Рио Тинто “Оюутолгой” төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээгээ 2.5 тэрбум доллараар бууруулж бүртгэх /write down/ гэж байгаа талаар олон улсын хэвлэлүүдээр яригдаж байна. Энэ нь “Оюутолгой” төсөлд, түүний 34 хувийг эзэмшиж байгаа Монголын талд ямар нөлөө үзүүлэх, Монголын Засгийн газрыг “шахалтад” оруулж байгаа хэлбэр мөн үү зэрэг асуудлаар MIBG хөрөнгө оруулалтын компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүнээс тодрууллаа. Write down хийх нь “Оюутолгой” төсөлд яаж нөлөөлөх вэ?Рио Тинто энэ жил өөрийн Оюутолгойн ордод оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг 2.5 тэрбум доллараар бууруулан бүртгэж байгааг нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар хийж байгаа үйлдэл гэж харж байна. Ер нь аливаа компани өөрийн хөрөнгөө компанийн санхүүгийн тайланд тусгахдаа зарим хөрөнгөнд элэгдэл бодож бүртгэдэг бол зарим хөрөнгийг, ялангуяа хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулж тайланд тусгадаг.
Ингэж write down хийж байгааг төслийн эдийн засгийн үзүүлэлт буурч байна гэж ойлгох нь зүйтэй. Нэгдүгээрт, тѳслийн мѳнгѳн урсгал хойшлох, хоёрдугаарт, зэс, алт, мѳнгѳ зэрэг бүтээгдэхүүний зах зээлийн урт хугацааны үнийн тѳсѳѳлѳл гэх мэт санхүүгийн загварын ѳгѳгдѳл бүхэн байнгын хѳдѳлгѳѳнд байгаа нь тѳслийн эдийн засгийн үнэлгээнд сѳргѳѳр нѳлѳѳлж байна. Энэ онд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг OreWin Pty Ltd компани хийсэн бөгөөд тухайн ТЭЗҮ дээр төслийг мөнгөн урсгалын аргаар үнэлэх ёстой. Энэхүү мөнгөн гүйлгээний аргаар үнэлсэн байдал нь урьдын ТЭЗҮ-ээс бага гарсан гол шалтгаан нь далд уурхайн ашиглалт удааширч байгаатай холбоотой юм.
Яг тѳслийн зах зээлийн үнэлгээг бол “Туркуойз Хилл” компанийн хувьцааны ханшаас илхэн харж болно. 2010 онд $28.0 доллар хүрч байсан хувьцаа одоо зах зээл дээр $3 байгаа нь зах зээлийн үнэлгээ хэрхэн унаж байгааг тодорхой харуулна.
Анхны ТЭЗҮ дээр яригдаж байсан мөнгө урсгалын хэмжээ буурч байна гэсэн үг үү? Хэр хэмжээгээр яаж буурсан бэ?2013 оны АМС компанийн хийсэн ТЭЗҮ дээр “Оюутолгой” тѳслийн нийт мѳнгѳн урсгалыг 8% хүүгээр тооцож ѳнѳѳгийн үнэлгээнд шилжүүлэхэд $9.87 тэрбум болж тѳслийн анхны хѳрѳнгѳ оруулалтаа нөхөх хугацаа нь 7.4 жил байсан. Харин 2014 оны ОreWin компанийн ТЭЗҮ дээр $7.43 тэрбум болж хѳрѳнгѳ оруулалтаа нѳхѳх хугацаа нь 9 жил болж удааширчээ. 2013 оны ТЭЗҮ тооцооллыг хийхдээ паунд зэсийн үнийг $2.87, трой унц алтны үнийг $1,350, унц зэсийн үнийг $23.50-аар тооцож байсан бол энэ жилийн ТЭЗҮ дээр зэсийг $3.08, алтыг $1,304, мѳнгийг $21.46 байхаар тооцоолж байгаа нь хүртэл тѳслийн мѳнгѳн урсгалын үнэлгээ ѳѳрчлѳгдѳхѳд нѳлѳѳлж байгаа юм. Гэхдээ хамгийн гол хүчин зүйл бол далд уурхайн олборлолт хойшилж байгаа асуудал юм. Жишээ нь маргааш авах байсан 1000 төгрөгийг 1 жилийн дараа авахаар болж хойшлогдвол хүү бодогдож, өнөөгийн үнэ цэн нь унадагтай адил гэсэн үг.
“Оюутолгой” төсөл удааширна гэдэг нь Монгол улсын иргэдэд ч гэсэн сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Оюутолгойгоос орж ирэх мөнгөн урсгал хойшилж байгаа явдал нь манай Засгийн газрын авах ногдол ашиг, нөөц ашигласны төлбөр, татварууд мөн тийм хугацаагаар хойшилно гэсэн үг. Мөн хувийн салбарт үүсгэх үржүүлэгч эффект ч гэсэн мөн хугацаагаар хойшилно гэдэг бол Монгол улсын эдийн засгийн хөгжлийг удаашруулах шалтгаан болох юм.
Ингэж бичсэн нь Монголын Засгийн газрыг “шахалтад” оруулж байгаа хэлбэр мөн үү?“Рио Тинто” компани “Туркуойз Хилл” компанид хийсэн хөрөнгө оруулалтыг өөрийн тайлан балансад бүртгэхдээ эхлээд төслийн үнэлгээг (NPV) бүртгээд илүү гарсан үнэлгээг нь Гүүдвилл (Goodwill) хэмээн бүртгэдэг. Энэхүү гүүдвилл нь “хөөс” гэж ойлгож болно. Харин тухайн компани Монголд оруулсан хөрөнгө оруулалтдаа анхны удаа үнэлгээ бууруулах бичилт хийж байгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ оны эхний улиралд тус компани өөрийн хийсэн хөрөнгө оруулалтынхаа “хөөс” хэсэгт нь 1.1 тэрбум долларын алдагдлаа бүртгээд авчихсан. Тиймээс энэхүү үйлдлүүд нь Монголын Засгийн газрыг айлгах гэсэн үйлдэл гэхээсээ илүүтэйгээр тухайн компанийн мөрддөг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын (International Financial Reporting Standard) дагуу ажиллаж бичилт хийж байгаа асуудал.
Эцэст нь хэлэхэд энэ бүхэн хэдийгээр нягтлан бодох бүртгэлийн асуудал мэт харагдаж болох ч цаанаа “Оюутолгой” төслийн үнэ цэн хурдтайгаар унаж байгаа гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудыг хохироох гэж улайрсандаа 6 тэрбум доллараа Монголын говьд булаагүй. Төслийн үнэлгээг бууруулж бичлээ гээд “Рио Тинто” болон “Туркуойз Хилл” компаниуд мөн л санхүүгийн алдагдал хүлээж байгаа нь бэлхнээ харагдаж байна. Дээр дурдсанчлан компанийн хувьцааны ханш 4 жилийн дотор 7 дахин унасан байдал болон тус компанийн санхүүгийн тайлан дээр хүлээж буй алдагдлууд нь хѳрѳнгѳ оруулагчдад санхүүгийн алдагдал хүлээх шалтгаан болж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