Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн гэрээ өөрчлөгдөх үү




С.Болд-Эрдэнэ

Удтал хүлээсэн “Рио”-гийн цэвэр ялалт

Монгол даяар “Оюутолгой” яах гэж байна гэж гайхсан, удахгүй шийдэгдэх нь дээ хэмээн горьдсон хүмүүс. Харамсалтай нь Оюутолгойн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй, бүр тодруулбал ирэх оны хоёрдугаар улирал хүртэл зогсонги байдалд орох, цаашид хэрхэх нь тодорхойгүй байдал үүсээд байгааг нөхцөл байдал харуулж байна.

Сүүлийн 20 сар үргэлжилсэн “тоглоом” “Рио Тинто”-гийн цэвэр ялалтаар өндөрлөх нь нэгэнт тодорхой болоод байна. Засгийн газар өөрөө өөртөө дэгээ тавьсаар энэ өрөгт хожигдох нөхцөлөө бүрдүүлчихлээ.

Санамж бичиг

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн сард ярилцлага өгөхдөө, “Оюутолгойн талаар маргаантай байгаа 30-аад асуудлаас 4 нь үлдчихээд байна. Есдүгээр сарын 30-ны дотор эдгээр асуудлыг нэг тийш нь болгоно. Тиймээс Засгийн газар бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Есдүгээр сарын 30-нд хоёр тал нэгдсэн байдлаар байр сууриа илэрхийлэхээр чармайн ажиллаж байгаа. Сарын сүүлийн долоо хоногт “Рио Тинто”-гийн нэгдүгээр хүнийг Монголд ирүүлэх урьдчилсан тохиролцоотой байгаа” хэмээн ярьж байсан билээ. Түүний хэлснээр холбогдох албаны хүмүүс Улаанбаатар, Лондонд нэг бус удаа уулзаж, яриа хэлэлцээр хийсэн. Гэхдээ 9 дүгээр сарын 30-нд хамтарсан мэдэгдэл хийсэнгүй. “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш ч Монголд ирсэнгүй, тэгсхийгээд намжив.

Ямар тохиолдолд хоёр тал хамтарсан мэдэгдэл хийх гэж байсан бэ? Яагаад бүтэлгүй болов гэдэг асуулт хариултгүй үлдэж байна. Магад энэ асуултын хариулт Оюутолгойн асуудал яагаад шийдэгдэхгүй байгаагийн үндсэн шалтгаан ч байж мэдэх юм.

Сэм Уолш Улаанбаатарт ирж, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар Засгийн газартай тохирч, улмаар албан ёсоор хамтарсан мэдэгдэл хийх гэж байсан болов уу гэсэн таамаглал байсан. Хоёр тал далд уурхайн санхүүжилт дээр тохирч чадаагүй гэдэг нь тодорхой болсон. Хэзээ тохирох нь ч тодорхойгүй байна. Үүнээс гадна албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр тал Санамж бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байжээ. Уг Санамж бичигт ямар асуудлууд багтсан талаар тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан Монголын тал Санамж бичиг зурахаас татгалзсан байна.

Санамж бичигт гарын үсэг зурахгүй байх нэг үндэслэл бий. Хэрэв гарын үсэг зурвал Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эрхзүйн үндэслэл бий болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд “...хоёр тал бичгээр тохиролцсон тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалт байдаг. Хэрэв Санамж бичиг байгуулвал гэрээнд өөрчлөлт оруулах эрх нээгдэж байгаа, дээр нь нөгөө тал өөрчлөлт оруулах тодорхой саналаа тавьсан болохоор Санамж бичигт гарын үсэг зураагүй байх магадлалтай  юм. 

