Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Бороогийн уурхайн үйл ажиллагаа дуусах төлөвтэй байна

Канадын алтны олборлогч “Сентерра Гоулд” компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Тус компани мөн хугацаанд 3.2 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх оны 3 дугаар улиралд компанийн алдагдал 1.8 сая доллар байжээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд алтны зах зээл харьцангуй тааруухан байсан нь нөлөөлжээ.

3 дугаар улиралд тус компанийн гол орд болох Кумтороос 95.2 мянган унц алт, Бороогийн уурхайгаас 15.5 мянган унц, нийтдээ 110.8 мянган унц алт олборлосон бөгөөд өнгөрсөн оны мөн үед олборлолтын хэмжээ 113.8 мянган унц байсантай харьцуулахад уг үзүүлэлт ялимгүй буурчээ.

Кумтор орд нь Киргиз улсад оршдог бөгөөд “Сентерра”-гийн урдаа барьдаг гол уурхай юм. Монгол дахь Бороогийн уурхай нь тус компанийн бас нэгэн том уурхай юм. Мөн Турк, ОХУ-д Сентерра хайгуулын үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Тайланд дурдсанаар тус компани оны эхний 9 сарын байдлаар 320 мянган унц алт үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онд уг үзүүлэлт 328.5 мянган унц байсантай харьцуулахад буурсан дүнтэй гарчээ. Ийнхүү буурсан нь Бороогийн уурхайн үйлдвэрлэл багассантай холбоотой ажээ. Гэхдээ Кумторын ордын үйлдвэрлэл нэмэгдсэн байна.

Тус компанийн Монгол дахь салбар “Бороо гоулд” компани өнгөрсөн 3 дугаар улиралд 15.5 мянган унц алт олборлож, 14.7 мянган унц алт борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос олборлолтын хувьд 34%, худалдааны хувьд 50%-иар буурсан дүн ажээ. Олборлолтын хэмжээ ийнхүү буурсан нь хүдрийн агуулгын хэмжээ багассантай холбоотой ажээ. Мөн агуулах дахь хүдрийн нөөц оны сүүлээр дуусахаар байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ нуруулдан уусгах аргаар олборлож буй хүдрийн агуулга ч 30%-иар буурчээ.

Тус компанийн алтны борлуулалтын үнэ эхний гурван улирлын байдлаар дунджаар 1281 ам.доллар/унц байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар буурсан үзүүлэлт ажээ. Түүнчлэн борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ мөн хугацаанд 315 мянга орчим унц болсон нь өмнөх оныхоос 4% доошилсон дүнтэй гарчээ.  

Энэ онд тус компани Кумтороос нийтдээ 550-600 мянган унц, Бороогийн уурхайгаас 50 мянган унц алт олборлоно гэж тооцоолж байна. Хэдийгээр Бороогийн уурхайн алтны олборлолтын 2014 оны төлөвлөгөөг тус компани өмнө нь 45 мянган унц гэж тэмдэглэж байсан ч ийнхүү 11%-иар нэмэгдүүлжээ. Үүнд метал авалтын хэмжээ төлөвлөснөөс дээгүүр байгааг харгалзаж тусгажээ. Бороогийн уурхайн төлөвлөгөөг зөвхөн нөөцөд хадгалаастай байгаа хүдэрт үндэслэн тооцсон бөгөөд уурхайн үйл ажиллагаа дуусах дөхөж буйг тус компани онцолжээ.

Тус компани Монголд орших Гацууртын алтны уурхайг Стратегийн ордод оруулахаар Засгийн газарт саналаа өгсөн бөгөөд УИХ-д хараахан өргөн бариагүй байна. Гацууртын ордын нөөц нь 75 тонноор хэмжигдэж буй бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлээр батлагдсан нөөц нь 42 тонн ажээ.



Б.Төгс