Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Тосон Заамар “ногоон Заамар” болох цаг айсуй




Засмал зам  Заамар сумынхны мөрөөдөл


Г.Идэрхангай      

Гэнэтийн” тодотголтой 68 хувийн татвар, “бичил уурхайчид” гэх шинэ нэртэй  “нинжа” нар, сум орон нутгийнхны үл ойлголцол, төрийн элдэв дарамт шахалт  гээд  олон саад бэрхшээлийг туулан  унахдаа унаж,  босохдоо босч явсаар өдийг хүрсэн  Заамарын  алтны компаниудын үйл ажиллагаа нэг үеэ бодвол сэргэж байна гэсэн таатай мэдээ гарах болсон. 

Гэхдээ бодит байдал дээр энэ бүхэн ямар байгааг сурвалжлахаар The Mongolian Mining Journal-ийн  баг наймдугаар сарын 20-ны өдөр   Төв аймгийн Заамар сумыг зорилоо. Улаанбаатар хотоос хөдөлсөн бид  “Мянганы зам”-аар торолгүй давхисаар Заамар сум руу ормогц  энхэл донхол шороон зам угтав.  Засмалаас салаад  “Тосон Заамар” хүрэхэд 80 гаруй километр.

Дөрөө давсан их өвстэй, цагийн цагт зуд турхан болдоггүй, өвөлдөө өнөтэй гэдгээр нь нутгийн ард олон  “Тосон”  хэмээн   нэрийдсэн   ч  Монгол улс нийтээрээ зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд үед   “Алт” хөтөлбөрийн халуун цэг болж эхэлсэн тэр цагаас энэ нутаг  сайн мууг үзэж  өдийг хүрсэн юм. “Тосон Заамар”-т хөгжил ирсэнгүй.  Өнөө л хуучны  даржин гэр хороолол, он цагийн уртад өнгө алдаж,  нурах шахсан байшин барилга, шороо пургисан зам талбай бүхий дүр зураг нүднээ буув.  

Гэтэл сүүлийн тав зургаахан жилийн дотор Өмнийн говийн Цогтцэций сум танигдахын аргагүй өөрчлөгдөж,  бараг Даланзадгад хоттой өрсөлдөх хэмжээнд хүрээд буйг  очсон хүн болгон хардаг.  Уурхай дагасан сум ингэж хөгжиж байна. Харин  Заамар сумын тухайд төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт  гэх зүйл  нүдний гэм,  тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хэдэн алтны  компаниудын  нийгмийн хариуцлагын хүрээнд үзүүлж байгаа  хандив тусламжууд л  өгөөжөө  өгч байна  хэмээн нутгийн иргэд ярьж байв.

“Монполимет” групп Цэ­цэр­­лэгт хүрээлэнг сэр­гээн засварласан бол  “Мондулаан трэйд”-ийнхэн   36 сая төгрөгөөр  усан санг тохижуулж,  мөн 30 айлын хоёр орон сууцны эхний хоёрыг   дэд бүтэцтэй  нь  хамт  барьж өгсөн байна.
Заамар сумын төвд 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг “Алтан Дорнод Монгол” компани бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн нь Монголдоо бараг анхных байх.  Хэдийгээр сумын удирдлагуудын хувьд  албан ажил, ээлжийн амралт энэ тэр гээд өдийд  өрөөндөө тогтохгүй явдаг  гэдэг ч  Заамар сумын  Засаг дарга Д.Болормаатай уулзах боломж олдов.

Заамар суманд нийтдээ алтны чиглэлийн 19 компани үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотор “Алтан Дорнод Монгол” компанийн гэрээт операторууд ч багтдаг байна. Өдгөө тус сум нь 5334 хүн амтай гэсэн албан тоо байдаг боловч яг үнэндээ 10.000 хол давсан аж. Гэхдээ тэдний ихэнх нь бараг аймаг болгоноос ирсэн харъяаллын бус хүмүүс.

 “Төсвийн хөрөнгөөр  шийдэж байгаа “Жишиг сум” төслийг манайд л хэрэгжүүлмээр байна.  Ямар ч хүнд үед манай сум Монголоо авч гарч байсан шүү дээ. Суманд маань төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа болохоор бид компаниудаас хандив авч, тохижилт үйлчилгээгээ хийхээс аргагүй болдог.  Сум хөгжүүлэх сангаас нэг ч төгрөг орж ирээгүй. Өвлийн улирал ойртож байна. Аймаг биднээс усны болон газрын төлбөр шахаж  шаарддаг. Өнөөхийг нь бид   компаниудаасаа нэхдэг. Буцаад бидэнд мөнгө ирдэггүй”  хэмээн   Засаг дарга Д.Болормаа  ярьсан юм.

