Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Цагаансуваргын эгзэгтэй өдрүүд

Г.Идэрхангай

Жил хүрэхгүйн өмнө “Вагнер Ази”-ийнхантай хамт Цагаансуваргын ордыг зорьж, тэдний   7.2 мВт-ын дизель станцуудын суурилуулалтын ажлыг сурвалжлах явцдаа үндэсний мэргэжилтнүүдийн гараар босч буй их бүтээн байгуулалтыг хараад бахдах сэтгэл төрж байв. Энэ бол Дорнын их говьд сүндэрлэн буй Цагаансуваргын зэс-молибденийн уулын баяжуулах “Мега төсөл”-тэй танилцсан анхны сэтгэгдэл байсан юм. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын нэг Цагаансуваргад төр өмчлөлөө тогтоох эсэхийг  УИХ-аар ид хэлэлцэж эхлэх үед The Mongolian Mining Journal-ийн сурвалжлах баг   Цагаансуваргыг дахин  зорилоо.




Цагаансуваргын орд Улаанбаатараас 560,  Дорноговийн Мандах сумаас 66, Сайншанд хотоос баруун урагш 200, Оюутолгойгоос 160 гаруй километрийн зайд, дэд бүтэц маш сул хөгжсөн бүсэд  оршино.  
Зам зуур хааяахан хэдэн цагаан зээр суналзан давхилдах, тэртээ алсад ганц нэг айлын бараа сүүмийн харагдах энэ  нутгаар зогсолтгүй довтолгосоор Нарангийн хоолой руу орлоо.

“Энэ хөндийд бид нисэх онгоцны буудал барина. Мандах сумыг энд бас нүүлгэн шилжүүлнэ” хэмээн Цагаансуваргын уурхайн дарга П.Машбат сонирхуулсан юм.  Нарангийн хоолойд МАК компани цахилгаан дамжуулах шугамын   ажлуудаа хийгээд эхэлчихэж. Олон арван жил нар, салхины хязгаарлагдмал эрчим хүчээр амьдарч ирсэн  Мандах сум ирээдүй байнгын илч гэрэлтэй болох эхлэл энд тавигдаж байна.

Алс хол  сумын амьдрал хүндхэн байгаа ч Цагаансуварга ордыг түшин, Өмнийн говийн  Цогтцэций шиг хөгжинө гэсэн мөрөөдлийг нутгийн иргэд тээж явдаг аж. МАК компани  сумын баруун хэсгийг  дайруулан уурхай хүртэл сайжруулсан шороон зам тавьжээ.
Цагаансуварга урьдынхаас тэс өөр, нам гүм, эль хуль угтав. “Бид санхүүжилтээ хүлээж байгаа. Одоогоор уурхайн бэлтгэл ажил болгож техникүүдийг угсрах, ус зайлуулах суваг хийх төдий л ажлууд явагдаж байна. Уурхай дээр нийт 20 орчим хүн  ажиллаж  байгаа” гэж  П.Машбат  дарга  ярилаа. Бүтээн байгуулалтын ажил явагдахгүй, ингэж удаан саатах нь ихээхэн эрсдэл авчрах аюултайг ч нуусангүй.



“Уул уурхайн байгууламж гэдэг жирийн барилга, орон сууц барихтай огт адилгүй. Том том хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүд суурилагдана, тэр бүгд маш нарийн технологи, горимтой. Зэвэрч муудна. Тоос шороонд дарагдана. Гэтэл Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулахын тоног төхөөрөмжүүд түрүүчээсээ ирчихсэн байгаа” хэмээн  тэрбээр яриагаа үргэлжлүүлсэн юм.  
Ахлах маркшейдер Б.Мөнгөнжолоо биднийг эхлээд Баяжуулах үйлдвэрийн талбай руу газарчлав. Эндээс ил уурхай тийм ч холгүй. Гэхдээ “Уурхай дээр одоо очоод үзэх юм багатай. Хэдэн овоолго шороо төдий л юм бий” гэж хэлэхэд нь дэмий л толгой дохив.  

Уурхайн ойролцоох талбай дээр САT, “Busyrus” брэндийн хүнд даацын техникүүдийг  ирийтэл байрлуулчихаж. Өнгөрсөн жилээс эдгээр техник багавтар хөрс хуулалтаас өөр хийсэн зүйлгүй ийн сул зогсож байгаа аж.
“Ил уурхайн хувьд шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүд ирсэн. Бүгд ажиллахад бэлэн. 2013 онд бид хөрс хуулалтаа эхлүүлсэн ч Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаас шалтгаалаад олборлолтоо зогсоосон. Үйлдвэр ашиглалтад ортол уурхай ажиллахгүй” хэмээн Б.Мөнгөнжолоо маркшейдер  тайлбарлав.



