ҮСХ-ноос гаргасан энэ оны эхний 11 сарын мэдээгээр гадаад худалдааны нийт эргэлт 10 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 300 сая доллараар нэмэгджээ. Экспорт 34%-иар өсч, 5 тэрбум 190 сая доллар болсон бол импорт 17.5%-иар буурч 4 тэрбум 832 сая доллар болсон байна. Гадаад худалдааны тэнцэл 358.2 сая долларын ашигтай гарчээ.
Зэсийн баяжмалын экспорт 2 тэрбум 288 сая доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 тэрбум доллар буюу 2.7 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалын экспорт дангаараа нийт экспортын 44%-ийг бүрдүүлж байна.
Чулуун нүүрсний хувьд 16.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 сая тонноор өссөн дүн юм. Харин экспортын орлого нь 242 сая доллар буюу 24%-иар буурч 760 сая доллар доллар болжээ. Нүүрс нийт экспортын 15%-г бүрдүүлж байна.
Газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.8 сая баррель буюу 40%-иар өсч, 6.3 сая баррельд хүрчээ. Экспортын орлого 34.6% буюу 155 сая доллараар өсч 601.6 сая доллар болжээ. Нийт экспортын 12%-ийг газрын тос бүрдүүлж байна.
Төмрийн хүдрийн экспорт 5.5 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 сая тонноор буурсан байна. Экспортын орлого 400.7 сая доллар болж 32% буюу 190 сая доллараар буурчээ.
Алтны экспорт 1 тоннор нэмэгдэж, 8.4 тонн болжээ. Экспортын орлого 342.7 сая доллар болж, 39 сая орчим доллараар нэмэгдсэн байна.
Дээрх 5 төрлийн ашигт малтмал нийт
экспортын 85%-ийг
бүрдүүлж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