Сум нь сумын дайтай хөгжиж, ядаж засмал замтай ч болж чадахгүй байгаад нутгийн ард иргэд ихэд бухимддаг ба  тэдний зүгээс янз бүрийн эсэргүүцэл, хөдөлгөөн гарах вий хэмээн болгоомжлох үүднээс компаниудад  зарим бүтээн байгуулалт, засвар үйлчилгээгээ даатгаж, “гал унтраах” арга хэмжээ авдаг хэмээн тэрбээр хэлж байсан. 

Гэхдээ Заамар сумын нутаг дэвсгэрт хуулийн дагуу алтны олборлолт явуулж байгаа үндэсний компаниуд төсвийн хөрөнгөөр хийх ёстой ажлуудыг орон нутгийн элдэв дарамт шахалт дор хийж гүйцэтгэж байхын оронд олсон мөнгөө дараагийн хайгуулын ажил, нөөцөө  өсгөх зэрэгт зарцуулж  баймаар юм гэх иргэдтэй ч таарч байлаа.




Бичил уурхайгаас олборлосон алтыг албан төлбөрийн хэлбэрт оруулах чиглэлээр судалгааны ажил хийж  яваа  Өсөхөө гэх залуу “Заамарын хишиг” ТББ-ын тэргүүн Цогтгэрэлтэй уулзахаар  явж буйгаа бидэнд  цухуйлгав.

Цогтгэрэл нь Заамар сумын ИТХ-ын төлөөлөгчийн ажлыг хашихын зэрэгцээ төрийн бус байгууллагын шугамаар Өл цагаан чулуут хэмээх газарт нөхөрлөл хэлбэрээр ажиллаж буй  “нинжа” буюу “бичил уурхайчид”-ыг удирддаг юм байна.  Тус сумын ИТХ-ын шийдвэрээр тэрхүү газар туршилт байдлаар ашиглалт явуулах эрхийг “нинжа” нарт олгосон бөгөөд   анх очсон  60  бичил уурхайчин өдгөө  180 гаруй болж тоо нэмжээ.

Эдгээр хууль бус алт олборлогчид нөхөрлөл хэлбэрт нэгдэж   хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудын нөөц нь дуусч байгаа  талбай руу  дайрч орж ирэх вий гэсэн болгоомжлол тээж яваа хүмүүс ч байсан юм.  
Сурвалжлах баг маань Заамар сумтай багахан цаг хугацаанд танилцаад алтны олборлолтын гол бүс нутаг  Заамарын хөндий дэх Хайлааст баг руу  жолоо заллаа.

 Заамар сумаас гарахын алдад “Мондулаан” компани тус сумын 90 жилийн ойд зориулан барьж өгсөн Цэвэр усны насос, мөн  шинээр тохижуулсан,      цэнгэлдэх хүрээлэнд түр саатаж, сонирхов.

 
Сайжруулсан зам,  загастай хиймэл нуур

Сумын баруун талаар Халзан бумбатын давааг даваад Хайлааст багт хүрдэг аж. Уулын зам  бэрх, өвөл бол давшгүй. Нутгийн иргэд сумыг зорих гэж урьд нь ихэд тэвддэг байсан бол  хоёр жилийн өмнөөс “Алтан Дорнод Монгол”-ийнхны тавьсан  сайжруулсан замаар одоо чөлөөтэй зорчдог болсон аж.
Уг замаар    довтолгон  “Монголын Уул Уурхайн Үндэсний Олборлогч”  компани буюу MNO-ийн Баянгол төслийн талбайд ирлээ. Алсаас  хүүхдийн зуслан мэт гоёмсог, эмх цэгцтэй харагдах тус төслийн кэмп дээр ирмэгц харуул хамгаалалтын ажилтнууд биднийг нэгбүрчлэн   шалгаж    нэвтрүүлсэн юм.

