Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны зах зээл тогтворжиж, урт хугацаандаа үнэ өснө

Алтны зах зээлд итгэх итгэл өнгөрсөн 2013 онд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд сулраад байсан ч заримынх нь хувьд өөдрөг хэвээр байгааг Ройтерсоос гаргадаг алтны судалгааны тайланд бичжээ. Хэдийгээр алтны үнэ өнгөрсөн онд 2011 оны түвшнээс 40 орчим хувиар буураад буй ч үйлдвэрлэл дэх алтны эрэлт 11%-иар өсчээ.

Өнгөрсөн нэгдүгээр улиралд алтны шууд худалдааны дундаж үнэ 1293 ам.доллар/унц байсан нь өнгөрсөн оны сүүл улирлынхтай харьцуулахад 2%-иар өссөн юм. Гэвч уг үзүүлэлт нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 21%-иар доогуур байна. Харин оны хоёрдугаар улирлын байдлаар алтны дундаж үнэ 1282 ам.доллар буюу 1244-1324 ам.долларын хооронд хэлбэлзжээ.

Алтны үнэ энэ онд эргээд тогтворжих хандлагатай болж байна гэж Дэлхийн алтны зөвлөлөөс (World Gold Council) гаргадаг Алтны эрэлтийн хандлага судалгаанд өгүүлжээ. Алтны үнэ өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард нэг унц нь бараг 1680 ам.доллартайгаар эхэлж байсан бол оны сүүл гэхэд 1200 ам.долларт ч хүрэхгүй болтлоо буурсан юм.

Энэ онд Украинд гарсан хямралын улмаас алтны зах зээлд бага зэрэг өсөлт ажиглагдсан. Тухайлбал өнгөрсөн 3 дугаар сарын 13-нд алтны үнэ унц нь 1375 долларт хүрч, өмнөх есдүгээр сараас хойшхи хугацаан дахь хамгийн дээд үнэд хүрсэн билээ. Нөгөөтэйгүүр энэхүү хямралын улмаас Оросны барууныхантай харилцах харилцаа муудаж, тэр хэрээрээ алтны нөөцөө ахиулах тус улсын бодлого тодорч эхэлсэн. Олон улсын валютын сангийн гаргасан тооцоогоор ОХУ өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар алтны нөөцийн хэмжээгээ 1094.8 тонн болгож нэмэгдүүлжээ. 2009 оноос 2014 оны эхэн хүртэлх хугацаанд ОХУ-ын алтны нөөц бараг хоёр дахин нэмэгдэж 1041 тоннд хүрээд байсан бол Энэтхэг улс нөөцийн хэмжээгээ 56%-иар буюу 557 тонн болгон өсгөжээ. Харин Хятад улс 75%-иар ахиулж 1054 тонн болгожээ. Орос, Казахстан, Мексик, Киргизстан, Тажикстан, Серби, Грек, Эквадор зэрэг улс орон алтны нөөцөө өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар бүгд нэмэгдүүлжээ. 2013 оны сүүлээр дэлхийн төв банкууд болон олон улсын банкууд 30500 тонн алт нөөцөндөө хадгалсан байжээ. Энэ нь дэлхийд олборлосон нийт алтны нөөцийн 20 гаруй хувийг эзэлж байна.

Оросоос гадна, Турк, Мексик, Филиппин, Казахстан, Өмнөд Солонгос, Индонез зэрэг улс алтны нөөцөө хамгийн ихээр нэмэгдүүлжээ. Цаашид орон орны Төв банкууд алт худалдаж авах эрчмээ хадгалсаар байх төлөвтэй байна. Украины хямрал, Газын зурвас дахь сөргөлдөөн, Иракт үүсээд буй нөхцөл байдал нь Төв банкуудын алтны худалдан авалтад сөргөөр нөлөөлөхгүй байх төлөвтэйг шинжээчид дэвшүүлж буй юм.

