Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй

Б.Төгсбилэгт

Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ. Харин оны хоёрдугаар хагаст, цаашлаад ирэх онд хүрэн металын үнэ ханш эргэн дээшлэх үү гэсэн горьдлого зэс үйлдвэрлэгчдийн цээжинд хадгалагдсаар   байна. Энэ зуур санхүү, эдийн засгийн түүхий эдийн судалгааны шинжээч нар эерэг таамаглал дэвшүүлэхээсээ улам л “эмээх” болов. Үнэндээ зэсийн зах зээлийн тухайд өөдрөг төсөөлөлтэй байгууллага бараг үгүй байсныг өнгөрсөн оны зааг дээр шил шилээ даран гарч байсан ханшийн төлөвийн судалгааны тайлангуудын үр дүнгээс харж болно.

Barclays, Citigroup, PwC, Олон улсын зэсийн судалгааны групп гэх мэт  тэргүүлэх шинжилгээний байгууллага энэ онд зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар ч хүрэхгүй байх төсөөлөл биелнэ хэмээн тайландаа сийрүүлсэн нь эдүгээ илүү тодорхой болж буй бололтой. Зэс үйлдвэрлэгч томоохон компаниуд болон HSBC, UBS зэрэг цөөн хэдэн санхүүгийн байгууллага үнэ өсөх таамаг дэвшүүлэн тавьж байсан. Гэвч зах зээлийн төлөв байдал цаашид хэрхэн өрнөхөөр байна вэ?

Энэ жилийн хоёрдугаар хагаст зэсийн үнэ 6000-7000 ам.доллар/тоннын хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа тухай Ройтерс зэсийн судалгааны тайландаа өгүүлжээ. Ингэснээр зэсийн дундаж үнэ гурав дахь жилдээ дараалан буурах төлөв гарч буй юм. 2011 онд зэсийн дундаж үнэ дээд амжилт тогтоосон бөгөөд 8825 ам.долларт хүрсэн.

Олонх шинжээчдийн байр суурийг авч үзвэл зэсийн зах зээл Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарсан хэвээр. Зэсийн зах зээл дэх эрэлтийн 40%-ийг дангаараа бүрдүүлэгч тус улсын эдийн засгийн нөхцөл байдал эрчлэн давших өсөлтийн хэмнэлд бус дотоодын хэрэглээнд түшиглэсэн, алгуур өсөлтийн эрчимд шилжсээр.

Энэ хэрээр түүхий эдийн зах зээлийн шинжээчдийн зэсийн төлөвийн тухай бодролд бараг л ганцхан дүгнэлт тодрох болжээ. Зэсийн үнэ өсөх боломж ирэх жилүүдэд ч хязгаарлагдмал байх бөгөөд дунд хугацаандаа зэсийн үнэ бууралттай хэвээр байх тухай Thomson Reuters-оос гаргасан зэсийн судалгааны 2014 оны тайланд дурджээ.

Өнгөрсөн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ харьцангуй хомс байсан учир зах зээлд өндөр үнэ ноёлж байсныг гайхах зүйлгүй. Харин өнөөдөр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар хүрэн металын үнэ ханшийг сулруулах нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл одоо зэсийн олборлолтын өсөлтийн оргил үеийг бид туулж буй ажээ. Зэсийн үнэ ханш зах зээлд дээгүүр байсан өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчид зэсийн төслүүдэд хөрөнгө хаяж, үр дүнд нь 2013 онд олборлолт, үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт бий болжээ. Энэ онд ч мөн ялгаагүй тийм дүр зураг тодорч байна. Учир нь энэ жил Чилид Caserones, Sierra Gorda төсөл, Замбид Сентинэл төсөл нийлүүлэлтийн “их айл”-д нэгдэж буй. Ройтерсийн тооцоолж буйгаар энэ жилийн хувьд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл эрэлтийн 2%-тай тэнцэхээр байна.

