Энэ жил төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 50%-иар буурч, нэг тонн нь 70 ам.долларт ч хүрэхгүй болоод байгаа билээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурсны сацуу “Рио Тинто”, BHP Billiton зэрэг зах зээлийн томоохон тоглогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байгаагийн үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүний үр дүнд ийнхүү төмрийн хүдрийн үнэ хэний ч таамаглаж байгаагүйгээр буурсан гэхэд хилсдэхгүй.
Австралийн Пилбарагийн төмрийн хүдрийн баялаг бүс нутгаас олборлогч компаниудын зардал харьцангуй бага түвшинд байж чаддаг ч Хятадын дотоодын үйлдвэрлэгчдийнх харин үгүй ажээ. Дээр нь тэдний татварын хэмжээ 20-30% байдаг тул зах зээлийн энэ хүнд нөхцөлд өвдөг сөхрөхөд хүрээд буй тул тус улсын Засгийн газар асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр болсон тухай Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгджээ.
Хэрэв татварын хэмжээг 10%-иас доогуур хэмжээнд бууруулж чадвал компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болно хэмээн Хятадын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс үзжээ.
Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэл жилдээ 1 тэрбум гаруй тонноор хэмжигддэг ч, олборлолтын өртөг тонн тутамд 75-145 ам.доллар байдаг тухай UBS AG байгууллагын судалгаанд дурджээ.
Харин “Рио Тинто”, BHP-гийн хувьд олборлолтын өртөг 40-50 ам.доллартай байгаа бөгөөд тэд энэ хэмжээгээ хүчин чадлаа нэмэгдүүлэх замаар 20-30 ам.доллар болгож бууруулахаар ажиллаж байна.
Б.Төгс