Түүнийг Даваанямын Зоригтхүү гэдэг. Колорадогийн Уулын сургуулийг металлургийн инженер мэргэжлээр дүүргэсэн, үе дамжсан баяжуулагч. “ГОК-ийн Давааням” гэж салбартаа танигдсан баяжуулагч эрхэмийн хүү нь. Сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт 6 жил ажилласан туршлагатай. Канадын Бритиш Колумбын их сургуульд 4 жил сураад, докторын зэргээ хамгаалах гэж байхад нь түүнтэй уулзаж ярилцсан юм. Бритиш Колумбын их сургуулийн нэр хүндтэй профессорууд Д.Зоригтхүүг ихэд үнэлдэг юм билээ.
Ярилцсан Н.Ариунтуяа
Таны докторын сэдэв өндөр даралтын булт бутлуурын технологийн тухай юм байна. Энэ технологийн онцлог, давуу тал нь юу вэ? Бас сул тал, болгоомжлох асуудлууд бий юү? Судалгаа маань өндөр даралтын булт бутлуурын тооцоо, симуляцийг хүдэр бага шаардсан туршилтад үндэслэн хийх чиглэлийн ажил байгаа юм. Өндөр даралтын булт бутлуур (HPGR) гэдэг нь өнөөдөр өргөн хэрэглэж байгаа хагас өөрөө нунтаглагч тээрэмд суурилсан хүдэр бэлтгэлтийн технологийг ирээдүйд орлох шинэ технологи юм. Хамгийн гол давуу чанар нь энерги бага зарцуулдаг. Хагас өөрөө нунтаглах буюу манайхны хэлж заншсанаар SAG тээрэмтэй харьцуулахад 20-25%-ийн энергийн бага зарцуулалттай нь батлагдаад байгаа.
Энерги бага зарцуулна гэдэг нь цаанаа их олон талтай. Нэгдүгээрт, тэр энергийг үйлдвэрлэхэд нүүрс олборлох, түүнийг тээвэрлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гээд ямар нэгэн байдлаар байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан эрчим хүчийг аль болох ашиглахгүй байна гэдэг ямар чухал билээ. Хоёрдугаарт, хагас өөрөө нунтаглагч тээрэмтэй харьцуулахад ган бөөрөнцөг ашигладаггүй. Өөрөөр хэлбэл, нунтаглагч биет ашигладаггүй технологи. Ган бөөрөнцөг үйлдвэрлэх гэж маш их энерги зарцуулдаг. Төмрийн хүдрийг олборлоно, түүнийгээ хайлна. Тэр бүх үйл явц тодорхой хэмжээгээр байгаль орчинд нөлөө үзүүлж байгаа. Тэр нөлөөллийг ихээхэн багасгаж байна гэдэг утгаараа байгальд ээлтэй технологи болж байгаа юм.
Түүнчлэн цахилгаан бага зарцуулдаг, байгальд ээлтэй технологи тул social license буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн хувьд сайн талтай. Давуу талыг энэ гурван чанараар тодорхойлох байна.
Сул тал гэвэл шинээр гарч ирж байгаа технологи. 2006 онд Перугийн Серра Верде зэсийн уурхайд анх ашигласан. Үндсэндээ томоохон уурхайд ашиглалтад ороод 8 жил болж байгаа технологи. Уул уурхай бол программчлалын салбар шиг нээлттэй биш. Шинэ технологи сонгохдоо хойрго, их болгоомжтой ханддаг салбар шүү дээ. Батлагдсан, нотлогдсон, туршигдсан зүйлийг л хэрэглэдэг. Олон сая долларын хөрөнгө оруулдаг учраас баталгаатай технологи сонгох шаардлага тулгардаг.
Одоогоор түгээмэл биш байгаа ч ирээдүйд энэ технологи их өргөн хэрэглэгдэх байх. Монголд олон орд байгаа. Тэдгээр ордод ч хэрэглэгдэх болов уу гэж найдаж байна.
Оюутолгой, Эрдэнэтэд энэ технологийг ашиглах боломжтой юу? Технологийн хувьд бүрэн боломжтой. Эрдэнэтэд 4 дүгээр шатны бутлуур хэлбэрээр ашиглахаар яригдаж байсан л даа. Оюутолгойд хагас өөрөө нунтаглах тээрмийг сонгочихсон учраас дайрганы бутлуур хэлбэрээр ашиглах боломжтой. Тэгвэл SAG тээрмийн энерги зарцуулалт багасч, хүчин чадал нэмэгдэх сайн талтай.
Одоо энэ технологийг хаана, ямар үйлдвэрт ашиглаж байна вэ? Цөөхөн боловч энд тэнд хэрэглэж байгаа. Өмнөд Америк, Перу, Чили зэрэг улсад ашиглаж байна. Австралийн Боддингтон, Бендиго зэрэг уурхайд ашигладаг. Канадад Диавик, Эндако зэрэг уурхайд хэрэглэж байна. Оросын Западное уурхайд нэвтэрчихсэн. Хятадад хэрэглээд эхэлчихсэн байна. Монголд удахгүй орж ирэх байх.