Уурхайн кэмп гэдэг  хэн дуртай нь нэвтрээд байх  газар биш. Тэр тусмаа аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг, олон улсын жишгээр олборлолт явуулдаг томоохон олборлогч компанийн хувьд.  
Сурвалжлах багийн  хамгийн түрүүнд үзэж сонирхсон газар нь MNО-гийн Салтгарын аманд  хийж буй нөхөн сэргээлт. Яг  байгалийн унаган төрхөөрөө. Анх ирсэн хүн бол нөхөн сэргээлт гэж анзаарамгүй. Шимт хөрсөөр хучихаар бэлтгэсэн  талбай ч харагдана.










“Манай компани одоогоор Салтгарын аманд 35 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна. Хамгийн хэцүү нь нөхөн сэргээсэн талбай руу мал орж сүйтгээд  байх юм. Бид хөөж гаргах гэж бас бөөн ажил болж байгаа” хэмээн Баянгол төслийн Уулын ерөнхий мастер Д.Батхишиг  ярилаа. Үнэхээр ч биднийг энд ирэхэд  хачирхалтай дүр зураг  нүдэнд туссан нь   MNO-гийн  кэмпийн ойролцоох талбай  руу нутгийн малчин айлууд шахаж буугаад  хонь малаа бэлчээж буй явдал.

“Энд олборлолт эхлэнгүүт л айлууд хүчээр шахаад буучихдаг. Манай бэлчээр, амьдарч байсан газар гэх зэргээр дайрна. Сүүлдээ компани өөрөө лицензэт талбайгаа хашаалах, харуул хамгаалалт гаргах гээд нэлээд зардалтай байх болсон” хэмээн Л.Батхишиг мастер бидэнд учирлалаа.

Нутгийн малчин айлууд уурхайгаас мөнгө төгрөг нэхэж авах, элдэв зүйл шаардах зэргээр ингэж  шахаж буун  дарамт үзүүлдэг муу зантай болжээ.
Салтгарын аманд 2012 оны өвөл хөрс хуулалт эхлүүлж, 2013 ондоо 15.6 га талбайг нөхөн сэргээсэн бол  энэ жил нийт 37.3 га талбайд хийж байгаа аж. Хүцэнгэ, шүдлэн хошоон, шар царгас, согоовор, өлөнгө зэрэг  ургамлыг энд тарьж ургуулжээ.

MNO-гийн нөхөн сэргээлтийн талбайг үзэж сонирхсоны дараа   бид  Туул голын гольдирол дагуух  Заамарын   хөндийд олборлолт явуулж байгаа уурхайнуудтай танилцахаар хөдлөв.
Энд тэндгүй ухсан нүх,  карьер, овоолсон шороо, дайн дажин болж бөмбөгдөж сүйтгэсэн   мэт.  “Нинжа” нар энд хэдэн жилийн турш шоргоолж мэт бужигнаж, хууль бус олборлолт явуулж байсан болов уу гэмээр. 

Ийм хэсэг бусаг газраар 20 орчим километр өгсөж явахад  газрын байдал илт  өөрчлөгдөж, том том хашаан дотор   мод ургамал тарьж ургуулсан,  нөхөн сэргээсэн  талбайнууд тааралдаж эхлэв. Ногооны үнэр ханхийнэ.    Төдөлгүй “Монполимет” группын Тосон үйлдвэр дээр    ирлээ. Тосон үйлдвэр нь  Заамар сумын нутагт орших Тосонгийн гольдиролын орд болон Дэнжийн ордод уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж.

“Монполимет-ын  нөхөн сэргээл­тийн талбай дээр наймдугаар сарын 29-нд зохион байгуулах  нөхөн сэргээлтийн томоохон үзүүлэн сургалтыг угтаж  Тосон үйлдвэрийн залуус хотхоноо тохижуулахаар ёстой эрвийх дэрвийхээрээ ажиллаж байлаа.  
Тус үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Ганбат  “Тосонгийн ордод хийгдэж байгаа нөхөн сэргээлт 2014 оны наймдугаар сарын 30-ны байдлаар 672.8 га талбайд уулын ашиглалт явуулж, 675.7 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт  хийсэн” хэмээн тайлбарлалаа.

