Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монголын шинэ боломж



Э.Оджаргал  

Дэлхийн хоёр том эдийн засаг Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалт Монгол улсын хувьд анхаарахгүй өнгөрч боломгүй үйл явдал юм. Энэ үйл явдалтай давхцан Монгол улсын хоёр өндөрлөг нэгэн зэрэг хөрш орнуудад айлчлан удирдлагуудтай уулзсан нь манай гадаад харилцаанд мөн чухал явдал байлаа.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 онд анх санаачлан зохион байгуулсан Азид хамтран ажиллах итгэлцлийг бэхжүүлэх 4 дэх удаагийн чуулган Шанхай хотноо 5 дугаар сард болж өнгөрөв. Тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев зэрэг нийт 11 орны удирдагч, олон улсын байгууллагын 10 тэргүүн нар оролцсон байна. Чуулганы хүрээнд БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар Орос, Казахстан, Киргиз болон Ираны Ерөнхийлөгч нар Хятадад албан ёсны айлчлал хийсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин нар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр талт уулзалт хийсэн юм.

БНХАУ-ын дарга Си Зинпины санаачлан хэрэгжүүлэх  “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “Далайн торгоны зам”  төслүүд  нь  түүний улс орны удирдагчидтай хийх  уулзалтын гол сэдэв байсан гэж хэлж болно. Хятадын томоохон амбицтай “Шинэ торгоны зам” төсөл нь тус улсын Шэньси мужийн Шиань хотоос Казахстан, Киргизстан, Иран, Ирак, Турк, Румын, Германыг дайран Италийн Венецид хүрэх учиртай 6000 км зам юм. Харин “Далайн торгоны зам”-ын хувьд Номхон далайгаас Балтийн тэнгис хүртэлх байх гэнэ.
Монголын хөрш орнуудын хувьд эрчим хүч, дэд бүтэц, батлан хамгаалах салбарыг хамарсан нийт 51 баримт бичгийг үзэглээд буй. Оросын “Газпром”, Хятадын CNPC компаниудын хооронд байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээ Путины энэ удаагийн айлчлалыг “түүхэн” болгон тодотгов. 10 жилийн турш хэлэлцсэний дүнд нийт 400 тэрбум ам.долларын гэрээний дагуу Оросын тал 2019 оноос эхлэн “Дорнод” маршрутаар барихаар төлөвлөж буй 3200 км “Сибирийн хүч” хоолойгоор Чаянды, Ковыктин ордоос байгалийн хийг БНХАУ-д 30 жилийн хугацаанд нийлүүлэх юм. Ингэхдээ жилд 38 тэрбум шоо метр хийг 60 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлэх учиртай. Төслийн хэрэгжилтэд 55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс Хятадын тал 25 тэрбум ам.долларыг гаргахаар болсон. Энэхүү гэрээг үзэглээд удалгүй хоёр тал байгалийн хийг баруун чиглэлээр нийлүүлэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Баруун чиглэл буюу “Алтай” хоолой нь 2700 км юм. Хоёр том эдийн засаг Орос, Хятад цаашлаад Ази, Европ тивийг холбох хамгийн дөт зам Монголын газар нутгаар дамжин өнгөрөх боломж бий.

“Оросын Давос” хэмээгдэх Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах үеэр ийм саналыг Монголыг тал тодорхой илэрхийлсэн юм. Тодруулбал, хөрш орнуудын худалдаа эдийн засгийг холбох авто болон төмөр зам, газрын тос, хийн хоолой, эрчим хүчний гэсэн “5 шугам”-ийг байгуулах төслийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путинд албан ёсоор танилцуулсан хэрэг.

Путины айлчлалаар Оросын “Роснефть”, Хятадын CNPC компаниуд Тянжинд жилд 16 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай хамтарсан үйлдвэрийг 2019 оны сүүлч гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөө бүхий барилгын ажлыг гүйцэтгэх хуваарийг тохиролцжээ. Үүний сацуу түүхий эд нийлүүлэх гэрээг үзэглэхдээ цорын ганц түүхий эд нийлүүлэгч Оросын тал байх бөгөөд 2020 оноос эхлэн нийт 9.1 сая тонн газрын тос нийлүүлэхээр заасан байна. Нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар үнэлэгдэх  төслийн хамтарсан үйлдвэрт “Роснефть” 49%, CNPC 51% эзэмших юм.

