Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Худалдааны тохиролцоогоо эхлээд хийх саналыг “Синопек” тавьж байгаа

Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц. Сүхбаатартай ярилцлаа.

Монгол ба Хятадын удирдагчид зөвхөн энэ жил тав дахь удаагаа уулзаж байна. Хамтын ажиллагаа идэвхжүүлэх сонирхлоо талууд цөөнгүй удаа илэрхийлсэн ийм үед тодорхой ямар ажлуудыг, хэзээ, хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?

АПЕК-ийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцаанд нэн түрүүнд тавигдаж байгаа асуудлуудыг хэрэгжүүлэх тал руу нь нэлээн хандсан яриа өрнөлөө. Өнгөрсөн 8 дугаар сард Си Жинпин даргын Монгол улсад хийсэн айлчлал, мөн Душанбед болсон гурван талын санаачлагыг хэрэгжүүлэхээр бодит хамтын ажиллагаа эхлүүлье гэсэн эрмэлзлээ БНХАУ-ын Дарга илэрхийллээ. Манай талаас экспортын гол бүтээгдэхүүнүүдийн татварын асуудал, ялангуяа нүүрсний худалдаанд татварын хөнгөлөлт хэрэгжүүлэх санал тавилаа.  Хятадын тал манай саналыг ойлгон хүлээн авч, нээлттэй шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн саяхан УИХ-аас өмнө зүгийн зарим чиглэлд стандартын царигтай төмөр зам тавих шийдвэр гаргасныг таатай хүлээн авч байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааг бодит бүтээн байгуулалт болгох талаар холбогдох хүмүүсээ ойрын үед уулзуулъя гэж ярилаа.

Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой зүйл яригдсан уу?

Манай талаас экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийнхээ худалдааг хөнгөвчлөх талаар санал тавьж байгаа.  Хятадын талаас Эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал,  хил дамнасан  худалдааг идэвхжүүлэх санал тус тус тавьсан. Ер нь БНХАУ манайтай санхүү, уул уурхай, дэд бүтцийг цогцоор нь хамарсан хамтын ажиллагаа хэрэгжүүлье гэдэг. Тавантолгой ордын тендерийг дахин зарлаж байгаа үед Шенхуа групп энэхүү тендерт амжилттай оролцоно гэдэгт итгэж байгаагаа манай тал илэрхийлсэн.

Нүүрсний импорт дээр ногдуулж буй 1-3 хувийн татвараас манай улсыг ойрын үед чөлөөлөх үү?

Тус улс импортын нүүрсэнд  өмнө нь татвар ногдуулдаг байснаа саяхнаас сэргээсэн. Уг арга хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах, дэлхийн хэмжээнд яригдаж буй карбон хүчлийг багасгах ажлуудын хүрээнд нүүрсний хэрэглээг аль болох хязгаарлах бодлоготой уялдаатай. Нүүрсний зах зээл хүнд байгаа үед импортын татварыг хөнгөлөх, түр хугацаагаар хэрэглэхгүй байх саналыг манай тал тавьсан. Хятадын тал Чөлөөт худалдааны хэлэлцээр бүхий зарим улсын бүтээгдэхүүнд импортын татвар тавихгүй байгаа шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй гэсэн хариулт өгсөн.

Тавантолгой ордын тендерт оролцохоор хүсэлтээ ирүүлсэн Шенхуа групп манай талд тодорхой санал тавьсан уу?


Тавантолгойг ашиглах үйл явцад оролцох сонирхолтойгоо тус улс албан ёсоор хэлж байгаа. Шенхуа нь төрийнхөө дэмжлэгтэйгээр тендерт орж байгаа гэдгийг өмнө нь ч манай талд илэрхийлж ирсэн.

Нүүрс хийжүүлэх “Синопек” хэмээх том төслийн ажил хэр урагштай байгаа вэ?


Өнгөрсөн оны 10 дугаар сард Ерөнхий сайд Н. Алтанхуяг Хятад улсад айлчлах үеэрээ нүүрснээс синтетик хий гаргах төсөл хамтарч хэрэгжүүлье гэж анхны санал тавин, Санамж бичиг зурсан. Монголын талаас эхний ээлжинд хий боловсруулах бага оврын туршилтын үлдвэр байгуулъя гэж байгаа. Цаашдаа том төсөл хэрэгжүүлэх эхний алхам болог гэж. УИХ дарга саяхан айлчлалынхаа үеэр “Синопек” компанид зочилсон. Монголын талын өөрийнх нь хүсэл сонирхол ямар байгаа талаар тооцоо судалгаагаа хийгээд ирвэл хамтран ажиллахад бэлэн гэдгээ “Синопек” илэрхийлсэн.

“Синопек” төсөл санхүүжилтээ хэрхэн босгох вэ?

Том үйлдвэр байгуулж байж ашгаа олж зардлаа нөхнө гэсэн байр сууриа “Синопек”  илэрхийлдэг. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг урт хугацаанд, их хэмжээгээр Хятадын зах зээлд нийлүүлнэ гэсэн худалдааны тохиролцоог эхлээд хийе. Ингэвэл санхүүжилт болон бусад асуудлаа зохицуулахад илүү дөхөм болно гэсэн.

Л. Болор