Ерөөс уурхайн хэмжээнд 2003-2004 онд нийт ашиглалт явагдсан талбайн 99%-д техникийн, 63%-д биологийн нөхөн сэргээлт  хийж гүйцэтгээд   байна.  
“Монполимет”-ийнхэн Туул голын эрэг дагуух талбайнуудад нөхөн сэргээлт хийж, нийт 5 орчим км сунаж тогтсон зурваст битүү мод тарьжээ.   Уулын цаад бие, наад хэсэг рүү ч   тарьж ургуулсан модод яг л байгалийн унаган төрхөөрөө мэт харагдана.    
Сурвалжлах багийнхны хувьд хамгийн  сонирхол татсан газар бол “Монполимет” группын биологийн нөхөн сэргээлтийн нэг чухал хэсэг болох   16 га талбайг хамарсан, байнга сэлгэгдэх цэнгэг уст, загастай   Хиймэл нуур.  Бүрэгхангай сумын орон нутгийнхны хүсэлтээр  2001 онд уг нуурыг байгуулсан гэж  Д.Ганбат инженер хэлэв.

Нуурын эргийн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд улиас, хайлаас, бургас зэрэг  тарьснаас гадна  зэгс шагшуурга зэрэг  дагаж ургасан нь нуурыг улам ч үзэсгэлэнтэй болгож.
“Энэ нууранд жил бүр хун, бор нугас зэрэг усны шувууд өндөглөж, үр төлөө өсгөн зусдаг. Бид одоогоор  нуурын эргийг тохижуулж, хүмүүс  амарч  тухлах  орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Тиймээс бид  одоохондоо тийш нь хүн амьтан оруулахгүй байгаа“ хэмээн  Тосон  үйлдвэрийн Байгаль орчны албаны залуус ярилаа.  Хэдэн жилийн дараа гэхэд энд ирсэн хүн  байгалийн сайхныг тольдож, амраад явах боломжтой  болох ажээ. 



“Монполимет”-ын нөхөн сэргээлтийн талбайд Солонгосын дуслын усалгааны дэвшилтэт систем нэвтэрчихэж. Тиймдээ ч усалгааны систем суурилуулсан талбайн моддын амьдрах чадвар 90 хувьтай байгаа аж. Цагт нэг модыг дөрвөн литр усаар усалдаг гэнэ.  Ногооны анхилам үнэр ханхалсан, зэгсэрхэг цөөрөм бүхий голын урсгал дээгүүр бат бөх гэгчийн  модон гүүр   барьжээ.  Голын наад эрэг орчмын битүү зэгс, ногоотой хэсэгт модон сандал байрлуулж буй аж.  

Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компанийн нөхөн сэргээлтийн талбай руу малчид хашааг нь эвдэж, малаа оруулж идүүлэх зэрэг бусармаг үйлдэл байнга  гаргадаг гэж    Тосон  үйлдвэрийн  ажилчид хэлж байсан.  Тиймээс нөхөн сэргээсэн талбайгаа “довтлогчид”-оос хамгаалах тусгай хүн  ажиллуулахаас аргагүй болжээ.

“Монполимет” группын Тосонгийн орд нь Туул голын гольдирлын бүсэд багтдаг болохоор зарим хэсэг нь шууд техникээр олборлолт хийх боломжгүй.  Усны түвшингээс 7-10 метрийн гүнд алтны  үе байдаг тул үүнийг алт олборлогч  “Драг”-аар  олборлох Техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байжээ.  Гэтэл ихээхэн хөрөнгө оруулалтаар авсан, усан дээр хөвж, олборлолт баяжуулалтаа нэг дор гүйцэтгэдэг “Драг”  нь “Урт нэртэй хууль”  гарснаас  хойш  ийн сул зогсох болсон байна.  Голын эргээс 200 метр дотогш, орон нутгийнхны тогтоосон хил заагаар бол бүр хэдэн  километрийн бүсэд ямар нэгэн олборлолт хийх боломжгүй болж байгаа юм.

Ийнхүү  “Монполимет”-ийн ашиглах ёстой нөөцийн 90 гаруй хувь нь өнөө хориглогдсон талбайд хамрагдаж,  компани үндсэндээ олборлолтоо далайцтай хийж чадалгүй,  эдийн засгийн хүндрэлд орсон  байна.  Тэглээ гээд тус компани өнгөрсөн хугацаанд  ганц ч ажилчин халж цомхотгоогүйгээс гадна нөхөн сэргээлтээ ном ёсоор нь хийсээр өдийг хүрчээ. Тэд орон нутагтаа ч Нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд байгаа боломжоороо хөрөнгө оруулалт  хийсээр байгаа аж.  Хамгийн сүүлийн жишээ нь сумын төвд Ахуй  үйлчилгээний төв барьж өгөхөөр  зураг төслөө боловсруулсан байна.

