Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ба ХУУЛЬ

Газрын тосны хуулийн гацаа
С.Болд-Эрдэнэ

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсанаас хойш мөдхөн жилийн ойтойгоо золгох гэж байна. Намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ хэлэлцэх “завгүй” явна. Хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа ч “давхар дээл” зэрэг зарим хуулийн сүрд дарагдан “мартагдахаас” гадна УИХ-ын гишүүдийн дунд нэгдсэн ойлголцолд хүрээгүйгээс хойшлогдсоор байна.

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгад компаниуд ганц нэг асуудлыг эс тооцвол бараг “аллергитахгүй” байгаа аж. Хууль эргэн үйлчилж, одоо хэрэгжиж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд үйлчлэхээр яригдаж байгаа нь компаниудын эсэргүүцэлтэй тулгарч байна. Бусдаар ололттой тал нь давамгайлсан, одоо мөрдөж байгаа журмыг хуульчилж байгаа болохоор зөв гэсэн хандлага давамгайлж байгаа юм.
 
Нэр бүхий гишүүд хууль эргэн үйлчилж, одоо үйлчилж байгаа Бүтээгдэхүүн хуваах бүх гэрээг хуулийн дагуу өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Үүнд хамгийн их “хэлмэгдэх” компани нь газрын тос олборлогч Хятадын хоёр компани. Угаас эргэн үйлчилнэ гэвэл олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа дээрх компаниудад зориулсан гэдэг нь тодорхой болно. 2 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн компаниуд хуулиа өөрчилж болно, гэхдээ гэрээгээ битгий өөрчлөөч гэдэг асуудлыг тавьж байгаа аж. Энэ хүсэлт нь эргээд хуулийн төслийг өөрчлөх лобби хийж байгаа мэтээр улстөрчдөд харагдаж байгаа нь ойлгомжтой юм. Нэр бүхий гишүүд ч ийм утга бүхий мэдэгдлийг хийж байсан. Дээрх асуудлуудаас болж Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга гацаанд ороод байна.

Үүнээс бусдаар хуулийн төсөл урагш явж өгөхгүй байгаа нь цэвэр улс төртэй холбоотой хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж, Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Шинэчилсэн найруулгын төсөл дээр хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал нь роялти. Уг нь гэрээлэгчтэй байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр татвар, ашигт газрын тосны хэмжээг хэрхэн хуваах талаар тодорхой тусгасан байдаг. Харин роялти нь харилцан адилгүй байдаг аж. Шинэчилсэн найруулгад роялтийг 5-15% байхаар тусгасан. Уул уурхайн яам болон компаниудын зүгээс ашигт газрын тосны 50%-иас доошгүйг нь Засгийн газар үнэгүй авч байж нэмж 5-15%-ийн роялти авах нь буруу хэмээн үзэж байна. Нэгэнт хууль тогтоох эрх мэдэл нь УИХ-д буй учир роялти авах эсэх нь УИХ-ын бүрэн эрх юм.

Харин роялтийн хуваарилалт дээр маргаантай асуудлууд гарчээ. Дорнод аймгаас сонгогдсон эрхэм гишүүн газрын тосны роялтигаас аймагтаа түлхүү хуваарилахаар зүтгэж байгаа нь гол гацааг үүсгээд байгаа аж. Уг нь роялтийг Сангийн яамаар дамжуулан Нэгдсэн төсөвт төвлөрүүлж, буцаагаад орон нутаг руу хуваарилдаг тогтолцоотой. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгад ч ийм зарчмыг тусгаж өгсөн. Газрын тос олборлож буй суманд 10%, аймагт 20%, улсад 70% хэмээн хуваарилахаар зааж. Харин Дорнодынхон хоёр асуудал дээр санал нийлэхгүй байгаа гэнэ. Юуны түрүүнд роялтийг Нэгдсэн төсөв рүү 100% хуваарилахгүйгээр 30%-ийг нь шууд орон нутагт нь үлдээх санаатай байгаа аж. Үүнийг Сангийн яам зөвшөөрөхгүй байгаагаас эхний гацаа үүсчээ. Хоёрдугаарт, Дорнод аймаг 30%-ийг чамлаж байгаа бололтой. Тэд Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилагддаг роялтигаас 10 дахин ихийг авах саналаа илэрхийлж.

Мэдээж үүнийг зөвшөөрөх ямар ч боломжгүй. Хэрэв зөвшөөрвөл Өмнөговь нүүрс, зэсийнхээ роялтигаас илүү хувь хүртэнэ гэх мэтээр асуудал улам ээдрээтэй болно. Нэгэнт холбооны улс биш болохоор байгалийн баялагтай аймгуудад ийм давуу эрх олгох нь Үндсэн хуулийг зөрчиж таарна. Газар доорх баялаг бол нийт ард түмний өмч гэдэг дээ. Зарим улстөрчийн санаагаар бол газар доорх баялаг тухайн сум, аймгийн өмч болж таарах нь. Ямар ч байсан одоо яригдаж байгаа хувилбараар Дорнод аймаг бүх аймаг руу тэнцүү хуваарилагддаг роялтигаас 10% илүү авахаар болж байгаа бололтой. Үүнийг Сангийн яам хүчтэй эсэргүүцэж байгаа тул төдийлөн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа гэнэ. Компаниудын хувьд роялтийг хэн авах нь сонин биш.

