Бээжин хотноо Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган 7 хоногийн турш үргэлжлэн өндөрлөж байна. Чуулганы үеэр Орос-Хятадын Төрийн тэргүүн нар “баруун” чиглэлээр хий нийлүүлэх “Алтай” төслийг хэрэгжүүлэх зөвшилцөлд гарын үсэг зурсан байна. Энэхүү төслийн хүрээнд Орос 30 жилийн турш 30 тэрбум м3 байгалийн хийг Хятадад нийлүүлэх учиртай.
Төслийн гэрээг ирэх онд үзэглэхээр төлөвлөж байгаа талаар “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ мөн “Сибирийн хүч”, “Алтай” төслүүдээс гадна ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас хий нийлүүлэх 3 дахь чиглэлийн шинэ төслийг боловсруулж байгаа тухай өгүүлсэн байна. “Газпром”, CNPC компанийн удирдлагууд шинэ чиглэлийн талаар өнгөрсөн 10 дугаар сард зөвлөлдсөн аж.
Оросын компани байгалийн хий шингэрүүлэх “Владивосток” үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулах төслийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд төслийг танилцуулж байхад 220 тэрбум рублиэр үнэлэгдэж байжээ. Тухайн үед үйлдвэрийн түүхий эдийг Якут дахь Чаяндын ордоос нийлүүлэхээр төлөвлөж байв. “Сибирийн хүч” хоолойгоор Хятадад хий нийлүүлэх гэрээг байгуулсан учир үйлдвэрт түүхий эдийг Сахалины Өмнөд-Кирины ордоос авч, Сахалин-Хабаровск-Владивосток хоолойгоор бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр тооцоолсон байна. Харин Хятадын тал “Владивосток” үйлдвэрийг байгуулахын оронд хий нийлүүлэх 3 дахь чиглэлийг санал болгоод байгаа юм.
Э.Од