Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Вагнер Ази: Цахилгаан үүсгүүрийн шилдэг туршлагыг Монголд нийлүүлнэ

Нүүрсний  давхаргын метан хийн төслүүд Монголд хэрэгжихтэй уялдан манай улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд өөрсдийн найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож буйн нэг төлөөлөл бол “Катерпиллар”-ын цахилгаан үүсгүүрийг санал болгож буй “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани юм. Тус компанийн Худалдаа, Түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр болон Цахилгаан эрчим хүчний хэлтсийн  Худалдааны инженер А.Жанчивтай энэ талаар ярилцлаа.



“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нүүрсний давхаргын метан хийн төсөлд хэр зэрэг анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

Э.Э:
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь энэ чиглэлийн төслүүдийн ач холбогдлыг өндөр үнэлэн ажиллаж байна. Бид энэ чиглэлд “Монголын Алт” компанитай хамтран ажиллахаар ярилцаж байгаа бөгөөд энэ хүрээндээ “Катерпиллар” компанийн хийн генераторын тэргүүн туршлагыг Монголын компаниудад танилцуулах зорилгоор нэлээд ажил хийсэн. “Катерпиллар”-ын хувьд тус компанийн жилийн нийт 55.7 тэрбум долларын борлуулалтын 36%-ийг эрчим хүч, цахилгаан үүсгүүрийн худалдаа эзэлдэг.  Тодруулбал, үүнд дизель, хийн цахилгаан үүсгүүрүүд голлодог. Сая манай улсад зохион байгуулсан “Oil & Oil Shale Mongolia 2014” хурлын платинум спонсороор “Вагнер Ази” компани оролцох үед манай цахилгаан үүсгүүрүүдийг Монголын компаниуд нэлээд сонирхож байсан. Бид одоогийн байдлаар нүүрсний давхаргын метанаар ажилладаг цахилгаан станц барихаар төлөвлөж буй “Монголын Алт” компанид өөрсдийн генераторыг санал болгоод байна. Нүүрсний давхаргын метан хий нь өөрөө шатах хийн нэг төрөл юм. Хийгээр ажилладаг цахилгаан үүсгүүр үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч MWM хэмээх Германы компанийг өнгөрсөн 2011 онд “Катерпиллар” худалдаж авсан. Ингэснээр бид энэ чиглэлд тэргүүн байр сууринд хүрсэн гэж хэлж болно. Манай компанийн санал болгох 35 серийн хөдөлгүүр нь энгийн бүтэцтэй, засвар үйлчилгээ бага шаарддагаараа бусад өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүнүүдээс давуу.

 Та бүхэн яг ямар цахилгаан үүсгүүрийг санал болгохоор бэлтгэсэн бэ?

А.Ж:
Нүүрсний давхаргын метан хийн төслийн бүтцийг үндсэндээ гурван үе шат болгон хувааж болно. Нэгдүгээрт газрын гүнд байгаа хийн нөөцийг тогтоож, улмаар олборлох, хоёрт олборлосон хийгээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох, гуравт хийг хэрхэн цахилгаан эрчим хүч болгон хувиргах вэ гэдэг асуудал юм. Бидний үйл ажиллагааны хүрээ бол гурав дахь хэсэг буюу хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх явдал юм. Монголдоо дэлхийд хамгийн тэргүүн туршлага бүхий генераторыг санал болгох төлөвлөгөөтэй ажиллаж буй бидний танилцуулах эхний бүтээгдэхүүн бол “Катерпиллар” хийн G3520C моделийн шилдэг генератор юм. Энэ цахилгаан үүсгүүр нэг бүр нь 2000 киловаттын хүчин чадалтай. Дэлхийд чанар, үйл ажиллагаагаар эхний байранд орох энэхүү генераторыг бид хамтран ажиллахаар ярилцаж буй “Монголын Алт” компанид 4 ширхэгийг санал болгоод байгаа. Энэ нь нийлээд 8 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн нөөц хувилбарт бид дэлхийн улс орнуудад хамгийн их суурилуулагдсан генератор буюу хуучин MWM-ын хөдөлгүүр одоогийн “Катерпиллар” CG17020-ыг санал болгоод буй.

 Нүүрсний давхаргын метанаар цахилгаан үйлдвэрлэх нь ямар үр ашигтай байдаг вэ?

