Ордны тэмцэл хоёр бүлгийн дунд өрнөж байна. Нам мамын бүлэг бус. Гишүүнчлэл, нутаг нуга падгүй.
Нэгдүгээр буюу Том төслийн бүлэг
Тарган фракц гэж болно. Гол төлөв том бизнестэй УИХ-ын гишүүд энэ бүлэгт хамааралтай. Олонх нь анхны хуримтлалаа төрийн өмчийн үйлдвэрийн хувьчлалаас хямд аргаар олж хөлжсөн. Ингэж хөлжиж амташсан хэсэг нь уг бүлэглэл дотроо илүү нахаал нь. Одоо төрийн өмчийн компаниудын хоёр дахь шатны хувьчлалыг амьсгаа даран хүлээж байгаа.
Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг УИХ зургадугаар сард баталсан. Жагсаалтад багтсан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 22 аж ахуйн 13-ыг бүрэн хувьчилна. Хөтөлийн цемент шохой, Оргил рашаан сувилал, Кино урлагийн дээд сургууль зэрэг “онцын сонирхолгүй” объект энд багтжээ. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах 9 компани дунд МИАТ, Багануур, Шивээ-Овоо, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Хөрөнгийн бирж бий. Эднээс МИАТ-ийн хувьчлалыг онцгойлон анаж суугаа Гишүүд бий . Төрийн мэдэлд МИАТ-ийн 51 хувийг үлдээж, 48 хувийг нь нээлттэй тендерээр 149 тэрбум төгрөгөөр арилжина хэмээн ирэх жилийн төсөвт оруулчихаж. Одоо энэ мөнгийг босгох аялал хилийн чанадад хэдийнэ эхэлчихсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
Том компанийн хувьчлалын түүх 1990-ээд оны дунд үеэс яг ийм схемээр өрнөж ирсэн юм. Төрийн мэдлийн том компани, банкны хувьчлал зарлагдах дөхмөгц Монголын томчууд гадагшаа аялдаг. Төдөлгүй мөнгө ч босч, хувьчлал явагддаг. 1990-ээд оны их хувьчлалын үеийнхээс ялгаатай нь Монголын улстөрч баячууд эдүгээ юм үзэж нүд тайлан, МИАТ энэ тэрээс илүү Мега төслийн амтанд орчихоод байна. Чухам эдгээр МЕГА-нуудын хуваарилалтыг гартаа оруулах тэмцэл Төрийн ордны саарал байшинд өнгөрсөн хавраас түймэр мэт дэгджээ.
Өнгөц харахад Засгийн хямрал, фракциудын зөрчил мэт. Үнэн хэрэгтээ эрчим хүч, хурдны зам, төмөр зам, төмрийн хүдэр, нүүрс, газрын тос, давхаргын метан, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх, газрын ховор зэрэг олон чиглэлээр төслийн санхүүжилт босгох, улс хоорондын гэрээ хэлцлүүдийн гүйцэтгэгчээр оролцох гэсэн компаниудын өрсөлдөөн Төрийн ордонд өрнөж байна. Компани, группийн эзэд нь УИХ-ын гишүүд. Нам доторх хуваагдал гэдэг нь ойр дотно улстөрчид хоорондоо бие биеийн төслүүдийг дэмжих тохиролцоо юм. Зөвхөн ийм ашиг сонирхол тэднийг нэгтгэдэг. Ардчилсан нам төдийгүй Ардын намд ч ийм түрийвчний нөхөрлөл зузаан ба “хотын фракц”, Баярын нөхөд гэхчлэн эгдүүтэй нэршилтэй.
Монголын улс төрийн нам, фракциуд дунд үзэл баримтлалын онцгой ялгаа зөрүү байхгүй. Эд бол зөвхөн компаниудын хуваагдал юм. Бизнес нь харьж яваа бол тэр этгээд бүлэг дотроо хүчгүй. Том төслүүдийн эрх ашгаар нэгдсэн өнөөгийн фракциуд үнэт зүйлгүй, хүн чанаргүй, хүчгүй нь хүчтэнээ дагах араатны хуультай. 1996 онд ч ийм л байсан. Энэ удаа улстөрчдийн хуйвалдаан улам галзуурч байгаагийн шалтгаан нь Орос, Хятадыг дамнасан олон улсын супер мега төслүүдэд оролцох боломж нээгдсэн үе. Тиймээс өнөөгийн Саарал ордны хямралд эцэс төгсгөл гэж үгүй. Супер төслүүдийн тохироо Монголын Парламентаас давж, улс дамнасан бүлэглэл болох аюул ойрхон байна.