Гэрээний өөрчлөлт

“Рио Тинто”-гийн Зэсийн группын захирал Жан Себьестиан Жак “Бид Засгийн газарт саналаа тавьсан. Засгийн газар үргэлжлүүлэх эсэх шийдвэрээ гаргана. Бид Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Мэдээж ийм шийдвэр гаргах нь амар биш болохоор бид тэвчээртэйгээр 18 сарын турш яриа хэлэлцээр хийж байна. Төслийг хэрэгжүүлэх хоёр талын хүсэл зорилго биелнэ гэж найдаж байна” хэмээн The Australian сонинд ярьжээ. Товчхондоо “Рио Тинто” Монголын Засгийн газарт өөрсдийнхөө саналыг тавьсан гэдэг нь тодорхой болсон. “Рио Тинто” Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулъя гэсэн саналаа тавьж, түүнийгээ Санамж бичигт багтаасан байх магадлал өндөр. Үүнийг батлах боломжтой бас нэг баримт нь “Оюутолгой”-н гэрээг хийсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлсэн үг. Тэрбээр саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо ““Рио Тинто” өөрөө гэрээнд өөрчлөлт оруулъя гээд байна. Яагаад гэхээр Монголын тал хэтэрхий их түгжээ хийчихсэн нь тэдний хувьд өөрсдийнхөө ашгийг нэмэгдүүлэх боломжийг хаачихаад байгаа юм” хэмээн ярьснаас “Рио Тинто” гэрээгээ өөрчлөх саналыг манай талд албан ёсоор тавьсан гэж шууд ойлгож болохоор байгаа юм. Тэдний тавьсан саналын агуулгыг ч багцаалж болохоор.

“Рио Тинто” Оюутолгойгоос хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь лавтай. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан ёсоор “Оюутолгой” төслөөс хүртэх өгөөжийн 53%-ийг Монголын тал, 47%-ийг хөрөнгө оруулагч хүртэхээр тохирсон. Энэ харьцааг өөрчилж байж “Рио Тинто”-гийн хүртэх ашиг нэмэгдэж таарна. Гэхдээ уг Санамж бичгийн агуулга, “Рио”-гоос тавьсан санал нь одоо хэр тодорхойгүй, Монголын тал хэрхэн хүлээж авах нь ч мэдэгдэхгүй байна.

ТЭЗҮ ба  2%-ийн роялти

Санамж бичгээс гадна Оюутолгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хэзээ хүлээж авах вэ гэдэг асуудал бас тодорхойгүй байна. Одоо хүртэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй байгаа уг ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК хүлээн авч танилцаж байгаа гэсэн мэдээлэл байна. ЭБМЗ-д хүргүүлэхээс өмнө “Эрдэнэс Оюутолгой” ХХК, түүнээс “Оюутолгой” ХХК-д томилогдсон ТУЗ-ийн 3 гишүүн уг ТЭЗҮ-ийг зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэх учиртай. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ энэхүү ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөх юм бол ТЭЗҮ хүчин төгөлдөр болж, ЭБМЗ дүгнэлт гаргаж, “ёсчлох” л үлдэнэ. Тиймээс ч “Эрдэнэс Оюутолгой” ХХК, Монголтын талын ТУЗ-ийн 3 гишүүн ТЭЗҮ-ийг яаран хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар ТЭЗҮ-д хэд хэдэн ноцтой заалт байгаа нь ТЭЗҮ-ийг хүлээн авах хугацааг хойшлуулахад хүргэж байгаа аж. Юуны түрүүнд ТЭЗҮ-д тусгаснаар далд уурхайн санхүүжилтийг нэмж, 4.9 тэрбум доллар босгохоор тусгасан. Анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбумаас 7.2 тэрбум болсон шалтгааныг тодруулж, шийдвэрлэж чадаагүй байхад нэмэлт санхүүжилт нь 4 тэрбумаас 4.9 тэрбум болж орж ирсэн нь мөн л асуудал үүсгэх нь дамжиггүй.

Үүнээс гадна ТЭЗҮ-д “Туркойз Хилл Ресурс” 2%-ийн роялти авах талаар тусгагдсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Айвенхоу Майнз” Оюутолгойн лицензийг “Би Эйч Пи Биллитон”-оос авахдаа 2%-ийн роялтийг “Би Эйч Пи”-д өгөхөөр тохирсон байдаг. Уг 2%-ийн роялтийг “Туркойз Хилл Ресурс” компани “Би Эйч Пи”-гээс 30 гаруй сая доллараар худалдаж авсан гэдэг. Тиймээс уг роялтийг Оюутолгой төслөөс авах ёстой хэмээн үзэж, ТЭЗҮ-д тусгасан бололтой юм. Товчхондоо бол Засгийн газар Оюутолгойгоос 5%-ийн роялти авдаг бол “Туркойз Хилл” мөн 2%-ийн роялтийг авахаар санаархаж байна гэсэн үг. Хоёр хувийн роялти хэр хэмжээний мөнгө вэ? Энэ жил “Оюутолгой” ХХК тэрбум гаруй долларын борлуулалт хийнэ. Үүний 2% гэвэл 20-25 сая доллар гэсэн үг. Багахан мөнгө шиг харагдаж байж болох ч төсөл үргэлжлэх 40 жилээр тооцвол маш өндөр дүн гарна. Тэр хэрээр хөрөнгө оруулагчдын төслөөс хүртэх өгөөж нь нэмэгдэх юм.

