Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2014 оны тайлангаа өнгөрсөн сард гаргасан байна. Үүнд дурдсанаар Монголын эдийн засгийн өсөлт энэ жил 9.5%, ирэх онд 10%, дунд хугацаандаа хоёр оронтой тооны өсөлттэй хэвээр байхыг тэмдэглэсэн байсан юм. Гэвч уг тайлангийн шинэчилсэн хувилбарыг саяхан нийтэлсэн бөгөөд үүнд өсөлтийн хэмжээг энэ онд 6%, ирэх онд 7.5% байна гэж огцом буулгажээ.
Энэ жил өсөлтийн хэмжээ ийнхүү буурч буй нь манай улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан төдийгүй, экспортын түүхий эдийн үнэ буурч, уул уурхайн төслүүдийн хэрэгжилт хойшилсон нь голлон нөлөөлснийг онцолжээ. Оны эхний хагасын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62.4%-иар танагджээ. Гэхдээ манай улсын хөдөө аж ахуйн салбарын өсөлт энэ жилийн эхний хагаст 16.3% байсан эерэг төлөв гарчээ. Энэ салбар нь ажлын байр олныг бий болгодог бөгөөд манай улсын нийт ажиллах хүчний 30% нь хөдөө аж ахуйд хамаарч байна. Тэр хэрээрээ уг салбарын өсөлтийн хүртээмж илүү сайн байдаг ажээ. Түүнчлэн зэсийн баяжмалын нийлүүлэлтийн өсөлт, Төв банкнаас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн дүнд барилгын салбар тэлж буйг эерэгээр тэмдэглэжээ.
Оны эхний хагаст экспорт зэс, газрын тосны нийлүүлэлт нэмэгдсэнээр 19.1%-иар, хэрэглээ 10.1%-иар өссөн бол уул уурхайн эрчим суларснаар импорт 8.3%-иар буурсныг тус тайланд дурджээ.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 6.2%, ирэх онд 6.4%-иар өсөх тооцоог тус банк гаргасан байна. Бүсийн орнуудын эдийн засаг өнгөрсөн онд дунджаар 6.1%-иар өсчээ.
Б.Төгс