Үүсэн байгуулагдсаныхаа 5 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа “Комацу” брэндийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани ээлжит сургалтаа 9 дүгээр сарын 26-нд “Блю Скай” цогцолборт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан харилцагчдын тоо өмнөхөөсөө нэмэгджээ. Энэ нь “Трансвест Монголиа” компанийн сургалтууд чанартай, үр өгөөжтэй, мэдээлэл сайтай болдгийн илрэл юм.
Энэ удаагийн сургалт нь “Комацу гидр экскаваторууд” сэдвийн хүрээнд зохиогдсон бөгөөд тус брэндийн экскаваторуудын ангилал, тэр дундаа гидр болон кабель экскаваторуудын ялгаа, ашиглалтын зардал зэргийн талаар харилцагчдад тодорхой мэдээлэл өгсөнөөрөө онцлог боллоо. “Монголын уул уурхайн салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад “Комацу”-гийн хүчирхэг, найдвартай техникүүд хэдийнэ нийлүүлэгдсэн. “Оюутолгой” уурхай дээр гэхэд “Комацу” брэндийн бүх техник цогц байдлаар ажилладаг” хэмээн “Трансвест Монголиа” компанийн Худалдааны менежер Д.Болдсүх ярьсан юм.
Уурхайнууд дээр нэг экскаваторт дунджаар таван самосвал ногддог гэхээр уг техникийн ач холбогдол их юм. Өөрөөр хэлбэл, экскаватор доголдоход уурхайн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, маш их хохирол амсдаг. Тийм учраас экскаватор хамгийн найдвартай ажиллагааг хангаж байх ёстой аж.
Комацугийн үйлдвэр нь аж ахуйн зориулалтаар ашигладаг 300 кг-ийн экскаватороос 800 тонны жинтэй хүртэлх экскаватор үйлдвэрлэдэг байна. Монголын уул уурхайн салбарт РС 2000-8 экскаваторууд голдуу ажиллаж байгаа бөгөөд энэ нь 55-150 тонны самосвалуудтай хоршиж ажиллахад нэн тохиромжтой ажээ. Сонирхуулахад, “Комацу” үйлдвэр өнгөрсөн жилээс экологийн шаардлага хангасан, ногоон технологийн шилдэг төлөөлөл болох гибрид экскаваторуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна.
РС 2000-8 экскаваторын хувьд ашиглалтын жин нь 200 тонн бөгөөд хөдөлмөрийн бүтээмж сайн, операторыг тэргүүн ээлжинд тавьдаг, ашиглалтын зардал хамгийн бага, техникийн бэлэн байдал өндөр зэрэг үндсэн дөрвөн зарчмыг хангаж ажилладаг аж. “Комацу” үйлдвэр 1981 онд хамгийн анх 404 морины хүчтэй, 158 тонн бүхий ашиглалтын жинтэй РС 1500 экскаваторыг үйлдвэрлэж эхэлсэн бол 1996 оноос РС 1600, 1999 оноос РС 1800, 2005 оноос РС 2000 загварын экскаваторуудыг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. PC 2000 экскаватор нь PC 1800-ийг бодвол түлш зарцуулалтыг 10%-иар багасгасан зэрэг маш олон давуу талтай ажээ.
Г.Идэр