Цагаансуваргын ордод Сэрүүнсухайт гэсэн ашиглалтын, Түмэн-Өлзийт, Цагаансуваргын хайгуулын, нийт  гурван лицензтэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ. Ирээдүйд энэ ордод гурван уурхай ажиллах нь гэсэн ойлголт төрөв. Сэрүүнсухайтын зэргэлдээх хоёр талбайд хайгуул хийгдсэн бөгөөд Цагаансуваргын өнөөдрийн төслийн хүрээнд зөвхөн Сэрүүнсухайт талбай дээр 18 жилийн турш  ашиглалт явуулахаар төлөвлөж. Гэхдээ цаашдаа  Цагаансуваргын уурхай гэдэг нэрээрээ явах нь зүйтэй  гэдгийг мэргэжилтнүүд нь  хэлж байсан. 

“Түмэн-Өлзийт, Цагаансуваргын лицензэт талбай дээр бид өөрсдийн зардлаар хайгуул хийж, нөөцөө бодуулсан. Энэ жилээс ашиглалтын лицензээ авчих байх” гэж Б.Мөнгөнжолоо ярив.

Ил уурхайн чанх хойно бөөн цагаан тоос бужигнан буйг лавлавал Баяжуулах үйлдвэрт шаардлагатай бетон цутгалтын хайргыг бэлдэж, нунтаглах  ажил гэнэ.

“Цагаансуваргын уурхайгаас 18 жилийн хугацаанд нийт 24.7 сая тонн уулын цул хөдөлгөнө. Уурхайн өргөн 400-900 м, урт нь 1913м, гүн нь 194-315м байх юм.  Хөрс хуулалтын коэффициент 0.98%-тай” хэмээн  ахлах маркшейдер  тайлбарлав.

Тэрбээр цааш нь “Цагаансуваргын орд 250.3 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй. Үүнээс 1 сая 600.000 тонн нь зэс, 66.1 мянган тонн молибден. Тэгэхэд Эрдэнэтийн уурхай 1 тэрбум  885 сая тонн хүдрийн нөөцтэйгээс 6 сая 730 мянга тонн нь зэс, 200 мянган тонн нь молибден”  гэж  харьцууллаа. Түүний хэлж байгаагаар уг орд нь нөөцийн хувьд Эрдэнэтийн ордоос 7.5 дахин, Оюутолгойгоос 26.8 дахин бага юм байна.
“Дэлхийд туршлагатай Coffey Mining компани манай уурхайн нарийвчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Хэдэн жилийн дараа  Эрдэнэт шиг гоё уурхай гарч ирнэ” хэмээн төслийн ажилтнууд  хэлж байв.   



Ингээд сурвалжлах баг Цагаансуваргын ордын Зэсийн баяжуулах үйлдвэрийн хамгийн том бүтээн байгуулалтыг сонирхлоо. Одоогоор зөвхөн Анхан шатны бутлуурын цутгалт явагдаж, Хөвүүлэн баяжуулах болон Нунтаглалтын хэсгийн суурийг ухаж бэлджээ.
Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлын талаар мэргэжилтнүүдээс тодруулахад “Үйлдвэр жилдээ 14 сая 600 мянган тонн хүдэр баяжуулж, 320 мянган тонн зэсийн баяжмал боловсруулна. Хүдэр дэх зэсийн агуулга 0.602% бол молибденийх 0.024%” гэсэн тоо баримт дэлгэв.

Баяжмалаас зэсийн агуулга 25.6%, молибден нь 51.8%-ийн агуулгатай гарах ба энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхтэй ойролцоо ажээ.
2016 он гэхэд Баяжуулах үйлдвэрээ барьж дуусгах учраас наана нь бэлтгэл ажлуудаа хангах, ядаж л ил уурхайгаас баяжуулах хүдрээ гаргахад бэлдсэн байхаар тооцоолж байгааг төслийн ажилтнууд дуулгалаа.  
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн технологи түрүү үеийнх болохоор том талбай эзэлдэг. Харин Данийн FLSmith компанийн нэвтрүүлж байгаа энэ үйлдвэр овор хэмжээ бага, бүтээмж хавьгүй өндөр гэнэ. “Цаашид  зэсийн хүдрийн нөөц өсч, олборлолт нэмэгдвэл Баяжуулах үйлдвэр 50-60 жил ч ажиллах боломжтой” хэмээн  төслийн ажилтнууд хэлж байв.

Баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1120  хүн ажлын байраар хангагдан, Цагаансуваргын орд дээр жинхэнэ уурхайн амьдрал буцална.
“Баяжуулсан бүтээгдэхүүнээ хаана борлуулах вэ, дэд бүтцээ яаж шийдвэрлэх вэ” гэсэн асуултад “Зах зээл хаана ч бий. Бид үүнд санаа зовохгүй байгаа. Сайншанд  орчимд  Зэс хайлуулах үйлдвэр баривал бүтээгдэхүүнээ нийлүүлэх төлөвлөгөөтэй” хэмээн уурхайн дарга П.Машбат хариуллаа.

Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр зам Цагаансуваргын ордоос 20 гаруйхан километрийн зайд өнгөрөх тул  тэнд шилжүүлэн ачих байгууламж байгуулагдаж,  “Цагаансуварга өртөө” бий болох юм байна. Одоогоор Цагаансуваргын уурхайгаас зэсийн исэлдсэн хүдэр олборлон, тусад нь овоолго үүсгээд байгаа бөгөөд сульфидийн хүдэр рүү орох болоогүйг уурхайн удирдлага онцолсон.

