Б.Төгсбилэгт, Э.Оджаргал
Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгаа солонгоруулах зорилготой Монгол улсын гол түшиц орлогын эх үүсвэр нь коксжих нүүрсний экспорт болоод тийм ч удаагүй байгаа билээ. Нүүрсний экспорт 2010 оны эцсээр зэсийн баяжмалынхыг гүйцэх үед нийт экспортод нүүрсний борлуулалтаас олсон орлого 30,3%-ийг эзэлж байв. Улмаар дараах он жилүүдийн өрнөл нүүрсний экспортын өсөлтийн оргил үеийг даллан дуудсан юм. 2011 онд нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, улсын экспортод 47%-ийг эзэлж, залгаад 2012 онд ялимгүй буурсан ч, мөн л хүчтэй хэвээр үргэлжлэн 43%-д хүрсэн. Монгол ийнхүү ганцхан зэсийн баяжмалаа зарж амьдардаг байсан гэхэд хилсдэхгүй байсан цаг үе ард хоцорч, нүүрсний шинэ боломжоор цэнэглэгдсэн мэт сэтгэгдэл нийгэмд төрж байсан ч, 2013 онд эрдсийн зах зээл хямрах тал руугаа эргэсэн.
Зах зээлийн гол цэг Хятадад нүүрсний үнэ буурах тутамд Монголын нүүрсний тэргүүлэх компаниуд шил шилээ даран хариу арга хэмжээ авч үйл ажиллагаагаа хумиж, ажилчдаа цомхтгон, арвилан хэмнэх горимд шилжиж эхэлсэн нь энэ онд ч үргэлжилсэн хэвээр. Нүүрсний экспорт 2013 онд нийт экспортод эзлэх хувь нь огцом доошилж 26%-д буусан нь ч гайхах зүйлгүй явдал байв. Зах зээлийн хүнд нөхцөл байдлын улмаас Монголын нүүрсний экспорт ийнхүү буурч байгаа ч ойрын 10-20 жилийн хугацаанд Монголын эдийн засагт коксжих нүүрсний экспорт гол тулгуур нь болсон том багана байх нь тодорхой байгаа юм.
Гэхдээ энэ цаг үед Монгол нүүрсний өөр бас нэгэн онцгой боломж төрөн гарч ирэх талаар Дэлхийн цэвэр нүүрсний Монгол дахь хурлаар (World Clean Coal Conference, Mongolia 2014) хөндөн тавьсан нь ихээхэн онцлох үйл явдал байлаа. Монголд нүүрсний чиглэлийн хурал чуулган өргөн зохиогдох болсон ч энэ удаад нүүрсийг байгальд ээлтэйгээр ашиглахад чиглэсэн технологийн шийдэл, боломжийн талаар ярилцсан нь огт өөр алхам байсан юм. Уг хурлыг Шанхайд төвтэй World Clean Coal Conference байгууллагынхан өнгөрсөн 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Ирэх жил энэ хурал уламжлал болон зохион байгуулагдах тухай тус байгууллага мэдэгдэж байсан юм. Энэхүү хуралд Монголын төрийн удирдлага, төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд, салбарын эрдэмтэд болон гадаад, дотоодын нийт 40 компанийн 140 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Монголд 20 гаруй тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөц бий бөгөөд боломжит нөөц нь 175 тэрбум тонн гэж тогтоогоод буй. Гэхдээ нийт нөөцийн дийлэнх нь коксжих нүүрс бус, харин хүрэн нүүрс болон бусад ангиллын нүүрс байгаа юм. Ийм төрлийн нүүрсийг ашиглан бензин, дизель түлш, шатдаг хий гарган авах арга дэлхийд аль хэдийнэ хүчээ авчээ. Өнгөрсөн жилүүдэд бид коксжих нүүрсний боломжийн талаар илүүтэй их ярьснаас биш хүрэн нүүрсний цаадах арвин боломжийг нээх тухай багахан ярьсан. Харин одоо цэвэр нүүрсний салбарын шинэ эрин үе CTL, CTG, UCG төслийн хэрэгжилтээр дамжин Монголд ирэх үе айсуй. Зарим тойм судалгаагаар Монголын бензин түлшний хэрэглээ 2020 он гэхэд 1.2 сая тонн, дизель түлшнийх 2-3 сая тонн болох төлөвтэй байна. Харин Монголын түлшний хэрэглээ одоогоор дизель, бензиний хэрэглээ нийлээд 1 сая гаруй тонн байгаа юм. Нүүрсийг эрчим хүчний бохир эх үүсвэр гэдгээр нь хүн төрөлхтөн мэднэ. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлын асуудал муудахын хэрээр нүүрсийг цэвэр, байгаль ээлтэй түлш болгож хувиргах “хөдөлгөөн” дэлхий даяар улам эрчимтэй өрнөж буй юм.