А.Ж:
Нүүрсний давхаргын метан хийн төсөл эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай. Ил уурхайд нүүрс олборлох үед агаарт дэгдэн алга болох байсан хийг урьдчилан олборлож ашиглаж буй нь ерөнхийдөө “үнэгүй” цахилгаан эрчим хүчийг бий болгож буй хэрэг. Хэрэв олборлох хүртэлх зардлыг эс тооцвол энэ нь шууд цэвэр эрчим хүч болдог байгалийн баялаг юм. Энэ бол байгалийн хийтэй тун адил шинж чанартай шатах хий. Байгалийн хийн 98% нь метан хий байдаг бол нүүрсний давхаргын метан хийн 90-ээс дээш хувь нь метан хийнээс бүрддэг. Метан хий нь бүрэн шаталттай. Дэлхийн дулааралтай холбоотойгоор хөгжингүй улс орнууд хүлэмжийн хийгээ бууруулахаар ажиллаж, тэр хүрээндээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлыг санхүүжүүлэх замаар энэ төрлийн хийн ялгарлын бууралтыг бусад орноос худалдаж авдаг (карбон кредит) болсон. Иймд энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрүүдэд дотоодын компаниуд сайн менежменттэй ажиллаж чадвал карбон кредит зарчмаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсан хэмжээгээрээ төлбөр авах боломжтой.

Нүүрсхүчлийн хийнээс 23 дахин их дулааруулах тийм хортой нөлөөтэй метан хийг авч ашиглаад цахилгаан үйлдвэрлэнэ гэдэг бол ногоон шийдэл юм.

 “Катерпиллар”-ын генератор дэлхийн зах зээлд яагаад ийм амжилттай борлогдож буй талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Тэр дундаа хийн цахилгаан үүсгүүрийн тухайд?

Э.Э: Катерпилларийн албан ёсны төлөөлөгч компани “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”-ийн хувьд нүүрсний давхаргын метан хийн төсөлд яагаад илүү  давуу талтай болохыг   бодит жишээгээр тайлбарлая л даа. Хятад төдийгүй дэлхийд томоохонд орох нэгэн станц саяхан өмнөд хөршид байгуулагдаад байна. Хятадын Шанси мужид орших SIHE  хэмээх метанаар ажилладаг цахилгаан станц бий. 120мВт-ын хүчин чадалтай тус CMM-ийн станцад манай G3520C дугаартай генератор 60 ширхэгийг суурилуулсан. Түүнчлэн станцаас ялгарч буй халуун уурыг ашиглан 12 мВт-ын нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх горимыг давхар багтаасан нь бас нэгэн давуу тал юм. Энэ бол Хятаддаа төдийгүй дэлхийд эхний байранд орох станц юм. Энэхүү ажлыг Хятадын “Катерпиллар”-ын дилер компани хариуцан, ажлыг хүлээлгэн өгсөн.

Дэлхийд үндсэндээ нүүрсний давхаргын метан хийн төслүүдийг CBM болон CMM гэж хоёр ангилдаг. CBM нь нүүрсний давхаргын метан хийг ил уурхайн олборлолт эхлэхээс нь өмнө хийг олборлож авч буйг хэлдэг. Дээрх хоёр төслийн ялгаа нь гэвэл CBM-ийн тухайд олборлосон хийн метаны агууламж их өндөр байдаг. Харин нөгөө нь нүүрсний далд уурхайн олборлолттой зэрэгцэн хийг олборлодог тул хийн метаны агуулга нь 25-60% буюу илүү доогуур байдаг.

Мөн тус мужид буй метан хийгээр ажилладаг 10мВт-ын өөр нэг том станц нь төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, тусгаарлагдмал байдалтай. “GREKA”компанийн энэхүү станцад G3520C генератор 5 ширхэгийг суурилуулсан.

А.Ж: Генераторын давуу талын тухайд дизелиэр эсвэл хийгээр ажилладаг ч бай ялгаагүй үндсэн бүтэц нь хөдөлгүүр буюу эргэх хөдөлгөөн гаргах, хоёрт нь алтернатор буюу цахилгаан гаргах хэсэг бий. Чухамдаа энэ хоёр нь нийлээд бидний мэдэхээр генераторыг бүрдүүлдэг. Гэхдээ үүн дээр нэмэгдээд удирдлагын хэсэг болох найдвартай үйл ажиллагааг баталгаажуулах автомат систем бий.