Харин Газрын тосны хууль бүхэлдээ хэрхэн өөрчлөгдөж байгаа нь олон хүнд сонин байгаа. БНМАУ-ын үед батлагдсан хуулиудаас бараг өөрчлөгдөөгүй байгаа ганц хууль нь энэ. Үүнээс уг хуулийн шинэчилсэн найруулгыг батлах нь хэр чухал вэ гэдэг нь тодорхой харагдана.

Шинэчилсэн найруулга нь оролцогчдын эрх, үүргийг илүү тодорхой болгосон гэдгээрээ онцлог. Төслийн агуулга нь үлэмж томорч, хамрах хүрээ ч өргөжсөн байгаа. Одоогийн хуульд газрын тос гэсэн ойлголтод байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нуурс, устөрөгчийн нэгдлийн холимогууд ордог байсан бол шинэчилсэн найруулгад газрын тосыг уламжлалт ба уламжлалт бус газрын тос гэж ангилсан. Өөрөөр хэлбэл, байгалийн битум, занар, тослог элс, нүүрсний давхаргын метан хий зэргийг уламжлалт бус газрын тос хэмээн ангилж, Газрын тосны хуулиар зохицуулахаар болж байгаа юм. Ингэснээр огт хууль эрхзүйн зохицуулалтгүй байсан занар, нүүрсний метан хийн хайгуул, ашиглалт зохицуулалттай болно.

Ялангуяа занарын зохицуулалт маш чухал. Занарын компани одоогийн хуулиар БХГ байгуулах хэрэгтэй болно. Ингэх боломжгүй. Тиймээс занар дээр эрэл, хайгуулын лиценз өгчихөөд нөөц тогтоовол ашиглалтын лиценз болгохоор зохицуулж байгаа аж. Энд бас бага зэргийн улс төржилт явагдаж байгаа сураг бий. Эр, хай олвол шууд ашигла гэдэг концепцийг эр хай, олвол улсад өг. Улс тендер зарлана гэж өөрчлөх нь зөв гэсэн нэр бүхий гишүүд байгаа аж.

Одоогийн хууль, журмаар бүрэн зохицуулж чаддаггүй хэд хэдэн асуудлыг ч тодорхой болгож өгчээ. Тухайлбал гадаад, дотоодын ажилчдын цалингийн хэмжээг тодорхой тусгаж өгсөн. Гэрээлэгч нь ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин урамшууллыг тэгш тогтооно, ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаална зэргээр оруулж өгснийг ололттой заалт хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг Монгол улс дахь банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах гэх мэт өмнөх алдаануудаас суралцсан заалт олон бий.

Бусад хуулиас ялгарах гэж болохоор нэг онцлог нь торгууль. Гэрээлэгч үүргээ биелүүлээгүй, гэрээ, хууль зөрчвөл торгох тухай 32 заалт хуулийн төсөлд бий. Хамгийн өндөр торгууль нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 50-60 сая орчим төгрөгөөр торгох юм байна. Химийн хорт бодисын ашиглалттай холбоотой асуудал үүсвэл ийм хэмжээний мөнгөөр торгоно. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дээд тал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400-450 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгуулна. Дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсэн бол ийм торгууль хүлээнэ.

Орон нутгийн эрх, үүргийг ч тодорхой хэмжээнд тусгажээ. Тухайн орон нутгийн ИТХ газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэж, татгалзах эрхтэй байхаар болж байна. Мөн гэрээнд заагаагүй аливаа хөрөнгө оруулалт хийлгүүлэх, хүмүүнлэгийн зорилгоос бусдаар хандив тусламж шаардах, санхүүжилт хүсэхийг хоригложээ.

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга нь одоо мөрдөгдөж байгаа БХГ-нүүдийн гол заалтуудыг хуульчилж өгснөөрөө онцлогтой. БХГ нь хаалттай байдаг болохоор хардлага сэрдлэгийн гол бай болдог байв. Тиймээс ил тод нээлттэй болгож байгаа нь энэ. Роялтийн хэмжээ хэд байх, бүтээгдэхүүн хуваах хэмжээ хэд байх гээд чухал мэдээллүүдийг тодорхой заагаад өгчихсөн. Одоо бол дээрх тоонуудыг Газрын тосны газар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийсний үндсэн дээр тохирч байгаа. Хуульчилж өгснөөр авлига авч, ард түмнийг хохироолоо гэдэг асуудал дахиж гарахгүй гэж хэлж болох юм. Ил тод байна гэдэг элдэв хардлага сэрдлэг байхгүй болно. Хэн нь хэдийг төлөх гэрээ хийсэн нь бараг тодорхой болчихсон болохоор бизнесийн нууц гэж нуугаад байх шаардлага байхгүй хэмээн үзэж байгаа бололтой.  

