УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д энэ сарын
27-28-нд хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын дарга Си Жиньпинд
бараалхсан юм. Энэ үеэр олон асуудлыг ярьж хэлэлцсэний дунд энэ сарын дундаас
эхлэн Хятадын Засгийн газрын хэрэгжүүлэх болсон нүүрсний импортын татварыг
хөнгөлөх тухай хүсэлт УИХ-ын дарга З.Энхболд тавьжээ. Тэрбээр Монголд
боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох
нөхцөл бүрдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэв. Тухайлбал, нүүрсний худалдаа
нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлдэг. Гэтэл дэлхийн хамгийн
том нүүрс импортлогч БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн
жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна.
Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай
компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөхийг хүссэн юм.
Мөн Монголын тал “Синопек” корпорацитай синтетик байгалийн хий
экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгааг дуулгаж, Монгол
Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн
цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр
Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үүний тулд
юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах
шаардлагатай байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ.
Өнөөдөр АМГ-ын зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Хятад улсын нүүрсний импортын татвартай холбоотой мэдээллийг хүргэсэн юм.
БНХАУ нь энэ оны 10 дугаар сарын 15-наас эхлэн импортын нүүрсэнд 3-6% татвар
ногдуулахаар болсон. Энэхүү төрлийн татварыг 2007 он хүртэл мөрдөж байгаад
хүчингүй болгосон байжээ.
Антрацит болон коксжих нүүрсний импортын татварыг 3%-д, харин чулуун нүүрсэнд
тэр дотроо цахилгаан станцид зориулагдсан эрчим хүчний нүүрсэнд 6%-ийн импортын
татвар ногдуулж эхлээд байна.
Бусад төрлийн нүүрс болон нүүрсэнд суурилагдсан шатах түлш болох брикетэд
импортын татварыг 5%-д тогтоожээ.
Хятад улс нь 2005 он хүртэл коксжих нүүрснээс бусад бүх төрлийн нүүрсэнд 6%-ийн
импортын татвар ногдуулж байгаад 2007 он хүртэл шат дараалан бууруулах арга
хэмжээ авч хэрэгжүүлж байсан.
Хятад улсын нүүрсний зах зээл дээр импортын татвар мөрдөж эхэлснээр манай улсын нүүрсний хувьд энэ оны 10
дугаар сарын дундаас эхлэн угааж баяжуулсан нүүрсний үнэ 10-20 юаниар, коксжих
нүүрсний үнэ 20-30 юаниар нэмэгдсэн тухай АМГ мэдээллээ.
Түүнчлэн Хятад улс ирэх оноос нүүрсний чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхтэй холбоотойгоор манай улсын экспортлогч нар бүтээгдэхүүндээ мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фторын шинжилгээ хийлгэх шаардлагатайг АМГ мөн анхааруулж байна.
“Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын удирдлагын талаар
мөрдөгдөх түр журам”-ын тухай
БНХАУ-ын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо зэрэг 6 яам, байгууллага хамтран
2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр арилжааны зориулалттай нүүрсний чанарыг
сайжруулах, нүүрсний цэвэр хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах
зорилгоор “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр
журам”-ыг нийтэд зарласан байна. Энэхүү түр журмыг 2015 оны 1
дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Түр журмын
шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг
хориглосон байна.
Түр журамд арилжааны нүүрсэнд тавигдах стандарт шаардлагыг нарийн
зааж өгчээ. Үүнд: дотоодын хүрэн нүүрсний үнслэг 30%-иас бага, хүхрийн агууламж
1.5%-иас бага, бусад төрлийн нүүрсний үнслэг 40%-иас бага, хүхрийн агууламж
3%-иас бага байх, мөнгөн ус 0.6 мкг/г , хүнцэл 80 мкг/г, фтор 200 мкг/г,
фосфор 0.15%-иас, хлор 0.3%-иас бага байхаар заасан.