  Олонхи шинжээчийн оны эхэнд дэвшүүлж байсан таамгаар бол 2014 онд алтны дундаж үнэ 1200 ам.доллараас багагүй байх төлөвтэй байсан. Харин энэ оны эхний 8 сарын байдлаар алтны үнэ ерөнхийдөө 1300 орчим ам.долларт хэлбэлзэж буй нь зах зээл төсөөлж байснаас илүү сайн байгаагийн илрэл юм. Гэхдээ алтны үнэ 2011 оны оргил ханшийн түвшинд эргээд очихгүй ч дээр дурдсанчлан зах зээл илүү тогтворжих хандлагатай болж буй нь энэ оны байдлаар илүү тод харагдаж эхэлснийг шинжээчид онцолж буй юм. Ойрын жилүүдэд алтны үнэ энэ хэвэндээ хадгалагдах төлөвтэй байгаа юм.

Гэхдээ Олон улсын валютын сангийн түүхий эдийн зах зээлийн талаарх хамгийн сүүлд гаргасан тайланд өгүүлснээр энэ онд алтны дундаж үнэ 1250 ам.доллар/унц, улмаар ирэх онд 1.8%-иар буурч 1230 ам.доллар/унц, 2016 онд 1216 доллар/унц болно гэж тооцоолжээ. Ийнхүү үнэ буурах таамаг дэвшүүлсэн нь дэлхийн эдийн засгийн байдал сайжирч, АНУ-ын Холбооны нөөц бодлогын хүүгээ нэмэгдүүлж магадгүйтэй холбоотой ажээ. Түүнчлэн Энэтхэгийн алтны импортын хориг, Хятадын банкны системд авч хэрэгжүүлж буй бодлого ч үүнд нөлөөлнө гэж үзжээ. Үүнээс гадна дэлхийн алтны хөрөнгө оруулалтын сангуудын (ETF) хэмжээ энэ оны эхний хагасын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар доогуур байгаа ажээ.

Харин Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын тооцоо илүү “сэргэх” төлөвийг дэвшүүлжээ. Алтны шууд худалдааны үнэ энэ онд дунджаар 1261 ам.доллар/унц байх төлөвтэй байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 11%-иар буурсан дүн юм. Ирэх онд алтны үнэ 3%-иар өсч 1295 ам.доллар/унц болно гэж үзэж байна. Учир нь шинээр гарч ирж буй зах зээлүүдэд гоёл чимэглэлийн алтан эдлэлийн эрэлт нэмэгдэж байгаа нь үүнд голлон нөлөөлөх ажээ.

Өнгөрсөн онд Энэтхэгийг ардаа орхиж дэлхийн хамгийн том алтны хэрэглэгч болсон Хятад энэ онд мөн л эрэлтийн өсөлтөд гол нөлөөтэй хэвээр байх төлөвтэй байна. Тус улсын дундаж давхаргын орлого нэмэгдэхийн гоёл чимэглэлийн худалдан авалт оны эхний улиралд 10%-иар нэмэгдэж, алтны эрэлт 203 тоннд хүрснийг Дэлхийн алтны зөвлөл мэдээлжээ.

Ройтерсийн судалгаанд дурдсанаар өнгөрсөн онд алтны уурхайн олборлолт 3022 тонн байсан бөгөөд энэ нь 6%-ийн өсөлт ажээ. Энэ онд ердөө нэг хувиар өсч 3058 тоннд хүрэхээр байна. Хятад, Монгол, Перу, Конго улсын үйлдвэрлэл энэхүү үйлдвэрлэлийн өсөлтийг хангах төлөвтэй байна. Ирэх онд уг үзүүлэлт 3102 тонн болж өсөх хандлагатай байна.

Алтны эрэлт, нийлүүлэлт ба гол тоглогчид

Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар өнгөрсөн 2012 онд дэлхийн алтны нийлүүлэлт 4500 орчим тоннд хүрсэн бөгөөд үүний 60 гаруй хувь буюу 2861 тонныг уурхайн олборлолт үлдсэнийг дахин боловсруулалтаар бүрдүүлжээ. Одоогийн байдлаар дэлхий дээр алт үйлдвэрлэгч 15 улс орон алтны уурхайн нийт нийлүүлэлтийн 76%-ийг эзэлж байна. Үүн дунд Хятад, Австрали, АНУ, Орос, Перу, ӨАБНУ зэрэг нь хамгийн их жин дарж буй юм. Залгаад Канад, Мексик, Индонез, Гана, Узбекстан, Бразил, Папуа Шинэ Гвиней, Аргентин, Танзан оржээ. Эдгээр 15 улсын алтны уурхайнуудын үйл ажиллагааг даган 500 гаруй мянган хүн шууд ажлын байранд хамрагдан ажиллаж байгаа ажээ.