Мөн банкуудаас авахаар яригдаж байсан санхүүжилтийн нөхцөл ямар байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд “Гэрээнд зааснаар Оюутолгой төслийн дараагийн шатанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдсан ч “Рио Тинто” бүгдийг хариуцах ёстой гэж бид ойлгодог. Гэтэл хөрөнгө оруулагч тал дангаараа биш “Оюутолгой” компанийн нэрийн өмнөөс зээл авах асуудал оруулж ирж байна” гэдэг асуудлыг нэг бус удаа ярьж байгаа. Энэ нь нэмэлт санхүүжилтийг авах асуудал дээр хоёр тал ойлголцож чадахгүй байгааг харуулж байгаа юм. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр бүх санхүүжилт, эрсдэлийг хөрөнгө оруулагчид хариуцна гэсэн байдаг. Ийм атал “Оюутолгой” ХХК-ийг барьцаалах, түүний тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээл авахаар яригдаж байгаа нь Монголын талын эрх ашгийг хөндөж байна хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.

Бодлогын алдаа хаана гарав?

Засгийн газар “Оюутолгой”-н нэмэлт санхүүжилт, далд уурхайн ТЭЗҮ-ийг зөвшөөрөхөөс өөр сонголт одоогоор харагдахгүй байна. Ганц л тохиолдолд үүнийг зөвшөөрөхгүй байх боломжтой. Хэрэв “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ цуцлах талаар бодож эхэлсэн бол төслийн нэмэлт санхүүжилт, ТЭЗҮ-ийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж болох юм. “Рио Тинто”-г Гэрээгээ даган мөрдөхгүй байна гэдэг асуудал аль жилийн өмнөөс яригдаж байсан. Уг байдал цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрч байгаа болохоор Засгийн газарт нэг үндэслэл байж болох юм. Гэхдээ үүн дээрээ тулбал төсөл зогсох, цаашлаад эдийн засагт том асуудал үүсэх нь дамжиггүй болохоор Засгийн газар буулт хийхээс өөр сонголтгүй бизээ.

Харин Засгийн газар яагаад ийм хүнд байдалд оров, “Рио Тинто” яагаад Засгийн газрыг шахах болов гэдгийг эргэж харах хэрэгтэй. Засгийн газар хаана бодлогын алдаа гаргасан бэ? Магадгүй бодлогын алдаа гаргасан гэхээс илүүтэй “Рио Тинто” ямар стратегитай, ямар бодлого барьж байгааг урьдчилан таамаглаж чадаагүй нь гол алдаа болсон байж болох юм.

Эхний нүүдэл. Асуудлын учгийг хөөвөл 2013 оны хоёрдугаар сард Хувь нийлүүлэгчдийн хурлаас эхлэх байх. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулъя, хэлэлцээр хийе гэсэн албан бичгийг “Рио Тинто-д хоёр ч удаа явуулаад татгалзсан хариу сонссон. Хөрөнгө оруулагч тал Гэрээг дахин дахин өөрчлөх нь Гэрээний үндсэн агуулга болох тогтвортой байдлыг зөрчиж байна хэмээн татгалзсан гэдэг. Ганц сайд хүчрэхгүй болохоор Хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлаж, Уул уурхай, Эдийн засгийн хөгжил, Сангийн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдуудаар ахлуулсан Ажлын хэсэг “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суусан. /Одоо тэднээс ганц С.Оюун сайд суудалдаа үлдэж, нөгөө 3 нь огцорсон/ Монголын тал 18 асуудлыг гарган тавьсан бол хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилтийн 4 тэрбум ам.доллар, 250 сая долларын урьдчилгаа төлбөрийн төлөлтийн асуудлыг сөргүүлж байв. Энэ үед Засгийн газар санаачилгыг гартаа авч, цаашид өөрсдийнхөө дүрмээр “тоглоно” гэж тооцоолж байсан байх. Гол “хөзөр” нь анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоох, Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр тохирсон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь “Рио Тинто”-гийн буруу болохоор Засгийн газрын аясыг дагана гэж төлөвлөсөн байж болно.

