Өмнөговь аймагт орших “Баруун Ноён уул” коксжих нүүрсний төсөлд үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи” компани Ашигт малтмалын газраас олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрөл авснаа өчигдөр мэдээллээ. Энэ хүрээнд тус компани ирэх онд 1.5 сая тонн, ирэх 2016 онд 2 сая тонн нүүрс олборлох боломжтой болж буй ажээ.
“Энэхүү зөвшөөрлийг авснаар бид эдийн засгийн хувьд үр ашигтай байх аваас 2015 оны түвшнээс ч илүү хүчин чадлаар олборлолт хийх боломжтой болж байна” гэж “Терра Энержи”-гийн толгой компани “Guildford Coal”-ын Гүйцэтгэх захирал Петер Кэйн мэдэгджээ.
“Терра Энержи” компанийн коксжих нүүрсний орд нь үндсэндээ 19 сая тонн коксжих нүүрсний баттай нөөцтэй бөгөөд энэ хэмжээ нэмэлт хайгуулаар 70 сая тонн хүртэл өсөх боломжтой юм. Тус компани оны сүүл сарын дундаас ирэх оны эцэс хүртэл нийтдээ 1.19 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна.
Өнгөрсөн 8, 10 дугаар сард туршилтын байдлаар 8-13 мянган тонн нүүрсийг чанарыг нь шинжлүүлэхээр Хятад руу тээвэрлэх ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа билээ. Шинжилгээний эхний хариугаар ордын нүүрс нь үнслэг болон хүхрийн агуулга багатай сайн чанарын коксжих нүүрс болохыг тогтоожээ.
Б.Төгс