Газрын тосны хайгуул ХУУРАЙ байна

Монголын газрын тосны салбарыг түүхий тосны олборлолт, экспорт, эсвэл нефтийн бүтээгдэхүүний импорт, үнээр л төсөөлөн эрчимтэй хөгжиж байна гэж ярьдаг болоод удаж байна. Тамсаг болоод Зүүнбаянд Арабын цөл шиг хязгааргүй их газрын тосны нөөцтэй юм шиг сайрхан ярих сайд дарга нар бий. Харин хэмжээ хязгаартай газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх, газрын тосны хайгуулыг дэмжих, энд хөрөнгө оруулалт татах талаар дуугардаг хүн бараг байхгүй.  Товчхондоо бол бид газрын тосны хайгуулын салбарыг огт дурддаггүйтэй адил. Тэнд яриад байх том тоо, хөрөнгө оруулалт, үр дүн байхгүй болохоор арга ч үгүй биз. Газрын тос олборлож байгаа Хятадын хоёр том компанийг эс тооцвол бусад компаниудын хайгуулын ажил үр дүнгүй байна. 8 компани 210 гаруй сая доллар зарцуулж 59 цооног өрөмдсөнөөс ердөө 5-хан цооногоос газрын тос илэрчээ. Гэхдээ алинаас нь ч газрын тосны үр ашигтай нөөц тогтоогдоогүй байна. Салбарынхны хэлдгээр цооногууд хуурай гарсан гэсэн үг.

Монголын газрын тосны салбарт сүүлийн 20 жилд нийт 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Нийт хөрөнгө оруулалтын 81% буюу 2 тэрбум 30 сая долларыг ганцхан “Дачин Ойл Фийлд Лимитед” компани дангаараа оруулсан бол 9.4% буюу 235.5 сая доллар нь “Доншен” компанийн хийсэн хөрөнгө оруулалт. Мөн нийт 1202 цооног өрөмдсөнөөс 95.1% буюу 1143-ыг нь дээрх хоёрхон компани хийжээ. Энэ компаниуд одоо газрын тос олборлон экспортолж байгаа. 21 талбайд16 компани БХГ байгуулан ажиллаж байгаагаас “Петро Чайна” болон “Доншен” компанийн хөрөнгө оруулалт хийсэн ажлыг салгаж үзвэл газрын тосны хайгуулын салбарын бодит төрх ямар байгааг харж болно.

Нийт хөрөнгө оруулалтын 9% орчим буюу 223 сая долларын хөрөнгө оруулалтыг үлдсэн 14 компани өнгөрсөн хугацаанд хийжээ. Монголын 7, Хятадын 4, Австрали, Швейцарь, Канадын тус бүр 1 компани байгаа. Эндээс 8 компани 59 цооног өрөмдсөнөөс 5 цооногт газрын тос, 24 цооногт газрын тосны шинж тэмдэг илэрсэн ч үр ашигтай нөөц тогтоогдоогүй байна. Хятадын 4 компани оруулсан хөрөнгө оруулалтын 54% буюу 119.6 сая долларыг оруулжээ. 59 цооногийн 39-г нь тэд хийсэн байна. 

Дээрх компаниудаас хамгийн амжилттай гэж хэлж болохоор компани Галба ХI талбай дээр БХГ-тэй Хятадын “Зон Хэн Юу Тиан” компани юм. 2009-2012 онд нийт 36.7 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 14 цооног өрөмджээ. 3 цооногт газрын тосны илрэл гарч, туршилтаар 1517м.куб түүхий тос олборлоод байгаа хэмээн Газрын тосны газраас мэдээлж байна. 

Харин хамгийн их хөрөнгө оруулалтыг Хятадын “Голден Сий Петролиум” компани хийсэн байна. 2007-2013 онд 61.2 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тариач ХV талбайд 21 цооног өрөмдсөн ч газрын тосны нөөц илрүүлж чадалгүй талбайгаа буцаан өгсөн байна.

