ХБНГУ-ын Hazemag & Allmineral компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг наймдугаар сарын 28-нд “Blue Sky” зочид буудалд зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн үеэр “Hazemag” компанийн Худалдаа хариуцсан захирал Хо́йер, “Аllmineral” компанийн Төслийн инженер Хийс нар танилцуулга хийсэн юм.
“Hazemag” группын “Allmineral” компани нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр тоног төхөөрөмжийн хамт нийлүүлдэг бөгөөд дэлхийн олон улсад энэхүү технологио нэвтрүүлсэн тухай тэд онцолж байсан юм. Тус компани нь том хэмжээний нүүрсийг нэг дор бутлах хүчин чадалтай, шууд ил уурхай дээрээ байрлуулан бутлах анхан болон хоёр дахь шатны хөдөлгөөнт бутлуурыг үйлдвэрлэдэг ажээ.
Танилцуулгад дурьдсанаар “Allmineral” нь дэлхийн хамгийн том нүүрсийг хуурай аргаар баяжуулах /allair технологи/ үйлдвэрийг барьжээ. Мөн төмрийн хүдрийг баяжуулах дэлхийн хамгийн том /4000т/цагт/ үйлдвэрийг alljig технологиор барьсан байна.
Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай тунаах alljig® машинуудыг үйлдвэрлэдэг бөгөөд одоогоор тус компани нь 500 гаруй тунаах машин суурьлуулаад байгаа юм байна. Үүгээрээ ч дэлхийд тэргүүлжээ.
АНУ-д 2000 тн/ц хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр, Өмнөд Африкт 4000 тн/ц хүчин чадалтай төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулсан тухай тус компанийн мэдээлэлд дурджээ.
Гадаргын ус багатай Монгол орны нөхцөлд тохирох ус ашигладаггүй allair® төрлийн хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг Allmineral үйлдвэрийн шатанд амжилттай нэвтрүүлсэн байна. Энэхүү технологи нь гадаргын ус багатай Монгол орны нөхцөлд тохиромжтой ажээ.
Одоогийн байдлаар, нүүрсийг хуурай аргаар баяжуулах 75 allair® төхөөрөмж АНУ, Украйн, Энэтхэг, Турк, Испани, Колумб, Бразил зэрэг оронд ажиллаж байна. Тэр дундаа Украйнд хамгийн бага хүчин чадалтай цагт 5 тонн, Испанид хамгийн өндөр хүчин чадалтай цагт 600 тонн нүүрснийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр ажиллаж байна.
“Allmineral” компани нь allflux, alljig, gaustec технологиор баяжуулах үйлдвэрийг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр тоног төхөөрөмжийн хамт үйлдвэрлэн нийлүүлдэг юм. Түүнчлэн элс болон хайрганы боловсруулалтын зах зээлээс гадна нүүрс болон төмрийн хүдэр, бусад хүдэр боловсруулалтын салбарт 1990 оноос хүч үзэж эхэлжээ. Allair буюу хуурай аргаар нүүрс баяжуулах технологи нь хаягдлыг автоматаар зайлуулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, чанарыг жигдрүүлэх, шингэн хаягдалгүй технологи юм байна.
Allmineral компаний нүүрсийг хуурай аргаар баяжуулах allair технологи нь хаягдлыг автоматаар зайлуулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг жигдрүүлэх, зөвшөөрөл авахад хялбар, шингэн хаягдал байхгүй, процесст ус шаардлагагүй, баяжмалын чийглэгт торгууль төлөхгүй, ашиглалтын зардал бага зэрэг давуу талуудтай ажээ.
“Hazemag” компанийн хувьд анхдагч-Цохилттой бортогон бутлагч-загварSB- нь сайр чулуу, нүүрс, хүрэн нүүрс болон дахин боловсруулалтад зориулсан дунд зэргийн хатуулагтай чулууны буталгаа, түүнчлэн туннель барихад хатуу чулуун давхарга хөндийлж ухахад ашигладаг юм байна.
Цохилттой бортогон бутлагч нь өөртө гинжит малтагчтай бөгөөд барилгын ямар нэгэн урьдчилсан арга хэмжээ авалгүйгээр бутлагчийн төхөөрөмжийн зориулалтаар бүхэлд нь шууд ангилах боломжтой аж.
Харин Тэжээл таслагч /Бортогон бутлагч-Загвар FB/-ийн хувьд дунд зэргийн хатуулагтай чулуу, гол төлөв нүүрс, хүрэн нүүрс, кали болон чулуун давс бутлах механизм гэнэ.
Hazemag & Allmineral компанийн өдөрлөгийн үеэр “Монголын алт” ХХК-ийн Төслийн ахлах менежер М.Базаррагчаа “Нарийнсухайтын нүүрсийг Alliar технологиор баяжуулсан туршилтын үр дүн” хэмээх сонирхолтой танилцуулга хийлээ. Тэрээр уг технологийн талаар “Технологийн гол онцлог нь 0-50мм бүхэллэгтэй нүүрсийг баяжуулах боломжтой бөгөөд Нарийнсухайтын нүүрсний хувьд 40% хүртлэх нь 0-5мм бүхэллэгтэй байсан тул 0-5мм, 1-5мм, 5-40мм гэсэн гурван анги тус бүр дээр туршилтыг гүйцэтгэсэн.
Туршилтаар 5-40мм бүхэллэгтэй, 25% -ийн анхдагч үнслэгтэй нүүрсийг баяжуулж 10% үнслэгтэй, 64% -ийн гарцтай баяжмал үйлдвэрлэх боломжтой нь тогтоогдсон ба туршилтын үр дүнд технологийн батлагаа өгсөн. Технологийн ерөнхий шаардлага нь анхдагч нүүрсний чийглэг <7%, бүхэллэг 0-50мм байх ба 1 модулийн хүчин чадал цагт 5-100 тонн байдаг” хэмээн тайлбарласан.
Нарийнсухайтын олон үет давхаргын 25.39% үнслэгтэй, 5-40м бүхэллэгтэй (60%) нүүрсийг хуурай Allair технологиор баяжуулж 9.89% үнслэгтэй, 63.97% гарцтай баяжмал үйлдвэрлэх боломжтой нь тогтоогджээ.
Мөн олон үет давхаргын 18.90%-ийн үнслэгтэй, 0-5мм бүхэллэгтэй (40%) нүүрсийг хуурай Allair технологиор баяжуулж 13.98%-ийн үнслэгтэй, 77.81%-ийн гарцтай баяжмал үйлдвэрлэх боломжтойг батласан хэмээн тэрээр танилцуулгадаа онцолж онцолж байсан юм.