“Оюутолгой” төслийн зэсийн үйлдвэрлэл, экспорт, худалдан авагч компаниудын талаар “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулан Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, уул уурхайн зөвлөх инженер, профессор Д.Галсандоржтой ярилцсан юм. Тэрбээр гадаадтай эдийн засгийн талаар харилцах хороонд олон жил ажиллахдаа “Эрдэнэт”-ийн иж бүрэн үйлдвэрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтад биечлэн оролцож байжээ.Ярилцсан Э.Оджаргал
“Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт, түүнд багтсан бүтээн байгуулалтаас яриагаа эхэлье? Зэс, алтны Оюутолгой орд газар дахь төсөл нь Монгол улсад “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох том бүтээн байгуулалт юм. “Эрдэнэт”-ийн иж бүрэн үйлдвэр 595 сая шилжих рубль буюу 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан. Хөрөнгө оруулалт дотор ил уурхай, Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр зам,цахилгаан дамжуулах шугам, Эрдэнэт хот, эмнэлэг, сургууль, соёл ахуйн барилга байгууламж багтдаг.
“Оюутолгой”төслийн бүтээн байгуулалтын эхний ээлжинд 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа. Үүнд ил уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн барилга байгууламж болох уурхайгаас БНХАУ-ын хил хүртэлх 80 км хүнд даацын авто зам, баяжуулах үйлдвэрт зориулсан дэд бүтэц багтаж байна.
Оюутолгой ордын илрүүлсэн нөөцийн хэмжээ, түүнийг тогтвортой ашиглах талаар Та хэрхэн харж байна вэ?Оюутолгой орд цэвэр зэсийн нийт 30 гаруй сая тоннын нөөцтэй. Ил уурхайгаас нийт нөөцийн 20%, Далд уурхайгаас 80%-ийн нөөцийг олборлох юм. “Оюутолгой” төслийн одоогийн ашиглаж байгаа Ил уурхай цэвэр зэсийн 4 сая тонн нөөцтэй. Энэ нь 1978 онд “Эрдэнэт” үйлдвэр анх ашиглалтад орж байснаас хойш өнөөг хүртэл 35 жилийн хугацаанд олборлосон нийт зэсийн нөөц хэмжээ гэсэн үг. Үүнийг хэлсэн учир нь ийм их хэмжээтэй зэсийн нөөцийг олборлох бөгөөд яаран далд уурхайг одооноос эхлэн ашиглах хэрэг байна уу? “Оюутолгой”-н Ил уурхайн хүдэрт зэсээс гадна алтны ихээхэн нөөцтэй. Ил уурхайн нөөцийг 5-10 жил “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн хүдэр олборлох, баяжуулах өнөөгийн хүчин чадлаар ашиглаж болохоор байгаа. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 28 сая тонн хүдэр олборлон баяжуулж байгаа бол “Оюутолгой”-н хүчин чадал 35 сая тонн бөгөөд бараг 30% илүү юм.
Баяжмал үйлдвэрлэх техник, технологийн давуу талыг тодорхойлохгүй юу?“Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэрийн зэс авалт 86.2% байгаа бол 2013 онд Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн зэс авалт 86-88% байна. “Рио Тинто” компанийн АНУ-д байгаа уурхай Кеннекот ба Чилийн уурхайнуудын зэс авалт 90%-иас дээш байх жишээтэй. Мэдээж метал авалт хүдрийн агуулга, химийн болон баяжигдах шинж чанар зэргээс хамаардаг. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал 24%-ийн агуулгатай бол “Оюутолгой”-н баяжмал 28%-ийн агуулгатай гарч байна. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал бага агуулгатай учир хятадууд Чили, Австрали, Индонези улсаас ирж байгаа 28-40%-ийн өндөр агуулгатай баяжмалтай хольж, хайлах үйлдвэрүүдэд оруулдаг.