Төгсөөд хаана ажиллах вэ? Ажлын саналууд ирж байгаа бололтой? Монголдоо очиж ажиллах уу?Одоохондоо сургуулиа төгсчихөөгүй байна. Төгсөөд Монголдоо очиж ажиллана. Ажил олдох байх гэж бодож байгаа.
Судалгааны ажлаа цааш үргэлжлүүлэх үү? Өндөр даралтын булт бутлуурын технологийг Монголд нэвтрүүлэх талаар санаж сэдэж байгаа зүйл бий юү? Өндөр даралтын булт бутлуурын чиглэлээр Монголд судалгаагаа үргэлжлүүлнэ гэхэд хэцүү. Монголд энэ технологи нэвтрээгүй тул учир дутагдалтай байна л даа. Гэхдээ хүдэр бэлтгэлт, хүдрийг бутлах, нунтаглах гээд үргэлжлүүлж болно.
Технологи нэвтрүүлэх тухайд би шийдчих хэмжээний хүн биш. Гол нь таниулахын төлөө ажиллана. Сургалт зохион байгуулдаг ч юм уу, танин мэдүүлэх ажлууд хийж болох байх. Би Ванкуверт 5 сард семинар зохион байгуулсан. Өндөр даралтын нунтаглагчийг яаж ашигладаг, ямар боломжууд байна, компьютер дээр хэрхэн симуляци хийх талаар семинар зохион байгуулахад хүмүүс их сонирхож байна лээ, амжилттай ч болсон.
Таны хувьд Америкт сургууль төгсөж ирээд Монголдоо уулын том үйлдвэрт 6 жил ажилласан туршлагатай. Уул уурхайг 100 гаруй жил хөгжүүлчихсэн Канад оронд ирээд харж байхад эндээс Монголд хэрэгжүүлчихээр, авчихмаар сайн туршлагыг юу гэж харж байна вэ? Канадын уул уурхайгаас авууштай нэг чухал зүйл бий. Олон түмэнд уул уурхайн мөн чанарыг ойлгуулах ажил хийдэг. Ер нь хаа газар уул уурхай, уурхайчид сөрөг имижтэй л дээ. Хэдхэн хоногийн өмнө болсон CIM-ийн хурал дээр CBC-ийн нэртэй хөтлөгч “Би уул уурхайн хүн биш л дээ. Гэхдээ уул уурхайнханд нэг проблем байна. Тэр нь bad image буюу сөрөг нэр хүнд” гэж хэлж байсан.
iPad барьчихаад, уул уурхайг хаа, уул уурхай маш хөнөөлтэй шүү гэж бусдаас чангаар хашгирдаг хүмүүс бий. Тэр компьютерийг хийхийн тулд, тэр гэрлийг гаргахын тулд л уул уурхай байгаа. Гэвч энгийн хүмүүс үүнийг ойлгохгүй шүү дээ. Түүнийг ойлгуулах ажлыг энд маш их хийдэг. Сургалт явуулж байна. Явуулахдаа бүр балчир хүүхдүүдээс эхэлдэг.
CIM бол маш том хурал. CIM-ийн хурлын өдрүүдэд уул уурхай яагаад байх ёстой юм бэ гэдгийг олон нийтэд таниулах ажлыг маш хүчтэй хийж байхыг анзаарсан байх. Автобус автобусаар сургуулийн хүүхдүүдийг зогсолтгүй зөөн авчирч сургалт явуулсан. Би ч гэсэн 2 хүүхдээ авчирсан.
Барьж байгаа утасны чинь сим карт, компьютерийн дэлгэц, процессорыг ямар металаар хийдэг юм бэ, тэр метал, тэр газрын ховор элементийг хаанаас, яаж авдаг юм бэ гэдгийг хүүхдүүдэд маш энгийнээр, хялбараар ойлгуулж таниулж чадаж байна. Та нарын хэрэглэж байгаа метал бүхэн, төмөр бүхэн, тоглож байгаа тоглоомын талбайн чинь төмөр бүр уул уурхайгаас гарч байгаа юм шүү гэдгийг ингэж ойлгуулдаг.
Манайд мэргэжлийн байгууллагууд маань уул уурхай яагаад хэрэгтэйг таниулах талаар сайн ажилламаар санагддаг. Уул уурхайд сөрөг тал байхгүй биш байгаа. Гэхдээ тэр нөлөөллийг багасгах, нөлөөлөлгүй болгох талаас нь ажилладгаа ойлгуулмаар байна. Түүнийг таниулах, мэдүүлэх, нэр хүндийг нь сайжруулах талаар Канадад маш их ажил хийж байна.
Бас нэг авууштай тал нь уурхайг нээхээсээ өмнө хаах тухайгаа боддог. Уурхайн дөрвөн шатны ТЭЗҮ хийдэг. Тэр бүхэнд хаа байсан хаах тухай орчихсон явдаг.