Ийнхүү нийлүүлэлтийн илүүдэл харьцангуй доогуур хэмжээнд байгаа нь эрэлт өссөнтэй холбоотой. Гэхдээ эрэлтийн өсөлтөд Хятад болон хөгжиж буй улс орнууд тулгуур үүрэг гүйцэтгэхээр байгаа ч хөгжингүй улс орнууд энэ жил зэсийн хэрэглээний өсөлтөд урьд урьдны жилүүдийнхээс илүү том байр суурьтай оролцох төлөвтэй байгаа ажээ. Хятадын зэсийн эрэлтийн өсөлт тус улсын Засгийн газрын эдийн засгийг шинэчлэх бодлогын үр дүнд саарч мэдэхээр байгаа ч эрчим хүчний салбарт, ялангуяа цахилгаан дамжуулах шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөө нь том баталгаа болж өгч буй юм.

Үүнээс гадна Хятадад биржийн бус агуулахуудад зэсийг санхүүгийн барьцаа хэлбэрээр хадгалах явдал нь зэсийн импортыг өнгөрсөн оны сүүл болон энэ оны ихээр хүчтэй дэмжжээ. Иймд тус улсын  Гуандун, Нинбо, Лянюнган, Далян дахь биржийн бус агуулахуудад нөөц мөн хугацаанд ихэсчээ. Түүнчлэн Хятадын Нөөцийн газар өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард 200 мянган тонн цэвэр зэс худалдаж авсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Энэ сарын сүүлээр тэдгээр худалдан авсан зэсийг улсын нөөцийн агуулах руу шилжүүлж дуусах ажээ. Уг алхам нь зах зээлд үүсэх байсан цэвэр зэсийн нийлүүлэлтийн илүүдлээс 200 мянган тонныг даруй алга болгож буйг шинжээчид тэмдэглэж байсан. Гэсэн ч энэ онд 400 мянган тонн цэвэр зэсийн илүүдэл нийлүүлэлттэй байх тооцоог Олон улсын зэсийн судалгааны групп гаргасан юм.

Хятадын компаниуд сүүлийн жилүүдэд зэсийг санхүүжилтийн гэрээний барьцаа болгож ашиглах явдал түгээмэл болсон тул зэсийн үнэ макро эдийн засгийн хүчин зүйлд улам бүр нөлөөлөхөөр болжээ. Гэхдээ Хятадад өрнөж буй санхүүгийн салбарын шинэчлэлийн хүрээнд энэ үйл ажиллагааг багасгаж магадгүй байгаа бөгөөд үр дүнд нь зэсийн салбарын хөрөнгө оруулалт буурах юм. Хамгийн сүүлд хийгдсэн Циндао боомт дахь шалгалт ч үүнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр Хятадын хайлуулах үйлдвэрүүд зэсийн экспортоо бууруулж, дотоодын зах зээлдээ илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой болжээ.

Он гармагц зэсийн үнэ харьцангуй өндөр буюу нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштайгаар эхэлсэн ч огцом бууралт нэгдүгээр улирлын төгсгөлд ажиглагдсан. Тодруулбал энэ оны гуравдугаар сарын дунд үеэр зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ буюу 6500 ам.доллар/тоннд хүрсэн. Үүнд Хятадын эдийн засгийн байдал болон аж үйлдвэрийн эрчмийн уналт голлон нөлөөлсөн. Хятадын эдийн засгийн талаар ямар ч мэдээлэл байсан зэсийн үнэд их бага нөлөөтэй гэхэд хилсдэхгүй.

6 дугаар сарын 2-ны даваа гаригт Лондоны металын бирж дээр хүрэн металын үнэ нэг тонн нь 1.2%-иар өсч, 7003 ам.долларт хүрчээ. Үүнд АНУ, Хятадын аж үйлдвэрлэлийн эерэг үзүүлэлт, зэсийн эрэлт өсөх таатай төлөв ажиглагдсан нь нөлөөлжээ. Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт буюу Purchasing Managers index өнгөрсөн 5 дугаар сард 50.8-тай гарсан нь энэ оны хамгийн дээгүүр үзүүлэлт юм. Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн 1 дүгээр улиралд тааруухан байсан ч 2 дугаар улиралд орон сууц, автомашины борлуулалт сайн байсны зэрэгцээ жижиглэнгийн худалдааны үзүүлэлт дээшилсэн дүнтэй гарчээ.
Мөн зэсийн агуулах дахь нөөц 0.3%-иар буурсан нь ч нөлөөлжээ. Тухайлбал Лондоны металын биржийн агуулах дахь нөөц 175.850 мянган тонн болжээ. Энэ нь 2008 оны 10 дугаар сараас хойшхи хамгийн доод хэмжээ ажээ.

