Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Бүтэн сар “эзэнгүйдсэн” яамд

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  Шинэчлэлийн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулж, зарим яамдыг татан буулгах, нэгтгэх зэрэг оролдлого хийж, үүнийгээ УИХ-аар батлуулсан ч  өөрөө төд удалгүй танхимаараа огцорсон. Тухайн үед Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн  яамыг нэгтгэн  Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болсон юм.

Хэдийгээр байгуулагдсан ч эмх цэгцдээ орж амжаагүй Уул уурхай, эрчим хүчний яам, Сангийн яам зэрэг бодлогын яамдыг удирдах сайдуудын  нэрийг урьдчилсан байдлаар  тодруулсан ч одоогоор Сайдуудаа хүлээсээр байна. Уул уурхайн яамны хувьд Д.Ганхуяг сайд Ажлын албатайгаа хамт “халагдах” тушаал уншуулснаас хойш бүтэн нэг сарын хугацаанд ажилтнууд нь тодорхой хийсэн ажилгүй өрөөгөө сахиж сууна. Яамны ажилтнууд ажилдаа очиж байгаа ч цагийг үр бүтээлтэй  өнгөрүүлж чадахгүй байгаагаа нуухгүй байна. Тэд шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яамдыг хэрхэн, яаж  байгуулахаас бидний цаашдын ажил, амьдрал шийдэгдэх байх  хэмээн ярьж, хүлээж сууна. 

Тус яамны хурлын танхимд “Уул уурхай, эрчим хүчний яам” гэсэн том хаягийг хэдийнэ байрлуулчихаж.   Хоёр яамыг нэгтгэх болсонтой  холбоотойгоор Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Уул уурхайн яамны байранд төвхнөөд амжиж. Шинэ сайд тодорсоны дараа Эрчим хүчний яамныхан Уул уурхайн яамны байранд нүүж ирэхээр болж байгаа бололтой.  Байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болсон Эдийн засгийн хөгжлийн яам ч  мөн  иймэрхүү байдалтай байна.

Одоогоор Ерөнхий сайдаасаа бусад нь үүрэг гүйцэтгэгч сайдууд ажиллаж байгаа.  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын  үүрэг гүйцэтгэгч гэх мэт. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яамдын сайдуудаа хуулийн хугацаандаа тодруулж, УИХ-аар батлуулахгүй бол  түүнийг огцруулах асуудал ч  хөндөгдөх аж.     

Г.Идэр