Оросын нүүрсний ихээхэн нөөцтэй Элга ордын төслийг санхүүжүүлэх 500 сая ам.долларын зээлийн гэрээг Оросын ВЭБ, Хятадын экспорт, импортын банкууд байгуулжээ. “Мечел” компани Якут дахь 2.2 тэрбум тоннын нөөцтэй Элга нүүрсний ордыг ашиглах лицензийг 2008 онд авснаас хойш ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Ихэнх хөрөнгө оруулалт нь төмөр зам барих төсөлд зориулагдсан аж. Мечел нь өнгөрсөн оны 5 дугаар сард Оросын ВЭБ банкинд Элга төслийн болоод төмөр замын тодорхой хувийг санал болгосныхоо хариуд 2 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэний дагуу ВЭБ банкнаас “Мечел” компанид 2.5 тэрбум ам.долларын зээлийг тодорхой үе шаттайгаар олгохоор шийдвэрлэсэн юм.

Си Зинпин, Путины энэ удаагийн уулзалтаар байгуулагдсан баримт бичгийн дийлэнх нь Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байлаа. Оросын Алс Дорнодыг хөгжүүлэх яам, Хятадын хөгжлийн банк хооронд тус бүс нутгийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах санамж бичгийг байгуулжээ. Ингэснээр Хятад улс Алс Дорнод дахь хамгийн том хөрөнгө оруулагч болох боломж нээгдэж байгаа юм. Хоёр талын байгуулсан санамж бичгийн хүрээнд Красноярск, Чита, Хакассид баригдах эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтад Хятадын банк, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сангууд ойрын 5 жилд 2.5-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Түүнчлэн Якутад нарны эрчим хүчийг хөгжүүлэх хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төсөлд  Хятадын тал 78 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Мөн санамж бичигт хамаарах нэг чухал хэлэлцээр нь огт ашиглагдаагүй Удоканы зэсийн ордын төслийг хамтран хэрэгжүүлэх тухай байв. Нийт 2.75 тэрбум тонн хүдэр, 27 сая сая тонн цэвэр зэсийн нөөцтэй эл ордын төслийн 10 хувийг Хятадын хувийн хөрөнгө оруулалтын компани “HOPU Investments Management” худалдан авахаар болжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 5.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд 2019 онд барьж дуусгахаар төлөвлөгдсөн уулын баяжуулах үйлдвэр нь жилд дунджаар 350.000 тонн зэс үйлдвэрлэх аж. Гол зах зээл нь Хятад, Өмнөд Солонгос, Япон байх юм.   

Орос, Алс Дорнодын бүс нутгийн эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгарч буй томоохон бэрхшээл бол дэд бүтэц байгаа. Энэ үндсэн дээр хоёр улсыг холбосон дэд бүтцийг хөгжүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд стратегийн түвшинд хамтран ажиллах гэрээг Оросын төмөр зам /РЖД/ болон “Хятадын төмөр зам” компаниуд байгуулав. Мөн Амар мөрөн дээгүүр хоёр орныг холбосон анхны төмөр замын гүүрийг 2016 онд ашиглалтад оруулах 400 сая ам.долларын өртөгтэй төслийг Байкал болон Алс Дорнодыг хөгжүүлэх сан, Орос-Хятадын шууд хөрөнгө оруулалтын хамтарсан сан төслийг санхүүжүүлэхээр тохиролцжээ.    
  
Аж үйлдвэрийн салбарт хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн төслүүдийн гэрээг баталгаажуулсан байна. Үүнд Оросын газрын тос, химийн СИБУР, Хятадын газрын тос, байгалийн хийн “Sinopec” компаниуд жилд 50 тонн хиймэл каучук үйлдвэрлэх хүчин чадалтай хамтарсан үйлдвэр байгуулах гэрээ багтаж байна. СИБУР 25.1%, “Sinopec” 74.9% хувь тус тус эзэмших энэ үйлдвэрийг Шанхай хотод байгуулах бөгөөд үйлдвэрлэлд Оросын технологийг ашиглах аж. Мөн Оросын “Евроцемент групп” холдинг нь SINOMA, CNBM, SINOMACH компаниуд багтсан Хятадын групптэй 500 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Ленинград, Рязаньской, Брянск, Архангельск, Ульяновск, Самар мужуудад байгуулах “хуурай” аргаар үйлдвэрлэх цементийн үйлдвэрүүд нийтдээ жилд 17 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

Эдгээр нь зөвхөн уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамааралтай гэрээ хэлэлцээрүүд бөгөөд үүнээс гадна авто техник, аялал жуулчлал, батлан хамгаалах, сансар судлал зэрэг олон чухал салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хоёр улс тохиролцоод буй. Ямартай ч Монгол улс тогтвортой бодлоготой басхүү ажил хэрэгч байж чадваас дэлхийн хоёр том эдийн засгийн өндөр үр ашигтай худалдааны хамтын ажиллагаанд “гүүр” нь байх боломж бүрэн байгаа билээ.