Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Гацууртын орд 400 сая долларын татвар төлнө

С.Болд-Эрдэнэ

УИХ-аар Гацууртын алтны ордыг стратегийн орд болгох эсэхийг хэлэлцэх гэж байна. Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан.

Засгийн газар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20%-иар тогтоох УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. УИХ-аас баталсан стратегийн 15 орд, цаашлаад стратегийн ордод хамруулах үндэслэлтэй хэмээн үзсэн 39 ордын жагсаалтад ч багтаагүй Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар болсон нь, улмаар төрийн хувь эзэмшлийг яагаад 34% биш, 20% байхаар тогтов зэрэг нь олны анхаарлыг багагүй татаж байна.
Яагаад 20% гэж?

“Сентерра гоулд Монголиа” компанийн зүгээс 2009 оны сүүлээс эхлэн Гацууртын орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналаа холбогдох яаманд нь тавьж байжээ. Гацууртын орд нь ойн сан бүхий газарт байрлалтай, “Урт нэртэй” хуулийн хүрээнд хамрагдсан болохоор ашиглалт явуулах боломжгүй өдий хүрсэн юм. Гагцхүү стратегийн орд болсноор “Урт нэртэй” хуулийн хүрээнээс гарах боломжтой юм. Тиймээс ч компанийн зүгээс стратегийн орд болох хүсэлтээ гаргасан анхны тохиолдол болж байна.

“Сентерра гоулд Монголиа” компанийн зүгээс нэлээд“өгөөмөр” хандаж байгаа бололтой. Тэд татварын хөнгөлөлт шаардаагүй, хувь эзэмшлийн тал дээр ч нээлттэй хандаж байна. Товчхондоо бол хөрөнгө оруулагчид “чих зөөлөн”, Засгийн газрын ааш аягт тааруулан харьцаж байна гэлтэй. Үүнийг Бороогийн ордын ашиглалттай холбон тайлбарлаж болно. Тогтвортой байдлын гэрээний үндсэн дээр татварын тодорхой хөнгөлөлтүүдийг эдэлж, Бороогийн 40 тонн алтыг тавхан жилд ухсан хэмээн “Сентерра гоулд Монголиа”-г шүүмжилдэг. Тиймээс ч уг компани төрөх эмнэлэг барьж өгөх зэргээр Засгийн газарт тал засахын далимд монголчуудаас дэмжлэг авахыг хичээж байгаа.

Стратегийн ордын хувь эзэмшлийг хэрхэн тогтоох нь УИХ-ын бүрэн эрх. “Сентерра гоулд Монголиа” компаниас хэд хэдэн хувилбарыг Засгийн газарт санал болгосон байна. Гацууртын ордыг ашиглах хамтарсан компани байгуулах, /нэрийг нь “Эрдэнэс Гацуурт” гэж тодорхой нэрлээгүй байгаа/

-хамтарсан компанийн өмчлөлийг 95:5,

-хамтарсан компанийн өмчлөлийг 80:20,

-хамтарсан компанийн өмчлөлийг 75:25,

-хамтарсан компанийн өмчлөлийг 66:34


харьцаатайгаар эзэмших саналыг тавьжээ. Дээрх хувилбарууд нь тус бүртээ онцлогтой.

Хамтарсан компанийг 95:5 хувийн харьцаатай эзэмших саналыг хамгийн эхэнд тавьсан байна. Уг хувилбараар бол 95%-ийг “Сентерра гоулд Монголиа” компани эзэмшиж, 5%-ийг Засгийн газарт “бэлэглэх” юм. Ийм хувилбараар явбал Засгийн газрын зүгээс Гацууртын ордод нэг ч центийн хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд 5%-ийг үнэгүйгээр эзэмших эрхтэй болно. Уул уурхайн яамнаас томилогдсон Ажлын хэсэг тодорхой судалгаанууд хийсний дүнд 5%-ийг үнэгүй эзэмших саналаас татгалзаж, өөр хувилбар гаргахыг санал болгосон байна. 5% эзэмших нь Оюутолгой, Тавантолгойтой харьцуулахад чамлахаар тоо ч Цагаан суварга шиг 0 хувь биш. Ингээд компанийн зүгээс сүүлийн 3 хувилбарыг шинээр санал болгож. 