Хоёрдугаар нүүдэл. Засгийн газрын “дүрмийг” зөв тооцоолсон “Рио Тинто” далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг удаа дараалан шаардаж, шахаж эхлэв. Барьц алдсан Засгийн газар том алдаа гаргаж, 7-р сарын сүүлээр захидал явуулах нь тэр. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчигаар овоглосон уг захидлын үндсэн агуулга нь “Далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх юм бол Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-г өөрчлөх шаардлагатай болно. Гэрээг өөрчлөх эрх нь УИХ-д байгаа” гэсэн бөөрөнхийлсөн хариулт байв. Гэвч энэ захидал “Рио Тинто”-д өгөөш болж, төд удалгүй “Засгийн газрын хүсэлтээр далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хойшлуулж байна. Үүнийг дагаад далд уурхайн бүтээн байгуулалт түр зогслоо” гэсэн мэдэгдлийг эелдэгээр хийх нь тэр. Үүний дараа валютын ханш яаж галзуурч, эдийн засаг шоконд орсныг бүгд харсан. Наймдугаар сарын сүүлийн хагаст Монгол улс руу орж ирдэг валютын урсгал нойл заасныг Монголбанкныхан хожим “шивнэсэн” удаатай.

Тухайн үед далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх талаар яригдаж л байсан. Гол нь угтуулан тавих нөхцөл маань юу байх вэ гэдэг дээр тодорхой шийдэлд хүрч чадаагүй байх. Дөрвөн тэрбум долларыг баталж өгье, харин анхны хөрөнгө оруулалт шиг далд уурхайн санхүүжилт 4 тэрбум доллараас нэмэгдэх юм бол хөрөнгө оруулагч тал өөрөө хариуцна шүү гэсэн нөхцлийг ярьж байсан удаатай. Гэхдээ 4 тэрбум доллараа юунд зарцуулах гэж байгаа талаарх тайлан, шинэчилсэн ТЭЗҮ-гээ өгөөч гэсэн хүсэлтийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иас тавьж байв. Юунд зарцуулах нь тодорхойгүй зүгээр 4 тэрбум доллар батлуулж авах гэсэн “Рио”-гийн үйлдэл нь Засгийн газрыг хардлагыг төрүүлсэнээр татгалзсан хэрэг. Жил гаруйн дараа эргээд харж байхад энэ үед 4 тэрбум долларын санхүүжилтийг зөвшөөрч, угтуулан тавих нөхцөлөө тохирч чадсан бол байдал Монгол улсад хамаагүй ашигтай байж болох байв.

Гуравдугаар нүүдэл. Далд уурхайн санхүүжилт зогссоноос хойш 8 сарын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэм Уолшт бичсэн захидалдаа далд уурхайн санхүүжилтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа, төслийг хурдавчлах талаар илэрхийлжээ. Товчхондоо бол Засгийн газар “Рио Тинто”-д “бууж өгсөн” байлаа. Гэсэн ч уг захидал хожимдсон байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам эдийн засгийн нөхцөл улам хүндэрч, хөрөнгө оруулагч талд улам ашигтай болж байна. “Рио Тинто” Засгийн газрын нөхцөл, Монгол улсын макро эдийн засаг ямар хүнд байдалд орохыг мэдэж байсан болохоор улам л гэдийсэн.

Дарин дээр давс гэгчээр “Рио Тинто” далд уурхайн ТЭЗҮ-ээ өгөхөөс 7-хон хоногийн өмнө Татварын албанаас 130 сая долларын акт тавьж орхив. Санаатай, санамсаргүй алийг нь мэдэхгүй ч уг үйлдэл “Рио Тинто”-д том өгөөш болж, татварын асуудал шийдэгдтэл ТЭЗҮ-ээ өгөхөөс татгалзах нь тэр. Харин Монгол улсын валютын нөөц өдөрт хэдэн сая доллараар хоргодож, эдийн засгийн байдал хүндрэлээс хямрал руу ойртсоор л ... Энэ нөхцөл байдал дахиад жаахан үргэлжлэх нь “Рио Тинто”-д ашигтай байх нь дамжиггүй.

