ОХУ-ын Төрийн өмчит “Газпром” компани экспортод гаргах байгалийн хийн бирж байгуулахаар төлөвлөжээ. Үүний тулд тус компани биржийн худалдаа хариуцсан тусгай газрыг байгуулахаар болж байна. Энэхүү газар нь үндсэн 5 хэлтсээс бүрдэх аж. Биржээр байгалийн хийг худалдахдаа зөвхөн рублиэр тооцоо хийх гэнэ. Гэхдээ “Газпром” компанийн санаачилсан уг төлөвлөгөөний талаар одоогоор Оросын эрх баригчид эцсийн зөвшөөрөл, шийдвэр гаргаагүй байгаа юм.
“Украины асуудлаас үүдэн Оросын газар нутаг дээр, тодорхой хууль дүрэмтэй байгалийн хийн худалдааны талбарыг бий болгохыг зорьж байгаа юм. Байгалийн хийг Оросоос импортлох сонирхолтой аль ч улс бирж дээр худалдаагаа хийж, транзит тээврийн асуудлыг тухайн улс өөрсдөө хариуцна” хэмээн “Газпром” компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Байгалийн хийг биржээр худалдаалах тухай эл яриа Орост анх удаа яригдаж байгаа асуудал биш юм. Тодруулбал, Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээр байгалийн хийн худалдааг өнгөрсөн 10 дугаар сарын сүлчээр эхлүүлсэн билээ. Тус бирж дээр байгалийн хийн анхны худалдааг “Роснефть” компани хийхдээ 1000 м3 хийг 63.4 ам.долларын үнээр борлуулжээ. Гэвч одоогоор бирж дээр ихэвчлэн газрын тосны бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Энэ нь байгалийн хийг худалдан авах эрэлт бага байгаатай холбоотой аж. Өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээр байгалийн хийн 2 дахь арилжаа явагдахад198.4 сая м3 түүхий эд борлуулж, худалдааны 18 гэрээ байгуулжээ.
Э.Од