Сурвалжлах баг маань  Тосонгийн үйлдвэрээс шуудхан “Алтан Дорнод Монгол” компанийн нөхөн сэргээлттэй танилцахаар Багахайлааст хэмээх газрыг зорилоо.

Зам зуур хоёр аварга драг “жагсаалаас гарч”  нам зогсчээ.   Таван давхар барилгын дайтай нэг драг нь “Алтан Дорнод Монгол”-ынх, нөгөө нь “Монполимет”-ынх гэнэ. Гурван метр гүн усанд ажилладаг эдгээр техник “Урт нэртэй хууль” батлагдсанаас хойш ажиллахаа больсон гэдгийг дээр   дурдсан билээ.

Өмнө нь гадаадын мэргэжилтнүүдийн ажиллуулж байсан энэхүү  техник дээр монголчууд өөрсдөө суралцан туршлагажсан гэдэг.  Багахайлаастын аман дахь “Алтан Дорнод Монгол” компанийн  Чацарганы талбайд сурвалжлах баг  очлоо.  Өнгөрсөн жил тус компани энд биологийн нөхөн сэргээлт хийж, ажилчид нь  чацаргана  тарих ажилд нэг өдрийг зориулжээ. Хэдийгээр энэ талбай нь  Паушок хэмээх орос эрхмийн эзэмшиж байсан  “Алтан Дорнод Монгол”-ын ашиглаад, нөхөн сэргээлгүй орхисон талбай байсан ч  шинэ “Алтан Дорнод Монгол”-ынхон   тэнд   олборлолт явуулалгүйгээр   зөвхөн    нөхөн сэргээлтийн ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

“Нинжа” нарыг уг талбай руу оруулахгүйн тулд уулын урд бэлийн замыг хааж, хойд хэсэгт нь хатуу чанд харуул хамгаалалт гаргажээ.   “Нинжа” нар өдөр нь уулын орой дээр дурандаж сууж байгаад шөнө  нь   түмпэн саваа бариад  мотоцикльтой, машинтай давхиж ирэн, хууль ёсны лиценз эзэмшигч компанийн талбай руу дайрдаг бусармаг явдал “Алтан Дорнод Монгол” компани дээр ч гарсаар байгаа гэнэ.

Зарим хүмүүсийн хэлж буйгаар, тэд  олон жил шороо ухсан болохоор   хаана алт байна, хөрсний өнгө нь ямар вэ гэдгийг төвөггүй мэддэг болжээ.  Компани хөрсөө хуулаад, элсний давхарга руу нэвтэрмэгц   “нинжа” дайраад орчихдог аж.  
“Уулын орой дээр дурандаад сууж байгаа хүн “нинжа” биш, малчин ч байх юм бил үү,  бид тэднийг  шууд хөөж туугаад байлтай биш” хэмээн “Алтан Дорнод Монгол” компанийн ажилтнууд ярьж байлаа.

Хайлааст баг дээр  байрлах “Алтан Дорнод Монгол”  компанийн кэмп дээр  ирлээ.  Оросууд уг кэмпийг барьж босгосон болоод ч тэр үү, яг л Оросын тохижилт бүхий  бааз суурь сайтай  дүр зураг угтав.   “Алтан Дорнод Кэмп Сервис” ХХК хэмээх бие даасан компани 2014 оны дөрөвдүгээр сараас хариуцан ажиллаж, менежментийг нь удирдах болсон байна.

“Манай кэмп  угсармал сууц, 60-80 хүн байрлах нийтийн байр, халуун хүйтэн ус, уурын халаалт, бүтэн гэрэлтүүлэг, хяналтын камер, талх нарийн боовны цех, фитнес, спорт тоглоомын талбай  гээд  дутуу юм байхгүй ээ.  Тохилог   байр сууцанд манай  оператор компаниудын ажилчид байрладаг” хэмээн “Алтан Дорнод Кэмп Сервис” ХХК-ийн захирал С.Мөнхнасан  танилцууллаа.
Одоогоор “Алтан Дорнод Монгол” компани нь өөрөө олборлолт хийдэггүй, харин түүний     есөн оператор компани мэргэжлийн өндөр түвшинд олборлолт явуулж байгаа ажээ.