Өнгөрсөн 2012 онд хөрөнгө оруулалтын сангийн эрэлт (гулдмай, зоос, ETF) нийт алтны эрэлтийн 35%-ийг, Төв банкуудын алтны худалдан авалт 12%-ийг (535 тонн), гоёл чимэглэл 43%-ийг, технологи, аж үйлдвэрлэлийн хэрэгцээ 10%-ийг бүрдүүлжээ.  Нөгөөтэйгүүр алт хэрэглэгч хамгийн том 13 улсын хэрэглээний дүн алтны нийт эрэлтийн 70 гаруй хувийг мөн бүрдүүлжээ. Эдгээр улсын тоонд Энэтхэг, Хятад, АНУ, Турк, Тайланд, Вьетнам, Орос, Индонез, Саудын Араб, Иемен, Швейцарь, Египет, Герман, Арабын Нэгдсэн Эмират улс багтжээ. 2012 оны алтны эрэлт, нийлүүлэлтийг мөнгөн дүнгээр үнэлэхэд 210 тэрбум ам.доллараас давжээ.

Дэлхийн алтны гол хэрэглэгч улс орнууд (2012)



Мөн онд алтны дахин боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүн   нийт нийлүүлэлтийн 36%-ийг эзэлсэн байх юм. Тэгэхээр алтны дахин боловсруулалт нь тус зах зээлд маш чухал нөлөөтэй нь эндээс харагдаж байна.

Алтны бичил уурхай дэлхийн нийлүүлэлтэд чамгүй үүрэгтэй

Монгол улсад бичил уурхай байх ёстой,   ёсгүй талаар маргаан өрнөдөг. Алт, жонш, нүүрс болон   байгалийн бусад цөөнгүй баялгийг гар аргаар олборлогч монголчуудын тоо эдүгээ 100 мянга хол даваад байгаа гэсэн албан бус тоо бий. Нэгэнт газар авсан энэ бизнесийг зөв зохистой явуулахаар Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы GIZ төсөл хэрэгжүүлэн чамгүй ажил хийж байгаа. Харин алтны бичил уурхай дэлхийд аль түвшинд хүрээд буйг Дэлхийн алтны зөвлөл мөн тооцоолж гаргажээ. Эдүгээ гар аргаар алт олборлогчдын үйлдвэрлэл 2012 оны байдлаар 330 тонн буюу дэлхийн алтны уурхайн нийт үйлдвэрлэлийн 17%-ийг эзэлж чамлахааргүй түвшинд хүрчээ. Энэ чиглэлд дэлхийд нийтдээ 5 сая гаруй хүн ажиллаж буй бөгөөд өдөрт дунджаар 10 ам.долларын ашиг олдог гэсэн судалгаа гарчээ.  Ер нь бүхий л чиглэлд ажилаж буй бичил уурхай эрхлэгчдийн тоо өнөөдөр дэлхийд 20-30 саяд хүрээд буйг Олон улсын хөдөлмөрийн байгууллага тоймлон гаргажээ.


Алтан түүхээс...

Алтны тухай сэдэв тун ч баялаг түүхтэй. Энэ түүх одоо ч   үргэлжилсээр байна.  Энэхүү үнэт эрдэнэ манай тооллын өмнөх онуудад  хүмүүний нийгэмд мөнгөний үүрэг хэдийнэ гүйцэтгэх болжээ. Хүн төрөлхтөн арилжааг халж мөнгөөр юмсыг худалдаж авах болсон тэр цагт яг юугаар төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх тухай эргэцүүлэх болж, улмаар олон хувилбар түүхийн явцад тодорхой үе шаттайгаар туршигдаж ирсэн. Харин тэдгээрээс хамгийн бодитой нь алт байсныг одоо бэлхнээ харж болно. Хүмүүний нийгэмд орчин цагт цаасан мөнгө, зээлийн карт болон бусад олон хэрэгсэл мөнгөний үүрэг гүйцэтгэж буй ч энэ бүхний цаана хураасан алтны нөөцөөрөө улс орны Төв банкууд өөрийн орны үндэсний мөнгөн тэмдэгтийг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл энэ бол алт одоо бүр ч илүүгээр мөнгөний үүрэг гүйцэтгэж байгаагийн тод илрэл. Тодруулбал бидний хэрэглэж заншсан цаасан мөнгө алтны нөөцөөр баталгаажсан байдаг гэсэн үг. Тэр хэрээр, улс орон бүрт алтны нөөцөө нэмэгдүүлэх эрмэлзэл тодоос тод харагдана.
Эдүгээ алтны үнэ ердөө нэг унц (troy oz) буюу ~31 гр нь 1300 орчим ам.долларын үнэтэй болжээ. 2011 оны үед алтны үнэ бараг 1900 ам.долларт хүрч байсан удаа бий.