Манайд тэр талаараа их дутагдалтай. Алтаа угаачихаад хаах тухайгаа огт бодоогүй. Хаахад чиглэсэн мөнгөө банкинд хадгалаагүй. Тиймээс олон нийт уул уурхайн талаар их сөрөг мэдрэмжтэй болчихоод байна л даа. Аргагүй шүү дээ. Шумбаж өссөн голыг нь ширгээчихээд байхад яаж сайн нэртэй байх билээ. Манай компаниуд, мэргэжлийн байгууллагууд тэр тал дээр сайн ажилламаар санагддаг.
Олон нийтийг танин мэдүүлэхээс гадна уул уурхайнхан маань өөрсдөө ч сурах хэрэгтэй байна. Тухайлбал, баяжуулагч хүнээр жишээ авахад л, хүдрээ нунтаглах, бутлахаа бодохоос биш энэ уул уурхай хүний амьдралд, нийгэмд яаж нөлөөлж байна вэ гэж хардаггүй. Би энд нэг чулуу хөдөлгөхөд тэнд нэг зүйл дагаж хөдөлж байгаа шүү гэдгийг бодохгүй байна л даа.
Уул нь Монголд уул уурхай их сайн нэр хүндтэй байсан гэж би ойлгодог. 1990-ээд оноос хойш эрчимтэй унасан. Уурхайчин гэж сайхан мэргэжил байсан ч сүүлийн 20 жилд маш муу нэртэй боллоо. Түүнийгээ засах, залруулах талаар ажилламаар байна.
Канадад ч бас уначихсан байна л даа. Гэхдээ засч залруулахын тулд арга хэмжээ аваад, ажил зохион байгуулаад эхэлчихсэн. Ингэхдээ нэр хүндээ сайжруулах гэдгийг хэлбэр талаас биш агуулга талаасаа өөрсдийн мөн чанар, итгэл үнэмшлээ болгон харж байна. Үүнээс бид суралцах хэрэгтэй юм.
Уурхайн баяжуулалтын чиглэлээр төгсөж байгаа манай сургуулийн оюутнуудад гэхэд уул уурхайн тогтвортой хөгжлийн тухай хичээл ордог. Тогтвортой хөгжлийн асуудлыг маш их судалдаг. Орон нутгийн иргэдтэй яаж харилцахыг хүдэр олборлох буюу баяжуулалтын технологийн асуудалтай эн тэнцүү жинтэйгээр судалж, зааж байна. Хичээлүүдийг харж байхад техникийн талын зүйлийг софт буюу нийгмийн чиглэлийн асуудалтай хамтад нь заагаад явдаг. Миний мэдэхээр манайд үүнийг заадаггүй, мэргэшсэн хүн ч ховор.
Нэр хүндээ сайжруулах талаар анхаарахгүй бол ямар үр дүнд хүрэхийг Америкийн зарим мужийн тохиолдлууд харууллаа шүү дээ. Яагаад ч уул уурхай явахааргүй болчихсон, бүр нурчихсан газрууд олон байна. Америкт Аризона, Невадагаас бусад мужид шинээр уул уурхайн ажил эхлүүлэх хүнд болчихлоо.
Түүн шиг Монголд ард иргэд уул уурхайг тэр чигээр нь сөрөг хардаг болчих вий. Эхнээсээ ч хардаг болчихлоо. Хүмүүст уул уурхайн инженер гэж хэлбэл байгаль орчныг сүйтгэгч гэсэн утгатай сонсогдохоор болчихоод байна. Тэр талаар уул уурхайнхан маань одооноос анхаарч, ажиллахгүй бол болохгүй нь.
CIM Канадын уул уурхайн салбарын тухайн жилийн өнгийг тодорхойлдог том хурал юм байна. Арван дөрвөн оны хурлын гол сэдэв, чиг хандлага нь юу байсан бэ? Ерөөсөө л тогтвортой хөгжлийн тухай байсан. Байгаль орчноо бохирдуулаад байвал хэзээ нэг цагт хад мөргөөд зогсоно. Хад мөргөөд зогсохооргүй, сэргээгдэх эрчим хүч шиг байнга цааш үргэлжлээд яваад байж болох зүйлийг л тогтвортой хөгжил буюу Sustainable Development гээд байгаа юм. Ямар нэг байдлаар усаа бохирдуулдаг, утаа гаргадаг бол цаашаа үргэлжлээд байж болохгүй гэсэн үг.
Бас Social license буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх асуудлыг маш их ярьж байна. Техникийн асуудлыг шийдэж болоод байна. Харин орон нутгийн иргэд эсэргүүцээд ирвэл яаж ч болохгүй байна. Тэдэнтэй ойлголцох ёстой. Win-win буюу хэн хэн нь ялах ёстой. Аль нэг тал нь хожигдож байгаа мэт санагдвал цаашаа явахгүй. Үүнийг бүр шинжлэх ухаанчаар судалж байна. Уурхайн тогтвортой хөгжил, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх асуудлаар докторын зэрэг хамгаалсан хүмүүс олон байдаг.
