Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн баяжмалын үнэ дахин буурлаа

Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмал нэг тонн нь 80 ам.долларт хүрэхгүй болж буурсан билээ. Улмаар энэ сард ялимгүй өсч 82 ам.долларт хүрээд байсан ч өчигдрийн байдлаар 1%-иар буурч 79 орчим ам.доллар болжээ. Энэ нь Хятадын Засгийн газар Aзи, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) дээд хэмжээний уулзалт Бээжинд 11-р сарын 7-12-нд болох гэж буйн хүрээнд үйлдвэрлэлийг түр хугацаанд хумих бодлоготой холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл Бээжин хавиас гадна Тяньжин, Хэбэйн гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хумих эсвэл зогсоох түр арга хэмжээ авахаар тогтсон юм.

Хэдийгээр Хятадад гангийн үнэ багахан хэмжээгээр өсч, зах зээлийн нөхцөл байдал сайжирсан гэсэн мэдээлэл сарын дунд үеэр хэвлэлүүдээр цацагдсан ч, түүхий эдийн зах зээл дагаж өсөхгүй бололтой.

Түүхий эдийн зах зээл судалгааны байгууллага “Platts” Хятадын зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсөх шалтгаан олж харахгүй байгаа гэдгээ тэмдэглэжээ. APEC-ын хуралтай холбогдуулан үйлдвэрлэлийг хумих болсон нь эрэлтийг богино хугацаанд бууруулна гэжээ. Үүнтэй адилаар Австралийн Commonwealth банк уг арга хэмжээ нь 2-3 долоо хоногийн турш эрэлтийг бууруулахын сацуу гангийн үйлдвэрүүдийн өвлийн түүхий эд нөөцлөх төлөвийг бууруулж мэднэ гэжээ.

Оны эхээр нэг тонн нь 140 орчим ам.доллар байсан төмрийн баяжмалын үнэ ийнхүү 40%-иар буураад байгаа ч цаашид үнэ өсөх магадлал муу байгааг шинжээчид санууллаа.


Б.Төгс