Генераторийн тухайд ихэнх урсгал болон засвар үйлчилгээний зардал нь хөдөлгүүрийнх байдаг, яг л автомашинтай адилаар. Гэхдээ G3520C загварын цахилгаан үүсгүүр нь яагаад зардал багатай, энгийн хийцтэй вэ гэхээр “open chamber” загвартай бүтээгдсэнтэй   холбоотой юм. Ерөнхийд нь хөдөлгүүрийг дотоод шаталтын  ажиллагааных нь хувьд “open chamber” болон pre chamber хийцтэй гэж ангилж болох юм. Эхний загвартай үүсгүүрийн гол давуу тал нь гаднаас тэжээх хийн даралтыг бараг голдоггүй, тодруулбал нам даралтаартогтвортойгоор ажиллах боломжтой. Тэр хэрээр хий цэвэрлэх байгууламжийн зардал багасна. Хий цэвэрлэх байгууламж нь нүүрсний давхаргын метан хийн чийгшил, тоосонцрыг багасган шүүж бэлэн гарсан бүтээгдэхүүнээ нам болон өндөр даралтаар нийлүүлдэг. Харин манай нийлүүлж буй генератор 1.5-5 psi даралт бүхий хийгээр тогтвортой бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой бол өөр бусад компанийн бүтээгдэхүүн 45 psi даралт буюу ес дахин их даралтаар ажилладаг. Манай генераторыг авч суурилуулснаар тухайн цахилгаан станц нь даралтыг ихэсгэх бас нэг дамжлага авах шаардлагагүй болдгоороо давуу талтай.

Мөн түлш зарцуулалт манай цахилгаан үүсгүүрт хамгийн бага түвшинд байдаг. Бид ашигт үйлийн коэффицент хамгийн өндөртэй хөдөлгүүр бүхий генераторыг санал болгодог. Засвар арчилгаа ч бага шаарддаг. “Оpen chamber”төрлийн цахилгаан үүсгүүр нь нөгөө төрөл болох “pre chamber”-тайгаа харьцуулахад арай цөөхөн эд анги шаарддаг. Бид үйлчлүүлэгчдэдээ цахилгаан үүсгүүрийнх нь хэдэн мянган мот/цаг ажиллах хугацаа болон урсгал зардлын төлөвлөгөөг танилцуулдаг.

 Нарийнсухайтад байгуулах станцад суурилуулахаар санал болгосон 8 мВт-ын хүчин чадалтай генераторууд нь жилдээ аль хэр хэмжээний метанаар ажиллах вэ?

А.Ж: Эхний тойм тооцоогоор 8 мВт-ын станцад ойролцоогоор жилдээ 16 сая метр куб хий ашиглан бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой.

Нарийнсухайтын тухайд 15 жил ажиллана гэсэн судалгаа эхний ээлжинд гарсан. Тодруулбал эхний 6 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо гарсан юм билээ. Ер нь энэ чиглэлийн төслүүдэд доод тал нь 15 жил ажиллах хэмжээний нөөцтэй байх ёстой гэж үздэг.

Станцын хүчин чадлын хэмжээ нь хэчнээн ч их байж болно. Гэвч нөөцийн хэмжээтэйгээ уялдах нь зүйтэй юм. Хийн генератор одоогийн байдлаар Монголд төдийлөн хөгжөөгүй байгаа л даа. Нэг киловатт тутмын зардал дизель генератораасаа их байсаар байгаа нь үүний шалтгаан. Учир нь манай хийн хэрэглээ 100% импортоос хамааралтай. Уг нь хийн генератор илүү өртөг багатай үр ашигтай байдаг. Тиймээс хийн нөөцтэй улс оронд хийн генераторын худалдаа илүү их байдаг нь тэнд хямд хийн эх үүсвэр байгаатай холбоотой. Хаана ямар түлш байгаагаасаа хамааран хямд, үр ашигтай байх эсэх нь хамаарч байна л даа. Ойрын үед манайд нүүрсний давхаргын метан хийн олборлолт хэрэгжиж эхэлснээр энэ хувилбар нь илүү өртөг багатай үр ашигтай хувилбар байх боломжтой.

Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжүүд яагаад “Катерпиллар”-ын бүтээгдэхүүнд илүү элэгтэй байдаг вэ гэхээр энэ нь тэд манайд зүгээр л хайртайдаа биш юм. Учир нь бидний санал болгож буй бүтээгдэхүүн нь өндөр чанартай, ашигт үйлийн коэффициент сайтайгийн зэрэгцээ “Катерпиллар”-ын дилерүүдийн бий болгодог борлуулалтын дараах шилдэг үйлчилгээтэй холбоотой. Тухайлбал өнөөдөр Монгол дахь “Катерпиллар” нь уурхайнуудад тодруулбал говийн гурван аймагт, хойд аймгуудад сэлбэг нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж байна. Манай сэлбэг нийлүүлэх сүлжээ, засварчдын баг тэнд шуурхай хүрэх боломжтой. Хэрэглэгчид маань бүтээгдэхүүнээ худалдан авсны дараагаар баталгаатай, тасралтгүй ажиллах бүх боломжоор нь бид хангах юм.

