Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Tатварыг хөнгөлснөөр алтаа Монголбанкинд урт хугацаанд тушаах суурь тавина





Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орж, алтны татварыг хөнгөлж,  зөвхөн Монголбанкинд тушаахаар болсон. Энэ өөрчлөлт хэр үр дүнтэй байна вэ?
Ашигт малтмалын хуульд энэ оны нэгдүгээр сард хоёр заалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, алтны роялтийг 2.5% болгож бууруулсан бол өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн. Хоёрдугаарт, алт цэвэршүүлэх, экспортлоход зөвхөн Монголбанкаар дамжуулахаар заасан.

Арилжааны банкууд алт худалдан авах тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас авсан ч худалдан авсан алтаа цэвэршүүлэхдээ Монголбанкаар дамжуулах ёстой. Ийм учраас арилжааны банкуудад тушаасан бүх алт Монголбанкаар дамжиж цэвэршүүлж байгаа гэсэн үг. Өмнө нь Тогтвортой байдлын гэрээтэй “Бороо Гоулд”, “Оюутолгой” зэрэг компани алтны цэвэршүүлэлт, борлуулалтаа өөрсдөө зохицуулдаг байсан бол одоо “Бороо Гоулд” компанийн Тогтвортой байдлын гэрээ дуусгавар болсноор алтаа Монголбанкаар дамжуулж цэвэршүүлж тушаадаг болсон. Ингэснээр Монгол улсад олборлож буй бүх алт Монголбанкаар дамжих боломж нээгдсэн. Энэ нь Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх том дэмжлэг юм.

Мөн Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсноор хуучны замбараагүй байдлыг нэлээд цэгцэлсэн гэж ойлгож болно. Өмнө нь алтны татвар нэлээд өндөр, арилжааны банк, аж ахуйн нэгж алт экспортолдог байсан. Экспортлохдоо Сангийн яам, гааль, татвар, манайх гээд маш олон шат дамждаг. Энэ бүхэн цэгцлэгдээд их хялбар болсон. Алтаа Монголбанкинд тушаагаад мөнгөө авна. Гаалиар гаргах гээд баахан бичиг баримт хөөцөлдөх шаардлагагүй болсон. Үүгээрээ алтны салбарыг нэлээд ил тод, хөнгөн шуурхай үйлчилгээтэй болгож  байгаа гэсэн үг.

Хууль бусаар алт хилээр давуулах гэсэн цөөнгүй оролдлого гарсан. Одоо цэгцэрч байгаа гэж ойлгож болох уу?
Урьд жилүүдэд оргил үедээ 15 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан бол 1-3 тонн болтлоо буурлаа. Их хэмжээний алт хууль бусаар хил давж байна гэж ярьдаг. Яг хэдэн тонн алт хууль бусаар хил давчихсан бэ гэдэг мэдээлэл үгүй учир ийм тийм гэж хэлж мэдэхгүй юм. Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан  алтыг Монголбанкинд хадгалж хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн зохих гүйлгээг хийдэг. Ер нь 5-18 гулдмай хил гаалиар зөвшөөрөлгүй гарсныг илрүүлээд  хууль хяналтын байгууллагын шийдвэр гармагц улсын орлого болгосон. Энэ нь манайд татвар өндөр, урд хөршид татвар 2% байдагтай холбоотой юм. Татварын зөрүүнээс зугтааж,  хууль бусаар алтыг хил давуулах гэсэн эрсдэлтэй оролдлогууд гарч байсан.

Тэгвэл хуулийн өөрчлөлт, татварын хөнгөлөлт үзүүлснээр ийм байдал  зогссон болов уу. Он гарсаар ганц хоёр удаагийн тохиолдол гарсан. Хууль бусаар   хил давуулахыг оролдож баригдвал алтыг хурааж улсын орлого болгодог. Тийм эрсдэлтэй алхмыг хийхээ больсон юм шиг байна. Олон эрсдэлтэй алхам хийж хилээр гаргаад 2%-ийн татвар төлснөөс энд Монголбанкинд тушаагаад 2.5%-ийн татвар төлөх нь   эрсдэлгүй, хялбар  болж байгаа юм.

