Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

П.Очирбатын нийтлэлийн эмхтгэл хэвлэгдлээ

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын “Дэлхийн эрдэс түүхий эдийн цогцолборт Монголын эзлэх орон зай” нийтлэлийн  ном уншигч таны гар дээр очиж байна.

Монголын төдийгүй дэлхийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон түүний нийтлэл, ярилцлага,  олон улсын хөрөнгө оруулагчдын хурал дээр тавьсан илтгэлүүд  нь  2009-2014  онд  салбарын мэргэжлийн сэтгүүл “Mongolian Mining Journal”-ны хуудаснаа  нийтлэгдсээр ирсэн юм. Өдгөө  энэ бүгд нэгэн цогц эмхтгэл  болон хэвлэгдсэн нь энэ юм.  Тэрээр  MMJ” сэтгүүлд өөрийн мэргэжлийн буланг байнга хөтөлдөг  билээ.

“Уул уурхай, геологи, түлш эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги, Монгол-ОХУ, Монгол-Герман, Монгол-Америк, Монгол-Япон, Монгол-БНХАУ-ын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны түүхэн товчоон, ирээдүйн чиг хандлагыг өгүүлсэн П.Очирбат гуайн нийтлэлүүд нь он цагийн хэлхээнд үнэ цэн өндөр, орон зайн далайц хүртээмжтэй билээ” хэмээн  MMJ” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа  номын  өмнөтгөлд тодотгон өгүүлжээ.

Академич П.Очирбат төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байх хугацаандаа  Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийг  урагшлуулсан  хамтын ажиллагааны олон чухал  гэрээ хэлэлцээр  байгуулж байсныг тус  эмхтгэлд  нийтлэгдсэн түүхэн, үнэ цэнтэй  гэрэл зургууд нотлох биз ээ.  Үүгээрээ ч эмхтгэл илүү баялаг мэдээллийг агуулав. Англи, монгол хэл дээр  хэвлэгдсэн   түүний  энэхүү  эмхтгэл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төдийгүй  салбарын  судлаач, мэргэжилтнүүдэд  өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх нь дамжиггүй.  

Уулын инженер, академич П.Очирбат гуайн нийтлэлийн эмхтгэл Монголын  геологи, уул уурхайн салбарыг зөв  зам руу хөтлөх  үнэ цэнтэй бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна. 

                                                                                      

Г.Идэр