 Э.Э: “Катерпиллар”-ын  албан ёсны дистри­бьютерээр 1996 оноос хойш үйл ажиллагаагаа эрхэлж буй “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн бас нэгэн давуу тал нь энэ. Өнгөрсөн онд Монголын ТОП-10 аж ахуйн нэгжийн тоонд орсон манай компанийн хамт олон Замын-Үүд дээр тоног төхөөрөмж угсрах байгууламж, Өмнөговьд 3 салбар байгуулаад байна. Тодруулбал Өмнөговьд, Цогтцэцийгээс ердөө 16 км-т 5000 метр квадрат талбай бүхий сэлбэгийн агуулах барьж өнгөрсөн 6 дугаар сард ашиглалтад өглөө. Мөн энэ оны дундуур Өмнөговьд ажилчдынхаа тав тухтай байдлыг хангах үүднээс 400 хүний дотуур байрыг ашиглалтад оруулсан. Хэдийгээр Монголд санхүүгийн хямралтай байгаа ч гэсэн, “Вагнер Ази” Монголд хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд ажиллана гэсэн төлөвлөгөөтэйгээ энэ ажлаараа тод харуулж байна. Одоогийн байдлаар манай сэлбэгийн цэгүүдэд нийтдээ 60 сая долларын бүтээгдэхүүн байршсан байгаа. Мөн бид “Катерпиллар”-ын дэлхий даяарх нийлүүлэлтийн сүлжээтэй шууд холбогдож ажиллах боломжтой.

Цахилгаан үүсгүүр хариуцсан хамт олныхоо хийж бүтээсэн ажлуудаас ярихгүй юу?

Э.Э:
Манай компанийн цахилгаан үүсгүүрийн хамт олон гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Бидний хийж бүтээсэн ажил гэвэл өнгөрсөн онд Цагаансуварга 7.2 мВт-ын дизель генератор, 2011 онд SGS дээр 12 мВт-ын дизель генераторыг суурилуулж ашиглалтад өгсөн. Ийм мэргэшсэн хамт олон  байна.

 Борлуулалтын дараах үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Мөн хийн генераторын баталгаат хугацаа хэд вэ?

Э.Э: Манайх үргэлж хамгийн урт баталгаат хугацаагаар хэрэглэгч нартаа бэлэг барьдаг. Хийн генераторын хувьд 24 сар тасралтгүй ажиллах баталгаат хугацааг олгоно. Цааш нь сунгах боломж бий. Өрсөлдөгч байгууллагуудаас бид энэ тал дээр ямагт илүү байдаг.

Дарханд манай салбар бий. Улаанбаатарт агрегат засварын төв бий. Тэнд хуучин моторыг задлаад сэргээн засварлаад шинэчлэх бүрэн боломжтой. Ингэснээр тоног төхөөрөмжийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах юм.

Санхүүгийн талд манай гол зорилго бол “Монголд бизнесийн шилдэг шийдэл байхын төлөө” гэсэн уриатайгаар хамт олон маань ажиллаж буй. Бид энэ хүрээнд тоног төхөөрөмжийг түрээсээр авч ашиглах, худалдаж авах, лизинг гэсэн гурван төрлийн сонголтот үйлчилгээг санал болгодог. Тухайн хэрэглэгч машин, төхөөрөмж түрээсэлж байгаад худалдаж авах тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс өмнөх хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг хасч тооцдог. Мөн бид CAT WORLD TRADE гэсэн гарсан бүтээгдэхүүнээрээ худалдан авалтын төлбөрөө барагдуулах нэмэлт хувилбарыг ч санал болгох боломжтой.

Дээр нь нэмж хэлэхэд технологийн инновацийн тухайд “Катерпиллар” компани судалгаа шинжилгээний ажилд өдөр бүр 5.4 сая ам.доллар зарцуулдаг. Үүний дийлэнх нь хөдөлгүүр, цахилгаан үүсгүүрийн судалгаанд зориулагддаг. Хамгийн сүүлд “Катерпиллар” компани нь хосолмол буюу дизель, хийгээр ажилладаг хөдөлгүүрийг судалж хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Манайд хийн бололцоо дэлгэрмэгц ийм төрлийн хөдөлгүүрийг бид уул уурхай, барилгын тоног төхөөрөмжид суурилуулах боломж бүрдэх юм.

 

Ярилцсанд баярлалаа.