Орос маягийн мафиоз ажиллагааг Монголын Парламент хавиар өнгөрсөн хавраас ихэд дууриах болсон. Их хурлын бизнесмэнүүдийг улам улангасуулж буй гадаад хүчин зүйлүүд бий. БНХАУ нь санхүү, уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг цогцоор нь санхүүжүүлэх схемийг гол бодлогоо болгож байгаа. Зөвхөн Монгол төдийгүй, Азийн бүс нутагт “3 коннективити” хөгжүүлэх санаачлага гэдгээ Хятадын удирдлага АПЕК-ийн Дээд чуулганы үеэр дахин нотолсон ба бүс нутгийн хамтын ажиллагаа эхлүүлэх эхний Форумыг хийсэн билээ. 40 тэрбум долларын хөрөнгө бүхий Торгоны зам санг нээж буйгаа зарлан, бүс нутгийн дэд бүтцийг санхүүжүүлэх Банкны системийг ч бүрдүүлж эхэллээ. Төслөө аваад ир, гагцхүү “Хятадын бодлого-Торгоны замын үзэл санаанд нэгд” гэсэн тун энгийн шалгууртай.
Ингээд Монголын бизнесч улстөрчид төслөө бариад урагшаа гүйлддэг болжээ. Зөвхөн эрчим хүч, хий, газрын тос, төмөр замын шугам хоолойн асуудал бус, агаарын навигацын нэгдсэн орон зай, интернэтийн шилэн кабелийн 3 улс дамнасан шугамыг хүртэл энэхүү “коннективити” хэмээх бодлогодоо хятадууд хамаатуулан санал болгож байна.
Одоо уншигч Таны анхаарлыг мега төслүүдийн үр хөврөлтэй эхнээс нь таницуулъя. Chinggis International Group. Эхний гэрээгээ ОХУ-ын талтай хурдны замын төсөл дээр үзэглэсэн. Гэхдээ хурдны зам бол ердөө жижигхээн жараахай гэнэ. Мөнөөх цахим хуудсанд Чингис интернэшнл группийн байршил, дарга цэрэг, холбогдох утас хаягийн мэдээлэл үгүй. Тэгсэн атал Монголын санхүү, дэд бүтэц, уул уурхайн үйлдвэрлэлийн бүх судас шөрмөсийг атгах аварга төслүүдийн танилцуулгатай. Хийц дэгжин, хэн ард нь суудгийг нууцалсан.
Танил схемыг ТBF International Group гэдгээс мөн харж болно. Сингапурт байршилтай гэнэ. Таньдгаас Сайншандын аж үйлдвэрийн паркийн санхүүжилт босгох зорилготой гээд биччихэж. Эзэн холбогдогч бүрхэг энэ байгууллага Сайншанд төслийн санхүүжилтийг хилийн чанадад босгож байгаа юм гэнэ. Энэ мэт мега биш бүр гега төслүүдийг мөнгөжүүлэх элдэв схемийг энд тэндээс цөөнгүй олж үзлээ. Барьцаа хөрөнгө нь Монголын уул уурхайн том орд байхыг ч сонсов. Эндээс юу ойлгогдож байна вэ?
Учир битүүлэг эзэдтэй, хилийн чанадад байршилтай, Монголын баялгаар барьцаалах нөхцөлтэй төслүүдийн учиг зангилаа нь УИХ-д байна. Тэнд Засаг унагах, төслийн дахин хуваарилалт хийх, Сайдын зөвшөөрлийн гарын үсэг, Санамж бичиг зурах, улмаар Гэрээ хэлцлийн шатанд орох үйл явцад хамгийн ойр байх тэмцэл өрнөж байна. Хятадын төрийн өмчийн “Синопек” компанитай хий нийлүүлэх 34 тэрбум ам. долларын өртөгтэй төслийн Санамж бичгийг өнгөрсөн зун зурсан. Харин одоо төсөл хэрэгжүүлэх Гэрээнд оролцох аж ахуйн нэгж нь “Шонхор” фракцийн том компани гэцгээж байна. Эхний ээлжинд туршилтын жижиг үйлдвэрээр эхэлье гэж манай улстөрч бизнесмэнүүд уг төслийн эхний яриа тохирооны хэмжээг жижигрүүлсэн хэдий ч ашиг өндөр сайн төсөл. Мэдээлэлд ойр хэсэг нь дараагийн бизнесээ бэлтгэж аваад Засгаас холддогийн жишээг “Синопек”-ийн явцаас харж болно. С. Баяр, С. Батболдын Засгийн газрын үед Зам тээврийн сайд нь төмөр замын төсөл дээр мөн л ийм схемээр ажиллаж ирсэн.
