөр замын “МТЛ” ХХК, туслан гүйцэтгэгч компанийн 400 гаруй ажилтантай. Хамгийн сонирхолтой нь энэ компанид Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 21 аймгийн иргэд ажилладаг. Сэлэнгэ аймгаас 630 хүн, тэр дундаа уурхай байрладаг Ерөө сумаас 412 хүн “Болд Төмөр Ерөө Гол”-оор овоглодог. Сэтгүүлчийн хувьд сонирхож байсан, магадгүй харахыг хүсч байсан зүйл бол хятад ажилчид. “Болд Төмөр Ерөө Гол”-ыг Хятадын компани, хятадууд бужигнадаг гэсэн яриа хаа сайгүй бий. Тиймээс үүнийг өөрийн нүдээр харж, чихээр сонсохыг хүссэн юм. Баянголын уурхайд ганц хятад ажил¬тан байдаг нь хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрт ажилладаг гэнэ. Харин эзэмшлийнх нь хувь хэмжээг захир­луудаас нь асуух нь тохиромжтой юм.

“Болд Төмөр Ерөө Гол” компани орон нутгийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр аймаг сум, иргэд төрийн бус байгууллагуудад нийт 3 тэрбум төгрөгийн хандив, тусламж үзүүлж,  төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Зөвхөн Ерөө суманд гэхэд 2007 оноос “Хамтран ажиллаж харилцан туслалцах гэрээ” байгуулж,  жил бүр  “Сум хөгжүүлэх сан”-д  100 - 400 сая төгрөг хандивлаж иржээ. Оюутны тэтгэлэг, сургуулийн засвар зэргээс илүүтэй хамгийн үр дүнтэй гэж хэлж болох төсөл нь Ерөө голын сав газарт 12 га газрыг хагалж, хашаажуулах, услалтын систем суурилуулах, айл өрхүүдэд бага оврын 12 трактор олгоход 70 орчим сая төгрөгийг олгож. Газар тариаланг дэмжихэд тусламж үзүүлнэ гэдэг орон нутгийнхны хувьд том дэмжлэг болдог байна. 

Аливаа уул уурхайн компани нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалахад хэр анхаардаг вэ гэдэг чухал. Тэр тусмаа ойн бүсэд уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүр ч хариуцлагатай байх ёстой. “Болд Төмөр Ерөө Гол”-ынхон 2006 онд олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ойн нөөцийн судалгаа хийлгэж, БОНБҮ хийлгэхэд Баянголын уурхайн эдэлбэр газар таван ч удаа ойн түймэр их хэмжээгээр өртөж, ойн хэв шинжээ алдсан байсан гэдгийг компанийн зүгээс хэлж байв. Гэхдээ ашигт малтмал олборлох явцад устгагдаж байгаа ойн нөхөн төлбөрт 700 орчим сая төгрөгийн үнэлгээ тогтоолгож энэхүү мөнгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар орон нутагтай гэрээ байгуулжээ. Мөн 2008 оноос 40 га талбайд 30-40 мянган тарьц суулгаж ой сэргээх ажил хийж байгаа аж. Ойн дийлэнх нь түймэрт шатсан гээд орхилгүй, тодорхой хэмжээгээр нөхөн сэргээлт, ойжуулалт хийж байгаагаа уурхайн инженер хэлж байсан юм.

“Болд Төмөр Ерөө Гол” компанийн Баянголын уурхайн өнгө будаг нэг иймэрхүү. Энэ уурхайд нийт 2 тэрбум доллар дөхсөн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ хэмжээний ашгийг эргүүлээд олж авч чадах уу гэдэг нь гол асуудал хэмээн компанийн Дэд захирал Д.Отгонбаяр хэлж байна. Үнэ улам уначихгүй бол үйл ажиллагаагаа зогсоохгүй яваад л байна. Үүрсэн хариуцлага гэж байгаа болохоор өөдрөгөөр л ирээдүйгээ харж явна хэмээн Д.Отгонбаяр захирал нэмж хэлсэн юм. Монголын төмрийн нөөцийн охь сав болсон нутагт төмөр олборлон буй Монголын томоохон компани хүнд нөхцөлд хүчир бэрхийг ажран үйл ажиллагаагаа зогсоочихолгүй зүтгэсээр л байна.