Энэхүү хөдөлгөөнийг оройлон манлайлж буй компаниуд болох Peabody Energy, Changzheng Engineering, Air Liquide, Thyssenkrupp, HQCEC, Posco, Linde AG, Hatch, Siemens зэрэг компанийн төлөөлөл нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх технологийн давуу талуудаа болон Монголын цэвэр нүүрсний салбарын боломжийн талаар хурлын өдрүүдэд танилцуулсан юм. Мөн нүүрсийг шингэрүүлэх чиглэлээр ажиллаж буй дотоодын компаниуд болох МАК, Багануур Энержи Корпорэйшн зэрэг компани өөрсдийн төслөө танилцуулсан юм. Үүнээс гадна Сингапурын Аscot Energy болон Канадын Hulaan Coal компанийн хамтран байгуулсан Асгад Энержи ХХК-ийн нүүрсийг газрын гүнд хийжүүлэх (UCG) төслийн талаархи илтгэл ихээхэн сонирхож татаж байв. Тус компани Hulaan Coal компанийн тодорхой хувь эзэмшил бүхий нүүрсний гурван ордыг (Шарын гол, Шивээ Овоо, Тэвшийн говь ) түшиглэж UCG технологийг ашиглах боломжийг судлах ажлыг эрчимтэй хийж байна.
Монголд нүүрсийг шингэрүүлэх чиглэлээр одоогийн байдлаар мөн Цэцэнс Майнинг Энд Энержи, CTL Монголиа зэрэг компани ажиллаж буй юм.
МАК компанийн Адуунчулуун CTL төсөл нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд хэрэгжиж буй бөгөөд 2019 онд жилдээ 400 мянган тонн бензин, 17 мянган тонн хий, 23 мянган тонн хүхэр үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох юм. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн хамтаар 150 МВт-ын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцыг 2017 онд байгуулж дуусах юм. Цаашид станцыг цахилгаан үйлдвэрлэлийг 150 МВт-аар нэмж өргөтгөх ажээ. Төслийн хүрээнд ашиглах Адуунчулуун ордын нөөцийг ЖОРК стандартаар 467.4 сая тонн гэж тогтоогоод байна.
МСS-POSCO компанийн хамтрал болох Багануур энержи корпорэйшний Багануур Энержи CTL төсөл нь нийт 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар 2018 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Төслийн хүрээнд жилдээ 450 мянган тонн дизель 100 мянган тонн шатдаг хий (dimethyl ether) үйлдвэрлэх юм. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг HATCH компани хийж гүйцэтгэж, өнгөрсөн оны 7 дугаар сард Уул уурхайн яамаар батлуулсан байна. Мөн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг өнгөрсөн онд хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар технологи сонгох ажил хийгдэж байна. Ямар технологи ашиглах гэж буйгаа тун удахгүй зарлах тухай хуралд илтгэл тавьсан POSCO компанийн дэд Ерөнхийлөгч In Hwa Chang мэдэгдсэн юм. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үлэмж хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж төсөл хэрэгжүүлэгч нар үзэж байна.
Үүнээс гадна Германы Thyssenkrupp-ийн тухайд Монголын Засгийн газарт жилдээ 880 мянган тонн түлш, 84 мянган тонн хий үйлдвэрлэх хүчин чадалтай, шууд бус хийжүүлэх арга технологид суурилсан үйлдвэр байгуулах саналаа өргөн бариад буй. Тус компанийн Хийн технологийн хэлтсийн худалдаа хариуцсан захирал Клаудио Марсико Монголын Засгийн газрын шийдвэрийг хүлээж буй учраас одоогоор төслийн хэрэгжилтийн талаар шинэ зүйл мэдээлэхэд эрт байна гэж MMJ-д хариулсан юм.