Манайд үүнийг хүүхэд хуурч байгаа юм шиг хандаж, хандив тусламж төдийгөөр тодорхойлоод байдаг. Сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин, цагдаагийн хэсэгт нэг машин авч өгөх байдлаар л явдаг.
Нутгийн иргэд уул уурхайг ойлгохгүй, дэмжихгүй байж болно. Тэдэнд танин мэдүүлэх ажлыг хийх ёстой. Түүнээс биш хүүхдийг чихрээр хуурч байгаа юм шиг үйлдлүүд хийгээд байж болохгүй. Түргэн тусламжийн машин авч өгснөөр асуудал шийдэгдэхгүй. Үнэхээр хэрэгтэй бол авч өгч болох ч энэ нь маш өнгөц зүйл. Тэр нутгийн иргэдэд энэ уурхай манай орон нутагт үнэхээр хэрэгтэй юм шүү гэсэн итгэл үнэмшлийг бий болгох ёстой. Орон нутгийн иргэд энэ уурхай байх үед болон түүнээс цаашаа орон нутаг тогтвортой хөгжөөд явчих боломжийг уурхай хангаж өгч байгааг мэдрэх ёстой.
Ухлаа, нөхөн сэргээлт хийлээ, уурхай хаагдлаа. Хаасны дараа яах вэ? Уурхайн ажилчин байсан хүн хаачих вэ, орон нутгийн иргэд юу хийх вэ? Уул уурхайн “бум” болж, амьдрал цэцэглэж байснаа уурхай хаагдахад бүх зүйл нам зогсдог. Америкт тийм жишээ олон. Уурхай хаасны дараа ч амьдрал зогсолтгүй үргэлжлэхийн тулд яах ёстойг Sustainable Development гэж зүйлээр маш сайн хийгээд байгаа юм.
Энэ уурхай их хэрэгтэй юм шүү гэдэг нь ард иргэдийн итгэл үнэмшил болчихсон, хаагдчихсан ч аюулгүй гэдгийг мэдэрчихсэн байх ёстой. Уурхай хэрэгтэй юү, хэрэгтэй. Гэхдээ хэзээ нэгэн цагт хаагдана. Хаагдах тэр үед юу хийх нь тодорхой, эдийн засгаа олон төрөлтэй болгочихсон. Уурхайд ажиллаж мэргэшсэн ажилтнууд өөр газар шилжих ч юм уу, юу хийхийг төлөвлөчихсөн, хаагдсаны дараа ч гэсэн үргэлжлээд явах зүйлийг л тогтвортой хөгжил гэж хэлээд байгаа юм. Манайхан үүнийг мөнгө цацсан хэмжээнд л ойлгож, эмнэлэг, цагдаагийн машины хэмжээнд хараад байх шиг.
Эрдэнэт ч гэсэн хаагдана. Тэр 6000 ажилчин хаагдсаны дараа яах вэ. Үүнийг захын нэг нутгийн иргэнээс асуухад, тэгэх юм гэнэ лээ, түүнд нь би тэгж бэлдэж байгаа, хүүхдээ тэгж сургаж байгаа гэж хэлж байх ёстой. Хаагдсаны дараа хэрхэх төлөвлөгөөг иргэд мэдэж байх ёстой.
Гэтэл одоо Эрдэнэтийн уурхайг хаагдахаар яах вэ гэдэгт хариулах хүн Монголд байгаа юу. Уул нь тэнд амьдарч байгаа Орхон аймгийн жирийн иргэн нь хүртэл уурхай хаагдахаар ингэнэ, хүүхдээ ингэж бэлдэнэ. Эдийн засаг ийм болж хувирах юм гэсэн бэлтгэлтэй байх ёстой. Тэр төлөвлөгөө, стратегийг хэдийнэ гаргачихсан байх ёстой. Энэ л Sustainable Development юм. Ажиллаж байх хугацаанд нь жаахан хуримтлал үүсгэж аваад, хаасны дараа хэрхэх ёстойг яриад байгаа хэрэг.
Уул уурхайн хууль эрхзүйн орчны хувьд ч гэсэн авууштай зүйлс бий байх? Канадын хувьд Үндэсний акт 43-101 (National Instrument NI 43-101) гэсэн стандарттай. Уул уурхайг түшиглэсэн ямар нэгэн төсөл босгож байгаа бол манайхаар бол зөвлөх инженер бэлтгэх ёстой. Хэрэв ТЭЗҮ-д ямар нэг худлаа зүйл оруулж мөнгө босгосон бол тэр ТЭЗҮ бэлтгэж, тамгаа дарсан инженер буцаад хариуцлагад татагддаг үндсүүд нь байдаг.
ТЭЗҮ бэлддэг мэргэжилтэн нь тусгай шалгуур давсан, хуулийн хичээл заалгачихсан, тамга бүхий хүмүүс байдаг. Нэг алтны орд дээр ТЭЗҮ бичлээ гэхэд алтыг боловсруулаад метал авалт тэдэн хувь байна гэж ТЭЗҮ-д бичсэн бол түүнийгээ амьдрал дээр боломжтой эсэхийг баталдаг. Чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг. Шинжилгээний дүнг заавал 7 жил хадгалах ёстой. Энэ мэтчилэн бүгдийг заачихсан байдаг. Манайд бол хэн ч хамаагүй ТЭЗҮ бичнэ. Бичсэн зүйлийг нь шалгахад бас хэцүү.
