Дэлхийн гангийн холбоо 2014, 2015 гангийн хэрэглээний өсөлт урьд жилүүдийнхийг бодвол удааширна гэсэн таамаг дэвшүүлжээ. Өнгөрсөн 2013 онд дэлхийн гангийн эрэлтийн өсөлт 3.8%-тай байсан нь энэ жил 2%-д хүрч, 1.56 тэрбум тонн болох ажээ. Энэ хэмжээний өсөлт ирэх онд ч хэвээр хадгалагдах бөгөөд хэрэглээ 1.59 тэрбум тоннд хүрэх төлөв гарчээ. Эдгээр таамаг нь тус холбооноос өнгөрсөн 4 дүгээр сард гаргаж байсан урьдчилсан төлөвөөс буурсан дүн юм.
Хятадын эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд тус улсын гангийн эрэлтийн өсөлт буурч буйг тус холбоо онцолж буй юм. АНУ, Энэтхэг, Европын холбоо, Япон зэрэг олон улс орны гангийн эрэлт харьцангуй өсөлттэй, эерэг байх дүр зураг харагдаж буй ч Өмнөд Америк, Хамтын нөхөрлөлийн орнуудад эсрэгээр удаашрах янзтай байна.
Тус холбооны үзэж буйгаар Хятадын хувьд энэ жил эрэлт 1%-иар нэмэгдэж, 748 сая тонн, ирэх жил өсөлтийн хувь бүр 0.8%-д хүрч удаашрах ажээ. Үүнд тус улсын барилгын салбарын өсөлтийн эрчим суларч, нийт эдийн засаг дахь хөрөнгө оруулалт буурсан нь голлон нөлөөлөхөөр байна.
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн сарын 30-ны байдлаар Циндаогийн боомт дээр Пилбарагийн 61%-ийн агуулгатай баяжмалын CFR үнэ нэг тонн нь 80 доллар хүрэхгүй байсан юм. Төмрийн хүдрийн үнэ он гарсаар 40 гаруй хувиар буураад буй юм. Шинжээчид төмрийн хүдрийн үнэ 80 ам.доллар/тонн-д хүрсэн энэ нөхцөлд салбарын компаниудад үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн бэрх болж буйг тэмдэглэж буй юм. Төмрийн хүдрийн магнат BHP цаашдаа хүчин чадлаа 30%-иар нэмэгдүүлэх замаар зардлаа багасгаж, тонн тутмын олборлолтын зардлыг 30 доллар болгож өрсөлдөхөөр шийджээ. Одоогийн ийм хүнд нөхцөлд Симандоу зэрэг төмрийн хүдрийн үлэмж төслийг ч ашигтай ажиллуулахад бэрхтэй ажээ.
Б.Төгс