Монгол улсын зэс экспортлогч 2 гол компани эхний улиралд хэр хэмжээтэй худалдаа хийгээд байгаа вэ? 2014 оны эхний дөрвөн сарын статистик дүнгээр “Эрдэнэт”, “Оюутолгой” нийлээд 316.5 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаж, 530.2 сая ам.долларын орлого орсон. Энэ хугацаанд “Оюутолгой” нь “Эрдэнэт” үйлдвэрээс бага хэмжээний баяжмал экспортолжээ. “Оюутолгой” 650.000 тонн баяжмал экспортод гаргахаар төлөвлөсөн гэхээр дөрвөн сарын байдлаар 216.000 тонн байх ёстой. Гэтэл одоогоор 150.000 тонн экспортлоод байгаа нь экспортын хэмжээ 30%-ийн дутагдалтай явж байна. Энэ талаар компанийн зүгээс “үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрээгүй, үйл ажиллагаа жигдрээгүй” гэсэн тайлбаруудыг хийдэг.
Олон улсын туршлагаас үзэхэд шинэ үйлдвэр ашиглалтад ороод 6 сарын дотор туршилт, тохируулга хийгдээд үйл ажиллагаа нь бүрэн жигдэрдэг. Үүнээс гадна “Оюутолгой” төсөл нь “Рио Тинто” компанийн Чили болон Австрали дахь хувьцаа эзэмшиж байгаа уурхайнуудтай харьцуулахад ихээхэн өндөр хөрөнгө оруулалттай. Ийм өндөр хөрөнгө оруулалтаар дэлхийн шилдэг техник тоног төхөөрөмжөөр тоноглож, тэргүүлэгч технологийг нэвтрүүлсэн баяжуулах үйлдвэртэй. Гэсэн хэрнээ төлөвлөсөн зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ, экспортоо хийж чадаагүй байна.
“Оюутолгой”-н олон улсын худалдан авагч болоод худалдааны гэрээний нөхцөл нь ямар байдаг юм бэ? Төлбөр тооцоо ямар зарчмаар хийгддэг вэ? Олон улсын жишгийн дагуу зэсийн баяжмалын худалдааны нөхцөлд зэсийн баяжмалыг хайлуулах болон цэвэршүүлэх зардал, хайлуулах үеийн хорогдол, төлбөрийг ачилтаас өмнө буюу дараа авах, үнийг тооцохдоо бүтээгдэхүүн ачсан тухайн сар, ачилтын өмнөх болоод дараа сарын үнийг сонгох зэрэг үндсэн 4 зарчмыг баримтлан тохиролцдог.
“Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмалаа олон улсын худалдааны 10 нэр хүндтэй компанид борлуулдаг. Эдгээр олон улсын трейдэр компани нь Швейцарийн 3, Өмнөд Солонгосын 1, Францын 1, Голландын 1, Хонконгийн 1 компани юм. Хятадын эцсийн хэрэглэгч үйлдвэрүүдэд шууд нийлүүлдэггүй. Шууд нийлүүлэх туршилт 1990 оны дундуур явагдаж байсан. Хятадын валютын хууль чанга бөгөөд тус улсын худалдан авагч урьдчилгаа төлбөр хийхийг хориглосон байдаг. “Эрдэнэт” үйлдвэр баяжмалаа худалдахдаа 3 жилийн хугацааны гэрээ хийж, үнийг жил бүр тохирдог.
“Оюутолгой” баяжмалаа 5-8 жилийн урт хугацааны гэрээгээр Хятадын төрийн өмчит 2, Өвөрмонголын хувийн 2, Голландын 1 компанид борлуулж байна. Цахилгаан эрчим хүчээ Өвөрмонголоос авч байгаа учир Хятадын худалдан авагч компаниуд давуу эрхтэй бололтой. “Оюутолгой”-н гэрээнд заасан “Үйлдвэр ашиглалтад орсны дараа 3 жилийн дотор Монголын тал цахилгаан эрчим хүч нийлүүлнэ” гэсэн арга хэмжээг Монголын Засгийн газар яаралтай хийх хэрэгтэй. Ер нь олон улсын компаниуд зэсийн баяжмалаа борлуулахдаа нээлттэй тендер зарлах ёстой байдаг. “Оюутолгой”-н хувьд тендер зарлаж байгаа талаар мэдээлэл гардаггүй.