Түүнчлэн ямар ч компанийн ТЭЗҮ-ийг http://www.sedar.com/ сайтаас харах боломж нээлттэй байдаг. Файлаар нь татаж аваад, үзэж танилцаад, дүгнэлтээ хийгээд, төслийг дэмжиж байгаа бол эргээд хөрөнгөө оруулдаг ч юм уу, тийм боломжууд нь байдаг. Гол нь ил тод, нээлттэй, түүнийгээ бүрэн дүүрэн гаргаж чаддаг. Энэ нь стандарт болчихсон, эргээд тамга дарсан, бэлтгэсэн хүмүүст хариуцлага тооцдог систем байгаад байна л даа. Монголд энэ систем хараахан бий болоогүй. Гэхдээ яригдаж байх шиг байна. Иймэрхүү стандарт байх хэрэгтэй.
Мэргэжлийн байгууллага, холбоод нь их хүчтэй ажилладаг, салбартаа хамгийн том хяналт, аудитыг хийж чаддаг юм шиг санагдсан? Тийм шүү. Мэргэжлийн холбоод их хүчтэй. Үндсэндээ тэр хүн ажилтай байх уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн холбоо нь шийдчихээд байгаа юм. Холбооны гишүүн биш бол яагаад элсэж чадаагүй юм гэсэн асуудал үүснэ. Шинээр төгссөн хүн ч гэсэн ажилд орохын тулд мэргэжлийн холбоонд элсэх чадвартай байх ёстой. Ажилд авч байгаа хүн нь ч холбооны гишүүн байх жишээтэй. Мэргэжлийн холбоонд элсэх эрх бүхий байлаа гэхэд холбооны гишүүдээс дор хаяж гурван хүн тухайн хүний өргөдлийг дэмжсэн байх ёстой. Бас мэргэжлийн шалгалт авна.
Хойд Америкийн сургууль төгссөн бол мэргэжлийн шалгалт авахгүй. Эсвэл сургуулийн хөтөлбөрийг нь Холбоо үнэлээд, энэ сургуулийг төгссөн бол гишүүн болж болно гэж хүлээн зөвшөөрсөн бол мэргэжлийн шалгалт өгдөггүй. Тэгж баталгаажуулсан сургуулиудынхаа жагсаалтыг гаргачихсан байдаг. Флотацийн хичээл заадаг манай польш профессороос хүртэл заадаг хичээлээр нь мэргэжлийн холбоо шалгалт авах жишээний. Би үүнийг чинь их сургуульд заадаг профессор хүн шүү дээ гэхэд тэр хамаагүй, Польшид төгссөн байна гээд шалгалт авдаг юм билээ.
Мэргэжлийн холбооны гишүүн байх нь том баталгаажуулалт болдог. Гишүүн байх эрхтэй, гишүүн байж чадна гэж холбооны гишүүдээр үнэлэгдчихсэн, баталгаажуулсан сургуулийг нь төгссөн, эсвэл мэргэжлийн шалгалт өгчихсөн бол гишүүн болж болно.
Холбооны гишүүн буюу мэргэжлийн инженер л ТЭЗҮ бэлдэх эрхтэй. Нэг ёсондоо мэргэжлийн ёс зүйн асуудал болчихоод байгаа юм. Мэргэжлийн холбооноосоо хасагдаад мэргэжлийн инженер /Professional Engineer/ биш болчих юм бол тухайн хүн хаана ч ажиллах эрхгүй, хүнд байдалд ордог.
Сургалт, үйлдвэрлэл хоёр хоорондоо их уялдаатай явдаг юм байна. Уулын чиглэлээр сурч байгаа оюутнууд салбарынхаа компаниудтай харилцаа холбоо сайтайгаас гадна хурал чуулган, үзэсгэлэн гээд салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоотой нь анзаарагдсан. Монголд бол ШУТИС-д уул уурхайн чиглэлээр сурч байгаа оюутнууд Монголын том уурхайн захирлуудын барааг хараагүй байх жишээтэй. Уул уурхайн салбарын хурал дээр гэхэд оюутнуудыг оролцуулаад байдаггүй? Тийм ээ, нэг хурал зохион байгууллаа гэхэд тэр хурлын volunteer буюу сайн дурын ажилчид нь оюутнууд байдаг.
Засгийн газраас ч оюутны дадлагыг бодлогоор дэмждэг. Дадлагын хугацаа 4-12 сар. Энэ хугацаанд уурхайд ажилладаг. Тэр нь уул уурхайн компанидаа ч, оюутандаа ч хэрэгтэй байдаг. Тухайн оюутныг 8 сар ажиллуулахдаа компани шалгаад авна. Оюутан ч тухайн компанийг ямархуу компани вэ гэдгийг таниад авна. Онцгүй компани байж болно шүү дээ.
