Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Newmont Индонез дэх зэсийн экспортоо үргэлжлүүлнэ

Индонез улс энэ он гармагц эрдсийн түүхий эд экспортлохыг хориглож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэрийн хүрээнд өндөр татвар ногдуулах болсон юм. Харин энэхүү шийдвэрт тус улсад үйл ажиллагаа явуулдаг зэсийн томоохон хоёр компани болох Freeport McMoran, Newmont байгуулсан гэрээгээ зөрчиж  байна хэмээн үйл ажиллагаа зогсоогоод байсан юм. Гэсэн ч талууд зөвшилцөлд хүрч, үндсэндээ Индонезийн Засгийн газрын шийдвэрт хоёр компани дараалан буулт хийлээ. Өнгөрсөн 8 дугаар сард Freeport тус улсын Засгийн газартай амжилттай зөвшилцөлд хүрч, үйл ажиллагаагаа сэргээсэн юм.

Харин өнгөрсөн 6 дугаар сард “Batu Hijau зэс, алт, мөнгөний уурхайгаа бүрэн зогсоогоод байсан Newmont өнгөрсөн сард Индонезийн төртэй санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд тус улсын Засгийн газар Newmont-д ойрын 3 жилийн хугацаанд 350 мянган тонн баяжмал экспортлох зөвшөөрөл олгосон байна. Харин Newmont-ийн хувьд баяжмалын экспортын 7.5%-ийн татвар, мөн илүү өндөр роялти төлөхөөр тогтжээ. Тодруулбал, зэсийн роялтид 4%, алт 3.75%, мөнгө 3.25%-ийн төлбөр төлөх юм байна. Үүнээс гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулахад баталгаа болгож, 25 сая доллар гаргахаар болжээ.

Newmont компанийн хувьд оны эхэнд “Batu Hijau”-ийн уурхайгаас энэ жил 125 мянган тонн зэсийн баяжмал экспортолно гэж төлөвлөсөн байжээ. Талууд тохиролцоонд хүрснээр энэ долоо хоногт 30 мянган тонн баяжмал тээвэрлэсэн тухай Newmont мэдээлжээ.

Зарим зэс боловсруулах үйлдвэрүүд тухайлбал Японд төвтэй  Pan Pacific Copper Индонез дэх хоёр ч томоохон уурхайн үйл ажиллагаа сэргэж буй тул зэс боловсруулах тонн тутмын үнээ 9 гаруй хувиар өсгөхөөр шийдвэрлэжээ. Зэсийн томоохон тоглогч Индонезийн зэсийн баяжмалын нийлүүлэлт тасраад байсан нь зах зээлд зэсийн үнийг бууруулахгүй тогтооход түлхэц болж байсан юм. Олон улсын зэсийн судалгааны группын мэдээлснээр оны эхний хагаст зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ 139 мянган тонноор давах төлөвийг тус байгууллага гаргаад байсан нь эсрэгээр эргэж, 500 мянган тонны нийлүүлэлт дутсан үзүүлэлтэй гарсныг мэдээлж байсан юм. Гэхдээ шинжээчид оны сүүлээр эргээд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж тооцож байна.

Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ өнгөрсөн сарын эхээр 6900 гаруй ам.доллар байсан бол сарын сүүлд 6687 доллар болтлоо буурсан юм. Өчигдрийн байдлаар зэсийн үнэ ялимгүй өсч тонн нь 6712 долларт хүрчээ.

 

Б.Төгс