Анх 1792 онд АНУ-ын Конгресс алт, мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгтийг баталгаажуулах хэрэгсэл болгохоор журам баталж байжээ. Тухайн үед алтыг нэг унцыг нь 19.3 ам.доллар болгон үнэлгээжүүлжээ. Үүнээс хойш 1834 онд нэг унц алтыг 20.67 ам.доллар болгосноос хойш нэгэн зууны туршид алтны үнэ хөдөлгөөнгүй тогтвортойгоор оршжээ. Харин тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт алтны үнийг дахин нэмж 1934 онд нэг унцыг нь 35 ам.доллар болгожээ. Гэхдээ Америк долларын ханш тухайн үед одоогийнхоос хавьгүй “чанга” байсан бөгөөд алт одоогийнхоос үнэ цэнэ муутай байсан хэрэг огтхон ч биш болохыг энд тэмдэглэе.

Улмаар нэлээд хэдэн жил өнгөрч, 1973 онд Ерөнхийлөгч Ричард Никсон унц алтны үнийг нэмж, өөрөөр хэлбэл долларын ханшийг бууруулж 42 ам.доллар/унц болгожээ. Энэ үе бол дэлхийн эдийн засаг муудсаар байсан он цагтай давхцана. Ингээд орон орны бүх мөнгөн тэмдэгтүүдийн алттай харьцах ханш ар араасаа чөлөөлөгджээ. Мөн оны 6 дугаар сард нэг унц алт 120 ам.доллар болтлоо өссөн нь үнэхээр гайхам явдал гэлтэй. Гэвч хэдхэн жилийн дараа гэхэд алтны үнэ хэд дахин нугарна гэж олон нийтийн зүүдэнд ч ороогүй байсан биз. Тэгвэл 1975 онд Нью-Йоркийн COMEX бирж дээр алт ирээдүйн гэрээт үнээр худалдаалагдах болж, 1980 оны 1 дүгээр сард нэг унц алт 850 ам.доллар болж түүхэн дээд амжилт тогтоожээ. Харин түүнээс хойш 13 жилийн хугацаанд алтны үнэ үргэлжлэн буурсаар байсан бөгөөд 1993 оны 6 дугаар сард алтны үнэ нэг унц нь 347 ам.долларт хүртлээ “суларсан” байжээ. Гэхдээ алтны үнэ буцаад 850 доллар болохын тулд 1980 оноос хойш бараг бүтэн гурван арваныг элээсэн юм. 2008 оны 1 дүгээр сард унц алтны үнэ 900 ам.доллар луу ойртож өсчээ. 2011 оны алтны үнийн өсөлт хүн төрөлхтөнд энэхүү үнэт металд хэзээд итгэх ёстой юм гэдгийг нотлох мэт өрнөлийг мэдрүүлсэн. Өнөөдөр алтны зах зээл 2011 оны үнийн өсөлтийг давтахгүй байж болох ч хүн төрөлхтөний “алт бол үнэ цэнээ алдахгүй жинхэнэ хөрөнгө юм” гэсэн итгэл хэзээ ч алдрахгүй.
 

Эдүгээ дэлхийн хүн төрөлхтөн 170 гаруй мянган тонн алт олборлосон байдаг бол үлдээд буй геологийн нөөц 3.3 тэрбум унц буюу 102 мянга гаруй тонн, харин эдийн засгийн үр ашигтай нөөц нь 1.5 тэрбум орчим унц гэсэн тооцоог АНУ-ын Геологийн судалгааны газар гаргажээ. Энэ бол одоогийн олборлолтын эрчээр явбал ердөө 20 гаруй жилийн хэрэглээг залгуулах нөөц юм.