Дадлагын оюутныг дадлага хийлгэсэн бол оюутанд өгсөн цалингийн 50%-ийг Засгийн газар татвараас хөнгөлдөг. Компанид 50 хувийн хөнгөлөлттэй ажилтан авах нь мэдээж ашигтай. Тиймээс компаниуд оюутнуудыг дадлага хийлгэх сонирхолтой байдаг. Оюутнуудын хувьд цалингаа бүрэн авна. Тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, сургалтын төлбөрөө төлчихнө.
Ер нь шинэ төгсөгчид анхны ажлаа олоход хэцүү шүү дээ. Огт ажиллаж байгаагүй туршлагагүй хүнд ажил амар олдохгүй. Харин 8 сар ажиллачихсан хүнд ажил олдох магадлал өндөр. Энэ систем Монголд их хэрэгтэй санагддаг. Тухайн оюутнаа компани мэдэрдэг, оюутан компанийг таньдаг. Хэн хэнийгээ шалгах боломжийг олгодог. Тэнд гарч байгаа зардлыг Засгийн газар 50% хөнгөлж өгдөг энэ зохицуулалт их чухал байгаа юм. Хүн найман сар ажиллахад ногоон биш болчихно. Тэр ногоон биш болгодог системийг Засгийн газар нь татварын хөнгөлөлтөөр тавиад өгчихсөн.
Ер нь аливааг дадлагаар, хийж байж л сурдаг. Сонсоод төсөөлнө үү гэхээс сурна гэдэг хэцүү. Дунд нь дадлага хийж, амьдрал дээр бодитоор мэдэрчихээд дараа нь сонсоход шал өөр. Энэ их чухал систем байгаа юм.
Манайд сургалт, үйлдвэрлэл хоёр уялдаагүй байгаа нь янз бүрийн л шалтгаантай байх. Нэг талаараа уул уурхайн салбарт Монголд сургууль төгссөн хүн их цөөхөн байдагтай холбоотой байж ч мэднэ. Эрдэнэтийн дарга нар гэхэд дийлэнх нь Орост төгссөн. Бүхэл бүтэн үеэрээ Оросын боловсролтой. Ленинградын Уулын сургууль төгссөн хүн ШУТИС-тай харилцаа холбоо бага л байгаа байх. ШУТИС баяжуулагч бэлтгээд 20 жил болоогүй байна. Монголд бэлтгэгдсэн баяжуулагчид сургууль руугаа эргэж харах, хандах цаг нь арай болоогүй байх шиг байгаа юм.
Энд бол, би 17 жилийн өмнө UBC / University of British Columbia/ төгссөн. Тэнд байсан тэр профессор байгаа юу гэж өөриймсөх хөрс нь байна. Тэнд суралцсан хүн сургуулиа мэдэж байгаа. Энэ сургууль надад хэрэгтэй зүйлийг заачихсан юм шүү гэдгийг мэдэж байгаа учраас сурсан газраасаа хүн ажилд авах гэдэг, хүн сургах бол тийшээ явуулах гэдэг тийм холбоо байна л даа. Бас төгсөгчид нь сургуульдаа буцаад дэмжлэг үзүүлдэг. Төгсөгчид нь дэмжихгүй байснаас программ нь хаагдчихвал яах вэ. Тэр сургуулийг төгссөн хүмүүс ажилд ороод байвал хаагдахгүй шүү дээ. Бүтээгдэхүүн нь борлогдоод байгаа учраас. Харин төгсөгчид нь ажилгүй байгаад, хүндрэл учраад байвал тэр программ хаагдахад хүрнэ.
Industry, academу буюу сургалт, үйлдвэрлэл хоёр үнэхээр нягт уялдаатай. Монголд байхгүй зүйлүүдээс болоод уялдаа сайтай байх шиг байна. Гэхдээ үүнийг бий болгох ёстой.
Бас нэг анзаарагдсан зүйл нь их сургуулиуд их хүчирхэг байгууллага байдаг юм байна. Ингэхэд сургуулиа танилцуулаач? Би уул уурхайн чиглэлийг нь л ярья. Бритиш Колумбид байгаа гэдгээрээ манай сургууль нөлөө бүхий сургууль. Бритиш Колумбиа бол эрдэс баялаг ихтэй муж. Нүүрсний нөөц ихтэй учраас олон нүүрсний уурхайтай. Зэсийн үйлдвэр гэхэд 6-7 байна. Уул уурхайд нэлээд түшиглэсэн муж учраас энэ муждаа боловсон хүчин бэлтгэж өгдгөөрөө хүчтэй, нөлөөтэй байгаа юм. Уул уурхайн программд нь магистр, докторын 100-гаад оюутан, бакалаварт 200-гаад оюутан сурч байна. Сурч байгаа хүнийхээ тоогоор дэлхийд уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг программууд дотор нэлээд дээгүүрт орох байх. Миний сурсан Колорадогийн Уулын сургууль гэхэд 40-50 л оюутантай байхад энд 300 илүү байх жишээтэй.
