Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн 10 дугаар сард 7.7%-тай гарсан нь өмнөх сарынхаасаа буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн 9 дүгээр сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцын өсөлт 8.5%-тай байсан юм. Гэхдээ өнгөрсөн сарын үзүүлэлт нь дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи хамгийн доод үзүүлэлттэй гарсан 8 дугаар сарын 6.9%-ийн хэмжээнээс дээгүүр дүн болж байна. Оны эхний 10 сарын байдлаар үл хөдлөх хөрөнгө болон үйлдвэрийн байгууламж, тоног төхөөрөмжид хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.9%-иар өссөн нь 2001 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн бага өсөлтийн үзүүлэлт ажээ. Мөн жижиглэнгийн худалдааны өсөлт 2006 оны эхэн үеэс хойшхи хамгийн бага хэмжээгээр өсч 11.5%-тай гарчээ.
“Ройтерс”-ын шинжээчид өнгөрсөн сард Хятадын үйлдвэрлэлийн өсөлт 8%, жижиглэнгийн худалдааны эргэлт 11.6%-иар дээшилнэ гэж урьдчилан тооцоолж байснаас бодит дүн ийнхүү доогуур гарлаа. Тус улсын Засгийн газар энэ жил эдийн засгийн өсөлт 7.5%-тай байх зорилт тавин ажиллаж буй ч үйлдвэрлэлийн эрчим, орон сууцны зах зээлийн суларсны нөлөөгөөр энэ хэмжээнд хүрэхгүй байх магадлал маш өндөр байгааг эдийн засгийн шинжээчид сануулж байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт оны эхний 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.4%-тай гарсан нь 2009 оны 7 дугаар сараас хойшхи хамгийн бага дүн юм. Цаашид үл хөдлөх хөрөнгийн худалдаа, шинэ барилга байгууламж барих эрчим багасах төлөвтэй байна.
Харин Хятадын Ерөнхий сайд Ли Көцян 25 дахь АСЕАН-ы чуулга уулзалтаар мэдэгдэхдээ Хятадын макро эдийн засгийн өсөлт урт хугацаандаа хэвээр хадгалагдана гэжээ. Учир нь тус улс хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлтийн эгзэгтэй үед буй тул хэрэглээ, хөрөнгө оруулалт байх болно. Өнгөрсөн оны байдлаар 50 гаруй хувьд хүрээд байсан хотжилтын түвшин 70 гаруй хувьд хүрэх хүртэл урт хугацаа шаардана. Иймд эдийн засгийн өсөлт хэвээр хадгалах боломж нөөц бүрэн байгааг өчигдөр чуулганы үеэр тэмдэглэжээ. Нөгөөтэйгүүр Хятадын Төрийн тэргүүн Си Жинпин өнгөрсөн ням гаригт хэдийгээр Хятад улсын өсөлт 7% байлаа ч энэ нь дэлхийн хэмжээнд тэргүүлэх өсөлт хэвээр байх болно гэж мэдэгджээ.
Тус улсын Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс шат дараатай ажлыг авч хэрэгжүүлсээр байгаа юм. Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сард орон сууцны ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулаад буйн зэрэгцээ 100 тэрбум долларын дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр дөнгөж батлаад буй юм. Түүнчлэн Хятадын төв банкнаас 769.5 тэрбум юанийн богино хугацааны зээлийг өнгөрсөн 9, 10 дугаар сард арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ.
Энэ жилийн хувьд Хятадын эдийн засгийн өсөлт 7.5%-даа хадгалагдах бүрэн боломжтойг Ли Көцян онцолжээ.
Харин ирэх жилийн байдлаар тус улсын ДНБ-ий өсөлт 7%-тай байх талаар тус улсын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв урьдчилан гаргажээ. Энэ нь эдийн засгийн шинжээчдийн гаргаж буй дундаж төлөвтэй дүйж байгаа ажээ.