Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Тавантолгойн “мухардал” Макмахоны орлогын төлөвийг бууруулав

Австралийн “Макмахон” компанийн цэвэр ашиг энэ оны байдлаар 30.4 сая долларт хүрэх төлөвтэй байна. Харин ирэх оны орлогын төлөвөө тус компани 150 сая доллараар бууруулж 850 саяас 1 тэрбум доллар байсныг 750-850 сая доллар болгожээ.

Ийнхүү буурсан нь тус компанийн “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийж буй яриа хэлэлцээр гацаанд орсонтой холбоотой ажээ. Хэдийгээр хоёр тал Зүүн цанхийн гэрээт олборлогчийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж буй боловч нааштай үр дүн гарах нь эргэлзээтэй байгаа тухай тус компанийн Ерөнхий захирал Росс Кэрролл мэдэгджээ. Хэдийгээр Макмахон гэрээний дагуу ажил гүйцэтгэсний төлбөрөө авахыг шаардаж буй боловч нөгөө талаас Эрдэнэс Тавантолгой тус компанийг гэрээний үүргээ гүйцэт биелүүлээгүйн сацуу өндөр зардлаар олборлож буй тул дахин ярилцаж зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буй юм.

Ирэх онд гэрээний хүрээнд Тавантолгойн үйл ажиллагаанаас Макмахон 100 сая доллар орлого олно гэж төлөвлөсөн нь ийнхүү биелэхгүй байж мэдэхээр байна.

Хэрэв талууд тохиролцож чадахгүй бол энэ санхүүгийн жил өндөрлөмөгц олон улсын арбитрийн шүүхэд хандах бодолтой байгаа талаараа ч тэрбээр мэдэгджээ.

Макмахон өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр гэрээний төлбөр болох 22 сая долларыг захиалагч компани барагдуулаагүй тул Зүүн цанхийн олборлолтыг зогсоож буйгаа албан ёсоор зарласан юм.

Макмахон нь 2012 оны 2 дугаар сараас хойш Зүүн цанхийн уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж буй бөгөөд гэрээний хугацаа  уг нь 2017 онд дуусах юм. Хоёр компани 500 сая долларын гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд жилд дээд тал нь 15 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөөд буй юм.


Б.Төгс