Г.Идэрхангай
Төслийн бүтээн байгуулалт 45%-тай явж байгаа ч санхүүжилтгүйн улмаас түр саатаад байгаа Цагаансуваргын ордод “Төр хувь эзэмших шаардлагагүй” гэж Эдийн засгийн байнгын хорооны эхний хэлэлцүүлгээр баталсан. Хэрэв “Төр эзэмшинэ” гэсэн шийдвэр гарвал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төслийн 34 хувийг эзэмшиж, Засгийн газар 360.6 сая ам.долларын бонд босгох замаар Цагаансуваргыг санхүүжүүлэх учиртай.
Гэхдээ Засгийн газарт энэ 2 дугаар улиралд багтаан ийм хэмжээний бонд босгох боломж байхгүй бөгөөд Цагаансуварга санхүүжилтээ бие даан шийдвэрлээд явах нь хамгийн зөв хувилбар юм.
Уул уурхайн салбар нийтээр хямарч байгаа энэ үед өдийгөөс төдий хүртэл бор зүрхээрээ зүтгэн, өөрсдөө санхүүжилтээ босгож яваа МАК компанийн хувьд төр төсөлд мөнгө гаргах, үгүйгээ шуурхай шийдэх нь юу юунаас чухал байв.
Тус компани шийдвэр гарсан даруйд дараагийн санхүүжилтийг шийдвэрлэн бүтээн байгуулалтаа хурдавчилна гэдгийг илэрхийлсээр ирсэн.
Гэхдээ УИХ-ын 6 дугаар сарын 13-ны баасан гаригийн хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлийг хийсэн ч “Шударга ёс эвсэл” бүлэг уг асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм. Тус бүлэг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цагаансуваргын ордод төр хувь эзэмшихгүй гэснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
МАК хамгийн түрүүнд ЕСБХБ-нд мэдэгдэнэУИХ-аас Цагаансуваргын ордод төр хувь эзэмшихгүй гэсэн шийдвэр гарвал МАК компани энэ тухай Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-д мэдэгдэх аж. Учир нь тус компани Цагаансуваргын төслийн хүрээнд 450 сая ам.долларын зээлийн гэрээг зурсан ба үүнийхээ 200 сая ам.долларыг бүтээн байгуулалтдаа зарцуулсан. Гэтэл дараагийн 200 сая ам.долларын санхүүжилтээ авах гэтэл төсөлд төр хувь эзэмших эсэх асуудал хүчтэй тавигдаж, улмаар УИХ-ын шийдвэрийг ЕСБХБ хүлээж байгаа юм. Төр хувь эзэмшихгүй нөхцөлд МАК тус банкнаас үлдэгдэл 250 сая ам.доллараа хүлээн авах эрхтэй болно.
МАК компани өмнөх 200 сая ам.доллараар Цагаансуваргын хүдрийн ил уурхайд шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдээ 100% бэлтгэж чадсан бол үлдэгдэл 250 сая ам.доллараар Баяжуулах үйлдвэрийн барилгын ажил, 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугам, Нарангийн хоолойгоос ус татах ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ.
Ингэснээр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босч ирэх Цагаансуваргын уурхайн бүтээн байгуулалт 60-70%-д хүрч, улмаар дараагийн off take буюу урт хугацааны санхүүжилтын гэрээнүүд хийгдэнэ.
“Бид зэсийн баяжмалаа борлуулах замаар дараагийн санхүүгийн асуудлаа шийднэ. Манай төсөлд гадны хөрөнгө орж ирэх бүрэн боломжтой” хэмээн МАК-ийн Үйлдвэр, төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Г.Цогт ярьсан юм.
Цагаансуваргын уурхай хөрөнгө оруулалтаа 6.6 жилд нөхөж, 17 жил ажиллахаар ТЭЗҮ боловсруулсан. Энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 3.4 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улсад төлөх аж. Энэ бол тонн зэсийн үнийг 5512 ам.доллар, молибдений баяжмалыг 1300 ам. доллараар тооцсон үнэ.
“Бид төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах явцдаа олон улсын CRU компаниар зэсийн үнийн судалгаа хийлгэж, нэг тонныг 5512 ам.доллараар тооцоход говийн бүсэд баригдах Цагаансуваргын үйлдвэр эдийн засгийн хувьд ашигтай ажиллана гэсэн тооцоо гаргасан” хэмээн Г.Цогт Ерөнхийлөгч онцолсон юм.
Энэ өнцгөөс харвал дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тонн нь 5512 ам.доллараас дээш гарвал Цагаансуварга төсөл илүү үр ашигтай, үүнээс доош буувал ашиггүй байхаар байна.
МАК үндэсний компанийн хувьд зэсийн баяжмалаа экспортлох бус аль болох дотооддоо боловсруулах сонирхолтой байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийг нэг, хоёрхон жилийн дотор барьчихгүй ч гэлээ Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуварга гэсэн зэсийн гурван том уурхай ажиллахын хувьд бүтээгдэхүүнээ Монголдоо шингээх хэрэгтэй байгааг МАК-ийн удирдлагууд илэрхийлж байсан.
Эрдэнэт үйлдвэр жилдээ 550.000 орчим тонн, Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1 сая гаруй тонн, Цагаансуварга жилдээ 320.000 тонн баяжмал үйлдвэрлэх юм. Зэс хайлуулах үйлдвэр баривал түүнийг дагаад цэвэр зэс боловсруулдаг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Өөрөөр хэлбэл, зэсийн зах зээл дээр баяжмалаа зөвхөн борлуулдаг байсан бол цэвэр зэс экспортолдог болох нь чухал хэмээн МАК-ийн Үйлдвэр, төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Г.Цогт онцоллоо.