Мэдээж Та бүхэн дунд болон урт хугацааны зорилтууд дээр нь илүү анхаарал хандуулсан болов уу. Өнөөдөр, маргааш, хэтийн зорилтоо эрэмбэлэн томъёолсон Ч.Сайханбилэгийн үг цэгцтэй, илэн далангүй байсан юм. Эдийн засгийн хямралын үед аливаа Засгийн газарт “бодит байдлаа илэн далангүй тайлбарлах” гэсэн найдвартай жор байдаг. Бас удирдагч хүнд бодлого, төлөвлөлт хэмээх цэгцтэй чанар зайлшгүй байх ёстой. Шинэ Ерөнхий сайдын УИХ-ын индрээс иргэддээ хандан хэлсэн эхний үг итгэл төрүүллээ.
Илтгэлийн 90 хувь нь дунд, урт хугацааны төлөвлөлт гэдгийг дахин сануулъя. Хамгийн ойрхон хэлсэн нэг хугацаа нь “Арванхоёрдугаар сард ОХУ-ын Төв банктай Свопын хэлэлцээр байгуулах, шатахууны төлбөрийг рублиэр хийдэг болох” гэсэн тов. Яг энд монголчууд бидний өнөөдөр маргааш туулах хүндрэл оршиж байна.ОХУ-ын Төв банк, шууд хэлбэл Ерөнхийлөгч В. Путин “тэгье” гэж хараахан зөвшөөрөөгүй. Есдүгээр сард тэрбээр Монгол оронд морилон саатахдаа асуудлыг судалж, нааштай шийдэхээ амласан. Харин нааштай шийдэгдэх хугацаа тодорхойгүй байна.
Энэ зуур манай улсын төлбөрийн тэнцэл...за энгийнээр ярьцгаая...шатахуун, эм, хүнс, бусад зайлшгүй импортын төлбөр хийх доллар маань дуусчих юм биш байгаа. Бид энгийн үнэнтэй тулгарч байна. Тэтгэвэр, тэтгэмж, төсвийн ажилтнуудын цалин тавих мөнгөгүй болтлоо улсын данс улайсан үе саяхан, 2009 оны гуравдугаар сард бидний амьдралд тохиолдож байсан. Орос улс өөрөө валютын хомсдолд орсон өнөөгийн бэрхшээлтэй үедээ Монголтой рублиэр худалдаа хийх болов уу. Тус улс зөвхөн БНХАУ-тай рублийн худалдаанд шилжээд байгаа.
Хямралын үед хэрэглэдэг дараагийн жор бол “паникт бүү оруул”. Гэхдээ 2009 оны хямралыг саяхан туулсан монголчууд улсын төсөв маш хүндэрснийг мэднэ. Паникдах гэхээсээ илүүтэй ямар нэг зүйлд итгэхийг хүсч байна. Ерөнхий сайд итгэл өгөх ямар алхам хийх вэ, өнөөдөр, маргааш тэр ямар шийдвэр гаргах бол?
Тэрбээр юуны түрүүнд, 2015 оны төсвийг тодотгоно. 2015 оны төсвийн сүүлийн хоёр хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаад, завгүй маргалдаж байлаа. Батлагдсаныхаа маргааш тодотгох нь тодорхой төсөв учраас санаа тавьсан хүн ч цөөн. Төсвийн зардлаас 1 их наядыг танах шаардлага байна гэж Ч. Сайханбилэг УИХ-ын индрээс хэлсэн юм. Энэ бол маш их таналт. Гэхдээ зайлшгүй арга хэмжээ. Ингэж чадвал Засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй зээл гаднаас босгож чадна. Батлагдсан төсөв маань 7.6 их наяд төгрөгийн зардалтай. Түүнийг танаж, 6.1 их наядын зардалд буулгаж чадвал төсвийн зардлын өсөлт -6 хувь болно. “Хасах зургаан хувийн зардлын өсөлт”. Танд нэг л танил тоо харагдав уу?
2009 оны хямралын статистикууд эргээд давтагдаж байна. Мөн оны гуравдугаар сард төсвийн данс улайх үед манай Засгийн газар Олон улсын Валютын сангаас зээл хүссэн юм. Наад захын, гал унтраах зардалд 300 сая ам. доллар хэрэгтэй байлаа. Энэ халуун мөнгийг өгье гэсэн улс орнууд мэдээж байсан. Хамгийн түрүүнд Хятад, Катар хоёр улс хоорондын зээл өгөхөд бэлэн гэдгээ ойлгуулсан. Удалгүй ОХУ-аас 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авах яриа Засгийн газар хавиас гарсан. Тухайн үеийн Ерөнхий сайд С. Баяр Оросоос авах зээлийг шийдүүлэхээр УИХ-д оруулсан боловч Гишүүд зээлийн нөхцөлийг зөвшөөрөөгүй буцаасан түүхтэй. Нарийн ширийн мэдээлэл хомс байсан. Тэрхүү 300 сая ам. долларын зээлийг Оросын тал өгье, гэхдээ Тавантолгой ордын тендерт Оросын “Төмөр замуудын нэгдэл” сайн нөхцөлтэй орно гэсэн болзол тулгасан болов уу гэж таамагладаг.
