Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буйгаас үүдэн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 50%-иар буурч, 70 ам.долларт хүрээд байгаа билээ. Тус улсын төмрийн хүдрийн хэрэглээ энэ онд 1138 сая тонн байх төлөвтэй байгаа бол ирэх онд 1157 сая тонн болох төлөвтэй талаар Хятадын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэн мэдээлжээ. Энэ онд Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн оныхоос 14.7%-иар өсч, 940 сая тонн хүрэх төлөвтэй байгаа ч ирэх онд өсөлт удааширч, 6.4%-иас хэтрэхгүй байх дүн гарчээ.
Тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ли Синчуанг ирэх онд төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 70-80 ам.долларт хэлбэлзэх бөгөөд хамгийн багадаа 60 ам.доллараас доош буурахгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр “Вале”, “Рио Тинто”, BHP, “Fortescue Metals” зэрэг томоохон экспортлогчдын хувьд 60 ам.долларт хүрч үнэ буурсан ч ашигтай ажиллах боломжтой. Харин манай улсын дотоодын олборлогчдын хувьд ийм үнээр борлуулбал шууд дампуурах болно” гэжээ.
Шинжээчид төмрийн хүдрийн зах зээл ойрын жилүүдэд сэргэхгүй гэж үзэж байгаа ч уг түүхий эдийн зах зээлийн томоохон тоглогчид болох “Рио Тинто”, BHP зэрэг компаниуд Хятадын дэд бүтцийн өргөтгөл, хотжилтын дүнд төмрийн хүдрийн зах зээл тогтвортой байх болно гэж үзэж байгаа юм. Тухайлбал “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш “Төмрийн хүдрийн зах зээл урт хугацаандаа өөдрөг байх болно. Мэдээж богино хугацаанд бид илүү сорилттой тулгараад байна” гэжээ.
Хятадын хувьд хөрөнгө оруулалт бус харин хэрэглээнд түшиглэсэн эдийн засгийн тогтолцоонд шилжиж буй тул цаашид төмрийн хүдрийн эрэлтийн өсөлт удаашрах бус харин огцом буурч мэднэ гэдгийг зарим шинжээч анхааруулж байна.
Төмрийн хүдрийн импортын төлөв ийм байгаа бол эцсийн бүтээгдэхүүн болох гангийн эрэлт тус улсад ирэх онд энэ оныхтой харьцуулахад 1.41%-иар дээгүүр байж, 720 сая тоннд хүрэх бол, гангийн үйлдвэрлэл 1.71%-иар нэмэгдэж, 830 сая тонн болох ажээ. Тус улсын Засгийн газар өнгөрсөн 10 дугаар сараас хойш төмөр зам, нисэх онгоцны буудлын төсөлд нийтдээ 114 тэрбум доллар төсөвлөх шийдвэр гаргасан нь гангийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэжээ.
Ирэх онд Хятадын барилгын салбарын гангийн эрэлт 1.28%-иар өсч, 395 сая тонн, машины үйлдвэрлэлийнх 3%-иар өсч, 144 сая тонн, шугам хоолойнх 3.1%-иар өсч, 33 сая тонн, хөлөг онгоцны үйлдвэрлэлийнх 3.8%-иар өсч, 13.5 сая тонн гангийн хэрэглээг тус тус бүрдүүлэх тооцоог тус хүрээлэн гаргажээ.
Б.Төгс