Зэсийн хувьд гэхдээ нэг өдрийн дараа нь эргээд 0.9%-иар буурч, 6867 доллар болсон юм. Үүнд хоёр шалтгаан нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй юм. Нэг нь Хятадын метал экспортын гол боомт Циндаод хяналт шалгалттай байгаа тул хөнгөн цагаан, зэсийн тээвэрлэлтийг бүрэн зогсоосон тухай мэдээлэл цацагдсан явдал. Нөгөө нь Индонезийн Засгийн газрын түүхий эд экспортлох хоригоос үүдэлтэй экспортын татвартай холбоотой маргаан удахгүй шийдэгдэж, “FreePort McMoran” компани  зэсийн баяжмалын экспортоо эргээд сэргээх тухай мэдээ голлон нөлөөлжээ. Харин эсрэгээр Индонезид үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн томоохон зэс үйлдвэрлэгч “Newmont” тус улсын Засгийн газартай экспортын татвар дээр зөвшилцөж чадалгүй, үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоо өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. Ийнхүү эрс шийдвэр гаргасан нь өнгөрсөн 1 дүгээр сарын 12-нд Засгийн газрын түүхий эд экспортлохгүй байх хориг үйлчилж эхэлснээс үүдэн нам боловсруулалттай бүтээгдэхүүн эсвэл хүдрийн экспортод 60 хүртэлх хувийн татвар ногдуулах болсонтой холбоотой юм. Тус улсын Засгийн газар 2017 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд компаниудад боловсруулах үйлдвэр байгуулах хугацаа олгоод буй юм. Энэ хугацаанд компаниудын түүхий эдийн экспортод 25-60 хүртэлх хувийн экспортын татвар ногдуулах юм. Энэ онд хүдрийн экспортод ногдуулах татвар 25% байгаа бол 2016 онд уг үзүүлэлт шат дараатайгаар өссөөр 60%-д хүрэх юм.


BREE:  Энэ жил зэсийн дундаж үнэ 6826 доллар хүрнэ

Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар (BREE)-ын тооцоолж буйгаар энэ жил зэсийн дундаж үнэ тонн тутамд 6826 ам.доллар байх төлөвтэй байна. Өнгөрсөн онд зэсийн дундаж үнэ 7326 ам.доллар/тонн байсан бөгөөд энэ жил өмнөх оныхоосоо 7 орчим хувиар буурах төлөвийг BREE гаргажээ. Ирэх онд зэсийн нийлүүлэлт үргэлжлэн өсөх тул дундаж үнэ 6643 доллар болж буурахаар байна. Харин үүнээс хойш 2019 он хүртэл жил бүр 1.5%-иар үнэ өссөөр 6906 ам.доллар болох ажээ. Үүнд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийн удаашрал болон хөгжиж буй улс орнуудын зэсийн хэрэглээний өсөлт голлон нөлөөлөх ажээ. Зэсийн уурхайн олборлолт ирэх оноос эхлэн жил бүр 4.6%-иар өссөөр 2019 он гэхэд 24 сая тоннд хүрэхээр байна. Үүнд Перу, Замби, Конго улсын олборлолт голлон нөлөөлөх ажээ.

Дэлхийн зэсийн хэрэглээ жил бүр 3.5%-иар өссөөр 2019 он гэхэд 25.9 сая тоннд хүрэхээр байна. Түүнчлэн тухайн үед Хятад дэлхийн зэсийн нийт хэрэглээний бүр ч илүү хэсэг буюу 51%-ийг эзэлдэг болох төлөв гарчээ.

