Э.Оджаргал
Хүн төрөлхтөний зэсийн хэрэглээний 30 хувийг дангаар хангах Чили улсад дэлхийн хамгийн том хоёр зэсийн уурхай байдаг. Атакама цөлд орших Эскондида ордыг 1990 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2 уурхайгаас жилд дунджаар 1.2 сая тонн зэс олборлож байна. Нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай эл уурхайн 30%-ийг “Рио-Тинто” компани эзэмшдэг. 2013 он хүртэл олборлолтын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан “Чукикамата” уурхай жилд 600.000-750.000 тонн зэс олборлох хүчин чадалтай. “Эскондида”, “Чукикамата”-гийн дараа орох дэлхийн 3 дахь том уурхай Монголын говь нутагт бий. Алт, зэсийн нөөцөөрөө “толгой цохих” Оюутолгой ордын бүтээгдэхүүн олон улсын түүхий эдийн зах зээлд Монгол брэнд болох учиртай. Стратегийн тодотголтой эл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж буй. Монгол улсын шинэ цагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүлээлт тээсэн энэ төслийн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн болох баяжмалыг технологийн ямар шат дамжлагатайгаар боловсруулж, гадаад зах зээлд хэрхэн нийлүүлдэг талаар сурвалжлахыг зорьсон юм.
Өмнөговь аймгийн Ханбогдын нутаг дахь Оюутолгой орд газарт 1997 онд анхны өрмийг тавьсан түүхтэй. Тус орд нь 2009 онд Эрдэс баялгийн зөвлөлөөс баталснаар 6.45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157.000 тонн молибден, 12.000 тонн мөнгөний нөөцтэй. Эдгээр эрдсийг агуулах ордын газар доорх хүдрийн хэмжээ Улаанбаатар хотын газар нутагтай тэнцэхүйц гэнэ. Зөвхөн алтны нөөцөөрөө дэлхийн 5 том алтны уурхайн нэг болно гэж олон улсад тодорхойлоод буй.
Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 3%-ийг дангаар хангах төлөвлөгөөтэй “Оюутолгой” төслийн үйлдвэрлэл уурхайгаас эхэлнэ. Ордын нийт хүдрийн 20%-ийг Ил уурхай, 80%-ийг Далд уурхайгаас олборлох юм. Өнөөгийн байдлаар Далд уурхай үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй учир хүдэр олборлох ганц обьект нь Ил уурхай. Жилдээ 100 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай энэ уурхайд одоогоор 100-гаас илүү метрийн гүнтэй олборлолт хийгдээд байна. Цаашид 20 гаруй жил олборлолт явуулахдаа 650 метрийн гүнд хүргэхээр төлөвлөжээ.
Өдөрт уурхайгаас нийт 250.000 тонн хүдэр бүхий чулуулаг гаргадгаас 100.000 тонн хүдэр үлддэг нь уулын цул аж. Ил уурхайд АНУ-ын “Bucyrus”,”Сaterpillar”, Японы “Komatsu” зэрэг хүнд машин мехнизмын орчин цагийн дэвшлийг тодорхойлох техник бүгд бий. “Bucyrus” экскаватор гэхэд л нэг удаадаа 100 гаруй тонн хүдэр хутгаж ачна. Ачсан хүдрийг 290 тоннын даацтай “Komatsu” брэндийн 28 машин 16 удаагийн рейсээр өдөр шөнөгүй тээвэрлэн Ил уурхайгаас хагас км зайд байрлах Анхдагч бутлуурт буулгадаг байна. Ойролцоогоор 20 см хэмжээтэй болж бутлагдсан хүдрийг туузан дамжуургаар Баяжуулах үйлдвэрт хүргэдэг гэнэ. Анхдагч бутлуур нь Монголд нэвтрүүлж буй шинэ технологиор хийгдсэн бол 2.7 км урттай конвейер буюу туузан дамжуурга нь мөн л манай улсдаа хамгийн урт нь гэх.
Баяжуулах үйлдвэрийн бүхий л дамжлагад ус ашиглагддаг бөгөөд 1 тонн хүдэр баяжуулахад 2.4 шоо метр ус зарцуулдаг. 2013 онд үйлдвэрт 63 сая шоо метр ус ашиглагджээ. Гэхдээ хэрэглэсэн усны 83%-ийг дахин ашигладаг бөгөөд цаашид ч дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр судалгааны ажлууд хийгдэж байгаа.
Баяжуулах үйлдвэр доторх хачин их нүргээнтэй дуу чимээ гадна талаасаа үл сонстоно. Нүсэр энэ их чимээ нь үйлдвэрийн анхан шатны дамжлага болох өөрөө нунтаглах 2 том, 4 бөмбөрцөгт дунд зэргийн тээрмүүдээс гарч буй аж. Аварга 2 тээрэм тус бүр хоногт 50000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ч хараахан бүрэн хүчин чадалдаа хүрээгүй, нийлээд 70000 тонныг боловсруулж байна. Цаашид Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 50000 тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 2 том тээрэм хүдрийг 1.5 см хэмжээтэй буталж, 4 дунд зэргийн тээрэм ямар ч ширхэггүй болтол нь нунтаглана. Дараагийн дамжлага бол хүдрээс эрдсийг салгах буюу баяжуулах үе шат юм. “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад хөвүүлэн баяжуулах технологийн арга адил, ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь л өөр болохыг “Оюутолгой”-н Баяжуулах үйлдвэрийн ажилтан Н.Батчулуун тайлбарлаж байлаа.