Ил уурхайгаас зэсийн исэлдсэн хүдэр багагүй гарах бөгөөд түүнийг Баяжуулах үйлдвэрээс тусдаа, өөрөөр хэлбэл уусган баяжуулах аргаар боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. “Саяхан Эрдмин үйлдвэрийнхэн бидэнд энэ тал дээр зөвлөгөө өгөөд буцсан” гэж П. Машбат дарга ярилаа.

Цагаансуварга дээр очсон хэн бүхний хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол ажилчдын тохилог сайхан кэмп, оффис, эмнэлэг. Бүх зүйлийг эхнээс нь нарийн төлөвлөсөн, эмх журамтай,  орчин үеийн уурхайн бүхий л шаардлагад нийцүүлжээ. Одоогоор бүтээн байгуулалт явагдаагүй болохоор олон гэр кэмпүүд өрх нь бүтээлгээстэй байх аж. Мөдхөн эзэд нь ирж, өрхөө татах биз ээ.  
Шинэ сумтай, нисэх буудалтай Цагаансуварга

Цагаансуваргын  төслийн бүтээн байгуулалт 45%-тай яваа аж. Уг төсөл нь нийт 1031.9 сая ам.доллар буюу нэг тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтаар босох бөгөөд цаашид хийгдэх ажлуудад нийтдээ  708 сая ам.доллар шаардлагатай байгаа юм байна.
“Бид хөрөнгө оруулалтаа 8.6 жилийн хугацаанд нөхнө. Ингэхдээ нэг тонн зэсийн үнийг 5511.5 ам.доллараар тооцсон. Цагаансуваргын ордыг 16 жил ашиглах юм” хэмээн төслийн ажилтнууд танилцуулав.
“Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.доллараар уурхайн кэмп, зам, дэд бүтэц зэрэг ажил гүйцэтгэсэн. Ерөнхийдөө газар шорооны ажилд зарцууллаа. Дээр нь тоног төхөөрөмжүүд захиалж авчирсан” гэж  уурхайн дарга П.Машбат ярилаа.

Цагаансуваргын орд дээр ирэх хоёр жилд Баяжуулах үйлдвэрээ босгох, ил уурхайгаа ажиллуулах гээд хэд хэдэн том бүтээн байгуулалт өрнөхөөс гадна Нарангийн хоолойд нисэх буудал байгуулах  ажил ч төлөвлөгджээ. Уг нисэх буудлыг 2014 онд ашиглалтад оруулах ба  эхний ээлжинд 50  Фоккер онгоц, цаашлаад Аэробус  хүлээж авах аж.   
МАК-ийн Цагаансуваргын орд дээр хийж байгаа бас нэгэн бүтээн байгуулалт бол Цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц. 20 гаруй жил эрчим хүчний салбарт ажиллаж байгаа  Пүрэвсүрэн гуай уг ажлыг  гардан хариуцаж байгаатай танилцлаа.
“Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил түрүү оны тавдугаар сард эхэлсэн. Оюутолгой-Цагаансуваргыг холбосон 265 км агаарын шугам, 220 кВт-ийн Дэд станцын хоёр хэлхээ шугамын ажил хийгдэж байна. Харамсалтай нь  санхүүжилт саатсаны улмаас ажил зогсох гээд байна” гэлээ.  



Нарангийн хоолойд МАК   цахилгаан дамжуулах шугамын газар шорооны ажил хийгээд дууссан ч өнөө л хөрөнгө мөнгөний гачигдлаас болж төмөр тулгууруудаа босгож чадахгүй байгаа аж.  
Уурхай дагасан амьдрал гэж бий. Эргэн тойрон хад чулуугаар хүрээлэгдсэн, түүндээ хашигдаж тэлж хөгжиж чадахаа больсон Мандах сумын ирээдүй Цагаансуваргын орд эдийн засгийн эргэлтэд орохоос шууд хамааралтай ажээ. Ядаж л лаа барьдаг  амьдралын хэв маягаасаа салж, орчин үеийн тохилог сум болж өргөжих боломжийг МАК компани бүрдүүлж өгөхөөр ажиллаж буй.  Тиймдээ ч Мандах сумын төвийг шинэчлэх, дэд бүтцийг нь сайжруулахаар “Шинэ сумын төв” төслийг МАК  боловсруулж,  үүнийгээ Нарангийн хоолойд барихаар төлөвлөчихөж.

“Шинэ сум төсөлд Засаг даргын Тамгын газар, 640 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг” гээд хүний ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж өгөх аж.
Монголын зэс-молибдений уулын баяжуулах гурав дахь томоохон үйлдвэр болох Цагаансуварга нь зөвхөн үндэсний мэргэжилтнүүдийн гараар босч буйгаараа уул уурхайн салбарын түүхэнд анхдагч болж байгаа юм.