Ер нь оператор компаниуд нь ихэвчлэн Заамар сумд ажиллаж байсан туршлагатайгаас гадна бүр алс холоос ирсэн мэргэжлийн операторууд ч хэд хэд байсан. Тэдний нэг болох, Дорнод аймгаас ирж ажиллаж байгаа “Улз Гол” ХХК-ийн уурхай дээр маргааш өдөр нь очсон юм.

Тус компани “Алтан Дорнод Монгол”-ийн Ар наймган орд хэмээх тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээт олборлолт хийж байна. “Улз Гол” ХХК-ийн Уурхайн дарга Б.Баатар “Манайх алтны олборлолтын ихээхэн туршлага хуримтлуулсан. Алтан Дорнод Монгол компани  техникийн боломж сайтай, бааз суурь ихтэй.  Тиймээс бид Заамарыг зорьж ирсэн юм” хэмээн ярилаа.

“Улз Гол” компани 1993 онд байгуулагдаж,   анх “Алт”  хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас   хайгуул,  олборлолтын чиглэлээр ажиллажээ.   Тус компани Заамар сумтай байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээний дагуу сургууль цэцэрлэгийн засварын ажилд 40 сая төгрөг хандивласан, энэ жилдээ   20 га талбайд нөхөн сэргээлт хийж дуусгана хэмээн Уурхайн дарга Б.Баатар ам нээв.

Уул уурхайн салбарт арав гаруй жилийн туршлагатай “Red Volcan” компани ч Өвөрхангай аймгаас Заамар сумыг зорин иржээ. “Алтан Дорнод Монгол”-ын Хайлаастын ордод мөн л гэрээт оператороор ажиллаж буй тус компани Өгөөмөр багийн Засаг даргын байрыг тохижуулж байгаагаа  Гүйцэтгэх захирал Ч.Чойсүрэн дуулгалаа.   Заамарт үйл ажиллагаа явуулж байгаа  бусад компаниудын адилаар нинжа нарын довтолгоонд өртөж, шөнө ч тайван унтаж чаддаггүй байна гэж тэрбээр хэлж байсан.   

Заамар сумын Халзангийн даваанд Халзангийн орд, Цагаанчулуутын уурхайд олборлолт  хийж байгаа “Алтан Дорнод Майнинг Сервис” компанийн Орон нутаг, байгаль орчин хариуцсан менежер Ц.Цэрэннадмидтай  уулзахаар бид тус компанийн кэмп дээр   очив.  Кэмп рүү ороход өнөө л орос маягийн хоёр давхар дүнзэн байшин, цэвэр  орчин угтсан юм.

 
Танай компани ямар үйл ажиллагааг голлон явуулдаг вэ?
Орон нутаг, байгаль орчин хариуцсан менежер Ц.Цэрэннадмид: Манай компани 2013 оны 11 дүгээр сард “Алтан Дорнод Монгол” компаниас төрж гарсан, уулын ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн компани юм. Одоогоор 250 гаруй ажиллагсадтай. Дэлхийн брэнд болсон “Комацу”, “Катерпиллар”, “Терекс” зэрэг техник уулын ажил гүйцэтгэж байна. Монголын уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай  хамт олон манайд бий.
     
Аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
Манай компанийн гол онцлог хариуцлагатай уул  уурхайг эрхэм­лэх явдал.  Аюулгүй ажиллагааг хангаагүй ямар ч ажлыг хийж болохгүй гэсэн     шаардлагыг бид тавьж ажилладаг. Манай хамгийн үнэт капитал  ажилчид  маань. Мөн ашиглалт явуулж байгаа талбайгаа болж өгвөл унаган төрхөнд нь  нөхөн  сэргээхээр ажиллаж байна.  Орон нутагтайгаа бид Нийгмийн хариуцлагын гэрээ хийж ажилладаг. Энэ хүрээндээ  өнгөрсөн жил  том том бүтээн  байгуулалтыг сум орон нутагт хийсэн. Халзангийн даваанд сайжруулсан зам  тавилаа. Мөн орон нутгаас ажилчид  ажиллуулж байна.  

