Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ. Энэ нь эдийн засгаас гадна хоёр Солонгосын харилцааг сайжруулах улс төрийн хамтын ажиллагааны алхам хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Өмнөд Солонгос 3 талт хамтын ажиллагааны төсөлд урьдчилсан байдлаар 200-300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.
ОХУ-ын Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэл холбосон төмөр замыг байгуулах төслийг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж, өнгөрөгч 7 дугаар сараас тээвэрлэлт хийж эхлээд байгаа билээ. Нийт 8,3 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 54 км төмөр зам нь жилд 4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадалтай. Хасан-Ражин төмөр замын төсөл нь “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах бодлогод багтаж буй ажээ.
Э.Од