БНХАУ-д 600 км-ээс дээш зайд тээвэрлэх нүүрсний илчлэг, үнслэг, хүхрийн
агууламжинд хатуу стандарт зааж өгсөн бөгөөд дээрх 5 химийн элементийн
агууламжаас гадна хүрэн нүүрсний үнслэг 20%-иас бага, хүхрийн агууламж
1%-иас бага, илчлэг нь 3946 ккал/кг-аас дээш, бусад төрлийн нүүрсэнд үнслэг
30%-иас бага, хүхрийн агууламж 2%-иас бага, илчлэг нь 4300 ккал/кг-аас дээш
байхаар хязгаарлалт хийжээ.
БНХАУ-ын “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр
журам”-д заасан техникийн шинжилгээний үндсэн үзүүлэлтүүд нь манай улсын 2014
онд батлагдсан “Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-тай үндсэндээ тохирч
байгааг доор харьцуулсан хүснэгтэнд үзүүллээ. Харин манай экпортлогч нарын
хувьд БНХАУ-ын импортлогч нарт тавигдах шинэ шаардлага болох мөнгөн ус, хүнцэл,
фосфор, хлор, фтор зэрэг 5-н элементийн шинжилгээг хийлгэсэн байх шаардлага
шинээр тавигдахаар байна.
“Арилжааны нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөгдөх түр журам”-д
заагдсан нүүрсний чанарын шаардлага ба “Нүүрс, нүүрсэн
бүтээгдэхүүний ангилал (MNS 6457: 2014)” стандарт дахь нүүрсний
чанарын шаардлагын харьцуулалт
|
БНХАУ-ын “Арилжааны нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөгдөх түр журам”-ын үзүүлэлтүүд |
Монгол улсын “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал (MNS 6457: 2014)” стандартын үзүүлэлтүүд |
||
Арилжааны нүүрс |
600 км-ээс дээш зайд тээвэрлэх арилжааны нүүрс |
|||
Хүрэн нүүрс |
||||
Илчлэг |
- |
(Qnet,ar) ≥16,5МЖ/кг (3940 ккал/кг ) |
(Qnet,ar) <18,8МЖ/кг (4500ккал/кг) |
|
үнслэг |
(Ad) ≤30% |
(Ad) ≤20% |
(Ad)< 20% |
|
хүхэр |
(St,d)≤1,5% |
(St,d) ≤1% |
(St,d) ≤1,5% |
|
Бусад үзүүлэлт |
Мөнгөн ус(Hgd) ≤ 0,6mг/г |
- |
||
Хүнцэл (As d ) ≤ 80mг/г |
- |
|||
Фосфор (Pd) ≤ 0,15% |
- |
|||
Хлор (Cld) ≤ 0,3% |
- |
|||
фтор (Fd) ≤ 200mг/г |
- |
|||
Бусад төрлийн нүүрс |
||||
Илчлэг |
- |
(Qnet,ar) ≥18 МЖ/кг (4300 ккал/кг ) |
(Qnet,ar) ≥18,8МЖ/кг (4500ккал/кг) |
|
үнслэг |
(Ad) ≤40% |
(Ad) ≤30% |
(Ad) ≤25% |
|
хүхэр |
(St,d) ≤3% |
(St,d) ≤2% |
(St,d) ≤1,5% |
|
Бусад үзүүлэлт |
Мөнгөн ус(Hg d ) ≤ 0,6mг/г |
- |
||
Хүнцэл (As d ) ≤ 80mг/г |
- |
|||
Фосфор (Pd) ≤ 0,15% |
- |
|||
Хлор (Cld) ≤ 0,3% |
- |
|||
фтор (Fd) ≤ 200mг/г |
- |
|||
Иймд БНХАУ-ын “Арилжааны нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөгдөх
түр журам”-ын хэрэгжиж эхлэх 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс өмнө нүүрс
экспортлогч аж ахуйн нэгжүүд мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор зэрэг 5-н
элементийг журамд заасан хязгаарт тодорхойлуулах, энэ шинжилгээг хийх чадвартай
лабораторийн судалгаа гаргаж, аргачлал стандартыг нэвтрүүлэх,
шинжилгээний тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг үйл ажиллагааг
яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.