Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Австралийн нүүрс татварын хөнгөлөлт эдэлнэ

Хятадын Засгийн газар энэ сарын 15-наас эхлэн коксжих нүүрст 3%, эрчим хүчний нүүрст 6%-ийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт хамгийн их нэрвэгдэх хэсэг нь Австралийн эрчим хүч олборлогч компаниуд байх нь тодорхой юм. Учир нь Хятад улс руу нүүрс нийлүүлж буй тус улсын компаниуд нүүрсний зах зээл суларсантай холбоотойгоор угаас ашиггүй шахам ажиллаж байхад нүүрсний тонн бүрт ойролцоогоор 3 долларын татвар нэмж төлөх нь ихээхэн хүндрэлтэйг шинжээчид онцолж буй юм. Энэхүү шийдвэрт Австралийн Засгийн газар ч ихээхэн харамсч байгаагаа илэрхийлсэн.

Хятад, Австралийн худалдааны жилийн эргэлт 132 тэрбум долларт хүрч буй бөгөөд Чөлөөт худалдааны гэрээг үзэглэхээр хоёр тал 10 гаруй жил хэлэлцжээ. Гэвч Хятадын энэ алхам нь хоёр талын худалдааны гэрээ байгуулах эрмэлзлэлийг унтраалаа хэмээн хэвлэлүүдээр шуугисан. Харин Хятадын Засгийн газар Австралийн нүүрсний импортын татварыг хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулмагц цуцлахаар шийдвэрлэжээ. Энэ оны эцэс гэхэд гэрээг эцэслэх төлөвтэй байгаа юм.

Австралийн хувьд энэхүү гэрээг үзэглэснээр Хятад руу нүүрс нийлүүлэлтээр хамгийн том өрсөлдөгч болох Индонезтэй ижил байр сууринаас, эн тэнцүү өрсөлдөх боломжтой болох юм. Индонез нь АСЕАН-ы бүлгийн улс болохын хувьд Хятадтай татваргүйгээр худалдаа хийдэг байна. Өнгөрсөн оны байдлаар Индонез Хятад руу 65 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон бол Австрали 58 сая тонныг нийлүүлжээ.

Монголын нүүрсний өрсөлдөгчид ийнхүү зах зээлийн хүнд нөхцөл, Хятадын Засгийн газрын бодлоготой уялдуулан тасралтгүй яриа хэлцэл хийсээр байна. Өмнөд хөршийн нүүрсний шинэ татвар манай улсын нүүрсний экспортод тонн тутамд 1 ам. долларын ачаалал өгөхөөр байгаа талаар MMJ өмнө нь мэдээлсэн. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус Сэтгүүлийн аравдугаар сарын дугаараас уншаарай.


Б. Төгс