Энэ төслийн менежментийг хийж байгаа “Рио Тинто” хувьцаат компани. Хувьцаат компанийн мэдээлэл олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй байдаг. Монгол улсаас гадна “Рио Тинто” компани Чили улсад Эскондида уурхайд менежмент хийдэг. Тус үйлдвэрийн зэс хайлуулах, цэвэршүүлэх зардал, хорогдол, төлбөр тооцооны нөхцөлүүдийн талаарх мэдээлэл бүгд нээлттэй. Борлуулалтын орлого нь 100% Чили улсын банкинд ордог байх жишээтэй.
“Оюутолгой” төслийн 34%-д Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн менежмент хийж байгаа “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой” компани тун хариуцлагагүй ажиллаж байгааг харуулж байна. “Оюутолгой”-н 2013 оны гэрээний нөхцөлийг үзэхэд зэс хайлах, цэвэршүүлэх зардал /TR/TC/ дундад түвшинд хийгдсэн. Хайлуулах үеийн хорогдлын хувьд Эрдэнэт үйлдвэрээс 2 дахин их буюу өөрөөр хэлбэл Монгол улсад алдагдалтайгаар тохирч байна.
“Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмалаа худалдахдаа Монгол-Хятадын хил Эрээний боомтоор дамжуулдаг. Эрээн хотод агуулахад хадгалахад өртөг өндөртэй учир бүтээгдэхүүнийг Хятадын худалдан авагч тал маш шуурхай татаж авдаг. Баяжмал ачигдахаас 5-7 хоногийн өмнө борлуулалтын орлогын 95% урьдчилан Монгол дахь арилжааны банкны дансанд нь ордог. Төлбөр дансанд орж ирэхэд шууд ачилт хийгдэнэ. Хил давсан баяжмалын хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн лабораторид хийгдсэн чанарын шинжилгээний дүнг “Эрдэнэт” үйлдвэрийн лабораторийн дүнтэй солилцсоны дараа 45-60 хоногийн дотор үлдсэн 5%-ийн төлбөр тооцоо хийгдэнэ гэж Экспортын гэрээндээ тохиролцсон байдаг.
“Оюутолгой”-н үйлдвэр БНХАУ-ын бүс нутагт баяжмалын агуулах барьсан. Баяжмалын экспортын борлуулалт удаан, “Эрдэнэт” үйлдвэрээс бага хэмжээтэй байгаа учир нь энэ. Өөрөөр хэлбэл, Хятадын нутаг дэвсгэр дээр байгаа агуулахаас баяжмалаа Хятадын худалдан авагч нар түргэн шуурхай татахгүй нь тодорхой юм.
Олон улсын ямар ч компани худалдан авагч улсынхаа нутаг дэвсгэрт, худалдан авагч үйлдвэрийнхээ дэргэд агуулахаа бариад баяжмалаа хадгалж, тэндээсээ худалддаг туршлага дэлхийд байдаггүй. “Оюутолгой”-н нөхцөлд баяжмал худалдан авагчийн гар дээр очсоны дараа төлбөр тооцоо хийгддэг. Төлбөр “Рио Тинто” компанийн худалдан авагчтай тохирсон гадаадын банкны дансанд ордог. Тийм байлаа гэхэд төлбөрөөс шууд Монгол улсын дансанд роялти тооцогдон орж ирж байх ёстой. “Оюутолгой”-н борлуулалтын орлого, эцсийн төлбөр тооцоо хэзээ ордог, тооцогддог болох нь мэдэгдэхгүй. Экспортын худалдаа, төлбөр тооцооны гэрээний нөхцөл тодорхойгүй байгаа юм. Олон улсын мэдээллээс үзэхэд аккредитивээр төлбөр хийгдсэн л гэсэн байдаг. Оюутолгой компани зэсийн баяжмалыг Монгол-Хятадын хилээс хүлээн авагч хүртэлх зардлын зарим хэсгийг өөрсдөө дааж байгаа. Уг нь экспортлогч хил хүртэлх тээврийн зардлыг хариуцах ёстой байдаг. Ер нь бол Оюутолгой үйлдвэрийн зэсийн баяжмалын маркетинг, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж их байна.
