Хятадын газрын тос, хийн Үндэснийн корпораци /CNPC/ нь Оросын “Газпром” компанитай байгалийн хий нийлүүлэх асуудлаар олон жил хэлэлцээр хийхдээ анх удаа мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Хятадын тал Оросоос байгалийн хийг 30 жилийн турш нийлүүлэх “дорнод” чиглэлийн “Алтай” хоолой байгуулах төслийн гэрээнд 2015 онд гарын үсэг зурна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Өмнө нь ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак ирэх оны эхний хагас гэхэд гэрээг байгуулах төлөвтэй байгаа талаар мэдэгдэж байсан юм. Хүчин төгөлдөр болсон “Сибирийн хүч” хоолойгоор хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын эхний гэрээг 2 тал 10 орчим жил хэлэлцсэн бол “Алтай” төслийг 8 жилийн турш хэлэлцэж байна. Энэ хугацаанд Хятадын тал албан ёсны мэдээлэл хийж байсангүй.
ЮНЕСКО-гийн байгалийн үнэт өвд багтсан дархан цаазат нутгаар “Алтай” хоолой дайран өнгөрөх учир төслийг хэрэгжүүлэхд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Энэхүү хоолойг гуравдагч транзит орон Казахстан, Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих боломж байгаа билээ. “Газпром” компанийн хувьд Горный-Алтай хүртэл баригдсан хий дамжуулах хоолой бэлэн байгаа аж. Харин хоолойг цааш Хятадын хилд хүргэж байгуулах нь багагүй асуудалтай байна. Гэсэн хэдий ч Хятадын тал “дорнод” чиглэлээр хий нийлүүлэх төсөлд транзит орон шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн буй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин нарын оролцоотой CNPC болон “Газпром” компани “Алтай” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх төслийн санамж бичигт 11 дүгээр сарын 9-нд гарын үсэг зурсан юм. Үүний дагуу гэрээг 2015 онд үзэглэж, 2019 онд бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэхээр ерөнхий зарчмыг тохиролцжээ.
Э.Од