Том төслүүдэд хамгийн ойр мест нь Ерөнхий сайд. Тиймээс “шинэ Ерөнхий сайдыг тохирох” хэмээх трэнд Монголын төрийн үндсэн ажил нь боллоо.
Хоёрдугаар бүлэг буюу Мөрдөх албыг барьцаалагч
Ийм бүлэг УИХ-д бий. Мафийн арга барилаар ажилладаг. Юу ч хийхээс сийхгүй. Юуны түрүүнд хуулийн байгууллагын шинэчлэлийг зогсоох зорилготой. Энэ ажлаа гарамгай гүйцэтгэсээр ирсэн. Гэвч Монголын нийгэм Саарал ордны 76-аас олуулаа учир хуулийн салбарт шинэчлэл хэрэгтэй гэж шаардсаар байгаа юм. Яагаад гэвэл Эрүүгийн гэмт хэргээр яллагдах явдал Монголын нийгмийн 10 хувь буюу айл өрх, том жижиг компани болгонд тохиолджээ. Мөрдөн байцаагчийн зохиосон хавтаст хэрэг нийгмийн багагүй хэсгийг хэлмэгдүүлээд байна гэсэн үг.
Хавтаст хэрэг зохиодог эрх зүйн орчинд амьдарч явна гэдгээ жирийн иргэдийн олонх ойлгоод эхэлмэгц УИХ-ын мафи бүлэг Хууль зүйн сайдын сандалд өөрийн талын хүнээ суулгах ёстойг ухаарсан юм. Мөрдөх албаны хууль, Гэмт хэргийн тухай хууль энэ намрын чуулганаар хэрэв батлагдчихвал “Тусгай” гэх хэргүүд бүгд мөнөөх Мөрдөх албанд харъяалагдана. Авилгын, албан тушаалын, мөнгө угаах, хар тамхи, террор гээд тусгай хэргүүдийг Мөрдөх учиртай алба нь Засгийн газрын Агентлагийн статустай ажиллах юм. Агентлагийн удирдлагыг салбарын Сайдын саналаар Ерөнхий сайд томилдог процедуртай. Тийм учраас л Хаврын чуулганы хэлэлцүүлгийн явцад Мөрдөх албаны тухай хуулийг буцаасан, төдөлгүй Засгийн газрыг огцруулах шантааж идэвхжсэн шүү дээ. Монголд хэн эрх мэдэлтэй вэ? Тусгай хэргийн мөрдөгчид, түүний дарга Цагдаагийн боссууд. Тэд гартаа улстөрчид, бизнесмэнүүдийг атгадаг. Энэ эрх дархыг хадгалахын тулд УИХ дахь Мафийн бүлэг бүх хүчээрээ шинэтгэлийг сөрөн зогссоор байна.
Парламентын мафи бүлэг том биш хэдий ч төр нийгэмд учруулах хор уршиг хамгийн их. Дарамтлах, шантаажлах, мессеждэх, хакердах төрөл бүрийн мэхтэй. Эцсийн зорилго нь өнөөх л мега гега төслүүдийг гартаа оруулах, бусдын бизнесийг булаах, бүр чадахгүй бол хүчний байгууллагаар дарамтлуулах. Тэдний хувьд Засаг хямарч, төр бужигнах тусмаа сайн. Жоом шиг арвалзах харанхуй орчин бүрдүүлнэ гэсэн үг. Төслийн бүлэгтэй зуузай холбож, арай том, илүү ашигтай бизнесийг гартаа оруулах ганц зорилготой.
Гуравдугаар бүлэг буюу төрийн хүн
Итгэл үнэмшлээрээ намдаа элсэж, элдэв хуулийн төсөл дээр завгүй ажилладаг ихээхэн гэнэн бүлэглэл. Парламентын гишүүн нь эрх зүйн орчны манаач гэж хэзээ нэг цагт заалгасан эрдэм номондоо итгэсэн улс. Энэ хэдэн хүний зүтгэлээр Их хурал ажлаа хавар намартаа тайлганадаг. Төдөн хууль баталсан, тийм төсөл боловсруулж байна, Засгийн газар хууль биелүүлсэнгүй зэрэг ажил хэргийн “сонин юм”-ыг УИХ-ын цөөн гишүүн ярьдаг уламжлалтай.
