Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Татварын орлого 914 тэрбум төгрөгөөр тасалджээ

Энэ оны эхний 10 сарын Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 4.898 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 778.2 тэрбум төгрөгөөр буюу 13.7%-иар тасарчээ. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 5.128 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 1 тэрбум төгрөг буюу 16.7%-иар тасарсан байна.

Нийт орлого ба тусламжийн 84%-ийг бүрдүүлж байгаа татварын орлого төлөвлөгөөнөөс 914 тэрбум төгрөг буюу 18%-иар тасарч 4.1 их наяд төгрөг болжээ.

Эхний 10 сарын байдлаар татварын орлого тус бүрээр ангилж авч үзвэл, орлогын албан татварын орлогыг 1 их наяд 35.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч 195.5 тэрбум төгрөг буюу 18.9%-иар тасарч, 840 тэрбум төгрөг болжээ. Оны эцэс гэхэд 1 их наяд, 283.6 тэрбум төгрөгийг Орлогын албан татвараас төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм. Өмнөх оны мөн үед Орлогын албан татварын орлого 863.3 тэрбум төгрөг байсан байна.

Орлогын албан татвар дотор ААНОАТ 629.1 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч 164.8 тэрбум төгрөг буюу 16.2%-иар дутаж, 464.3 тэрбум төгрөг болжээ. Оны эцэс гэхэд төсөвт 782 тэрбум төгрөгийг ААНОАТ-аар төвлөрүүлэх ёстой. Өмнөх оны мөн үед 509.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж байсантай харьцуулахад энэ жил 45.1 тэрбумаар бага байгаа байгаа юм.

НӨАТ-ын орлогыг 1 их наяд 382.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч 251.3 тэрбум төгрөг буюу 18.2%-иар тасарч, 1 их наяд 131 тэрбум төгрөг болжээ. Оны эцэс гэхэд 1 их наяд 702.4 тэрбум төгрөгийг НӨАТ-аар авах төлөвлөгөөтэй. Өмнөх оны мөн үед 1 их наяд 127.7 тэрбум төгрөгийг НӨАТ-аар төсөвт төвлөрүүлж байжээ.

Онцгой албан татварын орлогыг 469.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч 89 тэрбум төгрөг буюу 19%-иар тасалдаж, 380.5 тэрбум төгрөг болжээ. Оны эцэс гэхэд 597.7 тэрбум төгрөгийг Онцгой албан татвараар төсөвт төвлөрүүлэх ёстой. Онцгой албан татварын орлого тасалдахад суудлын автомашины татвар 63.7 тэрбум буюу 44.3%-иар тасалдаж, 80 тэрбум төгрөг болсон нь голлон нөлөөлжээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 494.8 тэрбум төгрөг байхаар тооцсон ч 175.8 тэрбум төгрөг буюу 35.5%-иар тасарч, 319 тэрбум төгрөг болжээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэл 185.1 тэрбум төгрөгөөс 72%-иар өссөн үзүүлэлт юм. Оны эцэс гэхэд АМНАТ-аар 569 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоотой юм.

Харин өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 73.5 тэрбум төгрөгөөр тасарч, 107.1 тэрбум төгрөг болжээ. Өнгөрсөн оны мөн үед ӨНАМНАТ-өөр 144.2 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлж байсан бөгөөд энэ оны эцэст 194.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм.


С.Болд-Эрдэнэ