Бас нэг давуу тал нь Бритиш Колумбын их сургууль өөрөө их зэрэглэл сайтай. Хөрөнгө оруулалт, судалгааны мөнгө олох чадвар маш сайн. Улсын сургууль ч гэсэн чансаагаараа дэлхийд эхний 50 дотор жагсаж байна. Канаддаа хоёрт ордог их сургууль. Тэр нэр хүндээрээ уул уурхайн нэлээд том программ хэрэгжүүлдэг. Судалгаа их хийдэг. Судалгааны оюутан 100-гаад байна гэдэг нь тэр хэмжээгээр оюутнуудыг тэтгэх, судалгааны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна гэсэн үг.
Бритиш Колумбиа бусад мужтай харьцуулахад уул уурхайд нэлээд хатуу шаардлагатай ханддаг уу? Тэр талаар судалж байгаагүй болохоор чанга сулын тухайд тодорхой хэлж мэдэхгүй юм. Ер нь уурхай олонтой. Саяхан нэг уурхайн төсөлд (New Prosperity) байгаль орчны үнэлгээ хийж үзээд, ойролцоо байдаг нууранд нь муугаар нөлөөлнө гээд байгаль орчны зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс үүдээд Бритиш Колумбиа муж уул уурхайг хааж боож байна гэсэн сөрөг мэдээлэл нэлээд явсан л даа. Өчнөөн зардал гаргаж, хайгуул хийгээд, ТЭЗҮ бэлтгэсний дараа байгаль орчны үнэлгээн дээр унагалаа гэсэн шүүмжлэл их гарсан. Компани нь үнэлгээг буруу тооцсон гээд шүүхэд давж заалдаад явж байгаа юм билээ.
Тэгвэл уул уурхайн салбарт нь хамгийн тулгамдаж буй асуудал юу вэ? Бритиш Колумб мужийн хувьд хамгийн их тулгамдаж байгаа асуудал хүний нөөц гэдэг юм билээ. Ирэх 20 жилд нийтдээ 1 сая гаруй ажлын байр гарна гэсэн төлөв байгаа. Түүнд хүний нөөц дутагдана гэсэн прогноз гарчихаад байгаа юм билээ.
Канад бол гадаадаас ажилчин авдаг орон. Өөрсдийнх нь хүн ам нэг их өсөхөө байчихсан, хүн амын хөгшрөлт өндөртэй орон л доо. Тэтгэвэрт гарах масс ихтэй. Түүнийг нөхөх боловсон хүчин байхгүй завсар гарчихаад байх шиг байгаа юм. Боловсон хүчний дутагдал хүндрэлтэй асуудал болж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их явж байгаа.
Яг одоогоор уул уурхай жаахан уналттай байна. Компаниуд хайгуул хийх хөрөнгөө татаад эхэлчихсэн, өргөтгөлөө түр азнасан, шинэ төслүүдээ царцаасан байдалтай байна. Өмнө нь манай сургуулийг 40 оюутан төгслөө гэхэд 3 дугаар сард бүгд ажилтай болчихсон байдаг байсан. Одоо 5 дугаар сарын байдлаар дөнгөж тал нь ажилтай болсон мэдээ сонстож байна лээ.
Монголд ч бас уул уурхайн салбарын уналт мэдрэгдэж байх шиг байна.
Канадууд Монголд тэргүүлэх хөрөнгө оруулалттай улс. Сүүлийн жилүүдэд өрнөсөн янз бүрийн үйл явдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалт саарсан байдалтай байна. Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын орчны талаар канадчууд ямархуу бодол, хандлагатай байх шиг байна вэ? Зөвхөн канадууд гэхгүйгээр гадаадынхны хамгийн гол хүсдэг зүйл тогтвортой байдал. Монголыг татвараа багасга, ихэсгэ гэдэгтээ гол нь биш. Манайхан тэр талаас нь хараад байдаг. Тогтвортой байдалдаа л гол нь байгаа юм. Татвар өндөр байж болно. Өндөр байвал тэр компани орж ирэхээсээ өмнө тооцоод, тооцоо судалгаандаа оруулаад орж ирж байгаа. Өндөр байхад орж ирсэн бол тооцож үзээд болж байгаа болоод л орж ирсэн хэрэг. Гэтэл манайхан багасгаж нэг үзээд, ихэсгэж нэг үзээд байдаг. Ийм тогтворгүй, байнга өөрчилж, сюрприз бариад байх нь хэцүү.
Өндөр тавья л даа, хамаа алга. Бүр хүссэнээрээ өндөр тавих хэрэгтэй. Гол нь тогтвортой байх хэрэгтэй. Хүссэнээрээ хатуу тавиад цаашаа болж байвал буулгаж болно. Манайхан жаахан болохоо байнгуут уриалгахан болж, доош нь буулгаад л, ёо ёо тоглож байгаа юм шиг дээшээ доошоо савлуулаад байдаг. Тэр нь л хэцүү байх шиг байна. Эсвэл гэрээ хийчихээд, хийснийхээ дараа ам буцдаг. Гэрээгээ хийхдээ анхнаасаа л хатуу, Монголд ашигтай сайнаар хийх хэрэгтэй.