Хамтарсан компанийн өмчлөлийн 20%-ийг эзэмшихээр болвол Гацуурт төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 20%-ийг гаргах болно. Бусад 2 хувилбарт ч мөн адил хэдэн хувийг эзэмшинэ, тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт гаргах бөгөөд хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагч компаниас зээлэхээр яригдаж байгаа юм. Гэхдээ 20% эзэмшвэл зээлийн хүүг “Сентерра гоулд Монголиа” компани хариуцах бөгөөд Засгийн газар хүүгийн төлбөр төлөхгүй юм. Хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нь эрсдэл багатай, Засгийн газарт хамгийн ашигтай хувилбар. АНУ, Европын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж байгаа энэ үед алтны үнэ урт хугацаанд өсөлттэй, тогтвортой байх нь эргэлзээтэй. Хэрэв алтны үнэ унавал хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа хойшилж, ногдол ашгийн хэмжээ буурч, тэр хэрээр “Сентерра гоулд Монголиа”-гийн зээлийн хүү нэмэгдэх болно.

20%-ийн эзэмшлийн нэг сул тал нь хамтарсан компанийн удирдах түвшинд оролцоо багатай болно. “Оюутолгой” ХХК шиг 34%-ийг эзэмшихгүй болохоор компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад нөлөө багатай байна.

Хамтарсан компанийн өмчлөлийн 75:25 харьцаатай эзэмших хувилбар. 20%-ийг чамлах, 34% чангадсан тохиолдолд санал болгох хувилбар. Эхний хувилбараас ялгаатай нь 25%-ийг эзэмших бол зээлийн хүүг LIBOR+6% байх саналыг хөрөнгө оруулагчдаас тавьсан. Ажлын хэсэг уг хувилбарыг ямар ч тохиолдолд ашиггүй хэмээн үзэж,“canсel”-дсан.

Хамтарсан компанийн өмчлөлийг 66:34 харьцаатай эзэмших хувилбар. Хувийн хөрөнгө оруулалтаар илрүүлсэн стратегийн ордод төр 34 хүртэлх хувийг эзэмших хуулийн заалтыг үндэслэж, төрд оногдож болох хамгийн том хувийг санал болгосон хувилбар.  Хүү нь LIBOR+6%. Уг хувилбарын сонгодог жишээ нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ. Оюутолгойн 34%-ийг эзэмшсэн, түүнд ногдох хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч талаас хүүтэй зээлсэн зэргээс үүдэн ямар маргаан гарч байгаа нь тодорхой байгаа.

Тиймээс ч Ажлын хэсэг 34%-ийг хүүтэй эзэмшсэнээс 20%-ийг эзэмшиж, хүүгүй зээл авах нь илүү эрсдэл багатай, ашигтай гэж үзсэн бололтой. Оюутолгой төслийн 34%-ийг Засгийн газар эзэмшсэнээр анхны хөрөнгө оруулалтын 1 тэрбум гаруй долларыг хөрөнгө оруулагч талаас зээлж, хөрөнгө оруулсан хэмээн УИХ дээр яригдаж байсан. Уг мөнгө жилийн LIBOR+6 хувийн хүүтэй. Жилд ойролцоогоор 70 орчим сая долларын хүү төлнө гэсэн үг.

Уг төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хойшлох тусам Монголын Засгийн газар хүүгийн дарамтад орж байгаа юм.

Дээрх хувилбаруудаас сонголт хийхийн өмнө харах ёстой ганц зүйл нь уг төслөөс хүртэх өгөөж юм.  Гацуурт төслөөс ногдол ашиг болон татвар хэлбэрээр хүртэх өгөөжийн аль нь илүү ашигтай байх вэ гэдгээс хэдэн хувийг эзэмших вэ гэдэг нь тодорхой болно. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ногдол ашгаар хүртэх өгөөж нь татвараар хүртэх өгөөжөөс хамаагүй бага аж. Гацуурт ордын 34%-ийг эзэмшиж, LIBOR+6%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлэх, 20%-ийг эзэмшиж, хүүгүй зээлээр санхүүжүүлэх аль ч тохиолдолд өгөөжийн хэмжээ ойролцоо байна гэсэн тооцоо гарсан байна. Тийм болохоор заавал өндөр хувь эзэмшинэ гэх нь тийм ч зөв шийдэл биш болов уу.