Тухайлбал Замбид зэсийн олборлолт жилд 10%-иар өсөх бөгөөд 2019 онд жилдээ 1.5 сая тонн зэс үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрэх ажээ. Тус улсад First Quantum Minerals-ийн Сентинэл уурхайн өргөтгөлийн дүнд 300 мянган тонн, Vedanta-гийн Konkola уурхайгаа 250 мянган тоннын хүчин чадалтай  болгож өргөжүүлэх ажээ.
Бүгд Найрамдах Конго улсад Glencore-Xstrata-гийн Камото уурхай 300 мянган тонн, Мутанда уурхай 200 мянган тонн болж өргөжихөөр байна.

Австралийн тухайд 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарын санхүүгийн жилд 985 мянган тонн зэс олборлохоор байгаа бөгөөд 2018-2019 онд уг үзүүлэлт 1.2 сая тонн болох таамагтай байна.  Эдгээр нь тус улсад хэрэгжиж буй Rex Resources-ийн Hillside болон OZ Minerals-ийн Carapateena уурхайн үйлдвэрлэлээс голлон хамаарч буй юм. Цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл Австралид энэ онд 5.1%-иар өсч, 477 мянган тонн болжээ. Үүнд BHP Billiton-ы Olympic Dam болон Glencore Xstrata-гийн Townsville цэвэршүүлэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах болсон нь голлон нөлөөлж буй юм.

Дээр дурдсанчлан BREE харьцангуй өөдрөг таамаглал буюу урт хугацаандаа зэсийн үнэ өсөх таамаг дэвшүүлээд байгаа ч Дэлхийн банкны зэсийн үнийн төлөвт энэ онд дундаж үнэ 6900 доллар, ирэх 2015 онд 6880 доллар байхаар тусгажээ. Тус банкны тооцоолж буйгаар зэсийн үнэ 2025 он хүртэл 6800 доллараас буурахгүй ажээ.

Зэсийн үнийн бууралт салбарын компаниудын ашиг орлогыг багагүй нэрвэж буйн тод жишээ нь Codelco юм. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чили улсын Codelco өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд эхний улирлын үйлдвэрлэл нь ялимгүй буурч, металын үнэ буурснаас үүдэн ашиг орлого ч буурсныг мэдэгдлээ. Тус компани эхний улиралд 383 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээгдэхүүний гарцын хувьд 0.3%-иар буурсан дүн юм. Мөн татварын өмнөх ашиг нь 539 сая доллар болж 38%-иар буурчээ. Гэхдээ үйлдвэрлэлийн зардлаа танах алхмууд хийсний дүнд бүр илүү огцом буурч болох “аюул”-аас ангид байж чаджээ. Цаашдаа зардлаа танаж, бүтээмжийг дээшлүүлэх ажлаа үргэлжлүүлэх ажээ.

Codelco компанийн зэсийн төслүүдэд 2021 он гэхэд 27 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвтэй байна.
Олон улсын зэсийн судалгааны группын тооцоогоор дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ энэ онд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3%-иар өсч, 22 сая тонн болох төлөвтэй байгаа юм. Тэр дундаа дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадынх 5%-иар өсөх тухай мэдэгджээ. Харин цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.5%-иар нэмэгдэж, 22.4 сая тонн хүрэхээр байна. Ирэх 2015 онд цэвэр зэсийн хэрэглээний өсөлтийн хувь мөн хэмжээнд хадгалагдах төлөвтэй байгааг тус судалгааны групп мэдээлжээ.

Нэгэн үе нэг тонн нь 8000, 9000 ам.доллараас илүү үнэд хүрээд байсан зэс ойрын хэдэн жилийн хугацаанд дунджаар 6800 долларын үнэтэй худалдаалагдах тухай судалгааны байгууллагууд таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ энэ бүхэн Хятад, АНУ, Европ болон хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдлаас ихээхэн хамааралтай юм. Гэхдээ энэ нь зэсийн салбарынхны хувьд тийм ч чамлахаар үнэлгээ биш бөгөөд зэсийн салбар ашигтай бизнес хэвээр байх боломжтой түвшин юм. Зэсийн зах зээл илүү эрүүл, хэвийн нөхцөл байдал бүрдсэн учир үнэ ийнхүү хөөсрөлтгүй болж буй тухайд ч шинжээчид санал нэгдэж байна.