Бизнесийнхээ төлөвлөгөөг тохируулж хийгээд, хөрөнгө оруулчихсан хойно, тоглоомын дүрмээ дунд нь өөрчлөөд байвал хэцүү шүү дээ. Гадныхан тогтвортой байдлыг хүсч байгаа. Түүнээс биш тоглоомын дүрэм хатуу чанга байх хамаагүй. Хатуу байж болно. Гол нь нэг зөөлрүүлээд л, нэг хатууруулаад л байж болохгүй.
Канадад уул уурхайн компаниуд нэлээд өндөр татвар төлдөг юм шиг байна? Өндөр шүү. 35 хувийн татвар авдаг. Манайд 25 байгаа байх.
Боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх тухай сүүлийн жилүүдэд маш их ярьж байна. Боловсруулалтын хувьд бид туршлага муутай улс. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? Бид бүгдийг өөрсдөө хийх албагүй. Манайхан ямар ч тооцоогүйгээр бүгдийг боловсруулах ёстой гээд байдаг. Тооцож байж л гаргах ёстой. . Хийсэн нь ашигтай байна уу, хийгээгүй нь ашигтай байна уу гэдгээ харах ёстой. Түүнээс биш манайд ашиггүй байсан ч эцсийн бүтээгдэхүүн болгоно гээд дайрч болохгүй.
Австрали, Бразил төмрийн хүдэр гаргаж байна. Тэд төмрийн хүдэр хайлж, ган хийж чадахгүйдээ хүдэр ачаад байгаа юм биш. Адилхан л хөгжсөн орон. Хийе гэвэл хийнэ шүү дээ. Канадын Альберто муж газрын тосоо ихээр гаргадаг. Америкийн Техас руу явуулчихаад буцаагаад тэндээс бензин худалдаж авдаг. Газрын тос экспортолдог орон мөртлөө Америктай харьцуулбал бензиний үнэ харьцангуй өндөр. Канад улс боловсруулах үйлдвэр барьж чадахгүйдээ биш, боловсон хүчингүйдээ биш, үйлдвэр барья гэвэл чадна. Тооцоон дээр л үндэслэж байгаа хэрэг.
Заавал эцсийн бүтээгдэхүүн болгоно гэж дайрч болохгүй. Боловсруулах уу, үгүй юу гэдэг эдийн засгийн тооцоон дээр л гарах ёстой. Тооцоо өөрсдийнх нь хувьд ашиггүй тусаад байгаа учраас л ийм юм хийгээд байна шүү дээ.
Хаяандаа байгаа нүүрсээ зарчихаад, өөрсдөө нүүрс худалдаж авдаг байж болно. Монгол тийм байж болно шүү дээ. Нүүрсээ Хятад руу гаргачихаад Оросоос авч болно, хэрэв бидэнд ашигтай байх юм бол.
Гэхдээ үндэсний аюулгүй байдал талаасаа онцгой тохиолдлууд байж болох юм. Аппартейд Өмнөд Африкт олон улсын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээ авч шатахуун нийлүүлэхээ больсон үед тэд нүүрсээ өөрсдөө боловсруулсан. Хэн ч тэдэнд шатахуун нийлүүлэхгүй байсан учраас нүүрсээ шингэрүүлдэг байсан. Нүүрс шингэрүүлэхэд ашиггүй байх магадлал өндөр. Тийм байсан ч хийхээс аргагүй.
Хараат байдлаа бууруулах, өөрийгөө хамгаалах зорилгоор эцсийн бүтээгдэхүүн хийдэг. Манай улс гэхэд Оросоос 100% хамааралтай байхгүйн тулд, бензинийхээ 15%-ийг өөрөө хангадаг байж болно. Ингэвэл яриа хөөрөө ч шал өөр болоод явчихна. Эд 15%-иа хангачихаж байгаа юм чинь шаардлагатай бол өсгөчихөж чадах юм байна гэж нөгөө тал харна шүү дээ.
Үүн шиг тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаалах хэрэгсэлтэй байхын тулд зайлшгүй зүйл дээр эцсийн бүтээгдэхүүн хийгээд бусдыг тооцоон дээр үндэслэхгүй бол болохгүй. Улс орны аюулгүй байдалтай холбоотой зүйлийг ашиггүй байсан ч хийдэг, бусдыг ашигтай тохиолдолд л хийх ёстой. Түүнээс биш манайх зэсийг заавал хайлуулах албагүй.
Одоо зэс хайлуулахаар болчихоод байгаа? Тооцоон дээр үндэслэсэн бол сайн хэрэг. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр зүтгэвэл болчимгүй л хэрэг болно.
Канад нүүрсээ огт боловсруулдаггүй юм байна. Эрчим хүчээ ямар эх үүсвэрээс хангадаг юм бэ? Эрчим хүчний хэрэглэний 95%-аа сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Усан цахилгаан станц ихтэй.