  • Д.Өлзийбат (103.9.91.40)
    Онгон хайрхан Дулаанхаан уул миньшүлгээ өргөн барьядаа Эрдэнийн өнгөт баяжмалтайЭрт өвгөдийн минь нутагдааАршаан ундаагаар баялагатай Ард Монголын минь заяадаа Энгэр дүүрэн ногоон хүрэмтэйЭэж аавын минь нутагдааХайрхан уулсын энгэрт ньХаан Чингисий минь тэвэгний чулуутайдааОнгон хайрхан Дулаанхаан уул миньОнгод мөргөлийн ерөөлтэйдээХалхын сайн эрчүүдийн Хийморийг сэргээсэн уулсуудтайдааОхь болох аршаан ньОнгод мөргөлийн ид шидтэйдээ
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Д.ӨЛЗИЙБАТ (103.9.91.40)
    САЙХАН ЭЭЖ МИНЬДЭЭБИБИД БҮГДЭЭРЭЭТА НАР ШИГ САЙХАН ЭЭЖТЭЙДЭЭБИ ХОРВООД ЭЭЖИЙГЭЭ ХАРААД ОМОГШИН ОНГИРЧ МӨНХРӨН БАЯСАХ ЮМХАРИН ТА ЮУТАЙЧ ЗҮЙРЛЭШГҮЙ АГУУ ХҮНДТЭЙ ЭЭЖИЙДЭЭХАЙРЫН ҮГ ТАНА САНААНД ҮЕ ҮЕ ДУРСАГДААДБОДОГДООД ЛХОНОГ ТОЙРОХДЭЛХИЙ ЭРГЭЛДЭХ МӨЧИД ЗҮҮДЭНД БАЙХ ЮМААЗАЛУУ НАСНААС НАС АХИХ ТУТАМД ЗҮРХЭНД ЭЭЖ ТА ГЭГЭЭРЭН ДУРАЙН МӨНХРӨХ НЬ МИНИЙ АЗ АА
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.91.40)
    Дулаанхаан тосгоны ард иргэдийн амьдралд асар их өөрчлөлт орж байгаа нь зөвхөн 1 жилийн дотор ажиглагдаж байнаямарч байсан залуучууд маань хувийн орон сууцхашаа байшин нилээдийг барьж суурьшиж байнаэнэ бүхэн Болд төмөр ерөө гол хувьцаат компаний үр шимд иргэдийн амьдралд асар их өөрчлөлт орсон шүүтосгоны иргэд баяртай байдгийм байна лээЗА ИНГЭЭД БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ КАМПОНИЙХАА ХАМТ ОЛОНД ЗОРИУЛЖ НЭГ ШҮЛГЭЭР ӨРГӨН БАРЬЯ Мөнхийн ерөөлтэй дэлгэрх заяатай Монголын ерөө дэлхийн дээжистэй Хүдрийн ордтой Баян голоос Хүрх ирээдүйд алсын хараатай Болд эрдэний шинжийг бүрдээсэн Болд төмөр ерөө гол минуу зээ Болзоот залуусын хайрыг татсан Болд төмөр ерөө гол минь ээ Түмэн олны минь жаргалын маналай Төмөр замын уртын урт цуваа Баясал жаргалаар дүүрэн заяатайдаа Мөнхийн ерөөлтэй дэлгэр
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Д.Өлзийбат (103.9.91.40)
    Бодит байдлыг өөрийн биеээр энэ төмөр замын ажил үйлчилгээбарилага байгууламжинд ялангуяа ДулаанхаанШаамарЕрөөДорноговь болон бусад аймгуудаас олон сайхан залуучууд ирж эх бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож гурван жилийн хугацаанд Дулаанхаанаас-Хандгайт хүртэл 100-аад км төмөр замыгтуслах замуудороод барьсан шүүМонгол хүн юуг ч бүтээжхийж чаддагаа харуулсан анхны түүхэн зам болж ирээдүйгээ харуулж чадлаа 1990 оноос -2006 он хүртэл тосгоны иргэдийн амьдрал ахуй үнэнхүү хүнд байсан цаг үеэнэ хугцаанд нутгийн иргэд уулын модхаягдал төмөрөөр амьдралаа залгуулж байсанзөвхөн төрийн цөөн тооны албан хаагчид л ажилтайар гэр нь ажилгүй байсан цаг саяхан санагдаж байнаБолд төмөр ерөө гол ХХК-ий төмөр зам ашиглалтанд орсноос хойш ДУЛААНХААНЧУУДЫН амьдрал ахуй харьцангуй өөдрөг өнгөлөгөтус газар ажилд орсон нийт ажилчдын 40 гаран хувь нь хувийн машина тэрэгтэйорон сууцхашаа байшинтай болжмал аж ахуй хүнсний ногоотөрөл бүрийн жимс жимсгэн тарьж жилийн 4 улиралд өөрсдийнхөө амьдрал ахуйд хэ
    2014 оны 09 сарын 16 | Хариулах