Гацуурт хэр ашигтай төсөл вэ?


Гацууртын орд нь Монгол улсын хувьд Оюутолгой ордын дараа орохуйц нөөцтэй алтны хамгийн том үндсэн орд юм. Гэхдээ уг ордыг ашиглах ТЭЗҮ-д дурдагдсан эдийн засгийн зарим тоон мэдээллээс харвал тийм ч өндөр ашигтай төсөл биш аж. ТЭЗҮ-д тусгагдсанаар Гацууртын ордоос 42 тонн алт олборлох боломжтой. Ордын нийт таамаг нөөц 70 тонн гэсэн тоо бий. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 320 орчим сая доллар. ТЭЗҮ-ээр тодорхойлсон уурхайн нас нь 12 жил бөгөөд хөрөнгө оруулалтаа 4 жил 3 сарын дараа нөхөх боломжтой гэжээ. Алтны үнийг дунджаар 1300 ам.доллараар тооцож, төслийн хугацаанд нийт 1.1 тэрбум гаруй долларын орлоготой ажиллана. Улсын төсөвт 400 орчим сая долларыг татвар, төлбөр хэлбэрээр төвлөрүүлэх тооцоотой. Ямар нэг татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй бөгөөд төсөл Хөрөнгө оруулалтын гэрчилгээ авснаар зарим татварыг тогтворжуулах боломжтой болох юм.

Хөрөнгө оруулагч “Сентерра гоулд Монголиа” компанийн зүгээс 320 орчим сая долларын нийт хөрөнгө оруулалтаас 108.8 сая долларын хөрөнгө оруулалтыг материал, техник, дэд бүтэц болон баяжуулах үйлдвэрээр тооцжээ. Бороогийн алтны үндсэн орд дээр ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийг Гацууртын ордын үйл ажиллагаанд ашиглах аж. Уг баяжуулах үйлдвэрийг 100 гаруй сая доллараар байгуулж байжээ. Баяжуулах үйлдвэрийг Гацууртын орд дээр шилжүүлэн барих нь эдийн засгийн хувьд зардал өндөртэй гэж гарсан болохоор Гацууртын ордоос хүдрээ баяжуулах үйлдвэр рүү зөөхөөр төлөвлөж, Бороогийн орд хүртэлх 55 км сайжруулсан шороон замыг бэлэн болгоод байгаа. Зарим албан тушаалтнуудын хувьд баяжуулах үйлдвэрийн өртгийг хөрөнгө оруулалтын зардалд бүтнээр тусгах нь Монголын талд ашиггүй гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ тал дээр Засгийн газар, хөрөнгө оруулагч компанитай нарийн хэлэлцээр хийж магадгүй байгаа аж.

Үлдсэн 200 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх юм байна. УИХ уг ордын 20%-ийг эзэмшихээр тогтвол  320 орчим сая долларын хөрөнгө оруулалтын 64 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг гаргана. Үүнийг “Сентерра гоулд Монголиа” компаниас хүүгүй зээлэх бөгөөд ногдол ашгаасаа төлөх юм. Харин ногдол ашиг хэд байх вэ гэдэг тодорхойгүй байна. 170 орчим сая доллар буюу 350 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гэсэн албан бус мэдээлэл бий. Үнэн бол ашгийн хувьд өндөр биш гэж хэлж болно.

Гэхдээ ТЭЗҮ-д тусгагдсан эдийн засгийн үр өгөөжөөс гадна макро түвшинд эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Гацууртын орд томоохон дэмжлэг болох нь гарцаагүй юм.

Юуны түрүүнд Гацууртын ордыг яаравчлан хөдөлгөхөөр шамдаж байгаа нь валютын урсгалтай шууд холбоотой. Гацууртын ордоос олборлосон алтыг Монголбанкинд шууд тушаана. Ингэснээр Монголбанкны валютын нөөц ихээр хорогдож байгаа энэ үед алт  тушаалт 40-50 хувиар нэмэгдэх боломжтой юм. Төв банк энэ жил алт олборлогчдоос 10 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Гацууртын ордоос жилд дунджаар 4-5 тонн алт олборлож, түүнийгээ Монголбанкинд тушаана. Ганц уг төслөөс л гэхэд жилд 250-300 сая долларын валютын нөөц бий болох боломжтой. Мөн ирэх 2 жилд 200 гаруй сая долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, дотоодын 50 орчим компани Гацуурт төсөл дээр ханган нийлүүлэгчээр ажиллах юм.