Хятадын нүүрс хийжүүлэх чиглэлээр тун далайцтай ажиллаж буй Changzheng Engineering буюу CECO компанийн төлөөлөл Congbin Jiang Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулах талаар компаниудтай ярилцаж буй ч, тодорхой шийдвэрт хүрээгүй буй талаараа мөн манайд ярилаа.
Монголын төр Цэвэр нүүрсний салбарын хөгжлийг тогтвортой бодлогоор дэмжинэУИХ-ын дарга З.Энхболд Цэвэр нүүрс гэх тодотголтой энэхүү хурлыг нээж үг хэллээ. Монголын эдийн засагт уул уурхайн салбар гол байр суурьтайг онцлоод цэвэр нүүрсний салбарын хөгжил манай эх оронд хичнээн чухлыг тэмдэглэсэн юм. Тэрбээр “...Хүрэн нүүрсийг боловсруулж шингэн түлш гаргах технологийг амжилттай ашиглаж байгаа дэлхийн улс орнуудын туршлагаас суралцаж, хамтран ажиллах нь “Clean Coal Mongolia 2014” чуулганы зорилго юм. Эрчим хүч болон химийн үйлдвэрийн энэ их нөөц бүхий нүүрсийг үр ашигтай ашиглах зорилгоор хими-технологийг нэвтрүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол улсын ашигт малтмал, эрчим хүчний бодлогын салшгүй нэг хэсэг юм... Энэ нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай эрчим хүч болох синтетик хийн хэрэглээг Монгол улсад нэвтрүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх алхам болно... Эрчим хүчний нөлөө бүхий экспортыг бий болгох, үндэсний орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүчний асар том хэрэглэгч БНХАУ-д синтетик хий экспортлогчдын дэлхийн газрын зурагт Монгол улс орох болно. УИХ, Засгийн газрын зүгээс та бүхнийг улстөр, хууль эрх зүйн хувьд тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын таатай байдал болон татварын тогтвортой бодлогоор дэмжиж ажиллана.”
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хурлын удаах илтгэлд үг хэлсэн юм. Тэрбээр нүүрсийг байгальд ээлтэй түлш болгох салбарт Монгол улс гол анхаарлаа хандуулах болсныг тэмдэглээд Хятадтай хамтран байгуулах нүүрс хийжүүлэх үйлдвэрийн эхлэл ажил ихээхэн урагштай байгааг онцлов.
“...Уул уурхайн яамнаас цэвэр нүүрсний технологийг нэвтрүүлж, нүүрсийг хийжүүлэх, шатдаг занарыг ашиглах, нүүрсийг шингэрүүлж газрын тосны бүтээгдэхүүнийг бий болгох, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгаа болон олборлолтыг эрчимжүүлж, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр цэвэр нүүрсний төсөл хэрэгжүүлэгчид, тэргүүлэгч технологи эзэмшигч компаниуд, олон улсын банк, хөрөнгө оруулалтын сан, компаниудтай хамтран ажиллаж байгаа. Цаашид ч эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжин ажиллах болно.
...Уул уурхайн яамны санаачлагаар Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хятадын талд тавьсан гол санал бол нүүрс, занар, нүүрсний давхаргын метан хий зэргийг боловсруулаад гарсан бүтээгдэхүүний 90%-ийг тус улсад экспортлох явдал юм. Энэ талаар хоёр улсын Засгийн газар хоорондын санамж бичиг байгуулсан байгаа. Тус ажлын хүрээнд өнөөгийн байдлаар техникийн 150 гаруй ажилтан БНХАУ-аас Монголд ирж анхан шатны судалгаа, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Ирэх 8 дугаар сар гэхэд урьдчилсан ТЭЗҮ-ийг батлуулснаар хамтарсан компани байгуулан, Төгрөг нуур, Цайдам нуур, Эрдэнэцогтын бассейнуудаас нүүрсийг хийжүүлэх технологийн үйлдвэрүүдийг барихаар идэвхитэй ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бидний тооцоолж буйгаар 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.”
Хурлын үеэр оролцогч төлөөлөгчид Монголын цэвэр нүүрсний салбарт маш өргөн боломж байгааг бүгд дуу нэгтэйгээр илэрхийлж байсан юм. Ингээд хуралд оролцогчдын зарим төлөөллийн санал бодол, сэтгэгдлийг хүлээн авна уу.