Төслийн худалдаа, арилжааг хариуцдаг тусдаа “Менежментийн баг” гэж бий шүү дээ? “Рио Тинто” нь олон улсын хэмжээний том компани учир дан ганц зэс гэлтгүй олон орноос эрдсийн түүхий эд бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлдэг. Тус компанийн “Оюутолгой” төслийн эрдсийн худалдааг тааруухан хийгдэж байна гэж эрдсийн зах зээлийн судлаачийн хувьд үзэж байна. “Рио Тинто” дэлхийд уурхайн үйлдвэрлэлийн менежмент хийдэг томоохон туршлагатай ч анх удаа зэсийн арилжаа хийж байгаа юм. Харин арилжааг компанийн зардлын 6%-иар цалинждаг “Менежментийн баг” хийдэг. Өрсөлдөх чадвартай үнээ тохирч, баяжмалын төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах, валютын урсгалыг хурдан болгох талаас нь ажиллах эрх үүрэг “Менежментийн баг”-т бий. Гэвч энэ багт Монгол талын оролцоо байдаггүй. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа хариуцсан газрын удирдлагууд бүгд монгол хүн байдаг юм.
“Оюутолгой”-н лабораторийн үйл ажиллагааны талаар Та ямар бодолтой байна вэ? “Эрдэнэт” үйлдвэр дээр Alfraid nait”, “Алекстварт” лабораториуд ажилладаг, бүгд монгол ажилчидтай. “Оюутолгой” дээр олон улсын “Эс Жи Эс” лаборатори ажилладаг бөгөөд Монголын төв лабораторийн салбарыг байгуулна гэсэн боловч хараахан байгуулагдаагүй байна. Баяжмал нь хэдэн хувийн агуулгатай зэс, алттай гарч байгааг хянах Монгол талын хяналт байхгүй. “Рио Тинто” компанийн сонгосон лабораторийн шинжилгээ, дүнгээр “Оюутолгой”-н баяжмалыг худалдаж, төлбөр тооцоог хийж байгаа юм.
Манай улсын зэсийн экспорт нэмэгдэж буйтай холбоотойгоор Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн хандлага ямар байна вэ? Хятадын зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүд Монгол улсын хилээс хамгийн ойрдоо 200-300 км, холдоод 500 км газарт байрлаж байна. “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” төслөөс гадна удахгүй “Цагаансуварга” ашиглалтад орох гэж буйтай холбоотойгоор Өвөрмонголын нутаг дэвсгэрт хувийн хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэрүүд олноор баригдаж байгаа. Одоо Монголын эдгээр том үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ Хятадын зах зээл дээр борлуулахын тулд ихээхэн өрсөлдөөн бий болно. Манай экспортын худалдааны нөхцөл унах, манай улсад ашиггүй болох төлөв ажиглагдаж байгаа. Тиймээс Монгол улс дотооддоо зэс хайлуулах үйлдвэртэй болох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр “Оюутолгой”-н гэрээнд заасны дагуу 34%-иа Монголын тал өөрсдөө бие даан борлуулах бололцоотойгоос гадна дотооддоо баригдах үйлдвэртээ нийлүүлэх боломж бүрэн бий.