Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос Туркийг эрчим хүчний шинэ түншээр сонгов

“Газпром” компанийн Ерөнхийлөгч Алексей Миллер өнгөрсөн бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ, өмнөд Европ руу тавигдах байсан South Stream хийн хоолойн төслийг зогсоосон ч Турк, Грек руу тавигдах хоолойн төслийг хэрэгжүүлснээр алдагдсан боломжоо бүрэн нөхөж чадна гэж мэдээллээ.

Нийтдээ 40 тэрбум долларын төсөв бүхий “South Stream байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлснээр Орос улс Европын өмнөд хэсгийн улс орон болох Унгар, Болгар, Серби, Словен, Хорват, Австри зэрэг улс орон руу 63 тэрбум метр куб хий нийлүүлэх боломжтой болох байсан юм. Гэсэн ч Путин уг төслийг барууны хоригийн улмаас бүрэн зогсоохоор шийдвэрлэснээ саяхан албан ёсоор мэдэгдсэн билээ. Уг нь “Газпром” компанийн зүгээс 2018 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан энэхүү төслийг 2012 оноос эхлүүлж, 5 тэрбум доллараар шугам хоолойн зарим хэсгийг өөрийн нутаг дээрээ байгуулаад байсан ажээ. Энэхүү хоолойг одоо Турк руу тавигдах төсөлд ашиглах нь тодорхой болохыг шинжээчид тайлбарлажээ. Одоогийн байдлаар шинэ төслийг хэрэгжүүлэх компани, хөрөнгө оруулагч, хоолойн чиглэл тодорхойгүй байна. Энэ тухай Туркийн Эрчим хүчний сайд Танер Илдиз хоолой байгуулах шинэ төслийн тухай эцсийн үгийг хэлэхэд тун эрт байгааг хэлжээ.

Энэ төслийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путины саяхны айлчлалаар баталгаажуулжээ. Барууны орнуудын Орос руу чиглүүлсэн эдийн засгийн хориг арга хэмжээ болон улам бүр буурсаар буй газрын тосны зах зээлийн улмаас эдийн засаг нь эрчимтэй уруудаж буй Орос улсын төрийн тэргүүн Владимир Путин эрчим хүчний шинэ түншийн эрэлд морджээ. Ингэхдээ тэрбээр “шинэ найз”-аа олсон нь Европ, Ази тивийг дамнан оршдог Турк улс ажээ.

Энэ сарын 1-ний өдөр тэрбээр Турк улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах тухай ярилцжээ. Энэ үеэр Орос улс Турк руу дээр дурдсанчлан жилдээ 63 тэрбум метр куб хий нийлүүлэх хүчин чадалтай хоолойг Хар тэнгисээр дайруулан тавих төсөлд хоёр тал санамж бичиг байгуулжээ. Улмаар Грек болон бусад улс руу хий нийлүүлэх боломжийг хоёр тал судлах хэлэлцээр энд багтжээ.

Энэ төсөл хэрэгжвэл Оросын хувьд өмнөд Европ руу тавих гэж байгаад зогсоосон South Stream төслөөс олсон “шархаа бүрэн нөхөх” юм. Түүнчлэн хоёр тал хоёр улсын хооронд хий дамжуулдаг Blue Stream сувгийн хүчин чадлыг 16-19 тэрбум метр куб болгож нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Мөн ирэх оноос эхлэн 6%-ийн хөнгөлөлттэй үнээр хий нийлүүлэхээ Путин амлажээ. Энэ жилийн байдлаар Турк мянган метр куб хийг 425 доллараар Оросоос худалдан авч буй юм. Хэрэв хоёр тал хийн чиглэлд урт хугацааны гэрээг үзэглэж чадвал бүр ч илүү хөнгөлөлтийг Оросын тал олгох ажээ. Турк улс харин Орос руу нийлүүлдэг хүнс болон бусад барааны экспортоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

Хэдийгээр хоёр тал Сири дэх хурцадмал байдлын тухайд ер санал нийлдэггүй ч ийнхүү эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр гар нийлэхээр шийджээ. Гэхдээ Турк улс нь НАТО-гийн гишүүн бөгөөд Европын холбоонд элсэхээр горилж байгаагийн хувьд Оростой хамтарч ажиллах нь тодорхой зөрчил үүсгэхийг үгүйсгэхгүй.

Орос улсын хувьд нөхцөл байдал тун эгзэгтэй үедээ байгаа нь сүүлийн үед улам бүр мэдрэгдэж буйг шинжээчид анхааруулж байна. Тус улсын мөнгөн тэмдэгт рублийн доллартай харьцах ханш 40 гаруй хувиар унаад буй зэрэгцээ хөрөнгийн зах зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь үлэмж хэмжээгээр унах эрсдэл хаяанд тулж ирээд буйг олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байгаа юм. Путин ийм нөхцөлд цаг алдах эрхгүй.

Нөгөөтэйгүүр, Барууны орнууд тэр дундаа АНУ-д Оросын эдийн засгийн доройтол төдийлөн сөргөөр нөлөөлөхгүйг зарим шинжээч тэмдэглэж байгаа юм. Харин ч үнэ нь буурч буй газрын тосны зах зээл болон Оросоос үргэж буй хөрөнгө оруулалтын боломж Европ, АНУ руу зүглэх нь Оросыг ертөнцөөс тусгаарлахыг хүсч буй талуудад тун ч ашигтайгаар тусч мэдэх тухай шинжээчид тайлбарлажээ.

Хоёр улс хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн онд 33 тэрбум доллар байсан бол талууд 2020 он гэхэд энэ хэмжээг 100 тэрбум долларт хүргэхээр тохиролцоод байна.

 

Б.Төгс