Улс хоорондын зээлийн эрсдэл өндөр байсан учир Засгийн газар Олон улсын Валютын сантай хэлэлцээр шуурхай хийсний хүчинд 229.2 сая ам. долларын зээлийн Stand-By хөтөлбөрийг тохиролцон, дөрөвдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан билээ. Хөтөлбөр 18 сарын хугацаатай үргэлжилсэн. Зээлийн Гэрээний гол нөхцөл нь “Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, -6 хувьд буулгах” явдал байсан. Төсөвт нэн даруй тодотгол хийн, зардлыг танаад 2 их наяд 322 тэрбум төгрөг болгожээ. Энэ тохиолдол одоо эргээд давтагдах нь. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд Сангийн чамбай сайд хэрэгтэй болно. Хамгийн “харамч нөхөр” л ийм хэмжээний таналт хийх болов уу.
Ерөнхий сайдын хэлсэн үгэнд анхаарал татсан санаа цөөнгүй бий. Bail Out хэмээх үгийг Та өмнө нь сонсч байсаан. 2008 оны санхүүгийн хямралт жилийн намаржин Bail Out ба Буш гэсэн холбоо үгс дэлхийн хэвлэлүүдээс салаагүй юм. 2008 оны есдүгээр сарын 15-нд Lehman Brothers хөрөнгө оруулалтын банк дампуурлаа зарласнаас ердөө хоёр өдрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Буш Bail Out хөтөлбөрийн эхний шатыг хэлэлцүүлэхээр Төлөөлөгчдийн танхимд саналаа оруулсан. Хямралын үед “шуурхай ажилла” гэсэн өөр нэг дүрэм бий.
Америкийн банкууд дараалан дампуурах аюулаас шуурхай хамгаалах зээлжилтийн механизм танилцуулсан гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн зээлийн асар их багц банкуудад түгжигдэж, бэлэн мөнгөний хомсдолд орох үед Америкийн Засгийн газар нийт 700 тэрбум ам. долларын зээл банкуудад олгох TARP хөтөлбөрөө эхлүүлэв. TARP буюу чанаргүй зээлээс нь ангижруулах, мөнгөний урсгал сэргээх хөтөлбөр Ж. Буш ба Б. Обама Ерөнхийлөгчийн үед тус тус амжилттай хэрэгжжээ.
Энэхүү санхүүжилтийн ерөнхий схем нь Монголбанк-Арилжааны банкууд- Ипотекийн зээлийн корпорацийн гурвалсан хамтын ажиллагаатай төстэй зарчимтай. Засгийн газар санхүүжилт босгож, түүнээ Монголбанкаар дамжуулан Арилжааны банкуудад өгнө. Улмаар орон сууцны 8 хувийн зээлийн багц шиг Бизнесийн зээлийн шинэ багц арилжааны банкуудад төвлөрнө. Уг зээлийн багцыг бонд хэлбэрээр Хөрөнгийн биржэд дахин арилжиж, хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, компанийн зах зээлийн үнэлгээгээр баталгаажсан зээлийн багц зах зээлд эргэлдэнэ гэсэн үг.
“Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биетэйгээ авлага өглөгийн асар том сүлжээ үүсгээд байна. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих шинэ бололцоог энэхүү үйл ажиллагааны хүрээнд бий болгоно” хэмээн Ерөнхий сайд Ч. Сайханбилэг Bail Out төлөвлөгөөг товч томъёолов. Bail Out хөтөлбөр төрөөс зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлнэ гэсэн шүүмжлэл Америкт эхэндээ хүчтэй гарсан шиг Монголд ч бас санасны зоргоор хэрэгжүүлэхэд амаргүй биз ээ.
Дунд хугацаанд эдийн засгийг аврах бусад найдлагад Япон улстай байгуулах эдийн засгийн түншлэлийн хүрээн дэх хөрөнгө оруулалт, мөн Концессийн нөхцөлтэй бүтээн байгуулалтын санхүүжилт багтана. Засгийн газар одоогоор Концессийн 6 гэрээ байгуулаад байгаа.
Дунд ба урт хугацаанд итгэл найдвар өгөх цөөнгүй арга хэмжээний талаар Ч. Сайханбилэг илтгэлдээ дурдсан. Хэвлэлүүд тэдгээрийг тэр дороо бүтчих ажил мэт шуугиад, шуураад эхэлж. Харин өнөө маргаашдаа бол тун чиг хүнд өдрүүдийг давах ёстойг иргэддээ ил тод хэлж явах нь зөв болов уу.
Л.Болормаа