“Голден Сий Петролиум”-ын араас хамгийн их хөрөнгийг үндэсний хөрөнгө оруулалттай “Петро Матад Лимитед” компани. Тэд “Петро Матад” болон “Каркорп Монголиа” гэсэн охин компаниудаараа дамжуулан 3 талбайд 57.5 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. “Петровис” компанийн хөрөнгө оруулалттай уг компани Монголын компаниудаас хамгийн их хөрөнгө оруулалтыг газрын тосны хайгуулд зарцуулсан. ЕСБХБ-аас хөрөнгө оруулалт авахын хажуугаар Монголын компаниудаас анх удаа Лондоны хөрөнгийн бирж дээр IPO хийж 45 сая доллар босгож байсан түүхтэй. Үүний дүнд Матад ХХ талбай дээр нийт 42.8 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 12 цооног өрөмдсөнөөс 6 цооногт тосны шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 5 цооногт туршилт хийсэн ч үр ашигтай нээлт тогтоогдоогүй байна. Мөн “Каркорп Монголиа” гэсэн охин компани нь Богд IV, Онги V талбай дээр 14.7 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2448 км-т 2D чичирхийллийн судалгаа хийж 2 цооног өрөмдөөд байгаа. Одоо нэмж цооног өрөмдөх төлөвлөгөөтэй ч хөрөнгө оруулалт олдохгүй хүндхэн байдалд байгаа аж. Газрын тосны хайгуулын салбар ямар их хөрөнгө шаарддаг, басхүү ямар их эрсдэлтэй вэ гэдгийг “Петро Матад”-аас харж болно.

“Шунхлай энержи”, “М Си Эс Петро лимитед”, “Сансрын геологи хайгуул”, “Магнай трейд”, “МАК” зэрэг Монголын хамгийн том л гэсэн компаниуд газрын тосны хайгуул хийж байгаа ч дорвитой хөрөнгө оруулалт хийж чадахгүй, тэр хэрээр үр дүн ч гарахгүй байгаа юм. Ялангуяа өнгөрсөн жил эдгээр компаниас ганцхан МАК л хайгуулын ажилд багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ жилийн хувьд байдал тийм ч сайн биш байна. “Петро Матад” хоёр ч цооног өрөмдөхөөр хөрөнгө оруулалт татах оролдлогыг хэд хэд хийгээд бүтэлгүйтжээ. “Хөрөнгө оруулагчид Монголд итгэхгүй байгаа нь хөрөнгө оруулалт татахад хэцүү болгож байна. Сонирхсон ганц нэг хөрөнгө оруулагч нь Газрын тосны хууль чинь хаана байна гэдэг. Бараг 3 жил яригдаж байгаа нөгөө хууль нь тодорхойгүй шалтгаанаар батлагдахгүй хойшлоод байдаг. Ядаж хуулиа хурдан гаргавал хөрөнгө оруулалт татахад жаахан ч гэсэн дэмтэй болно” хэмээн “Петро Матад” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Амарзул ярьж байна.

Үүнтэй адил Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Вольф Петролиум” компани Сүхбаатар XXVII талбай дээр хоёр ч цооног өрөмдөх бэлтгэлээ хангаж, хөрөнгө оруулалт татахаар оролдож байгаа. Хэрэв өрөмдлөг амжилттай болж газрын тос илэрвэл 462 сая баррелиас 2.2 тэрбум баррель газрын тос олох боломжтой гэсэн таамаглалыг компанийн зүгээс гаргаад байгаа юм.

Үүнээс гадна Газрын тосны газрын мэдээлснээр  “Монголын алт” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан Төхөм Х (урд) талбайд хайгуулын үйл ажиллагаанд 2014 онд 5,8 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөөд байгаа аж. Мөн энэ жил шинээр Номгон-IХ талбайд “Сансарын геологи хайгуул” ХХК хайгуулын ажпын эхний таван жилд нийт 26,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр урьдчилан төлөвлөжээ. Тус компани  Хятадын “Зон Хэн Юу Тиан” компанитай нэгдэж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Ямар ч байсан газрын тосны хайгуулын салбарт Монголын компаниудын хөрөнгө оруулалтын үр дүн хуурай байна. Үндэсний компаниуд ч хөрөнгө оруулалт хийхэд хууль нь гацсанаас авахуулаад хүндрэлтэй зүйл бишгүй. Хууль нь гарч, хөрөнгө оруулалтын орчин нь тогтвортой байвал газрын тосны хайгуулд хөрөнгө оруулалт татах боломжтой. Хайгуулын салбараа харийнхны өрөмд найдаж орхино гэдэг зөв бодлого биш. Үндэсний компаниуд нь хөрөнгө оруулалт хийхийг оролдож байгаа үед тэднийг дэмжих нь чухал юм.



  • цццц (112.72.11.124)
    газрын тос их оргилж монголчууд бид аз жаргалтай амьдрах цаг ирээсэй тос оргилох болтугай
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • цццц (112.72.11.124)
    газрын тос их оргилж монголчууд бид аз жаргалтай амьдрах цаг ирээсэй тос оргилох болтугай
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • ддэги (112.72.11.124)
    й
    2014 оны 12 сарын 10 | Хариулах