Өнгөрсөн баасан гаригт УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн төмөр замыг стандартын царигтай (1435 мм), Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой- Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг Оросын царигтай (1520 мм) барихаар тогтсон. Энэхүү шийдвэр нь удтал маргалдсан царигийн асуудлыг цэглэснээс гадна Монголын эрдэс бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэхэд гол чухал алхам болсон.
Олон улсын хэвлэлүүдээр энэ талаар Монгол улс төмөр замын шинэ бодлогоо баталлаа хэмээн мэдээлж байна. Мөн хоёр хөрштэйгээ холбогдох төмөр замын сувгаа нэмэгдүүлж буйг онцолжээ.
Уг шийдвэрт талархалтай хандаж буй Монголын эрдэс баялгийн компаниудын нэг төлөөлөл бол Хөвсгөл аймгийн “Овоот” коксжих нүүрсний уурхайд олборлолт хийхээр төлөвлөж буй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани юм. Тус компани Овоот-Эрдэнэт чиглэлийн 547 км урттай 1.3 тэрбум ам.долларын төсөв бүхий концессийн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байсан нь Арц суурь-Эрдэнэт чиглэлийг баталснаар улам бүр нааштайгаар эргэжээ.
“Аспайр Майнинг” компанийн захирал Дэвид Паулл сайхан шийдвэр гарсан ч нарийн зүйлс тодорхой болоогүй байгааг тэмдэглэжээ. Одоо Аспайр-ын төмөр замын төсөл хариуцсан охин компани болох “Northern Railways” ХХК-ийн төмөр замын концессийн төслийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хэлэлцэж эхлэх төлөвтэй байгаа ажээ. Тус компанийн хувьд Хятад руу нүүрс экспортлох, Оросоор дамжуулан олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг эрэлхийлэн ажилладаг юм.
Үүнээс гадна Завханы Арц суурь боомт руу төмөр зам тавьснаар Оросуудын хувьд 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон Улуг-Хэмийн сав газраасаа нүүрс тээвэрлэж Хятад руу дөт замаар экспортлох суваг нээгдэнэ гэж Олон улсын төмөр замын хэвлэлд мэдээлжээ.
Өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины Монголд хийсэн ажлын айлчлалаар Зам тээврийн яам, Оросын төмөр зам хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсны дунд Монгол-Оросыг холбосон төмөр замын шинэ гарц нээж, улмаар ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан Хятад руу гаргах тохиролцоо багтсан билээ.
Б.Төгс