Сурвалжлах багийн  дараагийн  очсон газар бол Хайлааст багт орших “Монголросцветмет” нэгдлийн Зэрэгцээгийн алтны уурхайн захиргаа. Тус алтны үйлдвэрийн захирал М.Идэрбат “Манай компани Хайлааст багийн халуун дулааны зардалд жилдээ 300-400 сая гаруй төгрөг зарцуулж байна.  Үнэндээ   багийн хувь заяа биднээс их шалтгаалдаг. Төрийн өмчит компани  4000 орчим хүн амтай  тосгоныг өвөлдөө хөлдөөчихгүй   авч явахын төлөө бүх асуудлыг нуруундаа үүрч,   хүчээ шавхан ажиллаж байна”  хэмээн ярив.
“Монголросцветмет” нэгдлийн  “Шижир алт” компани  Туул голын дэнж дээр уг тосгоныг барьж байгуулжээ.   Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчид, тэдний  ар гэрийнхэн  Хайлааст багт  амьдардаг аж.
Дэд бүтэц    цахилгаан,  усан хангамж гээд  бүтэн сумын төвийн дайтай уг багийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сум төсөл”-д хамруулж болдоггүй юм байх даа хэмээн хэлэх хүмүүс ч  олон.

Ядахнаа эрчимжсэн Хүлэмжийн аж ахуй байгуулчихвал   сум орон нутагт ихээхэн  өгөөжөө өгнө  гэж тэд хэлж байсан.  Зэрэгцээгийн алтны уурхайн хувьд ашиглалтын талбай байхгүй, одоогоор өмнө олборлолт хийсэн газруудаа дахин ашиглах байдлаар ажиллаж байгаа аж.

Орон нутагтаа үлдээнэ гэсэн  сэтгэлээр бүтээн байгуулалтаа хийдэг

Булган аймгийн Бүрэгхангай,  Төв аймгийн Заамар  хоёр бол  Туул голоор тусгаарлагдсан   зэргэлдээ   сумд.  
MMJ-ийн сурвалжлах баг Тосон Заамарын хөндийн алтын шороон ордод олборлолт явуулж байгаа хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцаад Бүрэгхангай сумыг зорьсон нь энэ.  Гүүр давж, шороон замаар ялимгүй өгсөөд “Өрмөн Уул” ХХК-ийн кэмп дээр  очлоо. Кэмпийн хойд хэсэгт нөхөн сэргээлтийн талбай бололтой,  гоёмсог цэцэрлэгт хүрээлэн нүд хужирлана.
Тус компанийн Уурхайн дарга Б.Буянтаас энэ талаар лавлавал “Ер нь бид уурхайг ашиглаж дууссаны дараа кэмп маань  амралт сувиллын газар болж  магад. Ямар ч байсан сум орон нутагтаа үлдэнэ. 2000 гаруй чацарганы мод тарьж, хашаажууллаа” хэмээн ярьсан юм.

“Өрмөн Уул”-ынхан  бүтээн байгуулалтаа орон нутагтаа үлдээнэ гэсэн  сэтгэлээр хандаж,  кэмпээ тохижуулсан нь бусад компанид ч  үлгэр жишээ болох биз ээ.
Уурхайн дарга Б.Буянт “Энэ хавийн газар нутгийн онцлогийг харгалзан, мал амьтан юу иддэгийг судалсан. Түүндээ тулгуурлаж нөхөн сэргээлтээ хийж байгаа” хэмээн тайлбарлалаа.
“Өрмөн Уул” компани орон нутагтайгаа  сайн харилцаатай, тухайлбал Бүрэгхангай сумын 90 жилд зориулж хандив тусламж үзүүллээ, энэ жил мөн Дандар баатрын мэндэлсний 100 жилд зориулж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа гэлээ.
Уурхайн нөөц дуусч байгаа гэнэ. Гэхдээ  тус компани уурхайн хаалтын төлөвлөгөө, менежментээ хийхгүй байгаагийн гол шалтгаан нь нөөцөө өсгөх гэж буйтай холбоотой гэнэ.   
Бүрэгхангай сумын нутаг дэвсгэр, Туул голын гольдирол дагуу алтны олборлолт явуулж байгаа хэд хэдэн компани замд таарсан. Овоолсон шороо тойруулан хашаа маягтай  болгоод, дотор нь хэдэн гэр, ганц хоёр  техник байрлуулсан  уурхайн “кэмп”-үүд ч мэр сэр. Ажилчид нь  тав тух муутай орчинд ажиллаж амьдарч байгааг энэ бүхэн гэрчлэх мэт.