Тэднийг нэгдүгээр ба хоёругаар бүлэг урвуулах гэх, фракц бүлэглэлдээ урин залах нь элбэг. Төрийн түшээ гэж өөрсдийгөө итгэсэн гэнэн хэд нэг нэг малгай толгой дор фракцийн албан хамааралтай. Тэглээ гээд гол тохирооных нь гадуур үлддэг. Бодвол хууль муулийн төслөө умшаад өрөөндөө сууж байдаг болов уу. Эдгээр гэнэн гишүүд ойрд уриалга тунхаг бичээд овоо хөдөлгөөнд оржээ. “Маргаашийн төлөө тунхаг” гээд нэр нь хүртэл гэнэн. Юуны түрүүнд Парламент, Засгийн газрыг бушуухан салгая гэж тэд Тунхагтаа шаарджээ. Шаардах ч юу байхав, зөөлхөн гуйсан юм байна.
2000 онд Үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлтийн ядахдаа ганцыг нь цуцалъя, Үндсэн хуулиа өөрчлөх бус харин эх хувиар нь сэргээе, ингэхгүйгээр Засаглалын хямралаас гарахгүй, Засаг тогтворжихгүй бол эдийн засгийн хямрал зогсохгүй гэж мөнөөх Тунхагт томъёолжээ. Араас нь Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн, Улс төрийн намын хуулиа шинэчлье, хуулийн байгууллагын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлье хэмээн уриалжээ. Тунхагт гишүүн М. Батчимэг, А. Бакей, Л. Гантөмөр, С. Дэмбэрэл, Х. Тэмүүжин, Г. Уянга, Ц.Цолмон, Ж. Энхбаяр нар гарын үсгээ зуржээ.
УИХ дахь бүх намын төлөөлөл багтсаныг Та харж байна. Монголын Парламентад зөвшилцөх ухаан үлдсэн гэдгийг эндээс үзэж болно. Тунхагийн талынхан юуны түрүүнд Парламент, Засгийн газрын үйл ажиллагааг ялгаж зааглах ёстой гэжээ. Саарал ордонд нийлээд манантаж суулгүй, өөр өөр байшинд үтэр түргэн салгаж нүүлгэвэл зохилтой гэдгийг Монголын нийгмийн эрүүл хэсэг ч шаардах болсон. Энэхүү нүүдлээс улс төрийн цэвэрлэгээ эхлэх учиртай.
Төслийн бүлэг, Мафийн бүлгийн тохироог задлахын тулд Засаг, Парламент хоёрыг байр саваар нь салгаж, хуулиар нь ялгаж хаших ёстой юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд Төслийн бүлэг, Мафийн бүлгийн хооронд тэлээ хурга шиг “амин найз, андын нөхөрлөл” хэмээн тэлчилж явдгийг нь ч хазаарлах учиртай. Ерөнхийлөгч ард олондоо ажлаа тайлагнаж, Их хурлын гишүүдийг сонгогчид нь эгүүлэн татдаг механизм зайлшгүй байх ёстой. Харин Засгийн газрын танхимын ажлаа, боловсон хүчинтэй нь Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцаж, Парламентад түүнээ тайлагнаг.
Ийм өөрчлөлтийг шаардах хүч тэгээд хаана байна гэж үү? Нөгөө наймхан Гишүүн үү, ядахад хоёр нь эмэгтэй юм, Парламентын бөхчүүдийн өмнөөс яалтай вэ гэж үү? Та өөрөө тэмцэх хүч нь. Энэ нийгмийн эрүүл саруул хэсэг, Их хурлын гишүүд дунд ч Тунхагийн үзэл санааг дэмжигчид олон байгаа.
Хэн Сайд болох вэ гэсэн асуултаар өглөөд хүмүүс өөр зуураа мэндчилж байх шиг. Хэн ч Сайд болсон ийм тогтолцоон дунд хүнээ байна. Ерөнхий сайдад Бурхан Будда өөрөө сонгогдсон байлаа ч жоомнууд гэрэл унтрааж аваад хийдгээ хийнэ.
Л.Болормаа