Эндээс харахад Засгийн газар Оюутолгойн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна гэж найдсан нь том алдаа болсон байх. Тэд асуудал ужгирч, цаг хугацаа өнгөрөх тусам хүнд байдалд орно гэдгээ тооцоолоогүй болов уу. Эхний нүүдлээ хийж эхлэх тэр үед 1.5 тэрбум долларын бондоос гадна Монголбанк нэг жилд эдийн засгийг 3 их наядаар тэтгэх төлөвлөгөө байсан болохоор зоригтой хөдөлсөн болов уу. Асуудал сунжрахын хэрээр цаг хугацаа алдаж, эдийн засаг тогтворгүй болж ирсэн. Валютын ханш өссөн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нүүрсний экспортын орлогын тал нь байхгүй болсон гээд Монголын эдийн засаг хамгийн муу цэг дээрээ ирсэн, улс төрийн нөхцөл байдал маш тогтворгүй болсон энэ үед “Рио Тинто” эцсийн “цохилтоо” хийж, Засгийн газрыг нэгмөсөн буулгаж авахаар оролдож байна. Тэд юу хүсч байгаа нь хараахан тодорхой болоогүй.

Гэрээгээ өөрчлөх үү?

Асуудал хөвөрсөөр 20 сарын өмнөх байрандаа ирж байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх эсэх дээр ирлээ гэсэн үг. Анх Гэрээг өөрчлөх саналыг Засгийн газар тавьж, эхний нүүдлээ хийж байсан. Харин одоо “Рио Тинто” Гэрээг өөрчлөх санал тавьж байна. Өнгөрсөн 20 сарын хугацаанд Засгийн газрын гаргасан шийдвэр бүхнийг “Рио Тинто” өөрт ашигтайгаар эргүүлж, тухай бүрт нь барьцаа лавшруулж иржээ. Энэ бүхний эцэст “Рио Тинто” Засгийн газрыг мад тавих эцсийн нүүдлээ хийж байгаа нь ойлгомжтой. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу “Том компани гэж том л компани байдаг юм байна” гэж хэлсэн нь зүгээр ч санамсаргүй унагасан үг биш байх. Дэлхийд тэргүүлэх том компани ямар ч үед хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг бодож, ашгаа нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилго байж таарна. Ийм үед “өгөөмөр” сэтгэл гаргаж, Засгийн газрын олон аашийг нүдээ өнгөрөөнө гэж байхгүй. Төслөөс хүртэх өгөөжөө аль болох нэмэгдүүлж, төслийн тогтвортой үйл ажиллагааг хангахыг чухалчлах нь дамжиггүй. Харин санаачилгыг гартаа авч, түрүүлж хөдөлсөн Засгийн газар 20 сарын дараа бүр хүнд байдалд орчихсон, хэрхэхээ учраа олохгүй, тээнэгэлзэж байгаа болов уу.

Асуудлыг шийдвэрлэх гурван гарц бий. Нэгдүгээрт, нэгэнт Гэрээний өөрчлөлт дээр ирсэн бол хоёр талын эрх ашгийг хүндэтгэн, төслөөс хүртэх аль аль талын ашгийн хэмжээг бууруулахгүйгээр хэлэлцээр хийж, Гэрээг өөрчлөх. Гэхдээ “Рио Тинто”-д хавьгүй давуу байдалтай энэ үед бараг л боломжгүй хувилбар. Хоёрдугаарт, “Рио Тинто” Гэрээг өөрчлөх асуудал тавьсан бол түүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, Оюутолгойн асуудлыг нэг мөр цэглэх. Энэ нь эдийн засгийг уналтаас гаргах маш чухал алхам. Гол нь “Рио Тинто” ямар асуудал тавьсан нь тодорхойгүй байгаа. Гуравдугаарт, Засгийн газар түрүүлж, Гэрээгээ цуцлах талаар дуугарч болно. 2009 онд байгуулсан гэрээгээ биелүүлэхийг шаардах эрх аль аль талд нь бий. Энэ эрхээ эдэлж, гэрээгээ биелүүлэхгүй байвал цуцлах талаар дуугарч болох юм. Гэхдээ Монголын улс төрийн болоод эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа нөхцөлд гуравдагч хөршийн ганц том хөрөнгө оруулагчид ингэж аашлах нь бараг л боломжгүй. 


MMJ сэтгүүлийн 10 дугаар сарын дугаар (072)


Сэтгэгдэл (1)

  • baagii (66.181.185.164)
    2019.12.1 nd ene niitleliig ynshlaa myndag gereenii aldaag olj xarj bichjee daanch tsag xygatsaag yxraaj boloxgvi ym odoo tsag aldaagvi deeree 3 -r garts ryy ormoor bn...
    2019 оны 12 сарын 01 | Хариулах