 Хоёрдугаарт, Гацууртын орд нь стратегийн орд болсноор Засгийн газар гадны хөрөнгө оруулагчтай тохиролцож чаддаг гэсэн мессеж гадаад зах зээл, гадаадын хөрөнгө оруулагчдад очно. Оюутолгой төсөл дээр “Рио Тинто”-той маргалдсанаар тодорхойгүй байдал бий болоод удаж байгаа. Маргаан хэрхэн шийдэгдэхийг хүлээж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “Сентерра гоулд” компанитай ойлголцож ажиллах нь чухал юм. Гацууртыг Оюутолгойн араас оруулбал Монгол улсын нэр хүнд гадаад зах зээл дээр улам   унах болно.

Гуравдугаарт, Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэнээс хойш Гацууртын орд дээр анхны Орд ашиглах гэрээг байгуулах юм. Цаашид гадны олон хөрөнгө оруулагчтай Орд ашиглах гэрээ байгуулж таарна. Өнөөдрийн байдлаар Гацууртын ордыг ашиглах тал дээр хоёр талд хүндрэлтэй, үл ойлголцох зүйл харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл Гацууртын Орд ашиглах гэрээ нь жишиг гэрээ болох бүрэн боломжтой гэсэн үг юм. Үүнийг хөрөнгө оруулагч “Сентерра гоулд Монголиа” компани, Засгийн газар аль аль нь ойлгож байгаа. УИХ-аас хувь хэмжээг тогтоосны дараа хамтарсан компанийн дүрмийг батлах, Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээр эхлэх юм.



Гацуурт ордын тухай


Гацууртын орд нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд юм. Харьцангуй   өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай. 1992 оноос Гацууртын алтны шороон ордыг дотоодын хэд хэдэн компани ашиглаж ирсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн орд байгааг олж тогтоосон байдаг. “Сентерра гоулд Монголиа” ХХК нийт 49.7 сая долларыг 1997-2006 онд Гацууртын ордын хайгуулд зарцуулсан хэмээн тайландаа дурджээ. 

“Сентерра гоулд Монголиа” компанийн хувьд Бороогийн ордыг ашиглаж байсан туршлагатай компани. 2004-2013 онд ойролцоогоор 1.5 сая унц алтыг Бороогийн ордоос олборлосон хэмээн тайландаа тусгасан байна. Мөн Киргиз улсын Кумторын алтны үндсэн ордыг эзэмшдэг. Сүүлийн жилүүдэд уг ордын эзэмшлийн тал дээр Киргизийн Засгийн газар, Парламенттай багагүй зөрчилдөж байгаа. Кумтороос 1997-2013 онд 9.2 сая унц  алт олборлосноос 600 мянган унцийг нь 2013 онд олборлож байжээ. 2012 онд уурхайн нөөцийг 3.2 сая унцаар нэмэгдүүлж, 9.7 сая унц  болгосноо зарлаж байсан. Кумторын орд нь Гацуурт ордоос бараг 12 дахин их нөөцтэй том орд юм. Киргизийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг, Киргизийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай төсөл. 