Алтны нөөц сан бүрдүүлэлтийн байдал

Одоогийн байдлаар АНУ-ын алтны нөөц 8.3 мянган тонн, залгуулаад Герман, Итали, Франц зэрэг улс хамгийн их нөөцтэй орны байранд тус тус жагсч байна. Ер нь Төв банкуудын хувьд худалдаж авсан алтаа зарах нь чөлөөтэй бөгөөд мөнгөний бодлоготойгоо уялдуулан алтаа зарж эсвэл шинээр худалдан авах үйлдлээ шийддэг байна.

Улс орнуудын төв банкин дахь алтны нөөц



Салбар бүрт шинэ ололт нэвтрүүлэхээр алтыг судалж байна

 Алт нь өнгөө алддаггүй, гялалзсан шар өнгөтэй ер бусын метал гэдгийг хэдэн зуу, мянган жилийн настай түүхийн эд өлгийн зүйлс гэрчилдэг. Байгаль дээр алт цэврээрээ орших бөгөөд химийн элементүүд дундаа хувийн жин ихтэйд тооцогдох бөгөөд зөөлөн үнэт метал гэж хэлж болно. Алтаар хийсэн зүйлсийг харахад маш өнгөлөг нүнжигтэй харагддаг нь энэхүү үнэт металын зөвхөн нэг л давуу чанар нь юм. Тог дамжуулах өндөр чанартай агаад давтаж, сунгаад хэлбэр дүрсийг нь ямар ч байдлаар өөрчлөх боломжтой уян хатан зэрэг шинж чанар нь хүн төрөлхтний зүйл бүрийн хэрэглээнд алтыг өргөнөөр нэвтрүүлэх гол шалтгаан болжээ. Мөн алтыг хайлуулан цутгаж болно. Мөн “тэрбээр” зэврэхгүй. Ердөө нэгхэн унц алтыг бүхэл бүтэн 9  хавтгай дөрвөлжин метр талбайг бүрхэхүйц нимгэн хавтан болгож болно. Үүний нэг жишээ бол Канадад 1976 онд сүндэрлэсэн 180 метр өндөртэй Royal Bank Plaza цогцолборын цонхнуудыг бүхэлд нь алтаар бүрэхэд 70 кг алт оржээ. Уг барилга нь эко цамхаг болж чадсан бөгөөд цонхнуудыг алтаар бүрснээр зундаа илүү сэрүүн, өвөлдөө илүү дулаан байх нөхцөл бүрдсэн нь хөргүүр, дулаанд шаардагдах ус, цахилгааны хэрэглээг бараг 40%-иар бууруулж чаджээ.

Та хэрэвзээ алтыг нэг их сонирхдоггүй бол таны амьдралын эргэн тойронд алтны орцтой бараа бүтээгдэхүүн арвин бий. Таны гар утас, электрон хэрэглэл, компьютер, сансрын төхөөрөмж, үнэт эдлэл, шагнал медал, зарим эм, эмнэлгийн үйлчилгээ, агаар ус цэвэршүүлэхэд алтыг ашигладаг байх юм. Монголчууд алтыг эртнээс өөрсдийн ахуйдаа хэрэглэж ирсэн. Алтан аяга нь тансаг агаад мөнгөн аягатай адил нянгаас ангид орчин үүсгэх, цэвэршүүлэх шидтэй. Түүнчлэн гоёмсог тусгай судар баринтаг, тавилга эд хэрэглэл зэргийг алтаар урлаж ирсэн нь бий. Одоо хэр нь хүн төрөлхтөн алтыг бүрэн таньж судалж чадаагүй л явна. Дээрх нь алтны хэрэглээ, давуу чанаруудын зөвхөн одоо мэдэгдэж буй хүрээ юм. Эрдэмтэд алтыг нанотехнологийн хүрээнд судалж, салбар салбарт илүү өргөн боломж нэвтрүүлэхээр ажилласаар байна.

Б.Төгсбилэгт





  • Зочин (66.181.174.78)
    vneheer heregtei medeelel blaa bayrlalaa
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • estoi heregtei medeelel bna (202.131.233.187)
    tsaashid iimerhuu niitlel gargaj bgarai
    2014 оны 12 сарын 05 | Хариулах