Тээрмээр нунтаглагдсан хүдрийг нийт 56 бортогод хөвүүлэн баяжуулах процесс явагдана. Бортого дотор хүдэртэй шингэн болон цуглуулагч, хөөсрүүлэгч урвалжийг зогсолтгүй эргэх тусгай сэнсний тусламжтайгаар холих үед хөөс үүснэ. Тэрхүү хөөс нь алт, зэс, мөнгө болон бусад металыг өөртөө нааж, дээшээ хөвөн гарч ирэхдээ бортогоны гадна талын давхар сав руу хальж орно. “Оюутолгой”-н хөвүүлэн баяжуулах энэхүү технологи алт гаргаж авдаг цианидтай адил химийн ямар нэгэн хортой урвалж ашигладаггүйгээрээ давуу талтай гэнэ. Хальж урсаад ялгарсан хөөсийг тодорхой хийгээр шахаж баяжмалыг салгаж авна.
Ингээд алт, зэс болон бусад металыг агуулсан баяжмал нь Монголын бүтээгдэхүүн болохыг гэрчлэх “Product of Mongolia” бичигтэй уутанд савлагдана. Одоогийн байдлаар савлах үйлдвэр өдөрт 2000 тонн баяжмалыг 2 ээлжээр тасралтгүй савлаж буй. Уутыг дотоодын ханган нийлүүлэгч, Ханбогд сумын 2 үйлдвэрээс нийлүүлдэг байна. 288 ширхэг 2 тоннын ууттай баяжмалыг 1 багц болгон “lot” гэж нэрлэх аж. Багцын 2 уут тутмаас 1 удаа дээж авна. Авсан дээжийг “Оюутолгой” төслийн сайт дахь SGS, түүний Улаанбаатар хот дахь салбар болон Геологийн төв лабораториуд руу шинжилгээнд өгнө. Мөн Хятадын худалдан авагчид руу дээжээ явуулдаг байна. Үйлдвэрийн лабораторийн шинжилгээний дүнгээр агуулга дахь метал тус бүрийн хэмжээг тодорхойлсон шошготойгоор баяжмалыг хил рүү тээвэрлэнэ. Шошго дээр бичигдсэн металын хэмжээнээс хамаарч худалдан авагчид баяжмалаа сонгодог гэнэ.
Төслийн 1 дүгээр улирлын тайланд мэдээлснээр 1 тонн баяжмалд дунджаар зэс 0.52%, алт 0.49 гр, мөнгө 1.52 гр тус тус агуулагдаж буй. Савлах үйлдвэр рүү ороход нь жинлэгч машин нийт 18 уут баяжмал ачиж, гарахад нь дахин жинлэж хянах аж. Баяжмал ачсан машинууд “Оюутолгой” төслийн сайтаас БНХАУ-ын хил буюу Гашуунсухайт боомт хүртэл 98 км бүхий хатуу хучилттай хүнд даацын авто замаар 7 хоногт 2 удаа нийт 6000 орчим тонн баяжмал экспортод гаргадаг байна. 2014 онд нийт 135.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 600.000-700.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Өмнө нь Хятадын бүс нутаг дахь “Оюутолгой”-н агуулахад баяжмал овоорч байсан нь худалдан авагч тодорхойгүй, худалдан авалтын гэрээ саатаж байсантай холбоотой. Борлуултын хэмжээ нэмэгдэж буйн улмаас 2 дугаар улиралд нөөцөлсөн баяжмал буурах төлөвтэй гэнэ.
“Оюутолгой”-н баяжмалыг худалдан авагчдын нэг нь Трафигура компани юм. Тус компани “Эрдэнэт” үйлдвэрээс мөн зэсийн баяжмал худалдан авдаг. Бельгид төвтэй оффшор компани бөгөөд олон улсад эрдсийн бүтээгдэхүүн, газрын тос болон өнгөт металын ложистик тээвэрийн үйлчилгээ эрхэлдэг. 2013 оны 12 дугаар сард “Ройтерс” агентлагийн мэдээллээр “Трафигура” компани “Оюутолгой”-д хөрөнгө оруулалт хийхдээ бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. Энэ талаар илүү тодруулахыг бид хүссэн боловч “Рио Тинто” компанийн зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй юм.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг, түүхий эдийн аварга зах зээл Хятад, Оростой хиллэдэг манай улсын “Оюутолгой”-н баяжмал асар эрэлттэй байна гэж олон улсын шинжээчид үздэг. “Оюутолгой” төслийн хэрэгжүүлэгч компаниас эхлээд үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, технологийн “дэлхийн шилдэг...” гэх тодотгол гагцхүү Монгол улсад өгөх үр өгөөжөөр тодорхойлогдох юм.