Үүнээс гадна Монголбанк ч алт худалдан авах процессыг илүү хялбар болгож байна. Хууль гарсантай холбогдуулан алтаа сорьцын байгууллагаар тогтоолгоод хүрээд ирэхэд бид шууд авч байгаа. Хуучин журмаар 300 гр-аас доош хэмжээтэй алт авахгүй гэх мэт хязгаарлалт байсныг цуцалсан. Аж ахуйн нэгж, иргэн гэж ялгахгүй  худалдан авч байна. Алт тушааж байгаа этгээдийн нууцыг нарийн чанд хадгалж байгаа. Худалдах гэж байгаа алтны гарал үүслийг нэхэхээ больсон. Ямар ч иргэн алт тушаавал иргэний үнэмлэхийг нь бүртгэж аваад алтыг нь худалдаж авч байгаа. Тухайн аж ахуйн нэгж, иргэний нууцыг цагдаа, шүүхэд өгөхгүй чандлан хадгалж байгаа. Энэ бүгд алтны худалдааг ил тод болгож, алт тушаагч нарт Монголбанкинд тушаавал эрсдэлгүй, ашигтай юм  гэдэг итгэлийг төрүүлж байгаа хэрэг.

Өнгөрсөн 3 дугаар сард Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар гэсэн холбогдох байгууллагууд нийлээд бичил уурхай эрхлэгчидтэй уулзаж ярилцсан. Өмнө нь бичил уурхайчид Монголбанкинд алтаа тушаавал барьж аваад хорьчих болов уу гэж айдаг байсан болохоор хулгайгаар гаргадаг байсан. Одоо энэ байдал нэлээд цэгцэрсэн.

Сүүлийн жилүүдэд, тэр дундаа энэ жил алт тушаасан аж ахуйн нэгж, иргэдийн тоо хэр   нэмэгдсэн бэ?
Ашигт малтмалын газраас гаргасан мэдээллээр алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгж байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 200 гаруй. Тэр дотроос манайд тогтмол алт тушаадаг 120 гаруй компани байдаг.

Өмнөх жилүүдэд 6 тонн, 3 тонн алт худалдан авч байх үед иргэд Монголбанкинд алт тушаадаггүй байсан. Хууль өөрчлөгдсөнөөр Монголбанкны Эрдэнэсийн санд 2014 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар 54 аж ахуйн нэгж байгууллага, давхардсан тоогоор 216 иргэнээс нийт 6.208,5 кг алт худалдан авсан байна. Үүний 5.225,6 кг алт  буюу 84%-ийг аж ахуйн нэгж, байгууллагаас, 983.9 кг буюу 16%-ийг иргэдээс худалдан авсан байна. Монголбанкинд тушаасан давхардсан тоогоор 216 иргэний цаана олон мянган иргэн байгаа шүү дээ. Тэр олон мянган иргэний олсон 10 гр, 50 гр, 100 гр алтыг цуглуулж худалдан авсан иргэд Монголбанкинд   тушаадаг юм.
 
Алт тушаалт ингэж нэмэгдэх нь эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй байх?
Өнгөрсөн оны мөн үеэс алт тушаалт бараг хоёр дахин нэмэгдсэн. Бүр 2013 оны бүтэн жилийн хэмжээтэй тэнцэх хэмжээний алтыг эхний 7 сарын байдлаар худалдаж авсан байна. Энэ нь ойролцоогоор 240 гаруй сая доллараар валютын нөөц нэмэгдсэн гэсэн үг. Намрын улиралд алт олборлолт, тушаалт нэмэгддэг. Ингэвэл энэ ондоо 400 гаруй сая доллараар валютын нөөц бүрдүүлэх тооцоотой байна. 400 сая доллар гэдэг том тоо.

Нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгжийн нуруун дээрээс татварыг ачааллыг бууруулж өгснөөр том идэвхжилийг үүсгэж байгаа хэрэг. Алтны нөөц нэмэгдэнэ гэдэг валютын нөөц өсч байна гэсэн үг. Валютын нөөц бүрдүүлэх нь Монголбанк, Засгийн газрын үндсэн үүрэг. Валютын нөөцийг бүрдүүлэх үндсэн 3 суваг бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж ба алт.

Алтгүй улсын хувьд нөгөө 2 хүчин зүйл нь  маш чухал байдаг бол алттай улсад өөр нэг нэмэлт давуу тал бий болдог. Тэр тусмаа манай алт дэлхийн зах зээлд чанараараа   дээгүүрт ордог. Манай улс алтны багагүй нөөцтэй. Алтны татварын хөнгөлөлт 5 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд бид Монголын алтыг Монголбанкинд тушаадаг тогтолцоог бүрдүүлээд авчихна. Ингэснээр урт хугацаанд алт олборлолт хэдий чинээгээр нэмэгдэнэ, төдий чинээгээр Монгол улсын валютын нөөц өсч байх суурийг бүрдүүлж өгөх том хөшүүрэг юм.

С.Болд