Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросууд алт, зэсийн ордын төсөлдөө гадаадын хөрөнгө оруулалт татаж байна

Оросын өнгөт металын “Норникель” компани нь зэсийн Быстринскийн Уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ байгуулах төслөөсөө гадна 230 мянган тонн хүдрийн нөөцтэй Лугоканскийн орд, 180 мянган тонн хүдрийн нөөцтэй Култуминскийн ордын ашиглалтад Хятадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Хятадын 12 том компаниас Быстринскийн УБҮ-ийг байгуулах төсөлд хамтран ажиллах саналаа тавьсан байна. Быстринскийн алт, зэсийн ордыг ашиглах төслийн 2014-2017 оны хөрөнгө оруулалт 1,1 тэрбум ам.доллар юм. “Норникель” компани одоогийн байдлаар уг төсөлд 500 сая ам.долларын хөрөнгө оруулсан аж. 

Алс Дорнод, Байкалын бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2025 он хүртэлх  хөтөлбөрт тусгаснаар Быстринскийн УБҮ-ийг байгуулахад 116,8 тэрбум рубль шаардагдах гэнэ. Үүнээс төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 3,6 тэрбум рубли зарцуулах аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад төмөр замын 375 км урттай “Нарын-Лугокан” салаа замыг шинээр барих юм байна. 20 жилийн ашиглалтын нөөцтэй эл ордыг түшиглэн УБҮ байгуулан 2017 онд үйлдвэрийг бүрэн хүчин чадалд нь хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр жилд 10 сая тонн хүдэр баяжуулахдаа 65 мянган тонн зэсийн баяжмал, 2,1 сая тонн төмрийн баяжмал болон 6,3 тонн алтны баяжмал үйлдвэрлэнэ.

Монгол, Хятадын хилд ойр Быстринскийн алт, зэсийн ордыг ашиглах төсөлд мөн Швейцарийн Glencore болон Trafigura, Японы Mitsui компаниуд хамтран ажиллахаар сонирхож буй ажээ. 

Э.Од