Ингэж явсаар   “Хамтын эх булаг” гэсэн нэртэй компанийн кэмп дээр ирэхэд  биднийг угтсан хүн бол  Уурхайн дарга Б.Даваасамбуу ажээ. Тэрээр  анх “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас геологичоор ажиллан, өдгөө “Хүслэмж” компанийн уурхайг хариуцан ажиллаж буйгаа бидэнд дуулгав.

 “Хамтын эх булаг”, “Хүслэмж”  хоёр компанийн ашиглалтын талбай дээр   ирсэн нь энэ ажээ. “Алтны үнэ ч овоо өслөө. Өмнө нь ашиггүй байсан талбай одоо ашигтай болчихоод байгаа нь энэ” хэмээн  Б.Даваасамбуу гуай ярилаа.
Олборлолтын талбай бага болохоор нөхөн сэргээлт ч харьцангуй жижиг талбайд хийгдэж буй гэнэ. “Хүслэмж” компани  төрийн албаныхныг унаажуулахаар  5 мотоцикл, малчдын амьжиргаанд зориулж  10 гэр хандивлажээ.

Ингээд сурвалжлах баг  цааш    давхисаар “Өгөөж Баянхангай” ХХК-ийн Цоохор морьтын уурхай дээр ирлээ.  Уурхайн дарга Д.Догсом биднийг угтав.  Тэрээр Бүрэгхангай сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад “уурхайчин” болж.

Тус уурхай нь зургаа дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд нутгийн уугуул иргэний хувьд Д.Догсом гуай  нөхөн сэргээлтэд чин сэтгэлээсээ хандаж ажилласаар ирсэн гэнэ. Харин “Урт нэртэй” хууль гарснаас хойш тус компани голын эрэг дагуух  нөөцтэй хэсэг дээр олборлолт явуулж чадахаа больсон, тэгсэн алтаа  лицензийн төлбөр, газрын төлбөр төлсөөр яваа аж.  Сүүлийн үед сум орон нутаг нь уурхайнууддаа гайгүй хандаж, хамтран ажилладаг болсон, бид ч хандив тусламжаа боломжийн хэрээр үзүүлж байгаа  гэнэ.

Ер нь Заамар суманд ч , Бүрэгхангай суманд ч   алтны компаниудын хувьд  2.5 %-ийн  роялти  ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгааг  хэлэх хүмүүс цөөнгүй. Татвар буурснаар  орон нутгийн алтын компаниуд олборлолтоо нэмэгдүүлж, зээл аван  үүний үр дүнд алт тушаалт    нэмэгдэх болжээ.  
“Уул уурхайгаас болж гол мөрөн ширгэж, уух усгүй болоод байна хэмээн сүүлийн хэдэн жил шуугисан, гэтэл  тийм биш бололтой. Би нутгийн хүн.  Туул гол их  устай, урьд урьдынхаас ч урсгал сайхан байна. Дан уул уурхайгаас боллоо гэж ярьж болохгүй нь байна шүү. Байгаль цаг уурын нөхцөл ч нөлөөлдөг” хэмээн Д.Догсом гуай ний нуугүй ярьж байлаа.

Заамар, Бүрэгхангайн нутгаар явж байхдаа алтны компаниуд илүү хариуцлагатай, байгаль орчноо нөхөн сэргээдэг, орон нутгийнхныг ажлын байраар хангадаг, аюулгүй ажиллагааг чанд сахин хамгаалдаг болж дээ хэмээн  бодогдож байв.

Өнгөрсөн жил гэхэд Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн компаниуд  нийтдээ 1000 гаруй га газрыг нөхөн сэргээжээ.   Гэхдээ төдөн га талбайг нөхөн сэргээж, тийм хэмжээний талбайг ойжууллаа гэж хоосон тоо ярихаас илүүтэй газар дээр нь очиж танилцсан хэн бүхэнд  харах нотолгоо дүүрэн байна.



Заамарын хөндийд хэдхэн жилийн дараа   байгалийн үзэсгэлэн  бүрдэх нь ээ. Энэ бүгд  үндэсний компаниудын  хийж буй ажлын нэг  үзүүлэлт болж үлдэнэ.