Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал шинээр томилогдоно

Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ. Харин хуучин захирал Крэйг Киннелийн тухайд өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн бөгөөд нутаг буцаад цаашид “Рио Тинто”-д үргэлжлүүлэн ажиллах юм байна. Уг нь түүний ажлын хугацаа энэ оны 11 дүгээр сарын 15-нд дуусах байсан юм.

Эндрью Вүдлей нь “Рио Тинто” компанид 18 жил ажилласан туршлагатай нэгэн юм. Тодруулбал, Мозамбикт “Рио Тинто”-гийн нүүрсний уурхайн захирал, ТУЗ-ийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаас гадна тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбарт ажиллаж байжээ.

Энэхүү үйл явдлын үеэр “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Төлөөлөн удирдах зөвлөл Эндрьюг санал нэгтэйгээр томилсон бөгөөд өмнөх Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын хэвшүүлсэн ажил үйлс, залгамж халааг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эндрью болон түүний гэр бүлийг Монголд тавтай морилохыг хүсч байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Крэйг захиралтай нягт хамтран ажиллах завшаан тохиосонд баяртай байна. Тэрбээр “Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон үеэс эхлэн бизнесийн тогтвортой үйл ажиллагаанд шилжих чухал цаг үед бидэнтэй хамт ажиллаж, бизнесийн бат бөх хөрс суурийг бий болгож чадсан юм. Түүний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсч, сайн сайхныг ерөөе” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнчлэн тус компанийн ТУЗ-ийн гишүүн Жан-Себастиан Жак “Энэхүү маш чухал бөгөөд хариуцлагатай албыг хүлээн авч буй Эндрьюд баяр хүргэе. Бид цаашид нягт хамтран ажиллах болно. Дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто”-гийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн онцлогийн талаар өргөн мэдлэг, туршлагатай Эндрью нь “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгчийн албанд онцгой тохирсон хүн юм. Оюутолгойд шаргуу хөдөлмөрлөж, өөрийн бие сэтгэлээ зориулан ажилласан Крэйг Киннелд хувиасаа талархал илэрхийлье. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Оюутолгой компанийг амжилттай, чадварлаг удирдаж ирсэн юм. Нэн ялангуяа аюулгүй ажиллагааг хамгийн чухалчлан үзэж, зардлыг үлэмж их хэмнэж, үйлдвэрлэлийг осол авааргүй, тогтвортой, үр ашигтай, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болгоход өндөр хувь нэмэр оруулсан юм” гэжээ.

Үүнээс гадна Оюутолгой компанийн ажлын хуваарьт өөрчлөлт орж буй юм. Өмнөх ажлын хуваарийг багасгаж хоёр долоо хоног ажиллаад, нэг долоо хоног болгох тогтолцоо руу аажмаар шилжих үйл явц эхэлжээ. Энэ ажлыг он дуустал аажмаар хэрэгжүүлэх юм байна. Ажлын хугацааг ийнхүү хоёр дахин багасгаж, гэртээ харих хугацааг ойртуулсан нь ажилчдын санал хүсэлтийн дагуу хийж буй ажил юм байна.

Харин сүүлийн үед хэвлэлээр цацагдаж буй “Оюутолгой” компани 200 гаруй ажилчдаа амраах, цомхтгох тухай асуудал нь ташаа мэдээлэл болохыг тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ.



Б.Төгс