Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсөв

Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 9 дүгээр сард өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 17.2%-иар өсч, 4.5 сая тоннд хүрчээ. Үүний 2.19 сая тонныг Австрали, 0.92 сая тонныг Монгол, 0.73 сая тонныг Канад, 0.29 сая тонныг ОХУ, 0.24 сая тонныг АНУ экспортолсон дүн мэдээ гарчээ.

Монгол улсын хувьд өнгөрсөн 8 дугаар сард тус улс руу 1.19 сая тонн коксжих нүүрс экспортолж байсан юм. Харин Австралийн хувьд 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь ийнхүү өнгөрсөн сард 40 орчим хувийн өсөлттэй гарчээ.

Хятад улсын хувьд өнгөрсөн 8 дугаар сард 3.84 сая тонн коксжих нүүрс импортолсон. Хэдийгээр өнгөрсөн сарын импортын үзүүлэлт сарын өмнөхтэйгөө харьцуулахад өсөлттэй байгаа ч, 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад 38%-иар доогуур байгаа юм.

Хятадын хувьд энэ оны эхний 9 сарын байдлаар 44.34 сая тонн коксжих нүүрс импортлоод байгаа талаар тус улсын Гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээллээ.

Монгол улсын хувьд Хятад руу коксжих болон хагас коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс экспортолдог. Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол улс Хятад руу нийтдээ 1.25 сая тонн орчим нүүрс экспортолсон бөгөөд эхний 3 улирлын байдлаар 13.5 сая тонн нүүрс нийлүүлсэн тухай Монголын Үндэсний статистикийн хороо мэдээлсэн билээ. Тодруулбал Монголын нүүрсний экспортын орлого энэ хугацаанд 633 сая ам.долларт хүрээд буй бөгөөд нэг тонн нь дунджаар 47 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж, улсын нийт экспортын 16 орчим хувийг бүрдүүлжээ. Гэхдээ нүүрсний 9 дүгээр сарын экспортын дундаж үнэ 36 ам.доллар/тонн байжээ.


Б.Төгс