БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотноо Евразийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 4 дэх удаагийн чуулга үзэсгэлэн энэ сарын 1-нд эхэлсэн билээ. Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын дарга Си Зиньпины санаачлагаар “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
“Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах нээлттэй хамтын ажиллагаа” сэдэв дор чуулсан арга хэмжээг нээн Хятадын Худалдааны дэд Ли Жизао, Төрийн Зөвлөлийн дэд сайд Ван Ян нар үг хэлсэн юм. Чуулганд Казахстаны Ерөнхий сайд Карим Массимов, Киргизстаны Ерөнхий сайд Жоомарт Отонбаев, Гүржийн Ерөнхий сайд Звиад Дзидзигун, Латвийн Тээврийн сайд Анрис Матисс, Туркийн Эдийн засгийн сайдын орлогч Аднан Ялдирим нар өөрсдийн орны эдийн засгийн өнөөгийн хөгжил болоод шинэ Торгоны замын бүтээн байгуулалтад оролцох боломж, Хятад улстай хамтран ажиллахаар зорьж буй салбаруудынхаа хөгжлийг танилцуулав.
Монгол улстай адил далайд гарцгүй Киргиз улсын хувьд “Торгоны замын эдийн засгийн бүс”-д онцгой үүрэг гүйцэтгэх транзит орон болох газарзүйн ашигтай байрлалтай бөгөөд Хятадтай дэд бүтцийн салбарт дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Киргизстаны Ерөнхий сайд Жоомарт Отонбаев илэрхийлсэн юм.
Евразийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 4 дэх удаагийн чуулган үзэсгэлэнг Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Э.Оджаргал сурвалжилж байгаа юм. Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй нийтлэх болно.
Э.Оджаргал