  • Болороод (202.21.112.202)
    Гэрээг хэлэлцэх явцад ТЕГ-ынхныг дуудаж оролцуулах хэрэгтэй Сентерра гоулд ямар замаар нинжа нарыг хөлсөлж турхирсан түүнийг зохион байгуулж мөнгө тараасан багийн дарга хэн байсан МАН-ын Сангийн сайдын эгч нь яагаад үүнд идэвхийлэн оролцсон тэр сайд хувьчилж авсан хүүхдийн зуслангаа Сентеррад хэдээр шахсан Сэлэнгийн Засаг дарга байхдаа хэрхэн хуйвалдсан гэх мэт Бас Бат-ҮҮл Баярцогт нар ямар холбоо сүлбээтэй Баабар хэрхэн СүБатболдын атганд орсон Тагнуулын дарга байсан Сандаг генерал ямар үүрэгтэй тэр СБаяртай ямар тохироо хийсэн гэх мэт олон асуудлыг уудлан ярилцаж түүнийг ил тод шууд дамжуулбал Гацууртын ордыг хэрхэх нь тодорхой болно оо Харин уул уурхайг их мэддэг Болормаа чи энэ талаар эрэн сурвалжилж бичвэл сайн байна
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • с (122.201.22.163)
    Та нар дуугай африк ру зайл тэхүү Харуудаас дор халтруудаа Бүгдийг нь авна улсыг чинь ч авна авцан байгаа за малнууд хэнд ч хэрггүй бас улс төржнөө муусайн халтрууд
    2015 оны 07 сарын 25 | Хариулах
  • а (112.72.11.108)
    400 сая доллараар эх орноо худалдаж болохгүй
    2015 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.120.180)
    Мөн ирэх 2 жилд 200 гаруй сая долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж дотоодын 50 орчим компани Гацуурт төсөл дээр ханган нийлүүлэгчээр ажиллах юм Бороогийн баяжуулах үйлдвэр нь бэлэн байгаа тийшээ 55хан км тээвэрлээд л болчих газар эднүүс тийм их хөрөнгө оруулалт хийх үү Ханган нийлүүлтийн 50 компаний тухайд ард түмэнд юу ч наалдахгүй шүү дээ Дан томчууд нь хуваагаад авчихна Оюутолгойн ханган нийлүүлтээс л аваад үзэлдээ Бараг бүх гишүүд улс төрчдийн компаниуд тэнд байна
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (112.72.11.111)
    Бороогын орд дээр лувардчхаад яамр цайцан новшнууд вэМонгол улс хөөж гаргах хэрэгтэй Сентерра гоулд компанийг
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.209)
    490156133-тай санал нэг байна Монголын ард түмэн бүгд босох хэрэгтэй
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • монгол (103.242.47.82)
    гацууртын ордыг ашиглахгүй байхыг хүсэж байнаЭнэ улс орон чинь овоолсон шороол болж үлдлээ шдээ үр хүүхдүүдхээ үлдээх түүхтэй үзэсгэлэнт сайхан газар нутагтай байлгамаар байна шдээ
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.156.133)
    алт олзворлуулаад баяжих юм гэж олон жил тархи угаав улсын хөгжил дэвшил иргэдийн амьдралд хүртээлгүй болох нь нэгэнт бтлагдав монгол африк хоёроос өөр улс гадны хүнээр алтаа ухуулдаггүй юм гэсэнмонгол өөрсдөө алт олворлож байсан туршлагатай тэднээрээ ухуулахын оронд гадаадынханд дээрэмдүүлэх гэж улайрсан төрд гарсан луйварын бүлэг гацууртын ордыг гадаадынханд өгөхөөр баярцогтын заавраар гарамгайбаатар төслийг барьж гүйгээд хэвлэл мэдээлэлээр иргэдийн тархийг угаах ажил идвэхитэй өрнөв удахгүй их хурал урт нэртэй хуулийг уландаа гишгэхийн тулд кноп дарх бололтой мэдээлэлд ойр байдаг эх оронч сэтгэлтэй хүн байвал гацууртын ордыг луйвардуулахын төлөө кноп дарсан гишүүнийг монголчуудад зарлаж өгөхийг хичээнгүйлэн гуйя монголд хамгийн ашигтай шийдэл бол урьд сүйдэлсэн газараа хуучин байсанд нь оруулаад новшоо аваад явахыг хугацаа зааж хөөж гаргахаас өөр сэтгэл монголчуудад байхгүй биз
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • Монгол (122.201.27.170)
    Төрд гарсан луйварчингууд болон гадны луйварчдад ашигтай төсөл байна Монголын ард түмэн эцэст нь газар нутгаа сэндийлүүлж ус цасгүй АФРИК адил үлдэх нь тодорхой боллоо
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • оспан (112.72.11.103)
    Эхлүүлээч ээ
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.184)
    KHURDAN KHUDULGU
    2014 оны 12 сарын 06 | Хариулах